2008-06-13

За яахав, цаг гаргаснаараа дуусий... Хөл бөмбөг болон миний амьдралын хэсэг.

Багаасаа хашаандаа хөл бөмбөгийг тоглосоор ирсэн. Бидний үед зориулалтын бөмбөг байсан биш таарсан бөмбөгөө өшиглөж байлаа. Одоо санаж байгаагаар нь "алдарт" 13-ын бөмбөг. Бидний үеийнхэн андахгүй байх. Энэ нь 13-н төгрөгний бөмбөг байсан байх. Нөгөө ургамлын тосыг "9-ийн тос" гэж нэрлэсэнтэй адил бид тэгж нэрлэсэн биз.

Хоёр чулуугаар, голдуу тоосгоор хаалга хийн, хашаагаар захын зураасыг хийдэг тэр цаг үе ч сайхан байж шүү...

Сургуульд дээрээ бол зориулалтын талбайд тоглоно. Хэнтийн 10-н жил гайгүй талбайтай ш дэ. Бүр зориулалтын хөл бөмбөгийн хаалгатай шугам зураастай үнэхээр сайхан талбайтай. Гутлаа ханзартал, формоо урагтал тоглож байсан даа.... Би бүр нас "явчихаад" тэнд тоглодог байсан гээд боддоо. Одоо болтол тэрхүү төмөр хаалга байгаа гэж бодож байна...

Сургуульд байхдаа хөл бөмбөгийн бүсийн тэмцээнд оролцож байсан. Дорнодын баг манайд ирж тоглоод манайхыг 2:1-ээр хожсон юмдаг. Тэмцээний бэлтгэл гээд хэдэн долоо хоног "Спорт заланд" бөмбөг хана луу өшиглөж, шинээр баригдсан стадиондоо бэлтгэлээ базаадаг байж билээ. Надаас хэд дүү одоо Улсын начин Одхүү тэр үед хөл бөмбөг тоглодог байсан юм.

Миний анх тоглосон үндсэн багийн нэрийг "Мустанг" гэж нэрлэдэг. Одоо Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэст дээгүүр албан тушаал (бараг л дарга байх) Дагваа ах бидний үеийн хэдэн залуучууд, бас бус насныхаа хүмүүсийг цуглуулаад энэ багийг бүрдүүлж бид долоо хоног бүр бөмбөг өшиглөдөг байж билээ. Эрчим хүчний гээд бас бус баахан харчуул. Бүр энгэртээ морины толгой (мартсан байна) бүхий зурагтай футболка өмсдөг үнэхээр хөл бөмбөгийн багийн гишүүн байжээ...Энэ нь Хэнтийд хамгийн анхны хөл бөмбөгийн баг байсан байх шүү.

Бид хөл бөмбөгийн тэмцээнийг ТВ-ээр маш их үздэг байв. Хамтдаа биш л дээ. Би ч гэртээ. Цагийн зөрүүнээс болоод Оросын голдуу сувгаар тэмцээнүүдийг үзнэ.Манайхаар бол дандаа шөнө таарна. Хэнтийд ТВ-ийн сувгийг 12 цаг орчимд (санадаггүй ээ бас) хаадаг санагдаж байна. Гэхдээ хөл бөмбөгт дуртай хэн нэг нь холбоо руу утасдаад нууцаар залгуулаад хулгайгаар үздэг байж билээ. Олон хүн залгах тусаи бидний үзэх шанс ихсэнэ, тиймээс сүүлдээ би залгах ажилд идэвхтэй оролцдог болов. Холбоонд ажиллаж байхдаа бас ч үгүй хулгайн нэвтрүүлгийг цацах ажилд идэвхтэй оролцож байлаа...

Оросод сурч байхдаа Дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээнүүдийг идэвхтэй үздэг байв. Оюутнууд голдуу шөнө унтахгүй. Тэр үед пиводох бас нэгэн шалтаг нь байв.

Ерөнхийдөө иймэрхүү...

No comments: