2010-06-22

Хүчирхийлэл

Муу муухайг бичлээ гэж бүү зэмлээрэй. Үнэнхүү тэвчишгүй нь... Ямар нэгэн байдлаар бодол санаагаа бичээд л болов тайтгарах хэрэгтэй байх...

Өмнөх нэгэн бичлэг дээр хүн амьтан шөнө унтуулахгүй зодолдоод байдаг гэр бүлийн тухай бичсэндээ.. Гэтэл энэ удаад бас л харанхуй шөнө нөгөө хананаас (бүр сүүлдээ аль айл нь зодолдоод байгааг мэдэхээ байчих юм) дахин зодоон нүдээн, уйлаан майлаан, таваг шанага сонсогдоод ёстой зүрх амаар гаргах гэдэг байгаа... Энэхүү хэрэг явдал нилээн хэд хоногийн өмнө болсон бөгөөд тэр тухай, улмаар хүчирхийллийн тухай бичье гэж бодож байсан юм.

Харанхуй шөнө ээжийн минь даралтыг ихэсгээд... Шөнө унтаж байгаад сэрчихвэл эргээд унтаж чадахгүй нилээн зовдог юм. Аллаа таллаа гээд хашгичин шөнөжингөө зодуулан уйлах эмэгтэй хүний дууг, эсвэл нөхрөө архичин, тэнүүлчин, завхайгаар нь хашгирах эхнэр хүний сонссон хүн эргэж унтаж чадах уу? Шөнийн 3н цагт сэрчихээд эргэж унтаж чадахгүй бараг л өглөө 6н цагт унтсан даа...

Ер нь бол бидний монголчууд хүчирхийллийг зөвхөн эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг гэж ерөнхийгөөр ойлгодог байх. Гэтэл хүчирхийлэл нь хүйсээс хамаарахгүй бөгөөд хүний л эсрэг үйлдэгддэг юм. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүдийн эсрэг үйлддэгддэг учраас л эмэгтэйчүүдийн эсрэг нь илүү яригддаг байх. Хүчирхийлэл гэхээр хүчингийн хэрэг, зодуулах, хөөгдөх гэх мэт үйлдлүүдийг бас ойлгоод байх шиг байдгийн. Гэтэл хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэх мэтээр ангилагддаг. Ангилж буй нэрнээс нь харвал нилээн өргөн хүрээнийх байгаа биз. Тэгээд ч хүчирхийлэл нь зөвхөн бие махбодийн, эсвэл зөвхөн сэтгэл санааных, зөвхөн эдийн засгийн, зөвхөн бэлгийн гэж барагтай л бол байхгүй. Эдгээр нь хоорондоо холбоотой, дээр нь давхардаж илэрдэг. Дээр жишээ болгон бичсэнчлэн: Аллаа таллаа гээд хашгичин шөнөжингөө зодуулан уйлах эмэгтэй хүний хувьд бол биемахбодийн хүчирхийлэлд автаж байгаа, улмаар дуугай бай, үгүй бол дуугай болтол чинь зодоод өгий гэх зандчих сэтгэл санааны хүчирхийлэл, эсвэл нөхрөө архичин, тэнүүлчин, завхайгаар нь хашгирах эхнэр хүний сэтгэл санааны хүчирхийлэл, улмаар аяга тавгаа шидлэн, ширээ шанага тачигнуулан эд зүйлсээ сүйтгэх эдийн засгийн хүчирхийлэл... Зөвхөн гэр бүлийн хувьд л бичлээ шүү дээ. Нөгөө улс орны хувьд албан ажил дээр (царайлаг охидыг ажилд аваад ашиглах, ашиглуулахгүй эсвэл үгэнд орохгүй янзан бүрээр айлгах, сүрдүүлэх, ажлаас халах, цалинг өгөхгүй байх, нүүр царайгаар цалин халамжийг тогтоох гэх мэтээр), олон нийтийн газруудад (хүнийг заналхийлэх, гадуурхах, дооглох, янзан бүрээр өдөх гэх мэт) гэх мэтээр бичвэл нилээд зүйл болох байх. Тэр бүгдэд мөн л дээрх байдлаар ангилагдах байхаа. (мэргэжлийн хүмүүс нь мэдэх биз)

Монголд хүчирхийлэл үнэхээр газар авчихсан. Эр хүний ёс, эм хүний ёс, зарим тохиолдолд төрийн, албаны, нутаг усны ёс, заншил, түүх гэх мэтээр хүчирхийллээ нуун дарагдуулна. Бие биенээсээ айна, нэр төрөө бодно, эсвэл ичнэ зовно, амьдралын хэв маяг мэтээр, эсвэл бурханаас заяасан хувь заяа мэтээр ойлгоно гэх мэтээр янзан бүрийн шалтаг шалтгаанаар хүчирхийллийг нуун дарагдуулна. Эрх чөлөө гэж хашгирах дуртай. Эрх чөлөөг дарж буй нэгэн зүйл нь хүчирхийлэл шүү дээ.

Монголын зарим эмэгтэйчүүд үнэн дорой юм аа. Жишээ нь манай байрны тэр нэгэн хүүхэн байна аа. Үнэн өрөвдмөөр. Сардаа нэг гүвүүлээд сурчихсан бололтой хөөрхий.. Тэдний дорой байгаа байдал нь харж хандах хүнгүйдээ, газаргүйдээ биш л байх л даа. Зодуулаад, дарлуулаад л, дээрэлхүүлээд л, хүчирхийлэлд өртөөд л амьдраад байхын... Түүндээ бүүр "дасчихсан" янзтай. Үр хүүхдээ бодоод, гэр бүлээ, эцэг эхээ, нэр төрөө, бүр хайр дурлалаа гэх мэтээр тэнэгтэн тэдэнд бодохгүй зүйл алга бололтой. Гэвч тэд өөрсдөө нэг олдох амьдралаа зовж зүдэрч, шаналж, улмаар эрүүл мэндийн хувьд хохирч амьдарч буйгаа ойлгохгүй юм. 1995 оны үед Монголын гоо үзэсгэлэнт хэмээн магтуулан дуулуулаад байдаг монгол эмэгтэйчүүдийн 3 хүн тутмын 1 нь хүчирхийлэлд өртдөг. Мөн 10н эмэгтэй тутмын 1 нь зодуулдаг гэсэн тоо баримт байдаг юм билээ. 10 хүний 1 шүү дээ. Бодоод үз дээ. Аймаар байгаа биз. 2005 оны байдлаар монгол эмэгтэйчүүдийн 36 хувь нь хүчирхийлэлд өртдөг гэсэн бас тоо байхын... 1995 болон 2005 оны тоог харьцуулаад үзэхэд яг л хэвээрээ байгаа биз. Хүн ам өссөнийг нь тооцвол бүр ихэссэн үзүүлэлт гарах байх.
Хүчирхийлэлд хамааралтайгаар монгол улсын хууль хяналтын байгууллага, шүүх, улмаар гэр бүл хамаатан садангууд ямар их өрөвчхөн байдгийн тухай нэг жишээ бичмээр санагдаад байхын. (Элбэгээ Ерөнхийлөгч одоо нөгөө цаазын ялгүй болох гээд байгаа байхаа) Манай улсад 1998-2000 нод 1200 орчим хүчингийн хэрэг бүтгэгдсэн байдгийн байна. Нэг жилд 400 орчим юм уу даа тээ, тэгээд 12 сардаа хуваавал 33 орчим болох байх. Цааш нь төсөөлбөл өдөрт бараг 1 хүчнигийн хэрэг болох гээд байгаа биз. Ингэхээр хаа нэгтээ хүчирхийлэл болоод байна аа даа янз нь. Тэгээд бүх тэрхүү 1200 хүчингийн хэргийн 88 хувь нь хүчингүй болсон гэсэн тоо байдгийн байна. 88 хувь шүү дээ. Бараг 90н хувь. Энгийнээр бодвол 10 хүчингийн хэргийн 9 нь, за багаар бодвол 8 нь хүчингүй болдог байна шүү дээ. Шүүх хууль хяналтынхан маш өрөвчхөн, сайхан сэтгэлтэй байгаа биз. Эдгээр хүчингийн хэрэг үйлдэгсдийн 64 хувь нь гэр бүл, хамаатан садангийн хүмүүс байдгийн байна. Бузар байгаа биз. Наад захын ухаанаар л бодоход гэр бүл, хамаатан саднаа бодоод, бодолцоод хэргийг "хүчингүй" болгоод байгаа нь нууц биш гэж үү? Гэр бүлийн ч бай үгүй ч бай, хэн нэгэн эмэгтэйгийн (охины) хувь заяагаар хэн нэгэн "донтон хамаатан" тоглочихоод, сүйтгэчихээд байхад хайр халамж, өрөвч сэтгэлээр хандаад байж болж байна гэж үү Монголын хууль?

Эдгээрийг уншаад нэг бодоод үз дээ.
Хүчирхийллийн эсрэг бүгдээрээ тэмцэцгээе. Гэхдээ хоолой мэдэн чанга хашгирахдаа, эсвэл хурал цуглаан, зөвлөлгөөн хийхдээ биш ээ.

Хүүхнүүдээ, Эрчүүдээ! Өөрийгөө бас өрөөлийг хайрлаж амьдарцгаая.

Өнгөрсөн жил хүчирхийллийн тухай ерөнхий мэдээлэл блогтоо оруулж байсан юм билээ.
Дарамт хүчирхийллийн төрлүүд.... , бас Хүчирхийлэл, Дарамтын шинж тэмдгүүд... , Гэр бүлийн болон харилцааны дарамт, хүчирхийллийн тухай....(ерөнхий ойлголт) зэргийг нэмэлт мэдээлэл болгон тус тус линк хийлээ.

3 comments:

Гилийн хатан said...

хурдан бичиж.
1200 хүчингийн хэргийн 88 хувь нь хүчингүй болсон. Энэ юу гэсэн үг вэ? итгэмээргүй юм.

Chandmani said...

Харин тиймээ, итгэмээргүй тоо байна билээ. Гэхдээ хүчингийн хэрэг үйлдэгчдийн 65 хувь нь хамаатан садан, гэр бүлийн хүн байдгийг нь бодолцохоор үнэн ч юм шиг...

bluefire said...

Ene tohioldol emegteichuud ni uurdsiiguu, erchuud ni uruuliig hairlamaar daa.