2008-07-21

Ж.Батзандангийн гэх захидлыг уншаад төрсөн бодол...

Эхний өгүүлбэрээсээ авахуулаад өөрийгөө өмгөөлөх арга замыг, шалтгааныг хайж байгаа бололтой. Ер нь "улс төрийн хэлмэгдүүлэлт , төрийн хүчирхийлэл" гэдгээ ямар утгаар ойлгож байгаа юм бол доо...

Улс төрд олигархиуд шургалсан уу гэвэл шургалсан, 92 оноос хойш шургалаад удаж байна. 1996 оны сонгуулиар бол хамгийн их шургалсан. Албан тушаалын гэмт хэрэгтнүүд гэж хэнийг хэлж байгаа юм бол?
Сонгууль будлиантай болсон уу? үгүй юу гэдгийг хэн нэгэн этгээд баримт нотолгоогүй шууд зарлан тунхагладаг асуудал биш. Сонгууль болгоны дараа л ялагдсан тал нь голдуу сонгууль будлиантай болсон гэж улигладаг нь заншил болоод удаж байна. Ард түмнийхээ сэтгэл зүйгээр тоглон, хэдий болтол "задгай амаар" ажил үйлсээ бүтээх гэсэн юм! Юуны төлөө Монгол Улс төр засаг, хууль хяналтын байгууллагуудтай юм!
"Иргэний нийгэм, шударга ёсны төлөө тэмцэж буй олон арван залуу­чуудад улс төрийн хилс, зохиомол хэрэг тулган хүлээл­гэ­хээр улайран хөөцөлдөж эхэллээ" гэсэн нь үнэхээр оносонгүй. Монголчууд бид улс төр сонирхдогоороо, бүр сохроор сонирхдогоороо дэлхийд тэргүүлэх байх. Бүгдээрээ "улс төрчид" тул бүтээн байгуулах, ажил хийх хүнгүй болчихоод улс орон минь хөгжихгүй байна. Дандаа албан тушаал, суудлын төлөөх хэрүүл уруул, хов жив, урцалдаан, өрсөлдөөн, одоо бүр алалцаан болдог болж. Яагаад? Хөнгөн хийсвэрээр бодоод албан тушаал бол орлогын эх үүсвэр, бизнес болчихоод тэр л дээ. Үнэнчээр ажилаад бага ч гэсэн оногдсон цалингаа аваад ажиллахаасаа урьтаж яаж л түргэн, хямд хөлс хүчээр, хэрхэн молигодож амьдрах билээ гэсэн бодол хэн бүхний бодлыг эзэмдсэн. Боловсрол мэдлэгтэй, мэргэжилтэй, ухаантай даруухан болгон нь монголынхоо улс төрийн амьдралаас залхан, мөнгөгүйтэж хойш суугаад "өөрийгөө" л аваад явдаг байх. Харин одоо мэдлэг боловсрол, хүмүүжил, ёс суртахуун дорой, сургууль соёл завсардуулсан, зарим бүр "гэмт хэрэгтнүүд" байсан, хуурамч доктор, улс төрийн хоосон ухаантнууд шуналдаа хөтлөгдөн ард түмнээ "амаараа" хуурсаар улсын өмчийг идэх гэж улайрцгаах юм. Ард түмэн нь мэдсээр байж саналаа өгөөд, сонгоод, дараа нь амаа бариад толгойгоо газар шаачихна...

Эрдэнэт хүний амийг хөнөөн, соёл өвийнхөө дээдийг, улсийн болон байгууллагын өмч хөрөнгийг эвдлэн шатаан, түйвээн дээрэмдэж, төрийн албан хаагчдын гэмтээн
шархдуулан, нэг үгээр бол хуулиа зөрчсөнөө ариун үйлс гэх гээ юу? Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суухын... Иргэдийнхээ эсрэг биш хууль зөрчигчдийн эсрэг цагдаа, хүчний байгууллагынхан бололцоотой арга хэмжээг байгаа чадлаараа авсан гэж би бодож байна. Галт зэвсэг хэрэглэхийн тухайд бол сайн мэдэхгүй юм. Ер нь танхай этгээдүүд илүү хохирсон уу, хүчний байгууллагынхан илүү хохирсон уу? Иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг, улс орныхоо өмч хөрөнгийг хамгаалах үүрэг хүлээсэн цагдаа, хүчний байгууллага, түргэн тусламж, галынханыхаа эсрэг чулуу шидэн, дайрч довтлох нь улс орныхоо эсрэг үйлдэл болохоос иргэний нийгэм, шударга ёсны төлөө тэмцэл биш юм. Нэгэнт хууль зөрчсөн бол хэнбугай ч хуулиар дагуу зохих ёсны шийтгэлээ хүртэх хэрэгтэй. Тиймээс сөрөг хүчний удирдлагуудад болон иргэний нийгмийн зүтгэлтнүүдэд (зүтгэлтнүүд гэчихсэн байгаа юмаа бас) ял тулган хүлээлгэж, ямар ч аргаар хамаагүй тэднийг бу­руутгах зорилго тавин ажил­лаж байгаа биш юм.

Батзандангийн бичсэн шиг "2008 оны дол­дугаар сарын 1-ний өдрийн жагсаал, цуглаан, үймээн самуун нь Монголын нийгэмд шударга ёс алдагдаж, ядуурал газар авч, иргэдийн бухимдал нэмэгдсэнээс үүдсэн мянга мянган жирийн иргэдийн тэм­цэл" биш байсан гэж бодож байна. Амьдрал хүнд хэцүү байгааг мэдэж байна. Гэхдээ энэ жагсаал цуглаан нь хуулийн хүрээнд болсон бол хэн ч буруутгагдахгүй. Бид ч жагсаж цуглахдаа мэргэшээд сурчихсан, бүр дөжирчихсөн ард түмэн шүү дээ. Тэгээд ч мянга мянган иргэдийн тэмцэл биш байсан. Батзандан тэргүүтэй хэдэн зуун хууль зөрчигчид үймээн самуун хийж тэднийг нь бусдын мууд дуртай монголчууд үзэж сонирхсон хэрэг байх. "Эх орныхоо тусгаар тогт­нол, үндэсний эв нэгдлийн эсрэг чиглэсэн ямар нэгэн зохион байгуулалттай, санаа­тай үйлдэл байгаагүй" гэж үү? Орчин үед тусгаар тогтнолоо дайн тулаан, эзлэн түрэмгийлэхээр алдахгүй, харин үймээн самуунаар алдана. Үндэсний эв нэгдлийн эсрэг байгаагүй гэж үү? Өөр үзэл бодол, итгэл үнэмшлийг гутаан доромжилж, дайрч давшлах нь эв нэгдлийн эсрэг үзэгдэл.
Ж.Батзандан нь "Зохион байгуулалттай санаатай үйлдэл байгаагүй гэдэгтээ итгэлтэй" байгаа юм билээ. Бусдын өмч хөрөнгө рүү дайрах, улайран тэмцэх нь өнгөрч. Улаан зангиатай залуу хамгийн түрүүнд олс бариад жагсан хаалга хөндөлсөн цагдаанууд руу хамгийн түрүүнд дайрч байгаа нь санаатай үйлдэл биш гэж үү. "Ардаас хүч ирнэ, тэгээд бид дариад дайрна" гээд хоолой мэдэн хашгирч бусдыг турхирч байгаагаас харахад зохион байгуулалтай байсан нь илт.
Цагдаагийн бай­гуул­лага зөвхөн эрх баригч нэг намын байр савыг хамгаалсан биш ард түмнээ, улсын өмч хөрөнгө, үзэл бодол, эв нэгдлийг хамгаалсан. Үймээн самууныг цагдаа нэг дэгдээгээгүй Батзандангуутнууд дэгдээсэн. Тэдний дэгдээсэн үймээн самууны улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохир­сон байдаг. Намуудын тоог нь мэдэхгүй юм нилээн хэдэн жилийн өмнө 22 байсан. Одоо салж нийлээд 16 болсон байж магадгүй. Ер нь "Шинэ жилээр нэг салж, цагаан сараар гэрлэдэг", бас "сонгуулийн өмнө нэгдээд, албан тушаалын томилолтоосоо болж нэг салдаг" намуудтай улс шүү дээ манай улс. Харин Монгол Улсын хүн ам 2 сая 900 мянга орчим байх шүү.

“Онц байд­лын тухай хууль”-ийг Монго­лын төр анх удаа хэрэглэсэн. Онц байдлын тухай хуулийн гол зорилго нь бас л иргэдээ хамгаалахад чиглэх ёстой гэдгийг Батзандан ухаарсан нт аштай юу. Онц байдал тогтоосноороо бид улсаа, иргэдээ хамгаалсан. Тэгээгүй бол юу болох байсныг төсөөлөхөд ч бэрх. Төр шаардлагатай цагт зохих арга хэмжээгээ авч буй нь тэр. Үймээн самууныг зогсоох Онц байдал тогтоосноор "дарангуйлал" тогтохгүй. “Онц байдлын тухай хууль”-д онц байдал тогтоосон үед иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг төр ха­риуц­на гэж заасан байдгийг мэдээд Батзандангуутнууд зориудаар олон саяын улсын болон хувийн өмч хөрөнгө, соёлын өвийг түйвээж шатааж, устгаж эвдэлсэн байх нь ээ... Тэд төр хариуцах болоод галын болон түргэний машинуудыг эвдэлжээ дээ янз нь.
Батзандангуутнууд өөрсдийгөө сөрөг хүчин гэж ойлгоод бүр "итгэчихэж". Төр үймээн самууны хариуцлагыг сөрөг хүчинд тохох гээгүй хууль зөрчигдөд хүлээлгэх гэж байна. Энэ ч хуульд тодорхой биш юм аа гэхэд ямарваа нэгэн байдлаар заасан байгаа. Иймээс цагдаагийн хү­чир­хийлэл, Онц байдлын хуу­лийг буруу хэрэглэснээс үүдсэн хохирлыг ИХ нам ба түүний удирдлагууд, шударга ёсны төлөө тэмцсэн иргэдэд хүлээлгэх буй биш үймээн самуун дэгдээн хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлагыг оноож байна.

Батзандан нь Иргэ­ний нийгмийн зүтгэлтэн билүү? Тийм алдрыг хэн хайрласан юм бол? Харин ИХ намын даргын албыг хашдаг байх. Тиймээс намын дарга гуай болж буй үйл явцад улс төрийн хэлмэгдүүлэлт, Монгол төрийн хүчирхийлэл гэсэн утгаар биш улс төрийн эрүүлжилт, Монгол Төрийн хууль гэсэн утгаар ойлгох хэрэгтэй. Өөрийгөө бас Анандын Амартай бараг зүйрлэчихэж... Ухаан санаа, хүмүүжлийн тогтворгүй хүн улс төрд ороод амныхаа зоргоор хашгирч байдгийн жишээ энэ байна даа...

Энэ хүн бусдыг "айлгаж", амь насаараа дэнчин тавьж өөрийгөө хамгаалж буй болохоос Монголыг, монголын нийгмийг хамгаалаагүй. Амь насыг нь эрсдүүлэх эсэхээ Монгол төр минь мэдэх байлгүй дээ гээд энэхүү өөрийн бодлоо өндөрлөе.


Захидлыг доор орууллаа:
Батзандан "Ганц худаг"-ийн Урьдчилан хорих төвөөс захидал илгээлээ (222.120.156.36) 2008.07.22, 3:14 am:
——————————————————————————–
Ж.Батзандан “Ганц худаг”-ийн Урьдчилан хорих төвөөс захидал илгээлээ
Monday, July 21 @ 23:23:47 GMT+8

Долдугаар сарын 1-нд болсон үймээнд иргэдийг өдөөн турхирсан, бусдын эд хөрөнгийг түйвээхэд оролц­сон гэх үндэслэлээр Иргэний хөдөлгөөний на­мын дарга Ж.Батзанданг яллагдагчаар татан шал­гаж байгаа билээ. Тэрбээр “Ганц худаг” дахь урьд­чилан хорих төвөөс за­хидал ирүүлснийг бид бү­рэн эхээр нь нийтэлж байна.

Уг захидалд “21-р зууны Монголд улс тө­рийн хэлмэг­дүүлэлт, тө­рийн хүчирхийлэл газар авч эхэл­лээ. Хийгээгүй хэргийнх нь төлөө улс төрийн шалтгаа­наар олон зуун хү­нийг хомор­голон баривчилж, тарч­лаан зовоож, ямар ч үндэс­лэл­гүйгээр ял тулган хүлээл­гэх явдал газар авсаар байна.

Ялангуяа улс төрд шур­галсан олигархиуд, албан тушаалын гэмт хэрэгтнүүд эрх мэдэл, байр сууриа хад­галан үлдэхийн тулд сонгуу­лийг луйвардах, иргэдийг айлгаж сүрдүүлэх, иргэний нийгэм, шударга ёсны төлөө тэмцэж буй олон арван залуу­чуудад улс төрийн хилс, зо­хиомол хэрэг тулган хүлээл­гэ­хээр улайран хөөцөлдөж эхэллээ.

Иргэдийнхээ эсрэг галт зэвсэг хэрэглэж олон хүний амь бие, эрүүл мэндэд хохи­рол учруулсан цагдаагийн байгууллагынхан өөрсдийн гэмт үйлдлээ нуун дарагдуу­лахын тулд сөрөг хүчний удирдлагуудад болон иргэний нийгмийн зүтгэлтнүүдэд ял тулган хүлээлгэж, ямар ч аргаар хамаагүй тэднийг бу­руутгах зорилго тавин ажил­лаж байгаа нь тодорхой хараг­даж байна. Тухайлбал, эрх зүйн чадамжгүй, оюуны хомс­долтой болон эрүүгийн онц хүнд, хүндэвтэр гэмт хэрэгт­нүүдээс Иргэний хөдөлгөөний болон сөрөг хүчний удирдла­гуудын талаар зохиомол мэ­дүүлэг гарган авч түүнийгээ хэвлэл, мэдээллээр цацах зэргээр хууль бус үйлдлүүд тасралтгүй хийсээр байна.

ИХ намын дарга, “Иргэний Эвсэл”-ийн ерөнхий зохицуу­лагчийн хувьд 2008 оны дол­дугаар сарын 1-ний өдрийн жагсаал, цуглаан, үймээн самуун нь Монголын нийгэмд шударга ёс алдагдаж, ядуурал газар авч, иргэдийн бухимдал нэмэгдсэнээс үүдсэн мянга мянган жирийн иргэдийн тэм­цэл байсан гэж үздэг. Түүнээс бус эх орныхоо тусгаар тогт­нол, үндэсний эв нэгдлийн эсрэг чиглэсэн ямар нэгэн зохион байгуулалттай, санаа­тай үйлдэл байгаагүй гэдэгт би итгэлтэй байна. Харам­салтай нь цагдаагийн бай­гуул­лага иргэдийнхээ амь бие, эрүүл мэндийг хамгаалах үндсэн үүргээ умартан эрх баригч нэг намын байр савыг хамгаалж, зэвсэг хэрэглэн цус урсгаснаас болж үймээн са­муун дэгдэж олон хүний амь нас, эрүүл мэнд хохир­сон байдаг.

Монгол Улсад 16 нам, хоёр сая 600 мянган иргэн бий. Иргэдээ биш намын байрыг хамгаалдаг, ард түм­нээ биш улс төрчдийг хам­гаалдаг эрүүл бус тогтолцоо, цагдаагийн хоцрогдсон сэт­гэл­гээ л үүссэн нөхцөл бай­дал, эмх замбараагүй байд­лын гол буруутан нь болно.

Нөгөө талаас “Онц байд­лын тухай хууль”-ийг Монго­лын төр анх удаа хэрэглэлээ. Онц байдлын тухай хуулийн гол зорилго нь бас л иргэдээ хамгаалахад чиглэх ёстой. Түүнээс биш онц байдлаар далимдуулан дарангуйлал тогтоох, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөнд халдах эрх хэнд ч байхгүй. Тиймээс ч “Онц байдлын тухай хууль”-д онц байдал тогтоосон үед иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг төр ха­риуц­на гэж заасан байдаг. Харин эрх мэдэлтнүүдийн хууль бус үйлдлийг эсэргүү­цэж жагсаал цуглаанд оролц­сон сөрөг хүчнүүд хариуцна гэсэн заалт байхгүй.

Иймээс цагдаагийн хү­чир­хийлэл, Онц байдлын хуу­лийг буруу хэрэглэснээс үүдсэн хохирлыг ИХ нам ба түүний удирдлагууд, шударга ёсны төлөө тэмцсэн иргэд хүлээх ёсгүй.

Өнөөдөр ИХ намын удирд­лагуудыг Эрүүгийн хуу­лийн 177.2 гэсэн зүйл ангиар төрийн эсрэг гэмт хэрэгт яллагдагчаар татан “Ганц худаг”-т хорьж байна. Энэхүү зүйл анги нь 20-25 жил гян­данд хорих, эсвэл цаазаар авах ялтай бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн хамгийн хүнд зүйл ангид тоо­цогддог ба 1937 оны хэлмэг­дүүлэлтийн үеэр 40 гаруй мянган монгол хүний алтан амийг авч одсон зүйл ангиу­дын нэг юм.

“Зандалчлах” хэмээн нэр­лэсэн энэхүү зүйл анги нь хөгжилтэй орнуудад терро­рист болон алан хядах үйл ажиллагаа зохион байгуулсан этгээдүүдэд хэрэглэгддэг. Үүнээс биш Үндсэн хуулийн дагуу эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлсэн, иргэний нийг­мийн зүтгэлтнүүдэд тулгадаг зүйл анги биш юм.

Аливаа гэмт хэрэгт обьек­тив, субьектив бүрэлдэхүүн гэж байдаг. Мөн санаа сэдэл, үйлдэл, учирсан хохирол гур­вын хооронд зохистой учир шалтгааны холбоо ч гэж бай­даг. Харин улс төрийн хэл­мэгдүүлэлтээр хэн нэгнийг яллахад гэмт хэргийн бүрэл­дэхүүнийг харгалзахаасаа илүү гэмт хэргийг тулган хүлээлгэдг, гэмт үйлдлийг ямар ч аргаар хамаагүй хэн нэгэнд тохдог Вишинскийн арга л хангалттай юм.

Өнөөдөр Монголын цаг­даагийн байгууллага өөрийн үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах, МАХН сонгуулийн луйвраа халхавчлах, мартаг­нуулах зорилгоор эрх зүйн ямар ч үндэслэлгүйгээр ИХ намын удирдлагуудыг ба­ривч­лан цагдан хорьж, бай­цаан шийтгэж, ял тулгаж бай­гааг миний бие эрс эсэргүү­цэж байна.

МАХН-ын үйлдсэн 1937, 1964 оны хэлмэгдүүлэлтийн хар толбо арилаагүй байхад улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж амиа алдсан иргэдийн ар гэр, үр хүүхэд, ач гуч нарынх нь шарх аниагүй бай­хад, хэлмэгдэгсэдийн урс­сан цус газрын хөрсөнд бүрэн шингээгүй байхад, тэдний сүнс тайван нойрсоогүй бай­хад 21-р зууны шинэ хэл­мэгдүүлэлт, улс төрийн хү­чир­хийлэл МАХН-аас дахин гарч ирлээ.

Иймээс миний бие Иргэ­ний нийгмийн зүтгэлтэн, ИХ намын даргын хувьд улс төрийн хэлмэгдүүлэлт, Мон­го­лын төрийн хүчирхийллийг эсэргүүцэж шударга ёсны төлөө алтан амиараа дэнчин тавьж тэмцэхээр энэхүү за­хидлыг бичиж байна. Яг энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд асан Анандын Амар хилс хэрэгт гүтгэгдэж цаазаар авахуулахын өмнө “Монгол төр өөрийнхөө төлөө зүтгэсэн хүнд хаалттай” гэж тэртээ 80-аад жилийн өмнө хэлсэн үг санаанд орж байна.

Иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл нь Монгол оронд шударга ёсыг тогтоох, эх орондоо эрүүл нийгмийг бай­гуулах, товчоор хэлбэл, иргэ­нээ дээдэлдэг нийгмийг бай­гуулах явдал байлаа. Энэ бол мянга мянган эгэл жирийн монголчуудын хүсэл мөрөө­дөл гэдэгт би итгэдэг. Энэ хүсэл мөрөөдлийг биелүүлэ­хийн төлөө, бидэнд хилсээр тулгаж байгаа ял, нийгмийн шу­дарга бус байдлыг би өөрийн амь насаар дэнчин тавьж эсэргүүцэхээр шийд­лээ. Миний эрүүл мэндийн байдал тааруу байна. Эмч нар, эмнэлгийн ажилтнууд энэхүү тэмцлийг эсэргүүцэж байгаа боловч миний бие эх орондоо шударга ёс тогтоо­сой, эгэл жирийн хүмүүсийн хүсэл мөрөөдөл биелдэг бай­гаасай, улс төрийн хэл­мэг­дүүлэлт дахин бүү дав­таг­даасай гэсэндээ өөрийн итгэл үнэмшлээр энэ шийд­вэ­рийг гаргалаа.

Үхэх, сэхэхийн зааг дээр байгаа миний бие Монгол түмэндээ үнэнч явсан гэдгээ андгайлъя. Иргэний нийгэм, нийгмийн шударга ёсны тө­лөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан гэдгээ илэрхийлье.

Монгол түмний минь заяа буян түших болтугай.

Жич: Миний амь нас эрс­дэхэд “Ганц худаг”-ийн Урьд­чилан хорих төвийн удирдла­гууд болон надтай хамт тэм­цэж явсан нөхдүүд, ар гэ­рийнхэн минь ямар ч буруу­гүй болно. Гагцхүү хилс хэрэг тулгаж буй цагдаагийн бай­гууллага, энэ­хүү хэргийг улс төржүүлэн бидэнд улс төрийн хавчлага, шахалт үзүүлж буй МАХН-ын өнөөгийн удирд­лагууд буруутай.

Тодорхой хэлбэл, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, ЦЕГ-ын дарга Ч.Амарболд нар миний амь насыг хөнөө­сөн хэрэгт шууд холбоотой гэдгийг мэдэгдье” гэжээ.

мэдээллийг: http://www.sonin.mn/2008/07/21/4792/

No comments: