2010-11-18

Сумын амьдрал




Сумын амьдрал
Сумын төвийн амьдрал нэг л хэвийн, нам жим. Суманд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, газруудыг нэрлэвэл:
- Сумын удирдлагын төв буюу ИТХ, Засаг даргын тамгын газар
- Хувийн дэлгүүрүүд,
- Сургууль, дотуур байр,
- Цэцэрлэг
- Хүн эмнэлэг
- ХААН банк
- Хоол, цайны газар
- Монголын АН(2)-ын байр
- Соёлын төв
- Уурын зуух
- Номын сан гэх мэт болох байх.

Сумын албан байгууллага газруудыг танихад их амархан байх. Туг далбаатай бол нэг бол захиргаа, эсвэл аль нэг намын байр. Үүдэндээ байнгын ганц хоёр ганхсан, гунхсан этгээдүүдтэй бол дэлгүүр, хоол цайны газар. 2 давхар барилга бол сурагчдын байр, эсвэл цэцэрлэг, учир нь төслөөр баригдсан байх талтай. Уурын зуухны хажууд байвал сургууль. Үүдэндээ сандалтай бол эмнэлэг. Томхон шиг хаягтай бол ХААН банк гэх мэт.
Хөгжил дэвшилд бас саар тал байхын. Өмнө дурьдсан үүрэн телефон, шилэн каблийн ачаар хуучны холбооны салбарууд үүд хаалгаа хаасан байна.
Сүүлийн жилүүдэд номын сангийн үйл ажиллагаа эргэж сэргэж байгаа бололтой юм билээ. Зарим сумдад тохитой номын сан байсан. Малчид болон сумын төвийн иргэд ном гэрээр авч унших, нүүдлийн номын сангийн үйлчилгээнд хамрагддаг болсон гэж ярьж байсан.
Зарим сумд интернэтэд холбогдсон байсан. Энэ нь бас дэвшил. Холбогдоогүй ганц нэг сумдад хувь хүмүүс интернэт тавигдахаар интернэт төв ажиллуулна гээд хөөрхөн бэлдсэн байна билээ.
Сумын цагдаад ажил мунддаггүй бололтой. Баян-Агт суманд "үймүүлсэн" товаришуудыг "архийг жигшье" гэсэн шар нөмрөг нөмрүүлээд захиргааныхаа коридорт суулгачихсантай таарсан. Хулгайд малаа алдсан малчны малын сургийг хурдан гаргаад өгсөн цагдаатай таарсан.




Сурагчдын дотуур байр
Зарим сумдад зочид буудал байхгүй, эсвэл байсан ганц нэг нь зочинтой болчихвол сургуулийн дотуур байрнаас өөр хоноглох газрыг олохгүй байх даа. Ихэнх сургуулийн дотуур байранд төвөөс, хотоос боловсролын чиглэлээр ирсэн хүмүүс байрлах ганц нэг өрөөг бэлдсэн байх талтай. Сурагчдын дотуур байр нь засвар хийгдсэн бол тэр нь аль нэг төслийнх л байгаа болов уу даа. Сургуулийн төсөв мөнгө хүрэлцдэггүй тул хоол хүнс, түлш нүүрсийг “гамтай” зарцуулдаг байх. Сургуулийн удирдлага, дотуур байрны багшийн үйл ажиллагаанаас хамаарч дотуур байрны амьдрал өрнөх нь гарцаагүй. Зарим сумдад дотуур байрны хүүхдүүд хүйтэнд даарч бээрэн гар хөрөөгөөр модоо хөрөөдөж, бөөнөөрөө ус зөөж байхад зарим сумдад өвлийн түлшийг нь хөрөөдөж хагалаад тэвхийтэл өрчихсөн байхын. Дээрх тохиолдолд хүүхдийг амьдралд сургаж байна гэх үү эсвэл хүүхдийн хөдөлмөрийг завших гэх үү алийг нь хэлж мэдэхгүй л байна. Өглөө бүр гимнастик хийн, Төрийн дуулал дуулдаг хуваарьт өдөртэй дуулгавартай хүүхдүүдтэй байр байхад “нэг хэллээ, хоёр хэллээ, гурав хэллээ, (түр амсхийв :) дөрөв хэллээ, тав хэллээ, яах гээд байгаа юм бэ” гээд шөнийн 1 цагт учирлах ундууцахыг хослуулсан жижүүр багштай хүртэл таарлаа. Сурагчидтай эелдэг дотно харьцан буланд шахагдан өөрөө зогсон орон дээрээ баахан хүүхдүүд чихэлдүүлэн суулган ганц ТВ-ээрээ “Улаан туг”-ийг хамтдаа үзэх нэгэн жижүүр байхад, өглөө үүрээр бараг цаг гаруй тасралтгүй 1, 2, 3 гэж чангаар тоолж дотуур байрны бүх хүүхдүүдийг, бүр цэцэрлэгийн 5-6-хан настай улаахан хацартай балчир охид хөвгүүдийг хүртэл ”цэргийн дэглэм”-д оруулах жижүүр байдгийн байна.

Зургуудын тайлбар:
Зураг 1: Булган аймгийн Баян-Агт сумын Удирдлагын байр
Зураг 2: Булган аймгийн Могод сумын Засаг даргын тамгын газрын байранд байсан сонин
Зураг 3: Булган аймгийн Могод сумын сурагчид хичээл тарсны дараа

4 comments:

peakfinder said...

Sonirholtoi saihan medeelel baina. Bid zun yavsan bolohoor sumiin tovuud barag l hungui hooson baidag yum baina lee.

Chandmani said...

Зун тэгэх байхаа. Ажилладаг хэдэн байгууллагууд нь бүгд шахуу амарчихна, малчид нь зуншлагандаа, хүүхдүүд амралт гэх мэт...

bayabaga said...

arhiig jigshiye gedeg nomrog goyo yum baina..ter zurag baihgui yu??..kk

sonirholtoi medeelel bailaa

Chandmani said...

уг нь авах дөхсөн. гэвч хүний эрхэнд халдаж болохгүй гэж үзсэн болно. Ер нь энэ зурагнууд дээр хүний нүүр царайг бага оруулсан байгаа.
Баярлалаа.