2008-12-02

Өөрийн үнэлэмж: дордуулсан уу, хэтрүүлчихсэн үү, эсвэл таарсан уу?
(монголчилсон бичлэг)

Өөрийгөө үнэлэх үнэлгээ (цаашид өөрийн үнэлэмж гэе) нь таны харилцаа, таны дадал-туршлага, мөн таны бодлоос бүрэлддэг. Өөрийгөө зөв (эрүүл ухаанаар) үнэлэх нь оюун санааны саруул байдал, шаргуу ирмүүн, уян зохицох чадвар гэх мэтээр илэрдэг. Өөрийгөө үнэлэх чадвар гэдэг нь ерөнхийдөө өөрийн тухай бодол, өөрийнхөө үнэ цэнийг хэрхэн үнэлж, өөрийгөө хэрхэн дүгнэж байна вэ гэсэн үг. Хүнийхээ хувьд хэрхэн өөрийгөө дүгнэж байгаатай холбоотой. Өөрийгөө эрүүлээр, зөвөөр дүгнэсэн хүмүүс өөрсдөдөө сэтгэл хангалуун байж өөрийгөө "ашиг тустай" хэмээн боддог. Харин өөрийгөө "доогуур" үнэлдэг хүмүүс өөрсдийнхөө санаа бодол, ухаан чадвараа дутуу үнэлэн өөртөө үргэлжийн "сэтгэл дундуур" байдаг.

Өөрийн үнэлэмж нь хэдэн арван жилийн туршид нийгмийн судалгааны болон онолын сэдэв болсоор ирсэн. Сүүлийн үед хүүхдүүдийн ирээдүй, сургуулийн сургалтыг чанаржуулахын тулд сургуулийн насны хүүхдүүдийн дунд өөрийн үнэлэмжийг дээшлүүлэх сургалтыг тусгай хөтөлбөрөөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү зорилтыг эсэргүүцэгчид нь - ялангуяа өөрийгөө үнэлэх "шаардлагагүй" шахам сургуулийн хүүхдүүдийн дунд - өөрийн үнэлэмжийг дэвэргэж байна хэмээн маргаж буй нь утгагүй зүйл бөгөөд "миний үе" хэмээх хуучирсан ухамсартай холбоотой.

Дээрийг бичсэнийг дахин дурьдаад, орчин үед өөрийгөө доогуур үнэлдэг, өөрсдийгөө үнэхээр дутуугаар боддог томчууд асар их байдаг. Өөрийгөө яагаад дутуу хардаг болсон, өөрийгөө зөв үнэлэх болон өөрийгөө хайрлахын ялгааг олж харах, өөрийгөө үнэлэх чадвараа дээшлүүлэх, өөрийгөө зөв үнэлэхийн ач холбогдол зэргийг ойлгож суралцах хэрэгтэй.

Өөрийгөө үнэлэх чадварыг бүрдүүлдэг, нөлөөлдөг хүчин зүйлүүд
Өөрийн үнэлэмжийн чадвар нь бага наснаас төлөвшдөг. Өөрийгөө үнэлэх чадварт нөлөөлдөг хүчин зүйлст:

  • -Таны хувийн бодол санаа болон мэдрэмж
  • -Бусад хүмүүс
  • -Сургуулийн орчин
  • -Биеийн тамир, спортын орчин
  • -Ажлын орчин
  • -Өвчин, сул дорой байдал, гэмтэл согог
  • -Соёл уламжлал
  • -Шашин шүтлэг
  • -Нийгэмд эзлэх байр суурь болон гүйцэтгэх роль


Ойр дотны хүмүүстэй ялангуяа эцэг эх, төрөл төрөгсөд, найз нөхөд, багш сурган хүмүүжүүлэгчид зэрэгтэй харьцах харьцаа маш чухал. Өнөөдөр таны өөрийнхөө тухай тунгаасан бодол санааны ихэнх нь дээр дурьдсан хүмүүсээс хүлээн авсан мэдээллүүдийн тусгал. Хэрвээ та тэдэнтэй ойр дотно сайн харьцаатай бол ерөнхийдөө ихэвчлэн эерэг нөлөөллийг авсан байгаа, тиймдээ ч та өөрийгөө "гайгүй"-гээр харна. Хэрвээ та ихэнхдээ "сөрөг" нөлөөллүүдийг дарагдсан, бусдад үргэлжид шүүмжлүүлж, доромжлуулж, дооглуулж, дээрэлхүүлж байсан бол та өөрийгөө "доош" нь жийн бодож, өөрийгөө үнэлэх үнэлэмж тань доогуур байх нь магад.

Гэвч таны өөрийн бодол санаа тань өөрийн үнэлэмжид тань чухал нөлөөтэй. Бодол санаа гэдэгт нь "өөртэйгээ ярьсан" яриа, нөхцөл байдалд буусан мэдрэмж, өөрийнхөө тухай болон бусдын тухай, мөн үйл явдлын тухай таны санаа бодол зэргийг багтаана.Амьдралын ололт амжилт болон алдаа эндэгдлийг хэрхэн дүгнэж цэгнэдэг чинь өөрийгөө үнэлэх мэдрэмжид нөлөөлнө. Дараалан хүрсэн ололт амжилтууд өөрийгөө эерэгээр, улмаар өөрийгөө өндрөөр үнэлэх нөхцлийг бүрдүүлнэ. Дараалан эндсэн алдаанууд таныг өөрийгөө "голох" сэтгэлийг төрүүлж улмаар өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулдаг.

Өөрийгөө үнэлэх үнэлэмжийн ангилал
Өөрийн үнэлэмж нь маш итгэлтэйгээс маш сөрөг хүртлээ ангилагддаг. Аль аль "хэтэрхий" үнэлгээ нь "эрүүл бус" үнэлгээ юм.

  • -Хэт үнэлэмж
Өөрсдийгөө "амьдралгүй" эерэг хардаг хүмүүс өөрсдийгөө бусдаас илүү, чадалтай хэмээн сэтгэдэг. Тэд нар аажмаар бие тоосон, бардам хүмүүс болж хувирах магадлалтай. Мөн тэд бусдаас илүүг эдлэх, хүссэнээ авах ёстой мэт ойлгон омог бардам "хувиа хичээгчид" болон хувирдаг. Тэд голдуу өөрсдийгөө өөрийг нь үнэлэх бусдын үнэлгээнээс дээгүүр үнэлдэг. Үүний бурууг "өөрийгөө үнэлэх үнэлэмжийн дээшлүүлэх"-ийн эсрэг шүүмжлэгчид өөрийн үнэлгээг дээшлүүлэхийн хор уршиг хэмээн үздэг байна.
  • -Сөрөг үнэлэмж
Өөрийн тухай сөрөг үнэлгээтэй хүмүүс өөрсдийгөө бусдаас дутуугаар үнэлдэг байна. Өөрсдийнхөө санаа бодол, сэтгэлээ багад бодож ихэнхдээ өөрсдөөсаа ичиж зовдог байна.

  • -Эрүүл саруул үнэлэмж.
Эрүүл саруул өөрийн үнэлэмж нь хоёр туйлын дунд оршдог. Энэ нь өөрийнхөө тухай нягт, тэнцвэртэй ойлголттой байхыг хэлж буй юм.
Хэрэв Та өөрийнхөө талаар ерөнхийдөө эерэг (сайн гэдгээ мэдэрдэг бол) бодолтой байдаг бол тодорхой хязгаартай байх ёстой гэдгээ ойлгох хэрэгтэй. Өөрийгөө эрүүл саруулаар дүгнэснээр та өөртөө итгэлтэй, өөрийнхөө чадал, чадвар, ололт амжилт, физилогийн байдалдаа сэтгэл хангалуун байдаг. Дутуу, дутагдалаас үл хамааран Та өөрийгөө хайрлан хүндлэх болно, гэвч өөрийнхөө чадалд хэт бүү эрдээрэй. Та өөрийнхөө зохих үнэ цэнийг мэдрэнэ, гэвч бусдаас илүү эсвэл дутуу хэмээн бүү харьцуулаарай.

Өөрийгөө дутуу үнэлэхийн (low self-esteem) түгээмэл шинжүүд
Цаг хугацааны эрхээр хүмүүс нь өөрсдийнхөө тухай "дорд" үзэх явдал бол энгийн үзэгдэл юм. Зарим ажил үүргийг биелүүлэхдээ өөртөө итгэх итгэлээ алдах, өөрсдийнхөө чадал, чадвар, бололцоо, эсвэл физилогийн байдлаа голох явдал байдаг. Хэдий тийм ч, амьдралын өчнөөн дов сондуулд болгонд өөрийгөө голоод бүдрээд эхэлбэл тэрхүү мэдрэмж бодол санаа чинь урт-хугацааных болон хувирч, улмаар өөрийгөө үнэлэх үнэлэмж тань амьдралын тэрхүү орон зайтай хамт уруудна.

Өөрийгөө дутуу үнэлж байгаа тань Таны байгаа байдал, царай зүс, бусадтай харьцаж буй байдлаар илэрдэг байна. Яаж мэддэг вэ? Дутуу үнэлэмжийн түгээмэл шинжүүд:

  • -Өөрийн хэл яриагаар дорой байх, "Би бусдын цагийг дэмий үрэх байх, тиймээс тусламж хүсээд ч яахын билээ", "Би азгүй хүн дээ", "Би юу ч хийж чадахгүй юм даа" гэх мэт
  • -Өөртөө эргэлзэн юм л болвол уучлал гуйгаад л, эсвэл бусдыг хэлдэггүй мөртлөө өөрийгөө үргэлж муулах, гоочлох
  • -Өөрийнхөө угийн сул тал болон алдаа дутагдалдаа хэт төвлөрөх.
  • -Үргэлж бусдын дэмжлэгийн харах, бүр өөрийн боломж, чадал хүрэх зүйлд хүртэл бусдыг гуйх.
  • -Бусдын талархлыг хүлээн авахаасаа татгалзах эсвэл өөрийн талаархи бусдын магтаалыг үгүйсгэх.
  • -Алдахаас айн "төгс төгөлдөр" хүн мэт дүр эсгэн улмаар "ажил" алдах

Өөрийгөө зөв үнэлэхийн ач тус
Өөрийгөө зөв үнэлснээр амьдралын бүхий л тал дээр дэвшиж дээшилнэ. Өөрийгөө зөв үнэлснээр бусдаас суралцахад болон бусдыг сонсоход Та "нээлттэй" болж, энэ нь Таны асуудал шийдэх, асуудлыг сөрөх чадварыг дээшлүүлнэ. Өөрийнхөө чадал, чадварт итгэснээр ажил үйлс тань урагшилна. Мөн Та айх аюулгүй сэтгэл хангалуун, өөртөө итгэж, ерөнхийдөө бусадтай найрсаг харьцаатай байна.

Өөрийгөө зөв үнэлснээр Та:

  • -ганцаардал, гуниглал, мухардал, буруудах, гутамшиг, ичих зэрэг зовлонгуудад бага ороогдоно.
  • -өөртөө итгэлтэй байж өөрийнхөө хэрэгцээ, бодол сэтгэлээ зоригтой илэрхийлдэг болно.
  • -найдвартай, үнэнч нөхөрлөлтэй улам их учирна. Бусадтай харьцах харьцаанд тань ямарваа асуудал гарах бололцоо багасна.
  • -өөртөө ба бусдад таарч тохирсон бодит шаардлага, стандартыг тавина. Тиймдээ ч та өөрийгөө болон бусдыг шүүмжилж гоочилохоосоо сэргийлж, бусдын болон өөрийнхөө алдаа дутагдал, сул талыг хайхаас зугтаж чадна.
  • -хямрал(стресс)-ыг шаналал зовлон багатай давж туулна. Санамсаргүй шалгуур, хүнд асуудал, өвчин зовлон, гутрал тулгарахад хатуужилтай байж, өөртөө итгэлтэй байх болно.
  • -унд хоолноос гарах, гаж зуршилд автах, хямрах, зовлон шаналалд нухлуулах зэрэг эрүүл мэндийн асуудал, сэтгэцийн өвчинд автах магадлал багатай.

Өөрийгөө үнэлэх байдал нь амьдралын алхам бүрд нөлөөлдөг тул өөрийнхөө талаар бодит, зөв, эрүүл саруул бодол санаатай байх нь маш чухал. Мөн Та өөрийгөө хүндлэх, хайрлах эрхтэй бөгөөд өөрийнхөө амьдралд болон өөртөө (хэнбугай ч байсан) баярлаж талархах хэрэгтэй. Гэхдээ хөнжлийнхээ хирээр хөлөө жийх хэрэгтэйг сануулахад илүүдэхгүй байх. Өөрийгөө үнэлж, хүндэлж дээдлэе.

*мэдээллийг нэгэн сайтнаас авсан болно. Зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглосон байсан тул энд линкийг нь бичсэнгүй. Монголчилсон учраас гайгүй байх гэж найднам. Гэхдээ битгий ховлочихоорой :)
Утга санаа ойлгогдохгүй байвал... хэлүүлэлтгүй биз дээ...

No comments: