2015-05-25

Алтанбулагийн хилийн боомт

Улсын хил хамгаалахад туслах нь Монгол Улсын иргэн хүний үүрэг мөн. Монгол Улсын иргэнийхээ үүргийг биелүүлээд хэдэн санаа бичих гэсэн юм.
Нөгөө талаараа ӨӨДЛӨХ АЙЛ ҮҮДНЭЭСЭЭ гэдэг. Монгол Улсын Дархан Хил бол Монгол Улсын ҮҮД ХААЛГА. Гадаад ч бай, Монгол ч бай ДАРХАН ХИЛЭЭР нэвтрэхдээ догдолдог гэж би хувьдаа боддог. МОНГОЛ УЛСЫН ДАРХАН ХИЛИЙН ДЭЭСээр алхахад СҮРДМЭЭР, БИШИРМЭЭР ч байгаасай гэж хүсдэг.

Гэтэл Алтанбулагийн шалган нэвтрүүлэх хэсэг, хилийн зурвас үнэн дорой, зохион байгуулалт байхгүй юм. Ядаж байхад ОЛОН УЛСЫН БООМТ ч билүү сүртэй нэртэй гэдэг нь.
1. Хилийн боомт, барилга байгууламж, ялангуяа ХААЛГА үүднүүд орчин үеийн шаардлага хангахгүй байна.
2. Алтанбулагийн шалган нэвтрүүлэх боомтын орох ХААЛГЫГ солимоор байна. Улсын боомтын хаалга гэхэд үнэндээ хүн ичмээр байгаа.
3. ОХУ-ын талаас нэвтрэхэд машинтай ирээд л хамгийн түрүүнд ордог хаалганы бариулаас авахуулаад солимоор. Зөвхөн бариул гэж бичихээр л цааш ямар байдаг нь ойлгомжтой байх.
4. Хаалгаар ороод учир нь олдохгүй. Нарийхан, талбайн хэмжээ үнэнхүү багадмаар коридорт хэдэн зорчигчдыг шахцалдуулна. Зэрэг 2 автобус дүүрэн хүн ирэхэд л шууд "хүндрэл" үүснэ.
5. Хананд байрласан үзүүлэн, бичигдсэн мэдээллүүд нь алдаатай. Уг нь алдаануудыг нь заагаад засахыг ноднин жил орж гарахдаа тэсгэлгүй хэлж байсан юмсан.
6. Хилийн бүс орчмын зорчигчдын болон ажилтнуудын сахилга батыг сайжруулмаар байна. Нэг л их чөлөөтэй. Миний бодлоор хилийн бүс нь "чөлөөтэй" бүс биш баймаар.
7. Хилийн бүсэд хэн нь ажиллаад, хэн нь зорчоод байгаа нь үл мэдэгдэнэ. Цагаан хуудастай нутгийн атамануудтай ч таарна.
8. Танидаг хүмүүсээ гэртээ оруулаад ч байгаа юм шиг, танидаггүй хүмүүсийг тээршээгээд ч байгаа юм шиг л сэтгэгдэл төрнө.
9. Гаалийн болон хилийн бүртгэл хийлгэх гэж бөөн уур уцаар, бужигнаан... Дараалал дугаарт зогсоно гэсэн ойлголт байхгүй. Хаана ч зогсох нь үл мэдэгдэнэ.
10. Тухайн орчинд ажиллаж байгаа дархан хилийн минь ажилтнуудын зан харьцаа, биеэ авч явах байдал нэг л "биш". Загнаад ч байгаа юм шиг, зандраад ч байгаа юм шиг... Ажиллах нөхцөл байдал, ажлын зохион байгуулалт тэд нарт их нөлөөлдөг бололтой.
11. Хүмүүс зорчигчид хил нэвтрээд байгаа эсэх нь үл мэдэгдэнэ. Тэрийг энийг хайсан хүмүүс зах дээр байгаа юм шиг сүлжилдэнэ. Загнаж байгаа нь ч, тэр загнуулж байгаа нь ч тэр бүүр "сурчихсан", түүндээ дасчихсан.

за за ингээд орхий доо... нэмж засмаар болвол үргэлжлүүлэхээс... Дархан хилээ муулаад ч байгаа юм шиг санагдаад эвгүй юм. Бичихгүй гэхээр энэ задгай байдлыг засмаар санагдаад байхын..

Манайхан хилийн дээс алхаад зорчиж буй гадаад улс орны шаардлагыг биелүүлдэгтэйгээ адилхан Монгол Улсынхаа Дархан Хилийнхээ орчинд дэг журмыг сайн сахидаг байгаасаа, ядахдаа дараалалд зогсдог болоосой гэж хүснэм.

No comments: