Манай гэрийн хүүхнүүд
Бусадтай адил хатуутай, зөөлөнтэй, инээдтэй, нулимстай, эрх, эршүүд, зөрүүд хүүхэд насыг үдсэн. Аавын тэлээний амтыг ээжийн өмгөөлсөн үгээр зөөлрүүлээд л айлын том хүү.
Ээж минь намуухан ааштай. Загнаад үглээд байхгүй. Заримдаа ширүүхэн харахад л бид ээж уурлаж байгаад мэддэг юм. Олон хүүхдүүдээ нэг, нэгээр нь загнавал ээжийн минь нерв барагдах байсан байхаа. "Ууртай" аавыг минь ээж яаж тоосын гээд хүүхдүүд бид гэртээ хэлэлцүүлэг, ярилцлага явуулахад ээж "яахав, аав чинь намайг гуйгаад, дагаад гүйгээд байхаар нь өрөвдөөд" гэж хэлдэг юм.
Эгч минь шударга, зарчимч. Одоо ч тэр чигээрээ. Аав ээж минь багш нар байсан учраас дандаа хурал, зөвлөлгөөнтэй байдаг байсан. Намайг 3-4той байхад бид 2-ыг айлд харуулахаар орхидог байж. Тэгсэн нэгэн удаа би үймүүлээд айлын хүн намайг загнаж л дээ. Тэгсэн би уйлаад эгч намайг аргадсан байна. Тэгснээ намайг болон өөрийгөө хувцаслаад "дүүгээ таньд загнуулахгүй" гээд хөтлөөд гэрийн зүг хар эрчээрээ гүйсэн гэнэлээ. Тэр үед эгч минь 7 настай байсан. Эгч минь надад дандаа л тийм байсан. Сургуульд байхдаа би нэг удаа эгчийгээ алаг даага (бүжиглэдэг туранхай охин байсан) гэж дуудаж гомдоогоод аавдаа "будаа" болгуулах дөхөж билээ. Эгч бас мяа байсан байгаа юмаа аавд хэлээд...Тэрнээс хойш би амьдралдаа эгчийгээ дооглож байгаагүй. Дооглодог нэрийг нь ч мэддэггүй байсан юм байна. Дооглох нь байтугай нэрээр нь дууддаггүй. Аавын минь бидэнд олгосон хүмүүжил үргэлж бие биенийгээ ахаа эгчээ гэж дуудаж байх. Хотод ирээд хамаатны хүүхдүүд бие биенээ нэрээр нь дуудаад ах эгч гэхгүй байхаар нь үнэхээр гайхдаг байж билээ. Ангийнхаа залуутай суугаад сайхан амьдарч байгаа. Хүргэн ах минь сайн ч, бас сайхан ч залуу даа.
Дүү нар минь ааш зангийн хувьд эсрэг тэсрэгийн 2 туйл.
Нэг охин дүү маань манай гэрийн хамгийн адтай нь. Багаасаа бидэн дундаа хэл амтайгаараа, муухай ааштайгаараа дуудуулж ирсэн хөөрхий. Гэхдээ хүнд гэмгүй, өөрийгөө болон биднийг "хамгаалдаг". Хамгийн гол нь гэрт хаана ширүүхэн хэл ам болно тэнд тэр хутгалдчихсан явж байдагсан. Сэргэлэн зантай болохоороо хааяадаа дэндүүлчих гээд байдаг юм. Бас ангийнхаа, даруухан, цэргийн боловсролтой залуутай суусан дүү минь аашаа гаргасан хэвээрээ байгаа биздээ. :-)
Нөгөө нь барагтай бол дуугарахгүй, инээгээд л, өөрийгөө бас эрэгтэй дүүгээ аваад явдаг. Бага ангид байхдаа гэрийнхээ гадаа баахан хөвгүүдтэй "үзээд", яагаад гэсэн дүүг маань тэдгээр хүүхдүүд дээрэлхээд байхаар нь зодолдчихлоо гээд инээмсэглээд сууж байсансан. Тэр үедээ карате-гийн дугуйланд явдаг байсан юм. Өөрөө уг нь хамгийн бага эмэгтэй дүү ч гэсэн эрэгтэй дүүгээ асраад эгчийнхээ үүргийг сайн гүйцэтгсээр яваа. Одоо хадамд гарч буй сурагтай байсан. Ирээдүйн нөхөр болох залуу нь ээжийн минь хэлснээр туранхай өндөр, аавын хэлснээр өөртэй нь ойролцоо, миний ойлголтоор надаас намхан залуу байна лээ.
Авъяасны хувьд эгч дүү нар дуулна, бүжиглэнэ. Одоо ч тэд бүжиглэсэн дуулсан хэвээрээ. Сая шинэ жилээр урлагийн авъяасаа ажлынхаа хамт олондоо харуулсан сураг байсан.
No comments:
Post a Comment