2008-10-15

Зэс нь цухуйхаар сэхдэг, бас сөхөрдөг Монгол...
"Сонгууль болохоор намуудын, сонгууль дуусахаар улс төрчдийнх нь зэс нь цухуйна." Чандмань

Саяхан сонин.мн сайтнаас Айвонхоу ч билүү компаний нэг монголын талын дарга "Санхүүгийн хямрал нь Монголд ирэх болоогүй, удаж байж ирнэ" ухааны ярилцлага өгснийг уншсан. "Сүх далайтал үхэр амгалан" гэдэг монгол хүний "зэс" нь цухуйсан... Ядаж явахад тайтгаруулж боддог нэг зэс нь энэ дээ... Нөгөө компани нь уул уурхайн салбар, ашигт малтмалын чиглэлийнх, тэгээд монголчуудад,
монголын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх ,_ бүр тодруулбал Монгол Улсын хөрөнгө оруулалтын 34-н хувийг хийнэ гэж сонинд зарлагдсан компани байхдаа ч яахав дээ...

Санхүү, эдийн засгийн хямрал нь цагаан далбаагаа намируулаад, хэлж зарлаад ирэхгүй шүү дээ. Энд Америкт ч гэсэн зарлаж ирээгүй. Монголчууд мах, талх, хоол хүнс, бензин шатахууны, улмаар бүх зүйлийн үнэ хэрээс хэтэрлээ л хэмээн үглээд, халаглаад удаж, удах удахдаа хэдэн арван жил болж байна. Саяхнаас том ярьцгаадаг хүмүүс нь Монгол Улсын ганц баялаг зэсийн үнэ уналаа гэцгээж байна. Ядарсан цагт үргэлж аварч, бас сөхрөөдөг зэс дээ... Энэ удаад энэхүү зэс нь цухуйхдаа сөргөөр цухуйчихлаа...

Сонгууль болохоор цухуйдаг улс төрчдийн, намуудын амлалтын "зэс" нь одоо цухуйна даа... Монголд "амлалт-зэс" нь байгалийн баялаг зэстэй ихээхэн холбоотой. Бүр хүйн холбоотой.

Эерэг цухуйв уу, сөргөөр цухуйв уу?




Юуны өмнө зэсийн үнийг тодорхойлсон хүснэгтийг орууллаа. Юуг харуулахыг хичээв ээ гэвэл: Монгол Улс зэсийн үнэ нь гайгүй үед гайгүй төсөвтэй байж, унасан үед нь голдуу сөгддөг "уламжлалтай". Монгол Улсын Ерөнхий сайд агсан, Монгол Улсын Гавьяат эдийн засагч П.Жасрай гуай "хонгилын үзүүрт гэрэл харагдана" гэж байх үед зэсийн үнэ нь гайгүй байсан бөгөөд төсвөө ч боломжийн зарцуулсан байх. Албаны болон Ерөнхий сайд нарын мэдээллээс үзвэл хэрвээ Монгол Улсын төсөвт ямарваа нэгэн асуудал гарвал буруутан нь нөгөө л "зэс" болон "зэсийн үнэ" болдог.

Монгол Улс төсвөө төсөвлөхдөө "зэсийн оруулах хувь нэмрийг" тооцон оруулдаг. 2007 оны эцсээр 8000 бараг 9000 хүрэх гэж байсан зэсийн үнийг алсыг нь "харгалзаж бодоод" 6800 гээд төсөвтөө тусгачихаж. Гэтэл гайтай юм шиг сонгуулийн дараа буураад 6400 болж, одоо бүр лайтаад 6000 болчихож. Тэгэхээр төсөв бүрдэхгүй, бүрэлдэхгүй, бид хэсэгтээ л сөгдөх нь ээ...Хувьсгалын мөнгөөр буюу улсынхаа төсвийг "тараана аа" гээд амлаад сонгогдчихсон хүмүүсийн толгой гашилаастай...


...Цалингийн "зэс".... Цалин нэмэгдэх үү? Цалингийн сан нь төсвийн зарлагийн 16-20 хувь байдаг байх нь гэдгийг доорх мэдээллээс олоорой. Төсөв нь бүрдэхгүй бол цалингийн сан бүрдэхгүй. Цалингийн сан бүрдэхгүй бол цалин нэмэх нь бүү хэл цалингаа ч тавьж чадахгүй... Монгол Улсад "..түүхий эдийн барааны үнэ өсөхийн зэрэгцээ улсын төсөвт орох ашигт малтмалын орлого нэмэгдэж төсвийн байдал сайжирах нь..." цалин нэмэгдэх үндэс юм. Гэтэл улсын төсөвт орох нөгөө зэс нь үндсэн бүрэлдэхүүн хэсэг ашигт малтмалын орлого "будаа".... Цалин нэмэгдэх нь гонжийн жоо...


"Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын цалингийн сан эрчимтэй өсч байгаа бөгөөд бусад орнуудынхтай харьцуулбал маш өндөр түвшинд байгаа юм. Цалингийн сангийн өсөлт 2001-05 онуудад ДНБ-ий өсөлтийг гүйцэх хэмжээнд биш байсан хэдий ч 2005 оноос хойш цалингийн сан маш хурдан өссөн бөгөөд 2008 онд 89 хувьд хүрэхээр байна. Улмаар энэ нь төрийн албан хаагчдын бодит цалин сүүлийн жилүүдэд огцом өсөхөд нөлөөлсөн байна. Түүхий эдийн барааны үнэ өсөхийн зэрэгцээ улсын төсөвт орох ашигт малтмалын орлого нэмэгдэж төсвийн байдал сайжирсан нь Засгийн газарт төрийн албан хаагчдын цалинг 2006 оноос эхлэн их хэмжээгээр нэмэгдүүлэх бололцооог олгосон юм. Цалингийн хэмжээ нь нийт засгийн газрын зардалд эзлэх хувь хэмжээ нь 2000 онд 20 хувь байсан бол 2006 онд 16 хувь болон буурсан байна. Цалингийн сан нь 2000 онд нийт төсвийн зарлагын 20 хувийг эзэлж байсан бол 2006 онд 16 хувь болтлоо буурсан байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн 2 жилийн хугацаанд цалин хөлсийг их хэмжээгээр нэмэгдүүлсний үр дүнд цалингийн сан 2008 онд ДНБ-ий 10.8 хувь, нийт зарлагын 21.8 хувьд хүрэхээр байна. Эдгээр үзүүлэлтүүд нь Азид ДНБ-ий 5.3 хувь болон нийт зарлагын 20 хувь, Зүүн Европ болон Төв Азийн орнуудад 3.9 хувь болон 12.6 хувь байдаг байна. Энэхүү цалингийн сангийн өсөлтийг хязгаарлахгүй бол дунд хугацаанд төсвийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй юм. (Олон Улсын Валютын Сангийн 2008 оны тайлангаас)



Дээр байгаа хүснэгтээс харахад ашигт малтмалын орлого ДНБ-ний 10 гаран хувийг, мэдээллээс үзвэл цалиангийн сан ДНБ-ний мөн 10 орчим хувийг бүрдүүлж байна. Бие биенийгээ нөхөхөөр байга биз... Энэ нь цалин, тэтгэвэр, тэтгэмж, амалсан мөнгүүдээ өгөхөд шалтаг болохгүй байгаасай гэж хүснэм...


... Эцэст нь...Ядаж байхад сонгууль, зэс хоёр нь дандаа давхцаад... улс төрчдийн болон Монголын минь зэс нь цухуйх гээд хэцүү ч юм даа...

No comments: