2010-06-24

Жимбаатар...

Манай улсын нийслэл-Улаанбаатар машин замын түгжрэлээрээ бол дэлхийд дээгүүрт орох байхаа гэж боддогийн... Уг нь бол Азийн цагаан дагина гэж нэрлэгдэж явсан юм билээ. Одоо бол Утаатбаатар, Түгжрээбаатар, Жимбаатар, Багшрилдаабаатар, Хогбаатар болчихсон мэт...

Уг нь уртаашаа, хөндлөнгөөрөө хэдхэн км, бас хэдхэн тооны л замтай л юмсан хөөрхий. Зам ч гэж дээ урагшаа хойшоо хэрсэн 2-өөс 3-н замыг эс тооцвол Улаанбаатар хотын замын сүлжээ гэж томроод ч байх зүйлгүй. Тэгээд ч зам гэж нэрлэмээргүй жим гэж нэрлэмээр санагдаад байдгийн... Тэгэхээр засмал зам гэх биш сайжруулсан жим гэж нэрлэвэл зүйтэй мэт. Машины замууд бус машины жимүүд гэж...

АНУ-д замын сүлжээ хэрхэн тогтсоныг товчхон тоймлоод үзье л дээ. Мань мэт шиг машин барьж, хот хөдөөний зам мэддэггүй хүнд хүртэл ойлгомжтойгоор замууд нь тавигдсан байдгийн. Тэнд GPS хэмээх зам байршлыг тогтоогоод өгдөг техник байдаг боловч газрын зураг болон замын тэмдгүүдийг, тайлбар, тэмдэглэгээг хүнд ойлгомжтойгоор нүдэнд харагдахуйцаар тод томруунаар байгалийн болон ямарваа нэгэн саад бартаанд (жишээ нь: бороо цас, манан, мод, шон барилга байшин гэх мэт) харагдахуйцаар тавьсан байдгийн. Хурдны замууд нь тодорхой тоогоор системчлэн нэрлэгдсэн байдаг. Жишээ нь 70р хурдны зам нь баруун зүүн хязгаарыг холбосон байх, 75р зам нь хойд урд хязгаарыг холбосон байх жишээтэй. Зөвхөн нэрлээд зогсохгүй бараг миль болгонд тэрхүү замынхаа тэмдэглэгээг хийсэн байдаг. Мөн хурдны замаас гарах гарцыг болон уулзваруудыг тодорхой хэмжээнд урьдчилан мэдэгдсэнээр жолооч нарыг замын хөдөлгөөнд зөв байрлалаа эзлэх боломжийг олгон улмаар гарц, уулзвар дээр нь уг тэмдэглэгээг дахин хийсэн байдаг. Замынхаа том жижгээс болон ачааллаас хамаараад тодорхой өнгөөр, мөн баруун зүүн, хойд, урд хэмээн зүг чигээр нь ялган тодотгоно. Улаан хөх бол том хурдны замууд, хар өнгөтэй бол орон нутгийн замууд гэх мэтээр ялгаатай. Мөн хурдны хязгаарыг тодорхойлсон тэмдэгнүүдийг, хурдны зам дээр зогсож болох болохгүй газруудыг нарийн заан, мөн гүйцэж түрүүлж болох замын тэмдгүүдийг хүртэл заасан тэмдэгнүүдийг ойлгомжтойгоор байрлуулна. Ерөнхийдөө бол ард иргэддээ, улмаар жолооч нарт зориулсан замын сүлжээ болон системтэй. Энэхүү замын сүлжээ нь 1924 оноос эхэлсэн юм билээ хө.

Гэтэл манайд байдал ямар байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Уусан идсэнээ дуудалцаад л, жилийн жилд л засаж байна гэж улсаасаа мөнгө саагаад ч бүтэлтэй зүйл нэг алга. Энэ байдал хот доторхи зам төдийгүй хурдны гэгдэх замуудтай ч холбоотой. Зам засах гэж бөөн сүр... бөөн ядаргаа... бөөн уур уцаар, бөөн хардалт, бөөн хар цагаан хэл амыг дагуулна. Олигтойхон хийдэг байсан бол юу гэж тэгэхэв дээ. Ундуууцах нь ч аргагүй хэрэг.

Бид нар гадаадаас суралцаад л, гадаадыг хуулбарлаад л байдаг гэж ярьцгаадаг. Гэтэл яг хэрэгтэй зүйл дээрээ таг чиг. Замын сүлжээний тал дээр бид шинээр санаачлаад толгойгоо гашилгаад байх зүйлгүй гадаадаас шууд утгаар нь хуулбарлаж болох л эд дээ. Гэтэл байдаггүй ээ...

АНУ-д томоохон хотын замын ачааллыг сааруулахын тулд хотыг тойрсон тойрог байдлаар хурдны зам байгуулсан байдаг. Жишээ нь Колумбус гэдэг хотын тойроод 270, Синсиннати хотыг тойроод 275 гэх мэт замууд байгаа (тэр хавьцаа амьдарч байсан болоод мэдээд байгаа хэрэг). Энэхүү замууд нь ихээхэн ач холбогдолтой болоод л тэд нар барьсан байх. Улаанбаатарт яагаад тийм хурдны зам байж болохгүй гэж. Өө тийм... барих газаргүй чихчихсэн билүү бид нар тийм үү?!... Яагаад энэ асуудлыг зохицуулж болохгүй гэж... Зам тавих бол засаг төр нь шийдээд хэрэгтэй замынхаа газрыг чөлөөлж болохгүй гэж үү? Саяхан нэгэн плаза байхаа баруун дөрвөн замын тэнд зам өргөтгөн барих ажилд саад болоод газар чөлөөлөхөд маргалдаад байгаа дуулдсан. Тэгж болохгүй шүү дээ. Улс нийслэл нь мэдээд газраа хуваарилсан болохоос биш хувьд нь гаргаад хувийн өмчид өгчихсөн биш баймаар юм. Газар бол хэн нэгний өмч биш бөгөөд хэрэгтэй цагт нь хэрэгтэй үедээ улс төр засаг нь мэддэг байх хэрэгтэй гэж надад санагддагийн. Тэгэхгүй бол хөрөнгө оруулалт нэртэйгээр орж ирсэн гадныхны ялангуяа урд зүгийн хүмүүсийн өмч болоод газар нутгаа, улмаар улс орноо алдаж дуусах биш үү?!

Улаанбаатарт зогсоолын асуудал зохицуулалтгүй явж ирсэн байхаа. Албан байгууллагууд, үйлчилгээний газрууд, байшин барилгад зогсоол гэсэн ойлголт байхгүй мэт. Дуртай газраа л машинаа тавьж байна шүү дээ. Зогсоол гэсэн газруудад нь ямар ч тэмдэглэгээ байдгүйгээс дураараа л тавина. Хойшоо урагшаа хэтрэх хэтрэхгүйн тухай ярилт ч үгүй, хөндлөн тавих бол энүүхэнд. Бүх газар нь "өмчлөгдчихсөн" учраас хаана л бол хаана дөрвөлжилсөн торон хашаанд ил зогсоол нэртэй хэн нэгний "мөнгөний хүүдий" оршин тогтноно. Газар хэмээх улсын өмчийг хүн хувьдаа ашиглаад байгаагийн илрэл биш гэж үү? Зогсоол ч гэж дээ зүгээр л шороон талбай... Мөн хаа сайгүй зүлэг цэцэрлэг тарих мэтээр хашсан хашаагүй ургах ургахгүй зүлэгтэй шороон талбай байлгаж шороо босгож байснаас түүнийг нь зориулалтын зогсоол болгоод өгвөл зүгээр санагдах юм. Мод байвал түүнийг нь тойруулаад зогсоол барьж болно доо. Явган хүний зам, зогсоол нь нийлчихсэн, бүр нарийндаа бол давхардчихсан. Явган хүний замаар явах гэж машинууд тойрч алхахыг хэлнэ. Болдогсон бол хотын төвдөө зарим тусгай газруудад машины зогсоол хэдэн давхар байшин баривал зохистой. Зарим газруудад машин зогсохыг хориглох хэрэгтэй, хэрвээ зогссон бол торгуулийг өндөр тавьдаг байхаар зохицуулах хэрэгтэй санагдах юм.

Гэрлэн дохионы хувьд бол үнэн ойлгомжгүй санагдаад байдгийн. Ирснээсээ хойш хоёр зээрдээрээ нилээн жирийлээ л дэ. Тэгээд зам хөндлөн гарахдаа гэрлэн дохиог гөлрөн гөлрөн замын хөдөлгөөний дүрмийн дагуу гарах гэтэл ёстой 2 зээрдийг минь хурд авахуулдаг байгаа. Явган хүн явах гэтэл энд тэндээс машины хөдөлгөөний гэрэлтэй давхцаад байдаг болоод тэр байх бараг л дайруулчих шахаад машинаас хурдан гялалзаж байгаа юм биш үү. Явган хүн замыг хөндлөн гарах бол 5н секундэд л гар, гарахгүй бол дайруул гэсэн янзтай юм билээ. Яахав, хүн дунджаар 5н км цаг хурдтай явдаг гэдэг, түүнийг буруугаар ойлгоод 5-н сек гэчихсэн байхаа л гэж бодсон. За явган хүний хувьд тиймэрхүү. Машины замын хөдөлгөөний хувьд бол мөн л маапаантай. Улаан гэрэл асчихаад байтал улайм цайм дайраад гарах тохиолдол бол энүүхэнд. Бараг л эр зоригийн гэрлээ хө гээд сигналаа тачигнуулаад дайрчихна. Ядаж байхад нөгөө түгжрэл билүү түгжрээ нь ч билүү нэмэр болно. Цагдаа байхгүй бол (ер нь бол байсан ч тоодоггүй юм билээ дээ) замын хөдөлгөөний дүрмийг барина гэсэн ойлголт байхгүй мэт санагдсан.


Зүгээр л санаа гаргаж байгаа тул дурдасхийгээд өндөрлөв.

6 comments:

bluefire said...

He he,
Tuv shuudangiin hajuud shine gerlen dohio tavisan baina lee. 10 sekund ugch baisan shuu. Nogoon gerelniih ni door sekund ni garch baigaa yum. Ineed hursen shuu...gehdee yag 0 gehed zamaa hundlun garch duussan ;>

Chandmani said...

хэхэ тэнд чинь очоод алхаж үзье байз. хэхэ амжихгүй бол ....

SUNshine said...

Өөрийн тань монголд ирээд бичсэн тэмдэглэлүүдийг чинь уншаад л байгаа.
Монголын болохгүй бүтэхгүй байгаа бүгдийг дэс дараатай бичиж байна шүү.
Яг л ийм байгаа шүү дээ гээд л толгой дохиод л, толгой сэгсрээд л хэлэх бичих үг олдохгүй гараад л явдаг даа.

Chandmani said...

Байгаа байдлыг л бичиж байгаа ухаантай. Хүн болгон л мэддэг хойно доо, минийх бараг илүүц байх гэж заримдаа бодогддогийн... сэтгэгдлээ бичсэнд баярлала. Блогийг чинь байнга уншдаг боловч сэтгэгдэл үлдээхдээ маруухан байгаа.

byambaa said...

bidnii huuhduud bol zam hundlun garch chadahgui bhaa, aigaad, huleej zogssoor bgaad, neg bol dairuulah,,, muu yor gem...

Chandmani said...

ер нь болгоомжтой явахгүй бол болохгүй юм билээ.