2008-09-14

Амьдрал баян... Өөртөө бөөндөнө өө..

Охины минь зунжингаа байрны комплексийн ил бассейнд ажилласан цагийн хөлс нь бид хоёрын байрны нэг сарын төлбөрийг бараг даачихлаа. Аавдаа, бидний амьдралд тусалж байгаад баяртай байна. Уг мөнгөн дээр аавдаа зээлдүүлсэн мөнгө нь нийлээд нилээдгүй болсон бөгөөд аавдаа тусалсан охиныгоо баярлуулаад (уг нь өөрийнх нь мөнгө л дөө, сэргэлэн юм болохороо зохицуулчихлаа :) өчигдөр амьдралд нь анх удаа зөвхөн өөрт нь зориулагдсан Sony laptop (VGN-FW170J) авлаа. HD дэлгэцтэй, 4-ийн рамтай, 300 гаран хард дисктэй, камер нь гэж миний нүүрэн дээрх хэдэн батгыг тодруулчихаар, ер нь миний хэрэглэж үзээгүй л эд. ... Программуудыг суулгасан чинь надаас нууж байгаад л нууц үг оруулаад би ч хуваалцах эрхгүй болоод, охин хувиа хичээгээд байна аа...

"Гэнэт" өчигдөр хөгшин болсноо мэдрээд... Найз, охинтойгоо нийлээд хөгшин болсны баяраа тэмдэглээд энэтхэг хоолны газар орж жоохон "тансаглалаа". Охин даах ёстой байсан чинь найз даачихсан. Хүнээр даалгах дургүй л дээ. Яаж ийж байгаад дараа "алдагдлыг" нь төлнө өө...

Хөгшин болсон гэснээс охиноо том болсныг ухаараагүй байсан байна. Охин ялимгүй өндөр өсгийтэй гутал өмсөөд нүүрээ будаад явсан чинь би хараад охиноосоо шууд "сүрдлээ" ш дээ. Үнэхээр том болжээ. Би дандаа л балчир гэж бодож явдаг боловч энэ удаагаас авахуулаад охиноо "том хүн" болсныг мэдлээ. Хүний хүү эргэж харахаар л болж. Харин аав нь хажуунаас нь муухай харах байхдаа....

Америк хөл бөмбөгийн сезон хэдийн эхэлчихсэн. College, NFL гээд үзэх зүйл мундахгүй. Хагас сайндаа college, даваа гаригт, бүтэн сайндаа мэргэжлийнх гээд ТВ-ээ охинтойгоо булаацалдаад завгүй...

Амьдралд болж бүтэхгүй байгаа зүйл байгаа боловч угийн сүх далайтал үхэр амгалан зангаараа тайван л байна. Болохгүй, бүтэхгүй, ядаргаатай зүйл гэж байдаггүй юм шүү дээ. Харин хэрхэн тэвчээртэй, хүлээцтэй, гол нь ухаалаг байхаас бүх зүйл хамаарна гэж бодсоор...

Бага охин монголдоо 2-р ангид дэвшин суралцаад... Хэл ам нь ямар ч аймаар болсон юм. Эгчийгээ бодвол аавыгаа зүгээр л "тонгорчих" бололтой. Эгч нь их намуухан, дуугай байсан, гэтэл дүү нь эсрэгээрээ хэл амтай. Намайг утсаар дуугараад өгөөчээ гэж нэг загнана, дуугарахаар яасан их юм ярьдаг юм бэ, одоо болиоч ээ, би таныг сонсоогүй байна аа гэж авна...

Бага охин мөнгөний асуудалд "хутгалдаад" миний дургүйг хүргэсэн. Ээжид нь хэлсэн юмсан. Зөвхөн охидуудынхаа төлөө би бүгдийг "дааж" чадна. Ээж нь "зааж" байгаа гэдгийг мэдэж байна л даа. Гэхдээ миний охин аавтайгаа мөнгөний асуудал ярих нас нь, цаг нь болоогүй юмсан. Гомдох сэтгэл төрж л байлаа.. Хэдий ячдарсан ч гэсэн охин минь тэр тухай ярихыг хүсээгүй юмсан... Энд байгаа эгч нь дургүйцээд их "уурласан". Мөнгө яаж олддогийг мэддэг учраас тэр л дээ. Харин дүү нь "аав өгдөг" гэж ойлгоод бужигнуулаад байна...

Миний сурч байсан 10-н жилийн ой болоод аав ээж хоёр явж байгаа бололтой. Баяр наадамд явахаасаа өмнө урьдчилаад намайг "хөгширч" байгаад баяр хүргээд л... Хэнтийн 10-н жил 1923 онд байгуулагдсан гэдгийг мартаагүй байгаа шүү...

Хамгийн бага дүү их сургуулиа төгсөөд ажил хайж байгаа бололтой. Олон газар очиж анкетаа бөглөсөн гэсэн. Хэдий болтол бөглөхийг нь харж л байна. Монголд танил талгүй бол ажил олдохгүй ээ гээд аав ээж, дүү нар, бүгд л түүнийг "айлгаад" байгаа бололтой. Үнэний хувьтай л даа. Хувьтай ч гэж үнэн л дээ. Монголдоо байсан бол яаж ийж байгаад дүүгээ ажилтай болгочих л байсан байх. Дүү минь хүнд гологдохоор хүн биш л дээ. Манай гэрийхний "гологдох" нэг нь ажилтай болж байхад "гологдохооргүй" нэг нь хоосон байгаа нь сонин шүү... Англи хэл, компьютерийн мэргэжилтэй хүнийг авах ажилыг байр манай нутагт олдохгүй байна шүү дээ... Тэгэхээр бүгд л "нарийн" мэргэжлийн хэн нэгнийг хайдаг бололтой. Хэр удахыг нь харж л байя... Заавал таньдаг хүнгүйгээр өөрөө ажлаа олдог болох цаг хэзээ ирэх юм бол... Болохгүй бол эндээс үйл ажиллагаа явуулна аа... Хөгширсөн болохоос үхээгүй байгаа гэж бодож байна....

Биднээс олон нь гадаадад зан бүрийн амьдралаар амьдарч, янзан бүрийн амьдрад үзсэн. Хэн нэгэн нь олсон, мэдсэнээ Монголдоо дуулгавал их л "тус" болно гэж бодож явдаг. Номинчимэдийн бичсэн нэгэн бичлэгийг үзээд дотроо их баярлаад л... Үнэн шүү дээ. Энэ үнэнийг бид хэрхэн ойлгож, хэрхэн хүлээж авахаас бүх зүйл хамаарна. Боловсролын системд -"шинэтгэл" хэрэгтэй юу? Хэрэгтэй. Манай "томчууд" болон "баячууд"-ын хүүхдүүд гадаадад сурдаг нь үнэн үү? Үнэн. Харин тэд нараар дамжаад Монголд Боловсролын системд өөрчлөлт, шинэчлэлт орж байна уу гэвэл үгүй. Хүүхдээрээ дамжуулаад улсдаа хөрөнгө оруулалт хийгээч гэмээр...


No comments: