Showing posts with label бодол дурсамж санал. Show all posts
Showing posts with label бодол дурсамж санал. Show all posts

2013-09-11

2001 оны энэ цаг үеийг дурсахуй

2001 оны яг энэ цаг хугацаанд албан ажлынхаа өрөөнд ажил бага болсон хэдий ч хэвшсэн хуваарийн дагуу ажиллаж байж билээ. Орой үдэш хүмүүс шингэрсэн тэр үед орос ТВ-ээр Хийморийн тухайн үеийн "хар хайрцаг" бүхий каблиар CNN-ээр гэнэт ШУУРХАЙ МЭДЭЭ гарч Америкт террорист халдлага болж Вашинштон хотноо Пентагон, Нью-Йорк 2 өндөрт халдсан бичлэгүүдийг үзэж билээ. Харсаар байтал онгоц очиж мөргөөд, удалгүй 2 өндөр сүйрч унаж билээ. Америкчууд бүх нисч буй онгоцнуудыг яаралтай буулгаж, цэргийн байлдааны онгоцнууд агаарын манаанд гарч хаанааас хэн дайрав хэмээн асуудлууд ундарч. бараг л дэлхийн 3-р дайн эхэлсэн мэт сэтгэгдэл төрж байсан санагдаж байна. Эгч минь тэр үед Нью-Йорк хотноо Колумбын Их сургуульд сурч байсан бөгөөд яаралтай холбоо барих гэж залгаад холбогдож чадаагүй юмдаг. Тэр шөнө дунд болтол ажилласан санагдаж байна.

Мөн нөгөөдөр нь буюу 9/13-ны өглөө ажлаар АНУ-д явах билет авчихсан, бэлтгэл ажил хангагдаад бүх юм жигдэрсэн байсан. Халдлагын улмаас ажил хойшлогдож, нислэг цуцлагдаж билээ.

2010-04-04

"КАЖДЫЙ ПО-СВОЕМУ С УМА СХОДИТ"- бөөндөнө өө....

... Хэд хэдэн зүйлүүдийг товчлон нэгмөсөн уртхан шиг бичлэг бичнэ ээ...

....Өнөөдөр нөгөөх ТВ энээ тэрээгээр зарлаад тунхаглаад байгаа тэмцэл хувьсгал ч гэсэн үү 4-р сарын 5-ны өдөр. Одоо энэ бичлэгээ бичиж эхлэхтэй тэрхүү тэмцэл хөдөлгөөн хувьсгалын эхлэл болох 11 цаг таарч байна. Бас л хэдэн хүн нийлээд хэдэн Монголчууд сэтгэлийн хөдөлгөөндөө автаад болон миний хэлдгээр каждый по-своему с ума сходит болох бололтой... Дэмжих зүйл байгаа авмэт боловч яг яах гээд тэмцээд хөдлөөд байгааг бүрэн ойлгоогүй л байна. УИХ-ыг тараах юм болов уу гэхээр бас биш юм, Засгийн газрыг гэхээр бас биш юм... Эсвэл өгсөн амлалтуудаа биелүүл гэх гээд байгаа юм болов уу... эсвэл багш нарын цалинг 2 дахин нэм гээд байгаа юм болов уу гээд зөндөөн учир шалтгаан гэх зүйлүүд байгаа юм шиг боловч яг яах гээд жагсаад байгаагаа бүр хувьсгал тэмцэл гээд сүржин нэрлээд байгаа учрыг бүрэн ойлгоогүй л байна...

За тэр ч яахав... Өмнө нь бичнэ гэж бодож байсан зүйлүүдийнхээ тухай....

...Ирээд Улаанбаатар бөөгнөрчихөж, Улаанбаатарт бөөгнөрчихөж гэж бичсэн дээ... Ялангуяа тэр машинууд.. Аймаар, хөлтэй болгон машинтай болсон бололтой. Машин машинаараа бие биенээсээ доор орохгүй гээд маягтай маяггүй явдаг явдаггүй жийп хөнгөн тэрэгнүүд том том унаанууд энд тэндгүй. Монголчуудын амьдрал дорой гээд л олон улсад ""магтан дуулуулсаар" ирсэн биднийг Улаанбаатарт буй машины байдлаас нь дүгнэвэл бүүр эсрэг дүгнэлт өгч мэдэхээр юм билээ... Ядаж байхад нөгөөх бөөгнөрсөн олон машин тэрэгнүүдэд авто замын (Улаанбаатарын) өнөөгийн нөхцөл байдал үнэхээр ядаргаа болох юм. Дээр нь замын хөдөлгөөнийг "ёсчлон биелүүлж" байгаа манай "ухамсарт" жолооч, явган зорчигдын хөдөлгөөн "дэм дэмжлэг" болох юм билээ... Хотын төвд бол минийхээр явган явсан нь хамаагүй хурдан мэт санагдсан...

За тэгээд... такси... хувийн болон хувьсгалын такси... 1 км нь 500 гэсэн "албан ёсны" бололтой тоо байдаг юм байна. Такси үйлчилгээнд "тоолуур" байх нь жолооч, үйлчлүүлэгч, улмаар нөгөө компани, цаана нь улс орондоо тушаах татвар гэх мэтэд нөлөөлөх ёстой гэж би бодном. Гэтэл тоолууртай такси алга шахам. Тэгээд ч байгаа хэд нь тоолуураараа явдаг нь эргэлзээтэй. Хүн болгон амьдралынхаа төлөө зүтгэж хэдэн төгрөг хийх гэж байгааг ойлгож байна. Гэхдээ шударгаар хийвэл... тийм үү.. Нэг таксинд суугаад 800 төгрөг өгч хүргүүлсэн газар өөр нэг такси 1500н төгрөг нэхэж байвал яахав... Учрыг нь асуувал тухайн машины дугуйны том жижигээс хамаардаг гэж авдаг байгаа... Тэнэг хүн хуурч байгаа мэт инээдтэй тайлбар байгаа биз... Ер нь бол миний ойлгосноор хүн болгон амандаа орсон тоогоо хэлдэг болсон юм шиг байна лээ...

Одоо гар утасны тухай... Ирээд хамгийн ойлгоогүй зүйлийн нэг нь гар утасны дугаар... Гар утас хэрэгтэй гээд дүүгээсээ нэгэн дугаарыг авч энд тэнд бага сага залгаж ирснээ дуулгах гэсэн хэхэ авдаг хүн алга аа... Яахав мартчихсан байж болох юм гээд хүн амьтнаар дамжуулан байж зарим нэгэн хүмүүстэй холбогдлоо. Тэгсэн гар утасны дугаар минь "цуглуулгын" дугаар байж л дээ... хэрвээ би 9911 гэсэн дугаартай байсан бол тэр тухай зоволтгүй байж... аа тийм бас азын дугаартай бол... утас бол хүний энгийн нэг хэрэглэгээ баймаар... гэтэл сүржин монголчууд с ума сходит болоод тэнэгтдэг байгаа... 9911-тэй дугаарыг авахын тулд 1 сая 500н төгрөг бүүр аз мазын гэвэл заримд нь 2 сая төгрөг түүнээс дээш ч зарцуулж мэдэх юм байна. Зөвхөн дугаар авсан тэрхүү мөнгөөр хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадлын зөөврийн компьютер авч болно гээд харьцуулаад үз дээ... Баян тансаг нь дэндээд мөнгөө үрэх зүйл нь багадаад тэгж зарцуулж байгаа биш үү? Нөгөө талаасаа энэ нь авилга, хүнд сурталтай холбоотой эд... Ажлын болон бусад утаснууд авагддаггүй хүмүүс харьцаж холбогдож чаддаггүйн нэгэн тод илрэл шүү дээ... Энгийн утсаар ярьж холбогдоод байдаг бол энэ байдал үүсэхгүй ч юм бил үү?!


... За одоо зарим байгууллагууд, дэлгүүрийн үйлчилгээний тухайд... Гомдол мөн санал гэхэд ч хаашаа юм.... Охиндоо үнэмлэх авах гээд хэрхэн хөөцөлдсөн тухайгаа бичнэ ээ... Энэ сард улс орон даяар бичиг баримт цэгцлэх нэг сарын аян зарласан, мөн алдарт 70н мянга тараагдах аян давхцаад хөл хөдөлгөөн ихтэй байдаг байгаа... Хороо хорин дээрээ материалаа бүрдүүлж өгөөд утасдахыг нь хүлээгээд 2 долоо хоногийн дараа утасдаад асуутал бараг мартчихсан байдалтай мэдэн будилсан хариу хэлж сандаргадаг байгаа. Ашгүй маргааш нь утасдаж материалыг минь өгсөн болно. Дараа нь Баянзүрх дүүрэг дээр очиж ёстой уртын урт очерт зогсдог байгаа. Ядаж байхад Дүүргийн тамгын газар нь байраа янзалж буй бололтой нэгэн жижигхэн муурын байшинд сарын аян нь зохиогдож буй бүртгэлийн тасаг нь ажиллаж байхын... Оочер дараалал ихтэй бас хүмүүс бужиигнаж байсан тул цагдаа хамгаалалтанд муурын байшингийн гадаа өвгөд эмгэд хүүхдүүд голдуу хүмүүс зогсож байлаа. Өглөө 11н цагаас 15н цаг хүртэл өдрийн цайны цагийг өнгөрөөн хүртэл тэсэн ядаж хүйтэн салхи, хайлах цасны дусаалд охинтойгоо хамт ээлжлэн зогсож байж иргэний үнэмлэхээ авахаар болсон... Төрийн байгууллагууд дээр үнэхээр мэдээлэл алга аа... Бүүр хэдэн 5н цаг гаран оочерлож байж орсон нэгэн эмгэн буруу газартаа хандаад буцаж байхыг харлаа. Мөн нэгэн эмэгтэй хүүгийнхээ хамт ганц хуудас материал дутуу байна гээд эргээд буцахыг харлаа. Бас нэгэн залуухан хархүү миний дараа зогсож байсан юм. Тэрээр бичиг баримтуудаа чадах ядахаараа бүрдүүлсэн бололтой. Материалуудыг нь дүүргийн ажилтан авч үзээд тийм тийм дутуу байна. Ингэсэн үү тэгсэн үү, торгууль энээ тэрээ гээд шилэн хамгаалалтан дээрх наасан цаасан хуудсыг зааж түүнийг бичээд ав дараа ир гэх хариу өглөө. Тэр хүү 21н настай бүүр дээр үеийн үзүүрийг нь сэтэлсэн хүчингүй болсон улаан паспорттой, цэргийн үнэмлэх ч авч үзээгүй байлаа. Түүнд дүүргийн ажилтны хэлсэн хуудсыг хуулаад бичих бал үзэг байхгүй нь мэдээж байв... Тэрээр үүдэн дээр зогсож байснаа нүдэнд нь нулимс хуран гадагшаагаа зугтаах мэт гүйсэн. Миний мэдэх хэн нэгэн бас л ийм л байдлаар зогсож байх байсан болов уу гэж бодоод туслах санаатай ардаас нь дуудтал намайг тоосонгүй юу эсвэл надаас бас зугтаасан уу бүү мэд сонсоогүй мэт түм түжигнэж цагдаа хамгаалсан хэл амтай буй хаалгаар гарчихлаа. Зохицуулалт хийж буй цагдаагаас түүнийг эргээд дуудаад өгөөч гэтэл гарчихсан бол үгүй ээ гээд халгаасангүй. Бусад хүмүүс ч гэсэн уурлаж дургүйцэв... Би түүнийг өрөвдсөөн...Чадалтайхан бөгөөд завтайхан бол түүнд туслахад бэлэн л байлаа... Үнэхээр ... магадгүй тэр залуу бичиг үсэг мэддэггүй байвал яах уу, эсвэл торгуулийн тэр мөнгө төгрөг нь байхгүй байвал яах уу... эсвэл .. гэх мэт олон асуултууд толгойд бууж ирсээн... Дээр бичсэн шиг ачаа дагуулсан настай эмгэн, хүүгээ дагуулсан эмэгтэй, тэрхүү залуу хүн шиг хүмүүс хичнээн олон байв аа... Дүүргийн ажилтны буруу биш мэт боловч тэдний буруу байгааг тэд ухамсарладаг ч болоосой... Тэд нар гаднах хаалган дээрээ холбогдох мэдээллийг наасан гэж байгаа боловч өнөөх гаднах хаалга онгойгоод тэр нь хана руу харчихаад хэн ч унших аргагүй байлаа. Дээр нь усанд нороод мөн захаасаа урагдаад хэрэг байхгүй. Наасан л болсон болохоос хэн хэрхэн унших хэрхэн бүрэн бүтэн хүртээлтэй байх талаас нь ердөө бодолцоогүй нь үнэхээр илт байлаа. Дүүргийнхэн бол мэдээллээ гаднаа хадчихсан гээд оочерлон оочерлон ундуу сундуй ууртай уцаартай иргэдийгээ хараад өөрсдийгөө их томд бодож олдошгүй ажил хийж буй мэт надад санагдсаан... Хүн гуйх гутамшиг, гуйлгах гайхамшиг гэдгийг тэндээс олж харж болно... Мөн Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн лавлагаа авах гэж бас уртхан оочерт оочерлосон. Оочерлохдоо гол нь биш л дээ...Мэдээлэл авах гэж нэг оочерлож мэдээллээ аваад асуудлаа зохицуулах гэж дахин дахин оочерлож байгааг харахаар үнэхээр гайхмаар... Өгөх мэдээллүүд нь тухайн үйлчилгэээ авах цонхон дээр голдуу нэг хуудас байх юм. Тэр хуудсыг унших гэж хүн болгон цонх руу дайрах юм. Ингээд оочер дайрах аян дайн эхэлчих бололтой юм билээ... Тэрхүү мэдээллээ арай өргөн нийтэд хүртээлтэй ханандаа хадчихаж болдоггүй л юм байх даа. Манай зорилго манай амжилт гэх мэт хуурамч хуудсууд уриа лоозонгуул тодоос тод томоос том бичиж сүржигнэх биш хэрэгтэй мэдээллүүдээ хэрэгтэй газар нь өлгөж хадаж байвал илүү үр дүнтэй мэт санагдсаан... Иймэрхүү байдлаар хүн болгон "КАЖДЫЙ ПО-СВОЕМУ С УМА СХОДИТ" байлаа...


Энэ удаадаа ингээд дуусгий даа аймаар урт болчихлоо.... Би ч бас ума сходит болчихож...

2010-03-25

... КАЖДЫЙ ПО-СВОЕМУ С УМА СХОДИТ - Байшин барилга....

...(үргэлжлэл)...

Наддаа 5н жил их хугацаа боловч улс орны хөгжлийн (соц үеийн 5-н жилийн төлөвлөгөөний) нэгэн л үе байсан бололтой. Энэ 5н жилд Улаанбаатар шавчихаж... Улаанбаатарт шавчихаж...

Байшин барилгууд нэмэгджээ. Төмөр, тоосгон, шилэн, өндөр нам, жижиг, өнгөтэй өнгөгүй гээд үнэхээр нэмэгдэж... 2 өндөр байшин, дунд нь нэг муурын байр, бас нэг гараж гэсэн өрсөн тоосго хэмээн ойлгож болохоор. Газрын болон хот байгуулалтын холбогдох байгууллагууд, хүмүүсийн ажлын холбоо харилцаа, мэдээллийн солилцоо ямар байдгийг үл мэднэ. Миний ойлгосноор бол байдаггүй бололтой. Жишээ нь нэгэнт хотын төвд газрын хүрэлцээ муу гэдгийг мэдсээр байж барьсан орон сууцны барилга болгоны машинтай оршин суугчдыг нь бодсон мэт гараж гэж нэг давхар сунасан улаан тоосгонууд босгох хэрэг юу байна аа. Болохгүй бол ёстой 5н давхар байшин бариад түүндээ машины зогсоол хиймээр дээ. Тэгвэл эргэн тойрон ойр орчмынхны газар сулрах бөгөөд бас энэ багширалдсан машинуудын замд садаа болмооргүй мэт санагдах юм...
Тэрхүү орон сууцны төсөлд хамрагдаж улсаасаа мөнгө цохин хэдэн байр зараад түүнийгээ хэд ч юм (минийхээр бол 2) нугалан ард иргэддээ хүртээх гээд байгаа барилгын болон УИХ-ын ба Засгийн газрын компаниуд ад иргэдээ ёстой хуурдаг бололтой. Барьсан барилгын чансаа чанар гэж муу гэсэн яриа олны дунд тархчихаж... Орон сууцны байруудын сантехник тоног төхөөрөмжүүд нь ТВ-ээр зарлахаараа Оросынх, Германых гэх мэт том том нэр хаягтай чанарын өндөр түвшнийх боловч үнэн хэрэгтээ хужаагийн хулхи л зүйлс байдаг бололтой. Нэгэн сантехникч залуутай ярилцсан чинь тэх тухай надад хэлсэн юм шүү. Тэрнээс би тэдгээр байруудад орж үзсэн биш...
Байшин барилгууд барьж буй материалуудыг нь гаднаас нь харахад хааш яайш харагдах блок, тоосго юу ч байгаа юм бүү мэд ээ. Газар хөдлөлт, доргилт энээ тэрээ гээд мэдэх мэдэхгүй барилгын өчнөөн шаардлагууд, нөхцлүүд байдаг баймаар юм. Их л удан насгүй байрууд байхаа гэж өөрийн хувьд бодоод өнгөрөв...

Орон сууцны төслүүд хэрэгжээд монголчууд орох өчнөн байр сав бэлэн болсон бололтой. Харин тэдгээр байр савуудыг дүүргэх монголчууд хүрэлцэхгүй байгаа юм болов уу гэж бодмоор тэдний ихэнх нь хоосон байх юм. Яагаад гэсэн үнэ нь тэнгэрт хадчихаж. 40-н сая, 50н сая бол наад захын байрны үнэ бололтой. Байрны зээлийн талаар энд тэндгүй л бичиг зарлал, ярилцлага болох боловч энэ нь хэр баргийн хүнд хүртээлтэй эд биш аж...

Яахав байшингууд нь шавчихаж... Улаанбаатар шавчихаж, Улаанбаатарт шавчихаж...

2010-01-31

Элдэвтэв...

Энэхүү бичлэгийг бичихдээ сэтгэл санааны "хэт хөөрөл"-д автсан байхаа гэж өөрийгөө дүгнэв... Ямар зүйл бичих гээд байгаагаа мэдээд ч байгаа юм шиг, мэдэхгүй ч байгаа юм шиг, бас яах гээд байгаа мэдээд байгаа ч юм шиг, мэдэхгүй ч юм шиг байна...

Тиймээс... элдэвтэв:

-Өнөөдөр янзан бүрийн бичиг цаасаа янзалж байгаад ээж аавынхаа захидлаас авахуулаад зарим нэгэн хүний захидал зурвасуудыг олж сэтгэлээ "сэргээлээ"... Янзан бүрийн л зүйл бодох юм... Санагалзах ч шиг, дурсах ч шиг, өөртөө гомдох ч шиг, өөрийгөө баясгах ч шиг... Насан туршид үлдэх дурсамжууд...

-Бас анх ирээд энд ирээд авч байсан эд хогшил, банкны карт, гүйлгээ, машин, бүр сурлагын дүн энээ тэрээ гээд эндхийн "анхдагч" болгоныхоо баримтуудыг олж байх юм.... Дурсан санах ч шиг...

-Youtube-дээ орох гээд чадахгүй 2 хонож байсан юм. Хэдэн сар ч юм ороогүй нээгээгүй байж. Тэгсэн нууц үгээ мартчихаж... Бараг бүгдийг шахуу... Нэхэл хатуу болсны дараа ашгүй орж байх шиг байна... Нэг хувийн захидал, бараг 106н сэтгэгдэл, 74 найзын урилга байхын... Энэ удаадаа "чимээгүй" байдгаа хадгална аа...хэхэ мэдээж тэр сэтгэгдэл гэж баяр баясал, дурсамж, санагалзал, хэрүүл уруул гээд янзан бүрийн зүйл багтаасан байна аа...

- За тэгээд, уг нь бол Чингис хаан хамтлагт илүү дуртай боловч өнөөдөр Харангын дуунуудыг сонсоод суулаа... (Мэдээж ганц хоёр шар айрагтай л сонсоно ш дээ) Хэл амтай ч Харанга шиг хамтлаг шинээр бий болсон эсэх талаар бодлоо... Тэр тусмаа сэтгэлд хоногшсон дуунуудтай шүү...

-Охинтойгоо ярьж жоохон суулаа... Амьдралаа, бодол санаагаа, бас сургаалаа...

-Нүүдэл суудалд давгүй бэлтгэж байгаа. Өнөөдөр эрт босоод уухилж аахилсан... Маргааш бараг дуусах байхаа... Тэгээд л нэг л сайхан нартай өдөр нүүнэ дээ (гэхдээ Мягмар гаригт болдоггүйг бас бодолцоод байгаа)...

-Ойрын үед энэ хавийнхаа зарим ордог газруудаараа, бүр зоогийн газруудаараа орж байнгын үйлчилдэг үйлчлэгчдээ хандан "прошальный" уулзалтуудаа хийнээ ээ... Зарим нэгэн хүнд "баяртай" гэхгүй бол болохгүй...


... Өө зөндөөн зүйл байсан.. Обаматаж болж байна, эсвэл монголын хууль гэж гууль, хууль гэж бөөрөнхийлөх асуудал биш, хуулийг нарийвчлая, санал бодлууд, тамхи татах газар, зохиогчийн эрхийн асуудал, супер Sunday, найз нар гэх мэтчилэн янзан бүрийн бодол эргэлдээд тэгээд сүүлдээ болилоо... унтахгүй бол болохгүй нь...

