2008-11-12

Ангараг гаригийн хөлгүүдийн тухай... (нэмэлт оруулав)

Марс гаригийг бид Ангараг, Улаан нүдэн гариг гэдэг.

Одоогийн байдлаар Mars Odyssey (Америк - April 7, 2001 ), Mars Express Orbiter (Европын холбоо -June 2, 2003, ), Mars Reconnaissance Orbiter (Америк-August 12, 2005) хиймэл дагуулууд (orbiters) Ангараг гаригийг тойрон ажиллаж буй юм байна.

Америкийн NASA түүхэндээ анх удаа Viking-1 хөлгийг 1976 оны 7-н сарын 20-нд амжилттай газардуулсан ба тус хөлөг үүрэг даалгавраа амжилттай хэрэгжүүлэн 1982 оны 11-н сарын 13-наас тэтгэвэртээ гарчээ. Түүний дүү болох Viking 2 хөлөг 1976 оны 9-н сарын 3-наас 1980 оны 4н сарын 11 хүртэл амжилттай ажилласан. Эдгээр ах дүү хиймэл дагуул-газардагч Викингүүд нь 1958 онд байгуулагдсан АНУ-ын NASA-гийн Ангараг гаригийг судлах зорилготой Viking төслийн хэрэгжилт ажээ.

...NASA-г бид ихэвчлэн Америкийн Сансар судлалын үндэсний төв гэж орчуулдаг юм билээ. National Aeronautics and Space Administration орсон "аeronautics" нь учир утга агуулсан бөгөөд тэр үгийг орчуулалгүйгээр зөвхөн "сансар судлалын" гэж нэрлэх нь зохимжгүй юм. Aeronautics гэдэг нь товчхоноор хэлбэл "нислэг" судлалын шинжлэх ухаан юм. Тиймээс NASA-г Америкийн "Агаарын нислэг, Сансар судлалын Үндэсний төв " гэж нэрлэвэл миний хувьд арай дээр санагдаад байгаа...


Зөвлөлт Холбоот улс (тухайн үе) 1971 оны 12 дугаар сарын 2-нд анхны хөлгийг Ангараг гаригт руу илгээжээ. Тэрхүү хөлөг нь Ангараг гариг дээр газардаад хэдхэн хормын дараа дамжуулагч нь гацжээ.

Ангараг гаригийн хөрсөн дээр lander буюу газардагч хөлгүүдэдийн анхдагчаар дээр дурьдсан Викинг 1, Викинг 2 хөлгүүд багтах бөгөөд Pathfinder, Opportinuty, Spirit, Phoenix хөлгүүд удаална. "Pathfinder" хөлөг нь 1997 оны 7-р сарын 4-нөөс 1997 оны 9-р сарын 27 хүртэл ажилласан. Харин "Opportinuty" хөлөг нь 2004 оны 1-р сарын 25-наас одоог хүртэл, "Spirit" 2004 оны 1-р сарын 4-нөөс одоог хүртэл "Phoenix" 2008 оны 5-р сарын 25-наас одоог хүртэл тус тус амжилттай ажиллаж байгаа юм байна.


"Phoenix" хөлөгтэй долоо хоног холбоо тасарсны дараа, 2008 оны 11-р сарын 10-нд уг хөлөг жагсаалаас гарсныг НАСА албан ёсоор мэдээлсэн байна. (NASA: Phoenix Mars mission has ended)

Pathfinder - Мөрхайгч, Opportinuty - Бололцоо, Spirit-Зөгнөл, Phoenix-Гайхамшиг гэж монголчилж болох байх. Эдгээр хөлгүүд-газардагчид Ангараг гаригийн судлалд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулсан, зарим нь оруулж ч байна. Тусгайлан дэлгэрэнгүй бичихгүй сонин баримтуудаас дурьдая:

Pathfinder нь төсөл төлөвлөгөөндөө 1 сар ажиллах хугацаатай байсан боловч үүрэг даалгавраа бүрэн биелүүлсэн төдийгүй нэмэгдэл 2 сар ажиллан 2,6 тэрбум бит мэдээлэл, асар их хэмжээний зургийг илгээсэн байна.
Энэхүү хөлгөөс газардсан өөрөө явагч машиныг The Sojourner Rover гэж нэрлэсэн нь учиртай. Дунд сургуулийн оюутнуудын дунд зарласан зохион бичлэгийн уралдаанд Америк төдийгүй дэлхийн өнцөг бүрээс 5-аас 18-н насны хүүхдүүд 1700 зохион бичлэгээр оролцсон тэрхүү зохион бичлэгийн уралдаанд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Sojourner Truth (жинхэнэ нэр нь Isabella Baumfree) гэдэг хүний талаар зохион бичлэг бичсэн 12 настай Valerie Ambroise түрүүлсэн байна. Зохион бичлэгийн гол дүр нь "travel up and down the land" (газар дэлхийд дээшээ ч, доошоо ч аялах) гэсэн уриатай эрхийн төлөө тэмцэгч байжээ.

Opportinuty - Бололцоо, Spirit-Зөгнөл хөлгүүдийн нэрийг мөн NASA-гийн ивээн тэтгэсэн зохион бичлэгийн уралдаанаар тодруулсан бөгөөд тэргүүн байрны зохион бичлэгийн эзэн нь 9 настай, орос гаралтай америк, III ангийн сурагч Sofi Collis байжээ. Түүний бичсэн зохион бичлэгт:
"Би хүүхдийн асран хүмүүжүүлэх газарт амьдардаг байсан. Тэнд харанхуй, хүйтэн, бас ганцаардмал байсан. Шөнө бүр би гялалзах тэнгэрийг хараад сэтгэл минь тайвширдаг байв.Тийшээ нисч байгаагаар зүүдлэнэ. Америкт ирснээр миний зөгнөл минь биелсэн. Зөгнөл болон Бололцоондоо баярлалаа" гэжээ.

Асар том NASA хөлгүүддээ нэр олгохдоо 5-18 насны хүүхдүүдийн дунд зохион бичлэгийн уралдаан зарладаг гэдгийг Та сонсож байсан уу. NASA-гийнханд нэр өгөх шиг амархан зүйл байхгүй санагдаж буй биз. Энэ нь "нэгэн санаа"-г хэлээд байна даа....

NASA 2009, 2013 онуудад, Европын Холбоо 2013 онд Ангараг гаригт дахин хөлөг илгээхээр төлөвлөж буй юм билээ...

мэдээллийн эх сурвалж:
- "
Time" сэтгүүлийн 2008 оны 10-р сарын 27-ны дугаар;
-
http://en.wikipedia.org/ сайтаас;
- NASA-гийн мэдээллүүдээс;

No comments: