Өнөө өглөө блогоо нээгээд харж байснаа 2006 оны энэ өдөр юу бичиж оруулж байснаа эргээд нэг харлаа л даа. Одоогоос 4н жилийн өмнө шүү дээ. Блог бичдэггүй байсан бол би тэр өдөр юу хийж байснаа огт мэдэхгүй л өнгөрөх байсан байхдаа. Тэгсэн энэ өдөр болзооны тухай мэдээлэл англиар нь оруулсон байхын. Сэтгэгдэл дээр нь "нутгийн дүү" монголоороо бичээрэй, бичлэгүүдээ ангилаарай гэж зөвлөсөн байхын. Тэр өдрөөс хойш би "монголоороо" блогоо бичдэг болж, бичлэгүүдээ ангилсан байх.
Англиар нь оруулсан байсан тэрхүү болзооны тухай мэдээллийн хагасыг нь монголчлоод энэ удаадаа бичлэг болгоод орууллаа. Тэгээд ч шинэ жил, болздог цаг ...
Болзох урлаг
- Болзоондоо анхааралтай хандах. Ихэнх гоонь залуучууд, хүүхнүүд сайн сонсогч байхыг хүсдэг. Ер нь их ярихаас татгалзаж, асууж сонирхож сайн сонсогч байснаар таны талаар эерэг бодол үүснэ. Харин таг дүлий дүмбэгэр байвал болзохын хэрэг байсан эсэхээ өөрөөө бодно биз дээ.
- Харц тогтвортой байх. Энхрий дотно харцаар болзох хэрэгтэй бөгөөд хонинд гэтсэн чоно лугаа ангуучин харцаар харвал харах, эсвэл өвчтөн лугаа гөлрөөд, эсвэл гэм хийчихсэн лугаа хулжаад байх хэрэггүй. Ичимхий царайлж байна гээд унжийгаад байх нь бас зохимжгүй. Тиймээс өөртөө итгэлтэй байж харцаараа сэтгэл зүрхээ илэрхийлээрэй.
- Болзоогоо урьдчилан төлөвлөх. Нэгбүрчилэн бус юмаа гэхэд боломжоороо урьдчилан бэлд. “Одоо яахав, юу хийх вэ” гэж л бүү асуугаарай. Хэрвээ таны төлөвлөсөн бодсон бүтэхгүй бол бусад боломж бололцоог бүрдүүлээрэй. Ус уучихаад гарна гэчихээд цай хоол идчихлээ, шүдээ чигчиллээ, одоо унтаж хэвтэх юм яриад байсан билүү гэсэн онигоо байдаг даа.
- Анхны болзоогоо олон нийтийн газар хийх. Энэ нь аюулгүй талаасаа ч зүйтэй хэрэг. Олон нийтийн газар болзлоо гээд ярих бололцоогүй, нил тамхи үнэртсэн, дуу шуугиантай, хашгираантай газрыг сонгочихов оо. Хэрвээ та болзох хүндээ үнэхээр сайн гэсэн итгэлтэй байгаа бол “тусгайлсан”романтик болзоог сонгох хэрэгтэй.
- Болзооны төлбөрөө хуваалцах. Ер нь төлбөрийн асуудал ганц бие залуучууд хүүхнүүдийн толгойг багагүй гашилгаад авдаг аж. Орчин үед болзоонд зарцуулсан төлбөрийг болзоонд урьсан нөхөр л даах ёстой гэсэн түгээмэл ойлголт байдаг. Хэдий тийм ч, болзошгүй байдлаас урьдчилан сэргийлж хувааж төлөхөд бэлтгэлтэй байх нь зүйтэй. Хэрвээ энэ удаа болзооны хань чинь төлсөн бол дараагийн удаа өөрөө төлөхийг бодоорой. Манайхны гар нь татуу, ядаж байхад түрийвч нимгэн гэдгийг бодолцоорой. Мөн мөнгөгүй байж болзох тухай яриад байв аа.
- Соёлтой байх. Орчин үед эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нийгмийн үүрэг роль, санхүү, эдийн засгийн байдал эрх тэгш хэмжээнд хүрсэн. Хэдий тийм ч соёлтой, боловсон байдлыг үргэлж бодолцох ёстой. Үүд хаалга онгойлгож өгөх, суудал тавих, суулгах зэргээс авахуулаад нарийн ширийн, жижиг сажиг гэлтгүй боловсон харьцааг эрхэмлээрэй. Эрчүүд нь эр хүн шиг, хүүхнүүд нь эмэгтэй хүн шиг байх хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү. Эмэгтэй хүн "эмэгтэйлэг" байна гээд намжирдаад, яндагнаад байв аа. (энэ эмэгтэйлэг гэсэн үгийг сонсохоор миний инээд хүрээд байдгийн, бүр эмэгтэй хүн эмэгтэйлэг байна ч гэх шиг)
- Баярлаж талархсанаа мэдэгдэх. Ямар нэгэн байдлаар эргэж холбоо барьж мэдэгдэх нь зүйтэй. Энэ нь дараа дахин болзоно гэсний илэрхийлэл биш юм шүү дээ, энгийн харьцааны илэрхийлэл. Сэтгэл дундуур үлдсэн ч ч гэсэн хүнтэй харьцаж байгаа учраас зайлшгүй эргэж холбоо бариарай. Хэрвээ таатай сэтгэл үлдсэн, үлдээсэн бол баярлаж талархсанаа илэрхийлэх нь ёстой л загатнасан газар нь маажлаа л гэсэн үг.
- Инээд наргиа, хөгжих. Энэ нь болзоог энгийн болгох төдийгүй таныг наргиа, хөөрөөтэй, зугаатай болохын илэрхийлэл болно. Инээд наргиа гээд ганцаараа чанга инээгээд л, учир сүггүй марсайгаад байв аа.
- Боломжийн сэдэв сонгох. Жижиг шажиг, шалдар булдар яриагаар хөөцөлдөх хэрэггүй. Том сэдэв гээд мэргэжлийн, докторын зэргийн сэдвээр, мэргэжлийн үг хэллэгээр хэт улс төржөөд байв аа. Мэдээж зарим хүмүүс “жижиг” яриатай. Бие биенийхээ ярианы сэдвийг ойлгодог, “мэддэг” байх нь зүйтэй. Хэрвээ болохгүй бол оройтоогүй дээр нь ойлгон өөр сэдвийг сонгоорой.
зургийг: http://www.stickeronyou.com/assets/images/dating.jpg
No comments:
Post a Comment