... маргааш SUNDAY...

2010-01-26

Зарим нэгэн хооллодог газрууд...

Cadillac Jacks - sports bar Жинхэнэ спорт баар... http://www.cadillacjackssportsbar.com/ Америк маягийн хоолыг идэхээс гадна янзан бүрийн хэмжээний дэлгэц бүхий ТВ үзэх боломжтой. Ялангуяа эндхийн гол спорт болох америк futbol, сагс зэрэг үзнэ. Хэрвээ Америк футболын шувтрагын тоглолтуудыг дуу шуутай бас пивотой үзэхийг хүсвэл энд ирж жинхэнэ амтыг мэдрэх болно. Манайхаар бол хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг Брау Хауст үзэхтэй адилхан бололтой юм дагаа... Бас бус поол, дардас тоглоод бужигнахад их зүгээр газар...

Jeet Indian Restaurant - Энэтхэг үндэстний хоол... http://www.jeetindiadayton.com/ Бүгд л энэтхэгийн карру гэвэл мэднэ байх. Хонь, хурганы махан хоолтой. Төмс будаа нь их зүгээр. Хоол нь манайханд таарах боловч эндхийн үйлчилгээ нь их тааруухан. Энэтхэг цай ч сайхан шүү. Монголын бөхийн өргөөний дэргэд байдаг ямар ч нэртэй билээ энэтхэг хоолны газар, мөн Засгийн газрын дэргэдэх, Хүмүүнлигийн их сургуулийн урьд байрладаг нэгэн зочид буудлын нэг давхарт байдаг энэтхэг зоогийн газар ордог байсантай адилхан хоолтой...

Red Lobster - http://www.redlobster.com/ Уг нь бол далайн хоолны газар.. shrimp, lobster гэх мэт...Охин бид хоёрын хамгийн дуртай газар. Бараг бүтэн сайн болгонд ордог, сүүлдээ бараг бүх зөөгч нарыг нь мэддэг болчихсон, зарим нэгийг нь бараг голоод шууд л үйлчлэгчээ сонгох байдалтай байгаа. Тэндхийн steak-shrimp-lobster-Oskar гээд миний дуртай хоол. Бүгдийг амталж байгаа юм даа. Гол нь тэндхийн steak нь сайн, бас сайн ч болгодог. Тэгээд тэр lobster sauce нь надад таалагддаг... Монголдоо очоод энэ хоолны газрыг үгүйлнэ гэдгээ мэдээд байгаа...

Pasha grill - Turkish & Mediterranean food... http://www.pashagrill.com/ Турк болон дундад азийн үндэстний хоол. Манайхан шиг мах иддэг хүмүүст таалагддаг газар. Шошлог бол тэндхийн хамгийн сайхан хоол.. Хонины махан хоол олж идэхийг хүсвэл ийшээ л ороход зүгээр байдаг юм. Бас турк маягийн талх, манайхаар бол гамбир... Бас турк цай нь...

Texas Roadhouse - Америк steak... www.texasroadhouse.com/ Ялангуяа Америкийн Техас маягийн steak гэвэл мэддэг хүн нь ойлгоно л доо. Их аятайхан газар. Гэхдээ гэм нь над шиг монгол хүнд бол sauce нь ихдээд байдаг юм. Тиймээс light sauce гэвэл тэд хэлснээр чинь хийгээд өгнө.

Sake Japanese steakhouse and Sushi bar - (сайт байхгүй) японы хоолтой, сушитэй. Тогооч янзан бүрийн үзүүлбэр хийж хоолыг таны нүдний өмнө хийнэ, нибачи гэдэг. Бас бус сааке уух боломжтой. Сушины хувьд болон нибачигийн хувьд тэндхийн тогооч нараас нь хамаардаг. Янзан бүрийн үндэстний тогооч нартай. Ихэнхдээ хятад, тэгээд индонези гэх мэт тогоочтой. Яг япон хүн тогооч байхыг харна гэвэл нар баруунаас гарах байх. Зарим нь сайн хийнэ. зарим нь би гэртээ л хийж байгаа юм шиг хийнэ. Япон нэртэй боловч хятад эздүүдтэй.. Хятадууд үйлчилдэг...

Linh Restaurant - Vietnamese/Chinese restaurant - http://linhsrestaurant.com/ вьетнам үндэстний хоолтой. вьетнам ч эзэнтэй, үйлчлэгчтэй. вьетнам хоолноос хамгийн дуртай хоол минь тэндхийн шөл... навч налайгаад л үнэртээд л... бас шарсан банш... ядарсан үедээ тэндхийн шөлийг уучихад сэргээд л явчихна...

Applebee's Neighborhood Grill and Bar - http://www.applebees.com/ манай хэдэн найзууд нийлж байгаад нэг орсон... монголоос ирсэн найз минь steak, жинхэнэ steak идэх болоод орсон юм. их сайн газар биш боловч ороод үзэхэд гэмгүй... 2 for 20 гэсэн нэр хаягтай шахам.. учир нь 2 хүн 20н ам долларт багтаад хооллох боломжтой болоод тэр :) яг л америк шахуу үйлчилгээг тэндээс харж болно...

Оlive Garden - Итали үндэстний хоолны газар http://www.olivegarden.com/default_f.asp Ерөнхийдөө бол гоймон, cheese, sauce-ээр бялхуулчихдаг газар. Вино авч уумаар бол эндхийн виног захиалахад зүгээр... buon appetito :)

Akashi Sushi Bar -/ Japanese restaurant http://www.akashisushibar.com/- суши болон бусад япон үндэстний хоол жинхэнэ япон эзэнтэй, бас үйлчлэгчтэй... Япон улалмжлалынхаа дагуу их удаан үйлчилдэг...

TGI Friday - америкийн зоогийн газар (бургерээс авахуулаад steak хүртэл) T.G.I. Friday's® Worldwide - Welcome бид 2 steak авч идэх дуртай байсан... гэвч сүүлдээ RedLobster орсны дараа больсон гэх үү дээ. Бусад газар хоол дагалдсан салат, энээ тэрээ байдаг боловч энд тийм зүйл хүлээгээд хэрэггүй, учир нь байхгүй...

BD - Mongolian grill - Монгол маягийн хоол http://www.gomongo.com/ Монголын гэсэн нэр хаяг зүүсэн л болохоос биш... Бөөн зүйлийг нэгтгэж байгаад л бөөндүүлээд grill дээр болгочихдог юм. Гол нь таваган дээр ихийг авч чадвал ихийг иднэ. хэхэ Нэгэн удаа lunch цагаар ороод бараг dinner хоол идсэн байх... Хэрвээ өө эрвэл grill-ийнх цэвэрлэгээ нь их сайн биш...

Myongs Cafe korean food - солонгос үндэстний хоол http://www.myongscafe.com/ авсаархан жижигхэн зоогийн газар.. хоол нь амттай... учир нь тэнд 1 л нас тогтсон эмэгтэй тогоочтой. Үйлчлэгч нь солонгостой суусан нэгэн мексик гаралтай хүүхэн байсан. Бас нэгэн солонгос хүүхэн байсан... Солонгос хүүхэн нь арай дээр харьцаатай бас үйлчилгээ үзүүлдэг байж билээ... хэхэ бид нарыг таньдаг тул бас багагүй "ханд" хаяна аа...

Зарим нэгэн мексик хоолны газруудад орж үзсэн боловч надад таалагдаагүй.
Хужаа хоолны газруудад орсон боловч мөн адил таалагддагүй. Хоол нь манай (СУИС-ын хажууд байдаг нэгэн хужаа хоолны газар, бас ТИС-ын дэргэд байхаа нэгэн хоолны газар, мөн баруун 4-н замын баруун хойно байрладаг зочид буудлын, бас 5-р сургуулийн өмнөх хужаа хоолны газар гэх мэт) хужаа хоолны газруудыг гүйцэхгүй..
Охин минь франц хэл үздэг тул зарим нэгэн франц хоолны газар орсон. Тэгээд намайг асуухаар таньд таалагдахгүй ээ гээд ордоггүй юм...

2009-09-21

Өнөөдрийн бодол....

...Сайн ханийн амттай цуйванг идээд нээг сайхан налайгаад суух юмсан...

2009-09-05

Бөөндөнө өө... (сэтгэгдлүүдийн "дэлгэрэнгүй" хариултууд)

- "Хүн зүгээр суулгах дургүй, тиймээс өөрөө ч зүгээр суух дургүй..." гэж бичсэний дараа Гэгээн "хүнийг зүгээр суулгахгүйн тулд дургүйцлээ хэрхэн илэрхийлдэг тухай" бичихийг хүссэн байсан, бас зарим нь "үглээ" мэтээр ойлгоод байх шиг байна билээ:

Юуны өмнө энэ талаар "мэргэжсэн" хүн биш шүү. Зүгээр л бодлоосоо хуваалцах гээд үзье.
Хүн яах гэж "амьд" явдгийн гэж юуны өмнө асуух нь зүйтэй байх. Яагаад хүн болж төрсөн юм? Хүн болж төрсний ач холбогдол гэх мэт нэмэлт асуултууд гарч ирээд "хүндэрч" ч мэднэ... Хүн ер нь зүгээр суух нь залхуурахтай адилхан шүү дээ. Амарч байгаа мэт боловч улам ч ядарч, уйдаж, янз бүр болдог юм биш үү? Миний хувьд "хэт зүгээр суух" нь бүр ч залхуутай, ядаргаатай байдгийн. Биеэ чагнаад л, сэтгэл санаагаар янзан бүрийн бодолд унаад л... тэр нь голдуу сөрөг байх нь олонтаа...
Зүгээр л суугаад байхаар өөртөө ямар нэгэн зүйлийг өөртөө олоод хийчихвэл сэтгэл "онгойгоод" их аятайхан болчихдог юм. Жишээ нь энэхүү блогийг бичиж байгаа минь миний зүгээр суухгүй байгаагийн нэг илрэл.
Зүгээр суухгүйн тулд өөртөө олсон ажлын хүн чинь сэтгэлээсээ хийнэ. Яагаад гэвэл тэр хүн өөртөө ажил олох буюу өөртөө ажил удаж байгаа болохоороо. (Өөртөө ажил "удах" гэж бид ярьдаг байхаа) Өөртөө ажил удаж байх нь зүгээр мэт надад санагддаг. Хүн ажилласнаараа хөгжиж дэвшинэ үү гэхээс хэзээ ч уруудахгүй. Мэдэхгүй, чадахгүй ганц ч болов зүйлийг сурч мэднэ... Бид бүгдийг мэддэггүй байх аа. Зарим хүн бүгдийг мэдэх шаардлага байхгүй гэж бодож байж болох юм. Мэдсэн, сонссон, сурсан зүйл хүнд хэзээд хэрэг болно. Магадгүй "муу" зүйл ч гэсэн хэрэг болох цаг ирнэ шүү дээ...
За ингээд өөрөө яагаад "зүгээр суудаггүй" байдаг тухайгаа бичлээ. Харин бусдын тухайд яадаг тухайгаа бичвэл:
Миний бодлоор би ажил хийгээд зүгээр байвал бусад хүмүүс "ухаантай" тул, магадгүй намайг өрөвдөөд, хүртэл ажиллах сэтгэл төрөх байх гэж боддог. Жишээ нь гэр бүлд хэн нь ч аяга таваг угаалгүй овооролдоод байж мэднэ л дээ. (хамгийн энгийнээр бодоход) Хэн нэгнийг угаах байх гээд бүгдээрээ бодоод л хүлээгээд байдаг. Хэн нь ч угаах сэтгэл гаргахгүй байвал яах уу? Наад зах нь үнэр танар үнэртээд л эхэлнэ шүү дээ...
Тэгэхээр хэн нэгэн угаах нь зайлшгүй. Би бол хамгийн түрүүнд тэр угаах хүний нэг нь болох байх. Яагаад гэвэл би тэр бүхнийг тэвчихгүй эхлээд "хөдөлнө". Би угаана, цэвэрлэнэ бүгдийг нь хийнэ. Гэхдээ би юу ч гэж "үглэхгүй". Зүгээр л хийчихнэ. Бас хийх гэж байгаа тухайгаа, хийснээ ч ярихгүй. Дуугай л хийчихнэ. Харин дотроо бол "би хийсэн" гэдгээ саначихна. Дахин ийм байдал гарвал би хэлж байгаад угаана, хийснийхээ дараа хэлнэ. Бүр дахиад ийм байдал давтагдвал би тэр аяга таваг өмхийрсан ч угаахгүй "тэвчээртэй" хандана. Яагаад гэвэл би өөрийнхөө талаас хийх зүйлээ хийсэн гэсэн үг. Тэгэхээр хэн нэгэн тэр тухай бодох цаг нь болсон гэсэн үг.

Товчхондоо бол "тэвч, итгэ, хүлээ" юм л даа... Тэгээд тэвчээд, итгээд, хүлээгээд барахгүй бол "битгий тоо"-д шилжиж буй хэрэг... :)


- "Хачин зүүд"-ний тухай бичлэгт Дугуйлан сэтгэгдлээ бичсэн байсан. Тэгээд тэр тухай өөрийнхөө блогтоо бичихийг хүссэн "хүсэлт" маягийн зүйл асуусан байсан:
Зүүдээ блогтоо бичсэн анхны тохиолдол байх. Дугуйлангийн бодол сэтгэгдэлд их аятайхан хандаж буй. Эсэргүүцэхгүй бас дэмжихгүй. Уншихад гэмгүй. Хүний үгийг сонсож байх гэдэг нь тэрийг хэлж буй юм л даа. Логиктой сэтгэгдэл байсан.
Миний бодлоор бол тэр зүүдний тухай тайлбараа бичвэл:
Охиноо санаад зүүдэлсэн гэдгээ мэдэж байгаа. Хичээлийн шинэ жил нь эхлээд бас бус дотроо санаж бодож явдаг зүйлтэй тул түүндээ сэтгэл минь улам шаналаад (төлбөр, хувцас, энээ тэрээ, бүр хэрхэн хүүхдээ сургуульд нь хүргэх вэ гээд л янзан бүрийн хүүхэдтэй холбоотой асуудлууд) хандаад тиймээс зүүдэлсэн байх гэж бодож буй. Харин яагаад шинэ байр, гол, сэлэх, охин минь намайг сонсохгүй байгаа зэргийг бол би ёстой "зөвөөр" тайлбарлаж мэдэхгүй. Бодохнээ, охин минь намайг сонсохгүй байх гэж боддог юм. Яагаад гэвэл би "сайн" аав байж чадаагүйдээ өөртөө сэтгэл хангалуун бус явдаг. Өсөж өндийж томрох тусмаа намайг "уучлахгүй" байх гэж боддог. Өө тийм, шинэ байрны тухайд бол миний бодлоор: ээж нь хүнтэй болсон байх гэсэн л бодол төрсөн. Охин ээжийгээ дагаад явсан байдлаар... Хэрлэн голын тухайд бол би өөрөө нутгаа санаж буйн илрэл байх. Гүүрний тухайд бол, намайг байхад нэг модон гүүрний үлдэгдэл, тэгээд шинэ гүүр байсан юм. Хэрлэн голын тухай бодохоор халуун зунаар хөвөөн дээр нь тоглож байсан хүүхэд нас минь яалт үгүй санагддаг билээ...
Блог дээрээ бичих тухайд бол: Таны бодол санаа тул блогтоо бичихэд татгалзахгүй ээ...

2009-08-26

Ааштай амьдрал...

Өмнө нь үнэхээр уйгагүй бичдэг байж дээ. Бараг өдөр болгон (... бараг 3н жил бараг өдөр бүр... тэвчээртэй байж дээ...), заримдаа 2-3н бичлэг хүртэл... Одоо бол үнэхээр сонирхол минь буурч... бараг л сардаа 2-3-ийг оруулж ч мэдэхээр байна. Албагүй л дээ... Бичсэн бичлэг болгоноо уншаад би өөрөө яаж амьдарч байснаа санах боломжтой байдаг... Урьд цагт янзан бүрийн зүйл сонирхоод, оролдоод байдаг байж.... Одоо бол залхуу болсон уу, эсвэл шантарсан уу, мэдэхгүй ээ, нэг л но ургачихаад байна...

Амьдрал дандаа сайхан байхгүй юм. Заримдаа ядарна, заримдаа уйдна, заримдаа шанална, заримдаа ганцаардана... заримдаа бүр уучихна гэх мэт янзан бүрийн шалтаг, шалтгаанууд учирна... Амьдралыг сайхан байлгах гэж зүтгэсэн ч болохгүй зөрөөд аашилаад байхын... Амьдралын аашийг олох гэж үйлээ үзэж байна....

Энэ сарын хувьд миний хувьд тийм ч сайхан санагдахгүй байна. Бодол санаа хөрвөөд л...

Үнэхээр учир алгаа... Энэ нь зөвхөн ганцаардаад биш ээ... Бүх л зүйлийг бодоод байхнээ учир нь олдохгүй юм... Хүн заримдаа тэр ааштай амьдралыг бодож цэгнэх ёстой юм гэнэ лээ. Тэгээд л тэр байх...

Халуун зунаар шантраад нэг л онц биш...

Налгар намар айсуй гээд л сууж байна даа...

(уг нь жоохон ч болов өөдрөг зүйл бичмээр байсан ч сэтгэл санаагаа ил гаргаж байж санаа амрав... зовдоггүй, шаналдаггүй, өвддөггүй, уйлдаггүй эр шиг л үргэлж бичиж байсан даа... нэг ч гэсэн хүнд хэрэгтэй болов уу гэж байсан бол одоо өөртөө зориулаад бичлээ... хүн болсон хойно бүх зүйл адил...)

2009-07-02

Хэрвээ хүсвэл...

Хэрвээ хэн нэгэн өмнөх бичлэгийн талаар маргалдахыг хүсвэл санал бодлоо чөлөөтэй бичээрэй. Харааж байгаад ч хамаагүй. Харлуулсан болгондоо болон бусад зүйл дээр чадлаараа хариулахыг оролдоно.

Ц.Элбэгдорж: "Монголын газрын зургийг эвлүүлэх юм бол 2 сая 600 мянган хүнээр эвлүүлсэн морь унасан Монгол хүн шиг тийм өнгөлөг, зоримог зураг харагддаг юм. Монгол хүн нэг бүрийн зүрх сэтгэл, үзэл санаа, жаргал зовлон Монголыг ингэж бий болгодог."

Гэтэл Монголын хүн ам наад зах нь 2,9 сая болсныг мэдээгүй л байгаа Ерөнхийлөгч дөө... "Ардчилал" буруу тоолоод 2,6 сая болгочихоогүй бол шүү дээ... Худлаа наах гэж үүнийг хэлдэг юм.

Ингээд л эхэлж чадна...

За тэгээд маргамаар байвал бичээд байгаарай... I don't care....

2009-04-14

Гар утас ....

Орчин үед техник технологийн хөгжил дэвшил хүмүүний амьдралд чухал үүрэг гүйцэтгэж буй билээ. Цаашид ч улам хөгжин хүн гэдэг амьтан мэдэхгүй чадахгүй зүйл үгүй болох буй зээ гээд оршил хэсэг :)

Гар утас гээч нэг зүйлийг анх удаа хэзээ харснаа санахгүй, бас мэдэхгүй байна. Монголдоо 1996 онд харсан байж болох талтай. Яагаад гэвэл Мобиком анх байгуулагдсан. Тэр үед ажилтай байлаа. Андуураагүй бол Seimens S4 ч билүү одоогийн гар утаснуудыг бодвол нилээн хүнд, бас том хар гар утас байсан санагдаж байна. Хармаандаа хийхэд өмд унжаад л энд тэнд нь товойгоод сүртэй шүү. хэхэ Одоо бол нарийсаад, жижигрээд, өнгө үзэмж ороод, дуу шуу нь нэмэгдээд, бас үздэг хардаг болсон гэж байгаа...

Хувь хүнийхээ хувьд гар утсыг 1997 оноос хойш ашиглаад ирсэн байхын. Мобикомын байнгын хэрэглэгч (утасны дугаар 9916..., 9918... гээд л 9911... дугаар солих үнэхээр дургүйн дээр ажлын шаардлагаар болдоггүй байв ), сүүлд Скайтел (9616... байсан шиг санаж байна мартсан байна шүү) нэмэгдсэн, бас бус газрын хэрэглэгч (9.... ) байлаа. Ажлын болон амин хувийн гээд гар утаснууд дунд эргэдэг байжээ хөөрхий. Мартана гэж үгүй байлаа. 2-оос 3-н (зарим тохиолдолд түүнээс ч олон болно) гар утас эзэмших тул яалт үгүй нэгийг нь пиджакныхаа энгэрийн хармаанд голдуу хийж явдаг байж билээ. Мөн ихэвчлэн дууг нь хааж чичиргээн дээр нь тавих сүүлдээ байн байн зүрх дэлсээд ч байгаа юм шиг мэдэрдэг болж билээ...

Загварын хувьд нэг их голж шилээд байхгүй тул голдуу Nokia бөс Sony Ericsson байсан байна. Болох болохгүй янзан бүрийн шалтгаанаар олон ч утсыг алдсан даа. Жишээ нь таксинд сууж яваад сууж буухын хооронд өмдний хармаанаас уначих гэх мэт. Аль эсвэл ярьж байгаад энд тэнд мартаад орхичих гэх мэт. Бас залуу ч байлаа, алдаа хийгээд алдсан нь бас бий. Харин эргэж олдсон нь ганцхан удаа байх.

Харин энд бол гар утас хэрэглэх нь үнэхээр ховор ганц байгаагаа машиндаа болон энд тэнд тавиад мартсан байх нь олон. Охинтойгоо холбоо барихад л голдуу ашиглана. Хэрвээ охинтойгоо байвал гар утсыг санах ч үгүй. Дуугарахыг нь сонсвол олж хардаг болж дээ... Гар утас гэснээс анх ирээд гар утасгүй их эвгүй байж билээ. Үргэлж холбоотой, яриатай, чагнаастай, чичрээстэй байдаг, зарим тохиолдолд загнуулж байгаа мэт болдог хүн чинь нам гүн оргиод л.... За энэ талаар ингээд дуусаа... Утасны тухай бичсэн чинь янзан бүрийн дурсамжууд орж ирээд нэмж бичмээр ч болж байх шиг.... Гэхдээ бичихгүй ээ....


.... Гар утасны үүх түүх, хөгжил, дэвшлийг харилцаа холбооны салбарынхан, хэвлэл мэдээллийнхэн олон түмэндээ сурталчилсан байлгүй дээ гэж бодоод тэр талаар орхилоо...

(бичээд байсан их болчихсон байна. Маргааш үндсэн сэдвээ үргэлжлүүлэн бичье)

2009-02-13

Зураг болон бодол

Дүү минь нэг зураг явуулаад түүнийг нь хараад их л удаан суулаа... Тэр зурагнуудаас татаад охиныхоо зургийг блогтоо оруулсан хэрэг... Аав ээжийн хамгийн анхны ач нь энд надтай хамт байгаа. Гурав дахь нь өмнөх бичлэгт оруулсан царай муутай охин... Тэгсэн явуулсан зурган дээр 5-н хүүхдийн зураг (охиныг минь оруулаад) байх юм... Дандаа царай муутай охидууд. Хамгийн царай гайгүй нь манай хамгийн хэл амтай эрэгтэй дүүгийн минь ганц хөвгүүн, аав ээжийн минь 2 дахь ач нь байна...
Манайхан өргөжөөд л би энд ганцаараа, том ачийг нь хараад л... Уг нь бол айлын том хүү, дүү нараа авч явах ёстой "хариуцлага хүлээсэн" хүн нь юм шүү дээ. Гэтэл би энд "амин хувиа" хичээгээд л...
Царай муутай охиноо, хөгшин буурал аав ээжийгээ, хатуухан эгчийгээ, намайг ахаа гээд өдийг хүртэл хүндэлсээр яваа дүү нараа, халуунаар дэмждэг хамаатан саднуудаа, Монгол нутгаа бодоод үнэхээр үгүйлж байгаагаа улам мэдэрч сууна...Эгчийн минь төрсөн өдөр маргааш болно. Эгчийнхээ төрсөн өдрийг нь тэмдэглэж "бүгдээрээ" ээжийн үзэмтэй будаа, аавын 100-н буудалт даамыг хамдаа тоглолгүй 20 гаран жил болсон байна шүү... Тэр бүгдийг үгүйлж байна гэж... Намайг 10 төгссөнөөс хойш айлын 7н хүүхэд аав ээжийн хамт бүтэн гэр бүлээрээ цуглаагүй их уджээ. Эгч, эсвэл би гээд дандаа ажилтай төрөлтэй, гадаад дотоод гээд... Бидний буруу л даа.... Бүгдээрээ бор гэртээ бужигнаад аав ээжийгээ цаашлуулаад нэг сайхаан суух юмсан.... Ач зээ нарыг нь дагуулаад бужигнавал ч....
...Хүний нутагт яах гэж ингэж амьдарч яваа юм бол гэсэн бодол толгойд минь мөн ч олон удаа буусан даа. Болдогсон бол зүгээр л маргааш гараад нөгөөдөр оччихсон ээжийг сүүтэй цай, аавын халуун үгийг сонсоод суух юмсан гэж олон ч удаа бодсон доо... Амьдрал ядарчихаад ингэж байгаа юм биш л дээ. Миний амьдрах газар энд биш... Биш гэдгийг анх ирснээсээ хойш мэдэрсэн... Ганцаараа болоод, эсвэл сэтгэл санааны хувьд унаад тэгж боддог юм болов уу гээд мөн ч олон удаа өөрийгөө аргалсан... Гэтэл биш юмаа....
Олон хүн Америкт ирэх гэж үйлээ үздэгийг ойлгож байна... Америк хүслийн орон уу гэвэл тийм л гэж хариулна. Харин Америк амьдрах орон уу гэвэл үгүй гэнэ. Монголоос минь "ядуу" юм шүү дээ...
...Удахгүй охиноо энд дунд сургуулийг нь төгсгөчихөөд гэртээ, нутагтаа харина аа гэж бодож байгаа... Очиж хөдөө гарч хонь хариулья гэж бодож байгаа ш дээ... Чин сэтгэлээсээ хөдөө гарна... Миний амьдралын утга учир мөнгө ч биш, машин ч биш, албан тушаал ч биш, зүгээр л энгийн нэгэн жаргалтай, тайван амьдрал... Яахав хэрэгцээ, хэрэглэгээ гээд эхлэх байлгүй. Тэдгээрийг малчин болоод зохицуулж болох байлгүй дээ... Блогоо бэлчээрээс бичихийг ч үгүйсгэхгүй шүү дээ...

...

Хэрвээ дүү (нар) минь уншиж байвал миний санааг ойлгох биз... Ах нь яагаад энд удаад байгааг ойлгоно байхаа гэж бодож байна...

2008-12-11

Хүслэнгийн уран бүтээл
(posted with permission of Khuslen :)

All about being a Sister
Written and Illustrated by Khuslen.E (age 6)
Date 03-04-08

Table of Contents
1. Wen he sleping
2. Wen he wakes
3. In the park
4. Playing

My Brother
I take car of my brother nicely. you giving him hafly food
dot give him papr

Chaptr 1. Wen he slepis you dot weke him up. Ef he wakey he will crey. Wen he wake up you give him vached bos. It is hafy for him. We take a wake to the park because it is my famly favorite thing to do.

Chaptr 2. My DaD and MoM arn nice. They love you to. We play hede and sike. It is owr favorite.

Chaptr 3. I love my family so much.

Chaptr 4. All about the Author
I am funy and I add more titil. I reye to raed momr and it is fun. I more book
I make fary Presiss wen I was in kinksilened wen I was in Kindom.



* * *

Бичиг үсэг сурч эхэлж байгаа 6н настай монгол охины зохион бичлэг. . Хүүхдийн хэллэг, хүүхдийн санаа... Энэхүү зохиолыг нь уншаад сэтгэл минь их хөдөлсөн. Тэгээд зориуд "худалдан" авсан юм. Нэгд, хүүхдэд урам өгөх гэсэн миний сэтгэл. хоёрт охиноо санаад...

Зохиолч охин надад зохиолуудаа "худалдах" гээд бичиг зохиолууд дээрээ сүрхий ажиллаж байгаа гэсэн.
Монголд бол бөөн алдаа гээд багшдаа загнуулахаар зохион бичлэг байж ч магадгүй. Энд бол багшаасаа тууз бүхий шагнал авсан зохиол юм шүү. Дараа дахин нэг зохиолыг нь оруулна аа...




2008-11-09

Депсу, Дeстини нарын бичсэн комментүүдээс үүдээд, бас өмнө нь "бараг амалсныхаа" дагуу Барак Обамагийн тухай өөрийн зарим уншсан, сонссон мэдээллүүдээ санал бодолтойгоо нийлүүлэн байж бичлээ: (Ямар ч линкгүй шүү. Энэ нь би бичлэгээ бичихдээ янзан бүрийн мэдээллийг уншиж ашиглаагүй, "цээж"-ээрээ бичлээ гэдэг байхаа)

Шинээр сонгогдсон Америкийн Ерөнхийлөгч Барак Обамагийн намтар түүхийг өдийд мэдэхгүй хүн байхгүй биздээ. Намтрыг нь мэдэхгүй ч гэсэн хар гэдгийг нь бүгд мэддэг болсон байх. Би ч намтарыг нь бүрэн уншаагүй ээ, бүтэн мэдэх ч үгүй, мэдэх ч шаардлага байхгүй. хэхэ Түүхэндээ анх удаа хар арьстан Ерөнхийлөгчтэй болсон, хар арьстан ерөнхийлөгчтэй болох үндэс суурийг хэрхэн тавьсан тухай дээр бичсэн билээ.

Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль их удаан үргэлжилсэн дээ. Дeстини-гийн бичсэнээр 2 жил. Эхлээд нам дотроо өрсөлдөөд л, дараа нь бусад намуудын нэр дэвшигчидтэй өрсөлдөөд л... Монголд бол мөнгө үрлээ, ядаргаа боллоо гээд "залхах" байсан байх даа. Гэхдээ эндхийн сонгуулийн сурталчилгаа явуулдаг "ёс жам" нь Монголыг бодвол арай өөр юм. Монголд бол сонгуульд нэр дэвшлээ л бол мөнгө, тэтгэвэр, тэтгэмж амлаад л эхэлдэг. Энд бол улс орны болон тухайн муж, хотын аливаа нэгэн асуудлыг хэрхэн зохицуулах, засч залруулах, улс орноо хэрхэн хөгжүүлэх, нийгэм, улс төр, эдийн засгийн ямар бодлого барих, юуг хэрэгжүүлэх вэ гэдгээ яриад л байх юм...

Энэ жилийн сонгууль өвөрмөц. Эхлээд Ардчилсан намаас эмэгтэй хүн, хар арьстан хоёр өрсөлдөөд сүр болсон. Хэн нь ч намаасаа гарсан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд үлдэхээр л байлаа, ер нь бол сонгуульд нэр дэвшсэн гэдгээрээ аль хэдийн үлдсэн л дээ. Эхэндээ Клинтон авхай гайгүй байх шиг байсан боловч сурталчилгааны явцад Обамадаа ялагдсан. Хиллари Клинтон ялагдсан гол шалтгааныг би хувьдаа эр нөхрийнх нь "ухамсаргүй" нэр хүндтэй холбон ойлгосон. Энэ ч зөв. Гэрээ засаад улсаа хөгжүүлнэ гэдэг байхаа. Харин Бүгд Найрамдах намаас хүн олдохгүй байсан уу их л хэцүү байдалтай байсан мэт санагдсан. Тус намаас хамгийн гайгүй нэр дэвшигч нь Нью-Йорк хотын амбан захирагч асан Жулиани бөгөөд нэр дэвшсэн боловч Маккейндаа ялагдсан гэж санагдаж байна... Зүгээр хэлэхэд, миний бодлоор хэрвээ Бүгд Найрамдах намаас Маккейны оронд Жулиани намаасаа гарсан бол Обамаг ялах байсан...

2004 онд улс төрд том алхам хийж Сенатын гишүүн болсон энэ эр 2008 онд Ерөнхийлөгч болно гэдгийг тэр үед хэн ч бодоогүй байх. Обама юугаараа Маккейнээс илүү болоод Ерөнхийлөгч болсон юм бол гэж бодлоо, тэгсэн: 1-д хар арьстан, 2-т өрсөлдөгчөөсөө насаар залуу, 3-т намын нэр хүнд, дэмжлэг, 4-т нийгэм, улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, 5-т илтгэх, бусдыг татах чадвартай. Энэ нь зөвхөн миний дүгнэлт шүү. За одоо үүнийгээ эхнээс нь авахуулаад бяцхан тайлбарлая:
1-т хар арьстан. Америкчууд Монголыг бодвол улс төрийн идэвхгүй ард түмэн, сонгогчид байхгүй юу. Эд нарын амьдрал бидний амьдралыг бодвол хялбар, зовлонгүй л дээ. Тиймдээ ч улс төрийн сонгуульд, улс төрд учир шалтгаанд их ач холбогдол өгдөггүй. Амьдрал нь "бараг" зовлонгүй тул хүн болгон ажлаа хийгээд л амьдрах боломжтой гэсэн бодолтой. Монголд сонгууль болоход ард түмэн, сонгогчдын 80-аас илүү хувь нь саналаа өгөх байх. Гэтэл энд бол хуульд заасан хэмжээнд л өгч байвал барав хө. Ядахдаа ард түмэн юм чинь 50н хувьтай байдаг байлгүй дээ. Харин энэ удаагийн сонгуульд Америкийн түүхэнд сонгогчид хамгийн их саналаа өгсөн байж магадгүй шүү. Яагаад гэвэл нэг талаас "арьс өнгөний үзэл" шахуу зүйл. Хар арьстнууд ер нь бусдыгаа бодвол нийгмийн идэвх муутай гэж би хувьдаа бодож явдаг. Хэрвээ буруу бол залруулаарай. Харин
энэ удаагийн сонгуульд хар арьстан хүн нэр дэвшсэнээр тэдний "үзлийг" өөрчлөн сонгуульд идэвхтэй оролцох нөхцөл болсон. Биднийхээр бол жалга довын үзэл л дээ... Энэ сонгуульд цагаан арьстнуудаасаа илүүтэйгээр хар арьстнууд нь "арьс өнгөний үзэл" гаргасан гэж ойлгохоор байлаа.
2-т насаар залуу гэсэн. Хэрвээ Маккейн сонгогдсон бол хамгийн настай Ерөнхийлөгчөөр сонгогдсон нэгэн болох байлаа. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн бас нэгэн онцлог байсан юм байна. Энэ удаагийн сонгуулийн сонгогчдын хамгийн идэвхтэй хэсэг нь "залуучууд" байлаа. Залуучууд хэнийг сонгодог билээ?
3-т намын нэр хүнд. Намынх ч гэж дээ. Буш ахын нэр хүнд. Энэ тал дээр манайхтай адилхан. Намын удирдагчийн нэр хүндээс гэсэн үг. Улс төрчдийн хэллэгээр бол нэг тал руугаа хазайчихлаа. Америкчууд өнөөгийн эдийн засаг, улс төр, нийгмийн байдалдаа сэтгэл хангалуун биш байдаг. Улс төрийн идэвхгүй ихэнх нь "Буш ах 8-н жил удирдаад ийм байдалд оруулсан" гэж бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр Бүгд Найрамдах намын нэр хүнд унасан. Энэ нь Монголын 1996 болон 2000 оны сонгуультай төстэй зүйл... Обамаг үндсэн дэмжигчид нь Хиллари хатагтай, Клинтон ерөнхийлөгч буюу Клинтоны гэр бүл байлаа. Хамгийн нэр хүндтэй дэмжигч хүмүүс нь л дээ. Хиллари хатагтайн төлөө саналаа өгөх бүх сонгогчид Обамад өгсөн гэж ойлгож болно. Миний сонссоноор ёонгуулийг арга хэмжээнд оролцсоны хариуд тэд нар сонгуулийн сурталчилгааны ч юм уу, эсвэл ямарваа нэгэн 10 сая ам долларын "өрийг" барагдуулж байгаа сураг байсан. Тэрийг нь мэдэхгүй, гол нь, тэдний нэр хүнд нь нам дотроо болон ард түмний дунд алдартай... Ямар сайндаа хэрвээ Хиллари гарсан ч болоосой гэсэн Америк хүмүүс нилээн олонтой тааралдсан....
4-т нийгэм, улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал... 2008 оны эхээр Америкчуудыг эдийн засгийн байдал "бараг" зовоож байсангүй...

За хө, урт болчихлоор. Маргааш үргэлжлүүлье... унтлаа....

Жич: Найз минь миний бичлэгийг уншаад их юм багасга гэж хэдэн жилийн өмнө зөвлөсөн. Түүнээс хойш ихээр бичихээ больсон...

2008-11-02

Нэг том авчих уу... (30-н минутын бичлэг)

УИХ-ын гишүүн Элбэгдоржийн өгсөн нэгэн ярилцлагыг уншаад өөртөө төрсөн сэтгэгддийг бичиж буй нь энэ. Нэг их том авчихлаа. Элбэгдорж гуай энээ тэрээтэй тэрсэлдэхээр хүн биш ээ... Зүгээр л нэг Монголын иргэн....За эхэлнэ ээ....
Инфляцийн уналтын талаар ярилцсан юм гэнэ лээ. Сурвалжлагч асуугаад мань эр хариулж... Мөнгөний бодлогыг хэн тодорхойлдог билээ? УИХ. Яахав түрүүчийн Их Хуралд мань эрийг байгаагүй гэж үзээд мань эрийг буруугаас чөлөөллөө. Гэхдээ мань эр Монголын том намын дарга шахуу байсан байхаа. Бодлогыг улс төрчид тодорхойлдог гэдгийг Том намын даргад хэлэхэд илүүдэхгүй байх. Тэгэхээр мунхаг миний ойлгодгоор мөнгөний бодлогыг дамаар улс төрчид тодорхойлно. Хэрвээ мөнгөний бодлогод буруутныг хайж байгаа бол улс төрчид буруутай. Улс төрчиддөө УИХ-ын гишүүд, тэрхүү гишүүдийг эгнээндээ багтаадаг улс төрийн намууд, цаашилбал улс төрийн намыг удирдаж буй этгээдүүд буруутай. Тэгэхээр Монголбанкны хэн нэгэн албан тушаалтныг буруутгах нь үндэслэлгүй. Ер нь бол УИХ нь Монголбанкыг "удирддаг" шүү дээ. Хэрвээ зарим УИХ-ын гишүүд парламентын буруу гэж хэлсэн бол тэдний зөв. Нээг их ард түмэн гэх гээд хэрэггүй. Энгийнээр заргалдвал "мөнгөний бодлогыг ард түмэн мэдэх ч үгүй" гэж хэлмээр байна. УИХ буруутай Элбэгдорж гишүүнээ. Эрэмбэлээд байх хэрэггүй Элбэгээ дарга аа. Тооцох буруутай бол хэн ч буруутныг асууж, бас дээр нь шүүж болно. Үндэс нь ургаагүй модыг, мод нь ургасангүй гэж болохгүй биз дээ.

Мөнгөний бодлогын хувьд? гэсэн асуултанд өөрөө УИХ-даа буруугаа тохчихсон байна лээ. Дээр ярьснаа үгүйсгээд шүү дээ. Тоо баримт сөхөөд л, нэг их хариуцлага яриад л... УИХ төсөв батлаад өгөхөд хэтрүүлээд ирдэг гэнэ дээ. УИХ чинь төсөв батлахдаа баахан гишүүдийн амбицаар баталдаг. Сонгогдсон тойрогтоо, сонгогчийнхоо шаардлага, хүсэлтийн дагуу гээд л бурцгаадаг биздээ. Тэгэхээр ямар улсын төсөв гэж юу байдаг юм. Яамууд нь төсвөө оруулахаас нь авахуулаад бүгд УИХ-ын гишүүдийн "лобби" байдлын зүйл орчихсон. Сайд нар нь УИХ-д унахгүйн тулд УИХ-ын гишүүдийн "санаа оноог" (үнэндээ бол хатуугаар хэлбэл танил тал, хүрээ нөлөө, албан тушаалын нөлөө, бүх хатуугаар хэлбэл өнөөгийн өгөө маргаашийн аваа буюу хахууль байдлын зүйл) багтаасан дүр эсгэнэ.

Дэлхийн эдийн засгийн бууралт цаашилбал уналтаас болоод Монгол Улсын эдийн засаг хямарч байгаа гэж ер нь мэдээллүүдээс уншаагүй байсан өнөөдөр харин энэ талаар уншлаа. Мөнх-Оргил сайд гадаадад ажиллаад Монголдоо очоод энэ талаар дурьдсан байсан. Тэрнээс бусдыг нь би мэдэхгүй, магад ч үгүй би уншиж байгаагүй байх л даа. Дэлхийн эдийн засгийн хямралаас болоод Монгол Улсын мөнгөний бодлогын зорилт хангагдаагүй ухааны зүйл асуусан байсан. Дээр нэгэн "зэс"-ийн тухай бичлэг оруулж байснаа саналаа. Элбэгээ дарга аа, Хятад, Орост инфляц хэд байхыг тоогоор мэдэх нь нэг их чухал зүйл биш. Гол нь өөрийнхөө урдахыг, өөрсдийгөө хар.

... (цаашид уншаад хэн асуугаад, хэн хариулсныг ойлгохгүй. тэгээд ч утга нь алдагдаад би бүр төөрчихсөн. Гэхпээ яахав ойлгосон гэж үзсэн хэсгээсээ үргэлжлүүлээд авахаас..)

Юу гэх гээд юу гээд байгааг ердөө ойлгосонгүй. Бодвол банкны хямралын тухай ярисан бололтой. Элбэгүгдорж (санаандгүй алдчихлаа) даргын ярьсныг бичиж сийрүүлж чадаагүй сэтгүүлчийн буруу ч байж болох юм. Эсвэл элбэгдээд үнэлчихсэн мань эрийн ч буруу байж болох юм.


Ер нь уншаад байхнэ, тэмээ гэж таарсан асуултанд ямаа гэсэн зохицсон хариулт байсан бололтой догоо.

Эцэс сүүлд нь, бодон тунгааж байж хагас дутуу ойлгосон зүйл минь гэвэл Элбэгээ дарга цуглаж уулзаж ярилцах хэрэгтэй гэсэн санааг гаргасан юм шигээ. Бидэн шиг, Монголчууд шиг бурдаг хүмүүс дэлхийд бараг л байхгүй байх. Дандаа л цуглаан, семинар, зөвлөлгөөн, ярилцлага... Үгүй ээ. Элбэгээ дарга аа, УИХ-ын гишүүнээ, Ерөнхий сайд "дархан" асан аа .... Бидний ярих цаг нь ихдээд хийх, бүтээх цаг нь хомсдоод байна...

Ярьж ханадаггүй Монгол дарга нараа. Үндсэн ажлаа хий. Ярихаасаа, ярьснаасаа ихийг бүтээ. Таныг дагаад ард түмэн тань ажиллана. Та зөвхөн ярьдаг бол хэцүү биз дээ. Миний гэрт (ам бүл 2, тодруулбал аав охин 2) би зөвхөн яриад охин минь бүгдийг хийнэ гээд бодоод үздээ...

Сониноос, 7-н сарын 1-ээс хойш Элбэгээ даргын өгсөн анхны ярилцлагыг уншиж байгаа минь энэ. Уг нь бол ард түмнийхээ, хоригдсон цагдаа нарын тухай, бүр Манлай, хэн ч билээ нөхдийн тухай, Жаргалсайхны тухай дуугарч болох байсан байх даа...

Ийм л байна даа. Өөрийнхөөрөө тунгаа. Дэмий бол хая. Элбэгээ дарга буруу гэдэг дууг сонсоосой....

2008-07-19

7-н сарын эхээр ДС явснаа оруулахаа "мартчихаж"...

ДС-д очоод хоёр хоносон. Сайхан явсаан... Наадмаар тааруулах гэхээр болж өгөхгүй байсан юм. Уг нь "монгол" наадмаа үзсэн бол сайхан л байх байсан байх. Гэхдээ зүгээрээ, наадамгүй 3н жилийг өнгөрөөгөөд бүр дасчихаж...


Охинтойгоо буудалд буугаад өдөрт нь ганц хоёр газруудаар орлоо. Уг нь тэнд монголчууд байраа "буудал" байдлаар хөлсөлдөг гэж сонсож байсан боловч надад таних хүн бараг байхгүй тул олж чадсангүй. Тэгээд ч урьдаас бэлдээгүй тул олдох ч боломж байсангүй. Хэрвээ буудалд буугаагүй тэгж зохицуулсан бол надад хямдралтай, монгол хүнд ашигтай байх байсан байхаа. Нөгөө талаас нь энэ удаад буудалд буун охиноо амьдралд сургахыг хичээсэн юм. Бас буудалд буухыг сургачих бодолтой. Тэгвэл ирээдүйд өөрт нь хэрэг болно. 5-н одтой буудалд бууж байсантайгаа харьцуулбал ч өөр л дөө, гэхдээ буудал бол буудал. Буудал гэснээс энд тэнд явах бол чадаж л байвал буудалд буухыг боддог. Зардал нь илүү тусах боловч хэн нэгэнд дараа болохгүйгээр байвал надад амар байдаг юм. Ер нь аав ээждээ ч, эгч дүү нартаа, хэнд ч дараа болохгүй өөрийгөө авч явж (зөв шүү дээ) чадаж байвал зөв гэж бодож явдаг. Буруу эсэхийг нь би өөрөө мэдэхгүй, гэхдээ надад бол зөв санагддаг...

Энэ удаад хуушуурдах сэтгэл төрөөгүй тул хуушуурдсангүй. Гэхдээ тэнд монгол хоолны газарт орох юмсан гэж бодож л явлаа.

Сайхан хүмүүстэй танилцаж, уулзсан...

"
Нolocaust"-ын музейг охиныхоо захиалгаар үзэв. Өвөрдмөөр ч юм билээ. Дөрвөн давхар байшингийн үзмэрүүдээс хамгийн сүүлийн танхимд хүн гэж ямар аугаа болохыг үнэхээр биширлээ. Тэрхүү танхимд өөрийнхөө амь насаар дэнчин тавиад амь алдах, зодуур нүдүүр, тагнах турших гээд аюулыг сөрөн байж еврей хүмүүсийн амийг аварч байсан тухай зураг бүхий тайлбар бүхий үзүүлэн байсан. Бүгдийг нь харсны дараа ийнхүү эгэл жирийн, төрөл бүрийн мэргэжлийн, насны, үндэстний хүмүүсээс тийм их зориг, тэвчээр гарсан гэдгийг бодоод үнэхээр биширсэн... Би бүр тэнд танилцуулгуудыг уншаад л зогсмоор байлаа...

ДС-д баярын буудлага, шоуг үзэхээр явсан ухаантай. Даанч баярын хэд хоногт бороотой гэсэн тул зорилгоосоо ухраад замын дундаас өөр тийшээ хазайж нэг хоноод гэртээ ирсэн болно. Найзтайгаа хамт ганц шилийг хувааж, монгол дуунуудаа гитардан дуулж (уянгалуулж ;) шөнө дунд хүргээд унтаж амарсан....

Андуураагүй бол нийтдээ 1200 mile буюу 1931.2128 км давхисан байх ...


2008-06-13

За яахав, цаг гаргаснаараа дуусий... Хөл бөмбөг болон миний амьдралын хэсэг.

Багаасаа хашаандаа хөл бөмбөгийг тоглосоор ирсэн. Бидний үед зориулалтын бөмбөг байсан биш таарсан бөмбөгөө өшиглөж байлаа. Одоо санаж байгаагаар нь "алдарт" 13-ын бөмбөг. Бидний үеийнхэн андахгүй байх. Энэ нь 13-н төгрөгний бөмбөг байсан байх. Нөгөө ургамлын тосыг "9-ийн тос" гэж нэрлэсэнтэй адил бид тэгж нэрлэсэн биз.

Хоёр чулуугаар, голдуу тоосгоор хаалга хийн, хашаагаар захын зураасыг хийдэг тэр цаг үе ч сайхан байж шүү...

Сургуульд дээрээ бол зориулалтын талбайд тоглоно. Хэнтийн 10-н жил гайгүй талбайтай ш дэ. Бүр зориулалтын хөл бөмбөгийн хаалгатай шугам зураастай үнэхээр сайхан талбайтай. Гутлаа ханзартал, формоо урагтал тоглож байсан даа.... Би бүр нас "явчихаад" тэнд тоглодог байсан гээд боддоо. Одоо болтол тэрхүү төмөр хаалга байгаа гэж бодож байна...

Сургуульд байхдаа хөл бөмбөгийн бүсийн тэмцээнд оролцож байсан. Дорнодын баг манайд ирж тоглоод манайхыг 2:1-ээр хожсон юмдаг. Тэмцээний бэлтгэл гээд хэдэн долоо хоног "Спорт заланд" бөмбөг хана луу өшиглөж, шинээр баригдсан стадиондоо бэлтгэлээ базаадаг байж билээ. Надаас хэд дүү одоо Улсын начин Одхүү тэр үед хөл бөмбөг тоглодог байсан юм.

Миний анх тоглосон үндсэн багийн нэрийг "Мустанг" гэж нэрлэдэг. Одоо Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэст дээгүүр албан тушаал (бараг л дарга байх) Дагваа ах бидний үеийн хэдэн залуучууд, бас бус насныхаа хүмүүсийг цуглуулаад энэ багийг бүрдүүлж бид долоо хоног бүр бөмбөг өшиглөдөг байж билээ. Эрчим хүчний гээд бас бус баахан харчуул. Бүр энгэртээ морины толгой (мартсан байна) бүхий зурагтай футболка өмсдөг үнэхээр хөл бөмбөгийн багийн гишүүн байжээ...Энэ нь Хэнтийд хамгийн анхны хөл бөмбөгийн баг байсан байх шүү.

Бид хөл бөмбөгийн тэмцээнийг ТВ-ээр маш их үздэг байв. Хамтдаа биш л дээ. Би ч гэртээ. Цагийн зөрүүнээс болоод Оросын голдуу сувгаар тэмцээнүүдийг үзнэ.Манайхаар бол дандаа шөнө таарна. Хэнтийд ТВ-ийн сувгийг 12 цаг орчимд (санадаггүй ээ бас) хаадаг санагдаж байна. Гэхдээ хөл бөмбөгт дуртай хэн нэг нь холбоо руу утасдаад нууцаар залгуулаад хулгайгаар үздэг байж билээ. Олон хүн залгах тусаи бидний үзэх шанс ихсэнэ, тиймээс сүүлдээ би залгах ажилд идэвхтэй оролцдог болов. Холбоонд ажиллаж байхдаа бас ч үгүй хулгайн нэвтрүүлгийг цацах ажилд идэвхтэй оролцож байлаа...

Оросод сурч байхдаа Дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээнүүдийг идэвхтэй үздэг байв. Оюутнууд голдуу шөнө унтахгүй. Тэр үед пиводох бас нэгэн шалтаг нь байв.

Ерөнхийдөө иймэрхүү...

2008-04-18

Төрсөн гэртээ , Монголдоо очоод уушгаа нээтэл нэг сайхан удаанаар гүн гүнзгий амьсгаа аваад нүдэндээ нулимстай, өвдөг сөгдөөд, толгойгоо гудайлгаад, уруулаа цорвойлгоод сөхрөөд унах юмсан... Тэр үед амьсгал минь тасарсан ч би жаргалтай байх болно....

2008-03-15

Зоос гэснээс цаашлуулж бодоод...

...Машин, хувцасныхаа угаалга хийхдээ зоос хэрэглэдэг. Бусад тохиолдолд охин минь цуглуулж байгаад банкнаас зоосуудад зориулсан уутуудыг нь аваад багцлаж бэлдээд цаасан мөнгөн тэмдэгтээр солиулаад "өөртөө авдаг" юм. Манай гэрийн нэг "дүрэм" бол - хариулт мөнгөн зоосууд - охины орлого. Охиндоо мөнгөний үнэ цэнийг ойлгуулах гэсэн бодол минь тэр л дээ. Нэг центээс авахуулаад цуглуулах буюу шилэнд хийсээр, дараа нь "янзлаад" банкин дээр очоод өөрөө өгдөг юм. Тэр нь өөрийнх нь мөнгө. Охиныг минь банканд очоод, тортой багцалсан зооснууд гаргаж солиулсаар тэр банкныхан таньдаг болчихсон өхөөрдөөд байдаг юм. Уг нь хүнсний их дэлгүүрүүдэд зоосон мөнгийг автомат машинаар сольж болох боловч тэр нь бас суутгалтай байдаг. Мөнгө зүгээр зарцуулж байснаас амьдралдаа охиндоо хэрэг болохоор зарцуулбал хэрэгтэй болов уу гэж бодсон. Охин минь ганц хоёр гэлгүй цуглуулаад, багцлаад банкинд солиулаад мөнгөтэй "тодорхой" хэмжээгээр харьцаж, мөнгөний үнэ цэнийг ойлгож байгаа гэж бодож явдаг...

...Мөнгөн зоос гэхээр угаалга гэж толгойд шууд буудаг. Гэртээ, гараар угаагаагүй хэдэн жил ч болчихов доо. Монголдоо бол шууд л өөрөө угаадаг байлаа ш дээ. Өдөр болгон "цагаан" цамц өмсөөд долоо хоногтоо бүгдийг нь ээлжлэн сольж өмсөөд хагас, эсвэл бүтэн сайндаа өөрөө угаадаг байсан юм. (ганцаараа амьдарч байсан хэрэг л дээ) Цамцныхаа захыг нь нугалахгүй гэж хуруунуудынхаа завсар хийж байгаад шувтраад л... за, за бүр угаах болоод явчихлаа... Гэхдээ цамц угаана гэдэг чинь бас ч үгүй нямбай ажил шүү. Угаасан гээд сорочкин цамцны захыг будаа болгоод хумхичихвал, бас мушгивал угааж сураагүй л байна гэсэн үг... за энэ дуусаа...
Энд ирснээсээ хойш би хувцсаа индүүдэж байгаагүй юм байна ш дээ... Нэг индүү авсан. 3-н жилд охин минь л хэдэн удаа хэрэглэсэн байх. Би бол ердөө гар хүрээгүй юм байна. Аан тийм, санасан чинь нэг удаа гар хүрч, тэр нь манайх нүүхэд шүү дээ... Бараг л онигоо шиг сонсогдох байх...Гэхдээ үнэн...
Индүүдэх хувцас өмсөх шаардлага гарсангүй, индүүдэх зориулалтын хувцас ч өмссөнгүй... Тэгэхээр залхуу болж байгаа байхаа.. Хааяадаа толгойд Монголд ингэж зориулалтын хувцас угаалгын газартай болмоор юм даа гэсэн бодол толгойд буудаг боловч нэгд, мөнгөн зоос нь юу байх бол гээд бодол болдог. Одоо зоос хэрэглэхээ бараг больсон биздээ, тээ. Хариулт мөнгө өгч байгаа юу. Намайг байхад хариулт мөнгө бол бараг л "худал" байсан даа... За яахав монголчлоод нэгэн "зоос" байдлын зүйл бэлдээд хэрэглэж болох боловч хэн нэгэн заавал сольж, харж, цагдах л хэрэг гарах байх даа...
Миний мэдэхийн иймэрхүү гэмээр нэгэн угаалгын газар Далай ээж захтай хөрш, урд талд нь байдаг байсан даа. Одоо бараг л байгаа байх. Нэгэн удаа манай зөвлөх (гадаад хүн) хувцсаа өгөөд "хаширсан" гээд бүр аргаа барчихсан байхыг сонсож байсан юм байна. Бүр төлбөр энээ тэрээг нь аваад хүний хувцсыг "эвдээд" өгсөн сайхан гаруудаа. Нөхөн төлбөр байхгүй ээ. "Манай биш, манайд үйлчлүүлсэн таны буруу" гээд авдаг газар. Тэр газрыг харах гэж зориуд очоод угаалгын нунтаг авч байсан юмдаг...

За за дуусгая... Амьдрал баян дараа үргэлжлүүлэх цаг гарах байлгүй...

2008-03-11

Манай гэрийхний хөгжилтэй явдлуудаас...

Намайг 10-н жилд сурагч байхад Өндөрхаан хотод олон нийтийн гүйлтийн арга хэмжээ (нэгэн ёсны тэмцээн) болсон юм. Спортын хорооноос зохиосон олон нийтийн гүйлтийн зам нь Өндөрхааны төвд байдаг Аймгийн Захиргааны өмнөөс Спортын заал хүрэх тэгш өнцөгт хэлбэртэй цэцэрлэгийг тойрох байв. Энэхүү цэцэрлэг нь нилээн том, бусад аймгуудын төвд энэ цэцэрлэгтэй дүйцэхүйц хэмжээний цэцэрлэгийг олохгүй л болов уу. Төсөөлөөд өргөнөөрөө 50 метр, уртаашаа 200аад метр гэвэл гүйлтийн тэмцээн нь 500 метрийн зайнд болсон хэрэг л дээ. Хэд тойрсныг санахгүй байна.
Багш нар оролцсон юм уу, эсвэл тамирчдын баяр байсан ч юм уу.. Манай аав тэрхүү гүйлтйн тэмцээнд оролцоод би балиашиглахаар очив оо. Тэр үед ч олон нийтийн арга хэмжээнээс хоцордоггүй, бас хоцроодоггүй байлаа шүү дээ... :)

Олон нийтийн гүйлтэд оролцож буй аавыгаа хараад балиашиглах, баярлах биш бараг л найз нараасаа ичлээ. Аавын минь нүүр нь байдгаараа улайчихсан. Зөвхөн хамар нь харагдаад л.. Гарынхаа алгыг тас атгаад цээжиндээ наачихсан мөрөөрөө савлаад л бараг л өвдөг өндөр авчихсан их л ч хичээгээд "гүйж" байна аа. Аавыгаа ч ингээд унаж аймгийнхний, манай найзуудын өмнө булайгаа дэлгэх нь дээ гэж бодсон гээч. Ашгүй аав барианд орчихлоо. Тэр хэддүгээрт орсон энээ тэрээ ч яахав гол нь аав минь холын зайд гүйгээд барианд орчихсон...

Аав гүйлтийн арга хэмжээнд орсондоо их сэтгэл хангалуун гэртээ ирсэн байх. Харин би гэртээ оронгуутаа л ээждээ аавыг ховлолоо. Тэгсэн ээж инээд алдаж байгаад л "хүний өмнө шившгээ тарих нь дутаа юу даа, хүүхдээ ичээгээд л" гэж аавд хэлээд, над руу болохоор "аав чинь гүйж чадахгүйгээ байж сэнтэглээд л, барианд орсон нь яамай даа" гэж авдаг байгаа...


Би аавдаа хэрхэн харагдсаныг нь хэллээ л дээ: "Таны амьсгаа боогдоод яг унах гэж байгаа юм шиг. Уруулаа тас жимийчихсэн, хамар тань байдгаараа сарталзаад л, нүүр нь час улаан. Яг робот шиг, тэгээд бас өвдөг өндөр авчихсан холын зайд гүйж байгаа юм даа". Үүнийг сонсоод ээжийн бах нь ханаж байгаа бололтой аавыг шоолж хөхрөөд л...

Тэгсэн аав "жинхэнэ гүйлтийн техник чинь тэр байхгүй юу, хамраараа зөв амьсгалаад, гараа зөв энгэртээ авч, өвдгөө өндөр өргөж шидэхэд хөл хол хаягдаад зайг амархан хороодог, би ч хурдан гүйсэн шүү" гэдэг байгаа...Аав минь яагаад 500 нь метр зайд тасралтгүй амаа тас жимийж зөвхөн хамраараа амьсгаа авч гаргаад, өвдөг өндөр авчихсныг мэдлээ. Гүйж байгаа хүн тэгж амьсгалааар нүүр нь час улаан болохгүй яахав дээ. Яадаж байхад цагаан царайтайг хэлэх үү.. Бас хөгшин...

Аавыг минь харсан ч болоосой.... Хэхэ... Би аавыгаа гүйлтийн тэмцээнд дахин бүү ороорой гэж гуйж билээ...

2008-03-10

Цас орсон нэг бодлын сайхан байсан ч нөгөө талаар уйтгартай байлаа...
Бараг 100-аад жилийн өмнөх үед орж байсан хэмжээний цас орж рекорд тогтоолоо. Манай Монголд бол зуд гэхээр иймэрхүү байдаг даа. Өнөөдөр хурдны буюу томоохон гол замууд "давсны хүч"-ээр цасгүй байсан боловч орон нутгийн болон хот доторхи замууд хэцүүхэн талдаа өнжлөө. Хурд хэтрүүлснээс болж зам дээр эсрэг урсгалд орох, бүтэн эргэх зэргээс авахуулаад хальтиргаа, зам тээврийн ослууд нилээдгүй гарав. Өчигдөр зарим нутгуудад зөвхөн түргэн тусламж, гал, эмнэлэг, аваарын машинтай явах хүртэл хэмжээнд очиж онцгой байдал зарласан...

Ажил төрөл гэхгүй гэртээ амар тийчлэх сайхан боловч өдөржингөө гэртээ өнжих хэр байх билээ боддоо...
Манай үүгээр сонин ийм байх шив дээ...


Цас, зуд гэснээс манайд тэр тусмаа хөдөө машин унаа тэрэг гэж юу байхав. Гэрээсээ сургууль хүртлээ алхаад л.. Тэр тусмаа хүүхдүүд ямар ч цаг агаарын тохиолдолд алхаад л очдог. 1980 онд байх манай Хэнтий аймагт цасан шуурга болоод нэг байтугай хүүхдүүд цасан шуурганд уруудан төөрч, улмаар хөлдөж амь насаа алдаж байсан тохиолдол(миний санаж байгаагаар) бий. Харамсалтай шүү. Цасан шуурга шуурч байхад хүүхдээ сургууль руу явуулж байдаг эцэг эхчүүд хайхрамжгүй, тоомсоргүй, хичээл сургуульдаа явж байгаа хүүхдүүд ч гэнэн, бүр цаашлуулбал "шуурхай" мэдээлэл тараах түгээх талаар дутуу дулимаг улс юм даа бидний монголчууд. Ер нь цас ч гэлтгүй харж чадахгүй хуйларсан шороон шуурганаар ч хичээлдээ алхдаг даа. Энд болохоор цаг агаарын нөхцөл байдлаас болооп сургууль хичээллэх эсэхийг өглөөдөө ТВ-ээр зарладаг юм. Охин минь цастай, манантай, хүчтэй бороо, салхитай үед эртхэн босоод ТВ-ээ асааж хараад манайх 2 цагийн дараа нээгдэх нь, эсвэл өнөөдөр хичээллэхгүй нь "ура" гээд ор луугаа шургачихдаг. хэхэ... Тэгээд ч энд сургуулийн унаа-автобус гэж нөгөө Буянгийн Жагаагийн Улаанбаатарт давхиулаад байдаг "шар" өнгийн автобус үйлчилдэг юм... Тэр автобусаар мань хүн хэдэн оны ч билээ (1997 он) зун хөдөө орон нутгаас, голдуу баруун 5-н аймгаас малчдыг (хөдөөнийхнийг) ноолуур ноосны үнээр, бас нэгэн "үнэт цаас"-аар хуурч хэдэн хүүхдүүдийг нь "ажилчин"-д элсүүлэн зөөсөн дөө... "Үнэт цаас" гэдгийг зөвхөн алдарт Жагаа маань болон хулхидуулсан хэдэн малчид л мэдэх байх... Уг нь "амьдралтай" юм ярьдаг эр буюу монголчуудын сэтгэхүйд таарсан зүйл ярьдаг эр...

Хадуурах гэж байна... Ингээд дуусгий...