Гэр бүл болон харилцааны дарамт, хүчирхийллийг:
- сэтгэлзүйн,
- бие махбодийн,
- бэлгийн харьцааны (сексийн),
- эдийн засаг, санхүүгийн гэж ангилдаг. Ихэнхи хүчирхийлэгч-этгээдүүд нэгээс дээш төрлийн дарамт, хүчирхийллийн гэмт хэргүүдийг үйлддэг бөгөөд зарим тохиолдолд эдгээрийг ялгах боломжгүй байдаг аж.
Сэтгэлзүйн (emotional or psychological) дарамт, хүчирхийлэл
Сэтгэлзүйн дарамт хүчирхийлэл ярианы хэлбэрээр, мөн ярианы бус хэлбэрээр аль алинаар нь илэрч болно. Гол асуудал нь сэтгэлзүйн талаас хувийн чанар, бие даасан байдал, эрх чөлөө, өөрийгөө үнэлэх үнэлгээг үгүй болгодогт оршино. Хэрвээ хэн нэгэн сэтгэлзүйн талаар дарамт шахалтанд байгаа бол тэрхүү "зовлонт" харьцаанаасаа хэзээ ч салж чадахгүй, салах гарц ч байхгүй юм шиг, эсвэл дарлуулагч нөхрөөсөө салчихвал юу ч үгүй хоосон хоцорч болох мэт бодол сэтгэлтэй байдаг байна. Сэтгэлзүйн дарамт шахалт нь үг яриагаар доромжлох хэлбэрээр илэрдэг: хашгирч зандрах, загнах, хараах зүхэх, янзан бүрийн нэр хочоор дуудах, буруутгах, доромжлох гутаах гэх мэт орно. Мөн ганцаардуулалт, сүрдүүлэх, бас зан чанар, байгаа байдлыг хянаж цагдах зэрэг нь сэтгэлзүйн дарамт хүчирхийлэлд багтана. Нэмж бичихэд, сэтгэлзүйн дарамт шахалтыг хүчирхийлэгч этгээдүүд ихэнх тохиолдолд бие махбодын хүчирхийлэл дарамтаар заналхийлж сүрдүүлдэг байна.
Та магадгүй бие махбодийн хүчирхийлэл нь эмнэлэгт очих, шарх сорви үлдээх тул сэтгэлзүйн хүчирхийлэл, дарамтаас аюултай гэж боддог байж болох. Гэвч сэтгэлзүйн дарамт хүчирхийлэл нь гүн гүнзгий ул сорви үлдээдэг. Улмаар үргэлжийн сэтгэлзүйн дарамт хүчирхийлэл нь ужигарч хүндрээд бие махбодийн хувьд ч доройтуулах өвчин зовлонд унагаах аюултай.
Биемахбодийн хүчирхийлэл, дарамт
Гэр бүлийн болон харилцааны хүчирхийлэл гэхээр хүмүүс голдуу биемахбодийн хүчирхийллээр төсөөлдөг. Бие махбодийн хүчирхийлэл гэж монголчилбол зодуур, биемахбодийг гэмтээх үйлдлийг хэлж буй хэрэг. Энэ төрлийн гэмт хэрэгт цохих нударах, балбах, хүзүүдэх (хоолой боох), юмс эд зүйлээр шидэх, хутга буу зэвсгээр сүрдүүлэх зэрэг нь орно. Энэ нь гэр бүл, гадаа хаана болсноос үл хамааран жинхэнэ гэмт хэрэгт тооцогддог бөгөөд хууль хяналтын байгууллага энэхүү төрлийн гэмт хэргээс хамгаалах үндсэн үүрэгтэй.
Бэлгийн харьцааны буюу сексийн хүчирхийлэл
Дарамт шахалтанд байдаг хосууд энэхүү төрлийн хүчирхийлэлд өртөмтгий. Нэгэн судалгаагаар дарамтанд амьдрагч эмэгтэйчүүдийн гуравны хоёр нь нөхөртөө ямарваа нэгэн байдлаар хүчиндүүлсэн байдаг байна. Ямар ч байдалд хэрвээ та хүсээгүй бэлгийн харьцаанд орсон, аюулгүй болон бусармаг байдлаар сексийн харьцаанд автсан бол энэ нь дээрх төрлийн хүчирхийлэлд багтана. Хамтын бэлгийн харилцаанд байдаг хосууд хүртэл "хүчиндүүлэх" нь энэхүү төрөлд багтана гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ хохирогч этгээд бэлгийн болон биемахбодийн дарамт, хүчирхийлэлд байдаг бол цаашдаа гэмтэх, бэртэх, алуулах магадлал өндөр болдог байна.
Санхүүгийн болон мөнгөний талаар дарамт, хүчирхийлэл
Хүчирхийлэгч, дарамтлагчид голдуу хэн нэгнийг өөрийнхөө бүрэн хяналтанд байлгах зорилготой байдаг учраас болж л өгвөл хашраах хандлагатай байдаг. Сэтгэлзүй, бодол санаа, бие махбодоор хүчирхийлж дарамтлаад зогсохгүй мөнгө санхүүгийн хувьд ч дарамталж шахдаг. Эдгээрт:
-Бүр төрлийн санхүүг барих, мөнгийг атгах,
-Мөнгө, банкны картуудыг бүрэн эзэмших,
-Мөнгөө зарцуулахад тодорхой хэмжээний хязгаар тогтоох,
-Зарцуулсан болгоныг хянаж цагдах, тоолох,
-Хохирогчийн мөнгөнөөс хулгайлах, мөнгийг булаах,
-Хохирогчийн мөнгийг хувийн зорилгодоо, хувьдаа ашиглах,
-Үндсэн хэрэглэгээ, хэрэгцээний эд зүйлийг (хувцас хунар, хоол хүнс, гоо сайхны бараа гэх мэт) "зохицуулж" норм хэмжээ тогтоох,
-Өөрийн гэсэн ажил, мэргэжил эзэмшихийг хорих,
-Ажил төрөлд явуулахгүй болон ажилд үргэлж садаа болж, төвөг удах (утсаар байнга залгах, ажлын байранд очих, цагдах гэх мэт) ордог байна.
No comments:
Post a Comment