2008-09-16

Өчигдөр хүчтэй салхилаад, бодвол нөгөө Ike-ийн үлдэгдэл ч юм билүү кэн мэдлээ, манай үүгээр өнөөдөр багагүй л "шуугилдлаа". Ирснээсээ хойш хэдэн жилд ингэж салхилж байхыг үзээгүй билээ...
65-75 миль хурд хүчтэй салхины улмаас энд тэндгүй модны мөчир хугарч, (бүр бүдүүн мод хүртэл шүү) тасран, салхинд хийсч, зарим байрны дээвэр ховхорч, миний мэдэхийн манай эндхийн нэг утасны мод унатлаа хазайв. Ойр хавьд, бараг бүх хотуудад цахилгаан тасраад бие биен лүүгээ утасдсан хэдэн хүмүүс л байлаа.

Ихэнх бараг л бүх замын гэрлэн дохионууд ажиллахгүй, бүх уулзварт жолооч нар өөрсдийн санаачлагаар "stop sign"-тай юм шиг л зогсож, түрүүлж ирснээ хүндлэн өнгөрөөж байлаа. Харин том уулзварууд дээр цагдаа, сайн дурынхан зогсож зохицуулж байв...

Гэртээ цахилгаангүй тул оройн хоол хийх боломжгүй. Иймд "өлсөж үхэхгүйн" тул гадагшаа хоолонд гарлаа. Мэддэг хэдэн хоолны газруудаар очтол ажилчид нь бараг л гаднаа сууцгааж байх юм. Энэ нь бас л цахилгаангүй ажиллахгүй байгааг илтгэж байв. Тиймээс нилээн хол газар явж байж оройн хоолоо зооглолоо. Бидний очсон газарт хүмүүс пиг. Бүгд л цахилгаангүй, гэрэлгүйдээд гадуур хооллож байгаа бололтой. Нилээн хүлээж байж нэг суудалд сууж аваад тухтай гээч нь, цадталаа идэж авлаа...

Оройдоо бороо хаялж салхины эрч буурсан болно. Гэртээ иртэл ашгүй цахилгаан ирчихэж. Гэтэл манай урд талын байр гэрэлгүй хоноод, одоо ч гэрэлгүй байна... Нилээн олон газарт цахилгааны шугам гэмтэн энэ долоо хоногтоо багтаж засах бололтой. Бид хэрхэндээ азтай байгаа биз...

Машины хаалга хөөрхөн цөмөрчихсөн байна лээ. Хэзээ, хаана гэдгийг нь мэддэггүй ээ. Бодвол мод хийсч ирээд цөмөлчихсөн, эсвэл "чоно борооноор" гэмтээчихсэн байх. Нэгэнт мэдэхгүй юм чинь одоо яахав дээ...

Цахилгааны болон цахилгаан тасарснаас үүссэн элдэв асуудлын улмаас зарим сургуулиуд хичээллэсэнгүй, зарим газрын арга хэмжээнүүд хойшлогдов. Манай охины сургууль 2 цагийн дараа хичээлийн цаг эхэлж охин минь хэрхэндээ баясаад, бас багагүй унтаад авав бололтой...

Ойр хавьд бидний хэлдгээр крантны ус уухгүй байхыг зөвлөж байна, бодвол бас л энэ хүчтэй салхинаас болсон байх...

Өнөөдөр олон газруудад цэвэрлэгээний ажил хийгдэж харагдана билээ. Хүмүүс ажил хийж байхад би яаж зүгээр байхав, гадаа унасан байсан хэдэн дээврийн хар цаасыг цуглуулж хаялаа...

No comments: