2007-05-09

Анхны ханьдаа бичсэн миний дурсамж...
Арван жилийн дэггүй, гэнэн дурсамж, анхны үерхлээ би мартаагүй ээ.
Арван зургаан насны босго алхаж байгаа иргэний пасторт авч буй том эр хүн сургуулийнхаа хацар улаан, цэцэг шиг охидуудаас нэгэн сарнайг анзаарсан цаг саяхан мэт. Урсгал дөлгөөн мөрний нэртэй, даруухан, өндөр, туранхай охин.

Би 8-р анги, чи 15-тай надаас нэг ангийн дор сурдаг байсан. Манай анги 3 давхар сургуулийн 2 давхрын хамгийн хойд буланд шатны дэргэд, танай анги болохоор тэгэхээр тэгэх гэсэн юм шиг бүр эсрэг талын урд буланд шатны дэргэд байж билээ. Азаар сургуулийн дэг жаягийн дагуу, ангидаа очих урсгал минь таарч чамайгаа харчих юмсан гэсэн зүрхэндээ бодолтой өглөө болгоныг угтдаг, хичээл тарахаар манай ангийн хажуугаар өнгөрөх дагинаа харах итгэлтэйгээр өдөр болгоныг сургууль дээрээ үддэг байж ээ. Мөн өглөө болгон гэрийнхээ цонхоор харж байгаад ирэхийг чинь тааруулаад гэрээсээ гардагсан. Тэгсэн мөртлөө тааралдахаасаа ичээд холуур тойрдог байж. Ичимхий зан минь садаа болж байгаа нь тэр. Хэрвээ чи хоцорвол би бас хоцорч байсан гэсэн үг л дээ.
Улаан пальтотой, цэвэрхэн, туранхай цагаан охин байсан тэр хэвээр нь миний зүрх гэдэг аппарат зургийг чинь авч хадгалсаан. Одоо ч би тэгж хардаг. Хөнгөний секцэнд явдгийг чинь мэддэг болмогцоо найзаараа дамжуулан захидал бичин өөрт нь мэдэгдэхгүй бээлий, хармаанд нь, цүнхэнд нь хийчихээрэй гэж гуйдаг байжээ.
Захидал минь гарын алганы хонхорт багтахаар үргэлж нугалаастай. Захидал бичих гэж гоо бичлэгийн уралдаанд оролцохоос ч хэцүү юм болно. Буруу юм уу, муухай бичвэл дахиад л шинээр эхэлнэ. Миний захидлыг минь аваад хариу өгөх болов уу гээд өдрийн бодол, шөнийн зүүд... Найзаасаа юу болсон, яаж байна гээд л асуугаад л, хайр дурлалын нэхэл хатуу... Хариу өгөөгүйг мэдвэл найздаа бараг гомдох нь холгүй байдаг байж дээ.
Чамайгаа найзтай минь хамт "төмөр" шидээд ирэхээр нь туранхай, харахад эмзэг охин төмөр буюу диск, ядро шидээд эхлэхээр нь гайхаж байсан ч уулзах, харах бололцоо нэмэгдэж буйд дотроо баярлав. . Хааяадаа найзтайгаа уулзах, очих нэрээр чамайгаа нэг харж баярладаг байж. Хөнгөний секцийн хүргэн нэртэй болж алдаршив аа....Өвөл, зунгүй сургуулийн 400 метрийн тойргийг морин тойруулгын морь шиг тойрон гүйх үеэр чинь гэр ойрхон болоод ч тэр үү дандаа очиж хардаг байж билээ. Харах харахдаа өөрийгөө харуулчих, өөрийгөө харуулах харуулахдаа эр хүн болсноо, гайгүй залуу гэдгээ харуулах гээд тойрог замын хажууд байдаг турник дээр суниаж, маак цохиж, "6", "9", "10" дарж бяцхан үзүүлбэр үзүүлдэг байж билээ.
Үзүүлбэрт бас суга савлуурын үзүүлбэрүүд багтана. Чамайгаа хардаг байсан гэж найдаж байна. Сагсан бөмбөг, гар бөмбөгийг бол найзууд маань сайн тоглодог байсан тул би хажуу талаас хараастай. Хааяадаа дунд нь ороод цогих боловч бөмбөгийн барааг харна гэдэг хичээл дундуур чамайг олж харахтай адилхан байжээ. Сургуулийн маань хөнгөний секцийнхэн улсын чанартай тэмцээнд ороход, чамайгаа ямар төрлөөр орох бол гээд бодоостой. Гүйхээр биш диск, ядрогоор ороод медөльтай ирэхээр чинь би өөрөө авчихсан юм шиг л баярлаад л... Сургуулийн намрын спартикиад дээр ангиа төлөөлөөд алтны дэргэдэх гууль би шарлаж диск ядрогийн төрлөөр орж билээ. Мөн чамтай хамт хичээллэж байсан миний найз өсвөр үеийн улсын рекордыг тогтоогоод ирэхэд нь би өөрөө тогтоочихсон юм шиг л байв.
Өндөр, булчин шөрмөс болсон, бас царайлаг найзынхаа хажууд туранхай, царай муутай, намхан намайг голоогүйд чамд баярласаан.

Харин миний хамар монхордуу том талдаа, найзын хамар налчгар талдаа болоод танай дүүгээс налчгар, шонхор хоёр нэрийг хүртэж явжээ. Анх гэрийн чинь гадаа очоод чамайг дуудаад тэгсэн ээж чинь гарч ирээд намайг гэртээ урьж билээ. Хадам ээж бид хоёрын харьцааны анхны алхам тэр байсан. Гаднаа уяатай байсан алаг нохойноос бэргэн бэргэн гэрийн хаалгаар чинь бараг гүйхээрээ орсон. Гэрт чинь орсон манайхыг бодвол хамаагүй цэвэрхэн байж билээ. Чи гэртээ бас л нөгөө цэвэрхэн хэвээрээ, инээмсэглээд л, монгол бүсгүйн цэвэр ичимтгий зангийн илэрхийлэл болоод л. Нэг гэм нь...хэл амтай хадам эх хоол цай хийж өгөөд түлээний модны асуудал хөндөв. Чи "би гараад хагалчихий" гэтэл хадам эх тэндээс "хэзээ чи мод хагалдаг болчихоов. Найзыгаа хараад их ажилд орох нь ээ" гээд чамайг минь нэг сайхан түлж билээ.
Чи санаж байна уу, чамайг монгол хэл бичгийн улсын олимпиадад оролцоход нэг номыг хоёр өдрийн турш бичээд өгч билээ. Их л хичээнгүйлэн бичсэн тэрхүү 48 хуудас чамдаа зориулсан анхны ханийн хөдөлмөр минь байсан.
Заавал сурах 10 бүжгийн ачаар чамтайгаа бүжгийн хос болж билээ. Хосоор таарчихаад, таарчихаад ч гэж чи бид хоёрын үерхэл сургууль даяар алдартай байсан тул багш нар тааруулсан байхаа, хөл дээр чинь гишгин тэвдэн сандарч байснаа санаж байна аа.

Биеийн тамирын хичээл заримдаа хамтдаа ордог байсныг бас санаж байна уу. Манай ангийнхан чамайг харчихаад над руу "Танай авгай явж байна" гээд л зүгээр байлгадаггүй байж билээ. Танай ангийнхнаас ч гэсэн би хэд хэдэн найзтай байсаан. Чамайг ямар болохыг тэднээс найз нараараа дамжуулаад асуучихдаг бяцхан тагнуулч байснаа одоо нуугаад яахав дээ. Бяцхан тагнуулчид бас бяцхан "хар" байгаа. Өөр бусад банди нараас чамтай хэрхэн хандаж байна, чамайг ер нь хэр томоотой байна гээд тагнуулын үйл ажиллагааг өргөжүүлээд л.
Баяр наадам, төрсөн өдрийг алгасалгүй хоёр биендээ мэндчилгээ илгээж, ном бэлэглээд л...Хоёр биендээ үргэлж баярлалаа гээд. Гомдох гэдгийг мэддэггүй байж дээ. Сайндаа л тунирхаж байсан байж магадгүй.

Чиний бичсэн захидлуудыг одоо болтол би хадгалдаг. Би ч гэж дээ, аав минь том эрх хүүгийнхээ захидлыг төрсөн гэрт минь арчлаад явдаг гээд боддоо.

Зарим зүйлүүдийг үргэлжлүүлнээ...

6 comments:

Pearle Deppsu said...

Woooooow, yum helmeer l bna. Daanch yu helehee medku bna.
Silence is gold

Anonymous said...

huuhed nas sanaand orchihloo.tegeed bas yag adilhan sanagddag baina shuu.sport geheer l adilhan yum shig baina daa..bi ch bas talbai toirood l guideg bailaa.bas sags toglood l sektnii neg bandidaa hairtai bolchihood l..za za buh zuil dursamj baisan yumaa..

Anonymous said...

chi usa d amidardag yumuu.tegeed ter ankhnii hair bolson busgui chini odoo hamt amidarch baigaa yu tee?huuhedtei yu?

Anonymous said...

ankhnii hani geheer 2 dahi baihnee tee..tiimguisen bol nahiinhaa tuhai dursamj gej bichij bolno biz dee tee

Anonymous said...

haniinhaa shuu aldaad bichij

Nana said...

та 2-ын өмнөөс харамсах ч шиг, хагацаж салдаг харамсалтай хорвоо шүү.