2007-02-13

За, дурсамжуудаа үргэлжлүүлэх үү эсвэл өөр зүйл рүү орох уу...Улс төржих үү? тэгнээ байз...

Монголоо, монголынхоо амьдралыг муулах, шүүмжлэх нь дэмий ч үнэхээр болохгүй байгаа зүйлүүдийг бичээд байхаас өөр аргагүй. Магадгүй хүнд хэрэг болохгүй, мэддэг чаддаг хүмүүс нь уншихгүй ч хэзээ нэгэн цагт Монгол Улс минь хөгжөөд, ард түмэн минь элбэг дэлбэг, хангалуун амьдралтай болсон цагт надад эргэн дурсахад хэрэгтэй байх болов уу гэж бодож байна.

Одоохондоо монголд амьдрал хүнд, хэцүү байгаа...
Өчигдөр Google Earth программыг ашиглаад Улаанбаатар хотоо дээрээс нь харлаа. "Сайхан" л харагдаж байх юм. Сүхбаатарынхаа талбайг харж "хийморио" сэргээлээ. Тэгээд урсгал байхгүй шахам энд тэндгүй буй машинууд, мушгиралдсан замууд, ТҮЦ-үүд, шавааралдсан байшингууд, гэр хорооллын хашаан доторхи дундаа зайгүй шахам байрласан гэрүүдийг харлаа.
Манай улсын хот төлөвлөлт, газрын асуудал, дэд бүтцийн хөгжил үнэхээр сэтгэлд минь хүрэхгүй юмаа. Хэрэгтэй хэрэггүй олон хууль, дүрэм журмууд байдаг.

Машинаа гэж...

Одоо манайхан "баяжаад" маш их машин унадаг болсон гэсэн. Мөнгөтэй, мөнгөгүй ганган тансаг жийпүүд унаад л давхилдаад байдаг сурагтай. Тэгэхээр эдгээр машинуудад манай зам "гологдоод" бөөгнөрөл их үүсдэг. Бөөгнөрөлийг замдаа багтахгүй "хуучин" машинуудын тоо нь үүсгэхээс гадна тэвчээр багатай жолоочид үүсгэнэ. 4-н замын уулзвар байтугай, зүгээр л зөрөөд өнгөрөх урсгалд хоёр машины жолооч нар бие биенээсээ өрсөн, гайгүй машинтай нэг нь нөгөөхөө дээрэлхэн, яаруу сандруу зангаараа бөөгнөрөлийг үүсгэнэ. Хэн хэндээ болон бусдад "гай" тарих нь тэр. Тэгээд нэг нь нөгөөдөө зам тавинаа гэж байхгүй. Машинаасаа гарч ирээд хэрэлдээд, зодолдоод миний, чиний буруугаа дуудалцаад унана. Цагдаа ирээд зохицуулахгүй л бол тэндээ "хадаастай", бусад нь ч хадаастай. Очсон цагдааг маргалдсан 2-оос бусад нь ганц замын хөдөлгөөн зохицуулчихаж чадахгүй хэмээн муулаад унана. Уг нь тэр цагдаа биш "түрэмгий" жолооч нар өөрсдөө буруутай байдаг. Нэг ийм онигоо байдаг даа. Онигоо ч гэж дээ болсон явдал юм гэсэн. Манай нэгэн хөдөөний суманд хүн эмнэлгийн тэрэг, сумын Засаг даргын буюу тамгын газрын тэргээс өөр машинууд байхгүй шахам. 2 машинтай сум гэсэн үг л дээ. Тэгсэн нэг өдөр авто замын ноцтой хэрэг гарч суманд байдаг "бүх" машинууд мөргөлдөв. Тэгсэн нөгөө суманд 2-хон байдаг машинууд хашааны булан тойрохдоо бие биенээ мөргөчихсөн хэрэг л дээ.
Явган зорчигчид замын хөдөлгөөнд илүү эрх эдэлдэг байхаа, би андуураагүй бол. Тэгсэн бид ёстой эрхээ эдэлж харагдаач. Дошноосоо цухуйгаад хаана анчин байна хэмээн хошгирч буй тарвага шиг л юм болно. Нүд гэж эргэлдээд л, толгой гэж гимнастик хийгээд л... Машины дугуйн дор орчихгүй тул таягтай таяггүй, хүүхэд, залуу, хөгшин хамаагүй бүгд л "дэлхийн аваргын 20 метрийн зайн гүйлтийн тэмцээн"-д оролцон зам хөндлөн гарна. Машины цонхоор ууртай харж, амандаа үглэх жолоочоос айна гэж жигтэйхэн. Зарим улаан, ногоон гэрлүүд нь нүд ирмэх зуур солигдох тул тун "гавшгай" байх шаардлага гарна. Машин явахыг хориглосон улаан гэрлийн асах цаг нь жоохон уртсгалаа хэмээн жолооч нар ундууцах нь их.
Замын хөдөлгөөний дүрэм, тэмдэг гэдэг нь ёстой "нүүдэлчин" уламжлалд маань тохирсон, мэддэг хүмүүс нь тэрхүү уламжлалдаа бас тохируулсан бололтой. Өдөр шөнөгүй л "алтан гадас" одоор зүг чигээ олоод л...Америкийн ТВ-ийн Amazing Race шоуны оролцогчид Монголд - Улаанбаатарт очиж "уралдацгаав". Тэдгээр хүмүүст оросын 69 жолоодон Гачууртын Жуулчны шилтгээнд очихоор болоод замдаа ёстой үгээ хэлж, зарим нь уйлж байхыг үзсэн. Замын тэмдэглэгээ үнэхээр байхгүй тул аль чигт, хаашаа явж байгаагаа үнэхээр мэдэхгүй тэднийг ёстой л "шалгасан", "шаналгасан". Бид-Монголчууд дотор хот орж үзээгүй хүмүүс мэдэхгүй байхад гадаадаас ирсэн, замын тэмдэг хараад сурчихсан хүмүүст бол "зэлүүд" газар давхиж яваа мэт санагдсан байхдаа...
Машины зогсоолын тухай бүр мартагдах шахам. Миний бодлоор машины зогсоол байхгүй дээ. Төрийн ордны хоёр талд болон ДСНК-ийн гадаа хамгийн том зогсоолууд, Гандангийн зогсоол бас гайгүй байх. Бусад зогсоол бол ганц 2 машин л байрлах хэмжээний. Дэлхийн том том хотуудад машины зогсоол нь бүхэл бүтэн хэдэн давхар байшин байх нь элбэг. Одоо Улаанбаатарт машины зогсоолын асуудлыг тэгж л шийдэх байх. Тэгэхгүй бол баахан барилга байгуулалжийг "агшаах" хэрэг гарах болно. Улаан дээр улцан гэгчээр зогсоол (parking)-ын асуудлаа яах вэ гэж байхад машинаа аятайхан байрлуулчих жолооч нар бас хуруу дарам даа. Би л машинтай гэсэн бодолтой юм шиг онгироод л байрлах гэж зүгээр л "хөндлөн".
Агаарын бохирдлын асуудал дэлхий нийтийн хэмжээнд яригдаж байдаг. Америкт улс төрчдийн шоуны нэг гол сэдэв нь агаарын бохирдол. Гэтэл манайд агаарын бохирдол "харанга" дэлдээд их удаж байгаа. Ярьдаг, бичдэг нь их ч хийдэг, анхаардаг нь ховор, асуудал хэзээ шийдэх нь тодорхойгүй. Яахав хэзээ нэгэн цагт л байх л даа. Хариуцагч өчнөөн байгууллага, хүмүүс байгаа. Машины яндангаас ялгарах утаа тортогны хэмжээний хязгаарлалт гэж байдаг ч бид "мэддэггүй", мэдсэн ч "мэдэрдэггүй". "Болохгүй байгаа юмыг яахав" гэнэ. Хар утаа хаяж яваа машины жолооч нар "машин маань хөдөлж байвал болоо" хэмээн амин хувиа хичээнэ. Ард нь утаанд даруулж яваа жолооч ганц хоёр хараалынхаа үгийг урсгаад хажуугаар нь өнгөрвөл болоо. Цагдаа нар нь торгуулийн хуудсаа бичээд хэдэн төгрөг харчихвал сэтгэл нь ханаастай. Дээдсүүд нь "ядуу ард түмнээ" бодоод "байдлыг ойлгосон" дүртэй.
Тээврийн хэрэгслийн буюу машины үзлэг хэмээн жилд нэг удаа болдог санагдаж байна. Машинтай болгон үзүүлдэг л байх л даа. Гайгүй нь санаа зовох юу байхав. Гэтэл Монголын машины хэдэн хувь нь "но"-той болохыг та өрөө төсөөлж байгаа биздээ. Гайтай нэгэн машинтай нь хүн нь танидаг хүн тэрхүү үзлэгийн бүрэлдэхүүн дотор байна уу хэмээн найз нөхдийн эрэлд мордоно. Машинаа үзүүлэх биш найз нөхдийн уулзалт болох гэж байгаа мэт. Тэгээд хэн нэгнийг олоод "монгол" зангаар үзлэгт орно. Нөгөө "найз" нь ч "монгол" зангаар шалгана. Ингээд "би happy, чи happy, бид бүгд happy".

За өнөөдрийнх дуусаа. Шүүмжлээд тэгээд яаж засах талаар саналаа бичсэнгүй гээд байваа. Тэртэй тэргүй хариуцсан хүмүүс нь цалингаа аваад, заавраа бичээд, хурал зөвлөлгөөн дээр яруу алдарт үгээ хэлээд, төлөвлөгөөгөө яралзтал батлаад, янзан бүрийн төсөл хэрэгжүүлээд "сууцгааж" байгаа. Тиймээс мэргэжилтэн биш миний санал илүүц юм.

No comments: