ШОРОО ТООС
Сүүлийн хэдэн өдөр бороо ороод тэнгэр бүрхэг сэрүүвтэр байна. Тоос шорооноос үнэхээр залхаж байсан чинь ашгүй бороо орж сэтгэл тайвшруулав хө. Одоо тэгээд шалбааг усны зовлонг эдлэх бололтой. Гэвч одоохондоо шорооноос шалбаагийг илүүд үзэх бололтой.
Гадуур гарахаар л шороо тоосонд хутгалдчих бололтой. Машин унааны шороо тоос. Машины зогсоолын шороо тоос. Явган хүний зам мөн адил. Цэцэрлэг саад мөн л адил. Шороо тоос л үнэнхүү Улаанбаатарыг дийлсэн, Монголчууд дийлэгдсэн байхын. Чингисын монгол гэж хашгирсан ч шороо тоос босдогоороо босно. Үнэндээ нэг л саарал. Мод зүлэг ургаад, тариад байгаа боловч тоос шороог дарах боломж өнөө үед алга. Ядаж байхад зам засварын ажил гээд энд тэндгүй ухсан босгосон овоорсон шороо...
Гэртээ суусан ч мөн адил. Цонхоо онгойлгоод 10н минут ч болоогүй байхад арчаад цэвэрлэсэн цонхны тавцан дээр нарийн ширхэгтэй шороо хуралдсан байхын. Цонхны хажууханд хананы буланд байрлуусан ТВ-ийн дэлгэц тоос хураачих юм. Тэгээд бодохоор бид юугаар амьсгалж буйг бодоод цөхөөд байх зүйлгүй...
ДУУ ЧИМЭЭ
Улаанбаатарын дуу чимээ үнэн ядаргаатай байна.
Манай байранд есөн шидийн хүмүүс амьдардаг бололтой. Унтуулна ч гэж нэг үгүй юм. Бусад газарт бол орой 9, эсвэл 10 цагаас хойш бол бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй гэж хичээдэг санагдах юм. Гэтэл Улаанбаатарт эсрэгээрээ өдөр нь "нам жим" шахам байж байгаад орой 9, 10 болохоор дуу хөгжим тачигнаад, найр наадам эхлээд л, эсвэл хашгирч, орлилдоод, хэрэлдээд, зодоон нүдээн болоод ирэх юм. Үнэн ядаргаатай байхын. Цагдаа дуудахаар бараг л дуудлага өгсөн нь хэрэгт орохоор шахуу. Тиймээс бүгд л дуугай, хүлцэнгүй хандаад л. Зодуулж дээрэлхүүлж буй ч тэр, сонсож чагнаж байгаа нь ч тэр бүгд хүлцэнгүй. Тэгж л байдгийн гээд л орхих...Бүхэл шөнөжингөө зодолдох аллаа таллаа гэж орлилдон түмпэн сав тачигнуулах гэр бүл байхад, шөнө бүр 12, 1 цагт болонгуут цам бөмбөр балбаад дэлдчихдэг бөө (бөө л гэж хэлсэн) байхын. Аль эсвэл нөгөө байшин барилгын хана нь ямар ч нимгэн юм, хүүхэд хөгшидгүй ичмээр дуу авиа ёнгинох юм.
Гадаа машины зогсоолын дуу чимээ мөн адил ядаргаатай. Харанхуй шөнө, эсвэл хар үүрээр сигналаа тачигнуулаад л, эсвэл нөгөө дохионы дуу нь тачигнаад л. Одоо үеийн машины хулгайгаар сэргийлсэн дохиолол нь ямар ч эмзэг юм: хажуугаар нь машин өнгөрөөх л час час гээд эхлэх юм. Тэгээд түүнийг унтрааж байгаа эзэн ч гэж ямар ч уужим сэтгэлтэй юм, дуугаргаад л чарлуулаад л байхын. Машинтай гэдгээ ойр хавийнхандаа ойлгуулах гээд байгаа юм болов уу л гэж бодмоор.
Өө тийм мартахаа шахах нь. Энэ дуучийн буюу караоке гэж үнэн чарлаа газрууд хаа сайгүй байхынмаа. Тэдгээр газруудын цонх үргэлж онгорхой байдаг юм уу эсвэл дуу чимээ дардаг зориулалтын хана цонх байдаггүй юм уу бүү мэд, газар сайгүй солгой баруунгүй орлилдчих юм. Нэг жишээ нь: Сансарын үйлчилгээний төвийн тэнд үргэлж хаалга нь онгорхой боловч арын хаалгаар үйлчлүүлнэ үү гэсэн цаас наалттай нэг газар байна аа. Яг тэр хаалганы өөдөөс 33р сургууль, бүр тэндхийн цагдаагийн хэсэг байрлаж буй. Сургуулийн хүүхдүүдэд өсвөр үедээ бид ямар үлгэр дууриалал үзүүлж байгааг бодоод үздэг ч болоосой. Цагдаа нар нь тоохгүй байхыг бодвол тэднүүсийн сонсгол нь муу бололтой.
ХОГ НОВШ, БОХИР
Байрнаасаа толгойгоо цухуйлгангуут л өөдөөс чинь хог шороо угтаад авна, зарим нь бүх хийсч ирээд духан дээр адис өгөх шахам. Уг нь бол өглөөдөө байрны харуул, харгалзагч нар цэвэрлээд түүгээд байхын. Гэтэл үд болонгуут л эргээд л бөөн цаас, гялгар уут, бөөн тамхины иш, орой болонгуут л шээс, шүлс бохирууд, архины хагарсан хагараагүй шил гээд л... Байрны оршин суугчид нь цонхоороо хог цаас хаялаад түүнээсээ ичиж байгаа зүйл огтхон ч үгүй. Тэгээд ч байрнуудын гадаа зориулалтын хогны сав байхгүй. Байр барилга барихдаа хог гарна гэдгийг бодолцдоггүй юм уу, эсвэл манайх хогоор дүүрчихсэн гээд тоодоггүй юм уу бүү мэд. Байрны коридор нь ууталсан, уутлаагүй (зориулалтын биш уут шүү дээ) хогоор дүүрэн. Ядахдаа нэг доор овоолоод тавьж болно доо, тэгэхээс тэгэх гэсэн юм шиг хүний зам дээр тавьчих юм. Тамхины иш бол ёстой энд тэнд "чимэглэл"...
Ямар ч байрны байгууллагын гаднах зогсоол машинтай унаатай хүмүүсийн цэвэрлэгээний газар бололтой. Нэг удаа Хөдөө аж ахуйн яамны яг үүдэн дээр нөгөө цэцэрлэг услах зориулалттай усаар нэгэн машин (тэндхийн л болов уу) угаалга хийж байхын хараад үнэхээр гайхаж билээ. Хэрвээ хүссэн газраа машинаа угааж болдгийн бол төрийнхөө ордны гадаа бүгдээрээ хувин саваа бариад угаалга хийлгэе л дээ, ядарч буй амьдралдаа хувь нэмэр болгож болно шүү дээ.
... гэх мэт...
(Таньдаг таньдаггүй бүгдэд мэнд хүргье. Намайг муу муухай зүйл бичлээ гэж битгий зэмлээрэй. (зарим найз нар тэгээд байгаа) Бид муугаа шүүмжилж, улмаар засаж залруулж буйж өөдрөг гэгээлэг болгоныг бий болгоно гэж би хувьдаа боддог.)
2 comments:
Yag ingej shuumjilj olon huniig ene asuudal ruu handuulj baij l saijirne. Tiimees tanii bichlegiig demjij bna.
сэтгэгдлээ бичсэнд баярлалаа.
Post a Comment