2008-04-06

Охиндоо зориулаад дурсамж болгоод үлдээнэ ээ...

Бараг сарын өмнө шахуу охиныхоо сургууль дээр очиж нэгэн танилцуулах арга хэмжээнд оролцсон юм байна. Тэрхүү танилцуулах арга хэмжээнд сургуулийнх нь ахлах ангийн сурагчдыг коллежийн сургалтанд хамрагдах асуудлыг хариуцсан багш ирэх хичээлийн шинэ жилээс коллежийн анги авах, тус сургууль ямар ямар их дээд сургууль, коллежитой хамтран ажилладаг, юуг анхаарах, хичээлийн хуваарь, сургалтын цагийг хэрхэн зохицуулдаг, кредит, үнэлгээ болон дүнд хэрхэн нөлөөлдөг, сургуулийн талаас юуг зохицуулах гээд бараг л бүх зүйлийн талаар нилээн дэлгэрэнгүй яриа хийсэн. Ирэх 9-р сарын 1-нээс эхлэн хичээлийн жилийн бэлтгэлийг одооноос зохицуулж байгаа хэрэг л дээ. Энэ нь ч зөв. Элсэлтийн дүрэм журам, зөвшөөрөл, хичээлийн хуваарь, коллежийн хичээлийг тааруулахаас авахуулаад зөндөө зүйлүүд байгаа...
...Өчигдөр охин минь "ойрдоо би application-даад байгаа" гэж хэлдэг байгаа. За юу л бөглөөд үймүүлээд байна даа гээд охиноо жоохон цаашлууллаа. Тэгсэн коллежийн анги авах хуудсыг, apartment complex-ээс swimming pool дээр part time-аар ажиллах хуудсыг бөглөчихөж... Охиныгоо их олон зүйл бодож явдаг гэдгийг "ухаардаг" байгаа. Нэгд, хичээл сургуулиа зохицуулах, хоёрт, аавдаа туслаад өөрийгөө хөгжүүлэх, гуравт, мөнгө хийх аргаа олох гэж байгааг мэдэрлээ. Уг нь ноднин ажиллаад эхэлчихсэн. Одоо ажил хийх аргад суралцаж буй, өөрийн картандаа хэдэн төгрөгтэй, банкны "царай муут" үйлчлүүлэгч, байгаагаа "дураараа" зарцуулах чадвартай болчихсон... Охиндоо амьдралыг эрт үзүүлж эхэлсэндээ өөртөө жоохон гундуу байгаа боловч ирээдүйд өөрт нь хэрэг болох талаар бодож сэтгэлээ тайтгаруулдаг. Ээждээ төрсөн өдрөөр нь 100-г бэлэглэсэн. Энэ нь охин минь амьдралдаа цалинжаад ээждээ зориулсан анхны мөнгө нь. Хааяадаа аавдаа мөнгө "зээлдэг" сэтгэл зөөлөн охин... :)
Ааваасаа мөнгө гуйхгүй өөрийгөө гангалаад, будаж шунхдаад :) бараг жил болчихож. Охиндоо үүнд нь баярлаж явдаг. Баярласандаа, тохиолдлоор ч охиндоо бэлэг авч өгдөг, тийм ч харам аав биш шүү би. Би ил хэлдэггүй дотроо бодож явснаа энд бичлээ. Заримдаа охиноо "шалгаад" ч мөнгө гуйж царай алддаг эр дээ... Охин минь өглөгч байж чадах болов уу гэсэн асуултандаа хариулт авч байгаа хэрэг л дээ. Охин минь гайгүй "өглөгч" боловч нэг л "хатуу" царайлаад байдаг юм. :) Энэ ч зөв, яагаад гэвэл би өөрөө мөнгөний тал дээр "гэнэн" нэгэн байгаа юм...

...За, охин минь "дараа" жилээс коллежийн хичээл авах болтугай, аав нь хүргэж өгч байгаад машин барьдаг болохоор нь нэг машин авч өгөх байх. Жолоо барьж чадахгүй, мөн машины талаар иймээ тиймээ загварын ганган хээнцэр гэхгүй байгаа ч тодорхой хэмжээгээр дурдаад авсан охин доо...

Анх удаа машин жолоодсон талаар нь маргааш бичье.

*Охин минь өөрийгөө 16-тай гээд байгаа боловч уг чанартаа 15-тай байхгүй юу... Би хүүхэд байхдаа их л хурдан томрох, хөгшрөх гээд яарч байсантай адил л юм болж байна... Гэхдээ өөрийнхөө 15-тай байснаа охинтойгоо харьцуулбал хажууд нь үнэхээр жоохон, аав ээжийн эрх хүү байсан шиг санагдаж байна.....

No comments: