2009-11-09

Унтаахай....

Унтаахай царайлчихаад л... :) Тэгэхээр эрхлүүлэх, эрхлэхийг, өхөөрдөхийг хэлэх гэж байна гэж ойлгосон уу? Үгүй дээ.... Энгийн боловч асуудалтай нэгэн сэдвийг л хөндөх гэсэн юм.

Ихэнх хүүхдүүийн адил миний охин ч өдөржингөө шахам завгүй: хар өглөө босоод л хичээлтэй, өдөр нь олон нийтийн ажил, дугуйлан, спортоор хичээллэх, найз нартайгаа уулзах, наадах гэх мэт нийгмийн амьдралд умбаж өгнө. Заримдаа хэд гурван төгрөг олж аавдаа болон өөртөө туслах санаатай ажиллана. Тэгээд л дараа нь ТВ үзэх, аавдаа эрхлэх, сайхан ааштай бол хоол хийх, гэр орноо янзлах гэх мэт гэр бүлийн амьдралд умбана. Тэгж тэгж хамгийн сүүлд дуртай ч дургүй ч яалт үгүй хичээлээ, гэрийн даалгавраа хийх, ном унших, бичих гэх мэт "уйтгартай" ажлууд нь үлдэнэ. Ингэсээр байтал унтах цагаас нь хорогдоод л... Бас дээр нь цагийн зөрүү энээ тэрээнээс үл хамааран найз нартайгаа чатлах, бичих, хөөрөх, марзаганах, хөвгүүдэд өдүүлэх гэх мэт ихэвчлэн харанхуйд нуугдсан нетийн, чатын амьдрал нь өрнөнө...

Өдөржингөө завгүй байсан хүн шөнө нь ухаан орсон юм шиг хичээлээ бариад суух болж байна аа даа тээ.... Нойроо хасан байж сууна... Заримдаа номоо дэрлээд унтчихна. Заримдаа компьютэртэйгээ тэврэлдээд унтана... Сайндаа номонд хайртай болоод номоо дэрлээд унтаж байгаа биш бололтой. Ядраад л тэр...

Хүүхдүүдэд ялангуяа өсвөр насны хүүхдүүд хангалттай унтаж амарч байхыг тэдний биемахбод нь шаардах боловч орчин үеийн амьдралын хэв маяг үүнийг боломжгүй болгож байгаа бололтой. Нэгэн мэдээлэл сонсож байсан юм байна: 30 ч билүү 20 ч билүү жилийн өмнөх хүүхдүүд одоогийн хүүхдүүдээс ядахдаа 1 цагийн хугацаагаар их унтдаг байжээ гэж. Тэгэхээр хөгжлөө дагаад хүмүүсийн унтах цаг нь хорогдож байна гэдгийг олж тогтоосон хэрэг.

- Хүүхэд нойр нь хүрэхгүй байх, унтаж өгөхгүй байх, мөн өглөө босохдоо нойрмоглоод байна гэдгийг хүүхэд чинь хэдийн ядарчихсаны шинж тэмдэг гэж ойлгох хэрэгтэй.

Хичээл дээр нойр хүрээд л, багш самбарын өмнө нэг зүйл яриад л, дуниартаад л, нүд анилдаад л, ширээ дэрлээд унтах тохиолдлууд сургууль, хичээлийн танхимд их болдог доо тиймээ?!... Тийм үед бидний, сурагчдын ихэнх нь "манай багш шал уйтгартай бүр нойр хүргэчихдэг юм" гэсэн тайлбарыг хэлээд суудаг байхаа? Унтуулдаг багштай унтаахай ангийнхан...

Багш нараа үнэн голомтгой. Багш л болохгүй, багш л чадваргүй, багш л уйтгартай, багш л яриад л, багш л ойлгуулсангүй, багш л .... бас л багш л гээд бүх зүйл багшийг буруутах аястай... ӨӨрөө багш, эсвэл багш аав ээжтэй, багш хань нөхөртэй, багш найз нартай над мэтийн хүмүүс багш нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж мэдэх байхдаа...

Үнэн учир нь багшид биш сурагчдад оршиж буй. Ялангуяа тэр унтаахай сурагчдад. Багш хэлж лекц уншиж бусад сурагчид нь чимээгүй байж нэг хэвийн орчин нь нөгөө ядарсан оюутан сурагчдад "унтуулах" орчинг бий болгодог аж. "Унтаахай" байна гэдэг нь сурагчдын нойрны дутагдлыг харуулж буй хэрэг.

Ер нь нойроо хасан байж хар үүр болтол сууж хичээл ном, шалгалтандаа бэлдэх нь сурагчдад тус болохоосоо ус болно. Судалгаагаар онц сурлаг сурагчид сайн сурдаг сурагчдаас их нойр авдаг, сайн сурагчид дунд сурагчдаас их нойр авдгийг тодруулсан байна. Бүр 15хан минутын хугацаагаар илүү унтахад хүртэл их нөлөөтэй гэсэн байсан.

Унтаж амрах нь хүний тархины үйл ажиллагаанд чухал нөлөөтэй байдаг. Улмаар бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд... Товчилбол хувь хүний эрүүл мэндэд их чухал. Тиймээс:

- Унтахаасаа өмнөх 6н цагийн дотор биеийн тамирын дасгал хийхгүй байхыг уриалсан байна.
- Унтахаасаа өмнө ТВ-ийн болон компьютерийн дэлгэцийн хурц гэрлээс ангид байхыг сануулжээ. Энэ нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна.
- Нойр нь дутагдмал хүний зовхи нь хавдсан, нүд нь бүлцийсэн, нүднийхээ хүрээнд харласан байдаг.

4 comments:

SUNshine said...

Биднийг хүүхэд байх үед интернет байтугай ПС энэ тэр нь байхгүй 10 өнгөрөөд л орондоо ордог байж дээ.

Унтахаасаа өмнө 6 цагийн дотор дасгал хийхгүй байх гэсэн байна бид ажлаа тараад фитнес энэ тэрээр хичээллэдэг нь буруу юм байна тэ.
Унтахаасаа өмнө бүүр тэгхээс тэгэх гэсэн юм шиг л ПС ширтэж байгаад унтдаг юм байна.

Anonymous said...

... унтаж амарч байх нь хувь хүний эрүүл мэндэд ЧУХАЛ гэдгийг бичлэгийг бичигч өөрөө болон уншигч хүмүүс илүүтэй ойлгон хэрэгжүүлэх байхаа гэж найдъя.
... хэхэ Эрүүл мэнд бас унтахыг эрмэлзэгч нэгэн бодлоо хуваалцав

Chandmani said...

Өмнө нь их оройтож унтдаг байсан. Ерөнхийдөө бол эртхэн унтаж байгаа. хэхэх

Дээрх бичлэгийг оюутан сурагчдад зориулсан гэдгээ хэлэхээ мартсан байна билээ...

Мань мэтийн хөгшчүүл бол зүгээрээ :)

Anonymous said...

... ерөнхийдөө гэдэг нь хааяадаа гэж л бууж байна даа, гэхдээ л дэвшил шүү...
...оюутан сурагчдаас бусад хүмүүст ч нойр эрүүл мэнд ЧУХАЛ шдээ...