Эцэг эхчүүдийн тархийг багагүй ажиллуулдаг нэгэн зүйл бол хүүхдийн гутлын размер (өмсгөлийн хэмжээ).
Гутал гэснээс жоохон хадуурна аа :)
"Эр хүн нэг сайхан костюм пиджак, зангиа (бас энд), цамц, сайн гутал, цаг, үзэг, нүдний шил байхад л гангарна" гэж сонсож байсан уу. Тэр нь ч ерөнхийдөө үнэний хувьтай шүү.
Сайн гутал...
Хэрвээ Та оффист ажилладаг, костюмтай байх шаардлагатай бол нимгэн ултай, банхар биш гутал авч байгаарай. Ер нь цамц, костюм, зангианыхаа, бүр болж өгвөл гутлынхаа өнгийг хооронд нь аль болохоор уялдуулах.
Хөдөө гадаа салхинд гарахдаа харин дээрхийн эсрэг гутлыг өмсөх, спортын, энгийн, бусад зориулалтын гутлыг өмсөх. Хөдөө, салхинд, аялалд чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа мөртлөө ажилдаа байгаа юм шиг гангалчихсан эрчүүдийг харж л байсан юм байна. Харин ажлаа хийж байгаа бол өөр хэрэг л дээ.
Өө, гутал....Гадаадад явах завшаан гарах болгонд өөртөө болон хүүхдэдээ, өрөөл бусдад гутал авчрахыг хичээдэг байв.
Өө, гутал.. Багадаа бойтог өмсөж байсан байхаа.. Би ямар санах биш дээ...Санаж байгаагаас хар бакиалаас авахуулаад орос, хятад гэлгүй л бараг л бүгдийг өмсөж байсан юм байна. Хөдөөний гангараа - бакиалыг янзлаад хром шиг гялалзуулна, түрийг нь эргүүлээд л, энд тэнд нь нүхэлж савхи шир уяж цацруулаад л... Тэвэг өшиглөхөд үнэн лайтай (тохиромжтой)... хэхэ Сургуульд бакиал өмсөхийг нэгэн бодлын хориглодог байв. Яагаад гэвэл "шал зурна" гээд. Энэ нь ул нь хар зураас үлдээхийг хэлж байгаа хэрэг л дээ...
Дунд сургуулийн 8-аас доош ангид хичээлээ тараад 13-ын бөмбөг бөмбөг өшиглөөд гутал тэсгээдгүй тул ул нь зузаан, бөх гэсэн гутлыг л авч өгдөг байж билээ... Ямар загвар энээ тэрээ гэх биш дээ.
Сургуульд байхад хятадын цагаан ултай хар шаахай моодонд ороод нэг хэсэг монгол хөвгүүд хятаджсан юмдаг. Бас нэг "кээт", юу ч билээ нэр нь... шанхай кээт ч билүү ямар ч байсан зузаан ултай цагаан кээт моодонд ороод, дамын үнэ нь хадаад л, олох гэж хэцүү байж билээ...
өө, гутал...
Хамгийн богино өмссөн гутал маань: Нэгэн удаа ээж минь их л ганган хятад гутлыг хямдхан авсан гээд тэр нь 7 хоног хөлд тэсэж билээ. Бүр хөл бөмбөг энээ тэрээ тоглоогүй зөвхөн л "өмссөн" гутал... Хятад хулхи гутал байсан байна гээд л өнгөрсөн.
Хамгийн удаан өмссөн гутал: Оросод байхдаа авсан бакиал шиг материалаар хийгдсэн, бүр үнэр нь хүртэл яг л бакиал - Польш гутал. Их загварын гутал. Хар зах дээрээс их л үнэтэй авсан санагдаж байна. Их удсааан. Үдээсийг нь солиод л.. Эхэндээ ч гангараа байсан, сүүлдээ ч хөөрхий ажлын гутал болчихсон маажийчихсан байсныг санаж байна...
Өмсөөгүй удсан гутал: Монголоос энд ирэхдээ өмсөж ирсэн өвлийн гутал. Санаснаас Германаас авч байсан юм байна. Сүүлийн хэдэн жилд бараг л 4-5н удаа өмссөн байх. Одоо байж л байгаа. Гаргаж тоосыг нь арчихаас хөөрхийг....
Одоо ч, өвөл зунгүй таавчиг углаад л гутал авах нэг их шаардлага гарахгүй юм. Тэгэхдээ бүр гуталгүй гэх нь хаашаа юм. Голдуу л Adidas пүүз болчихож.Аль болохоор хямд, чанартай гутал өмсөхийг хичээдэг бөгөөд DSW орж үнэ нь 30-50 хувь хямдарсан тасгаас нь гайгүй гутал авчихдаг юм. Хэрвээ Америкт байдаг бол тэр дэлгүүрээр ороод үзээрэй.
тас хадуурчихсан явж байна...
Гутлын размер...
Гэр бүлтэй болсноос хойш хүүхдэдээ гутал тааруулж авах гэж хэмжих, зурах, цаас хайчлах гээд бөөн ажил болдог байв. Тааруулж авна гэж ёстой 100-д хэдхэн л гэдэг болох байх. Авах болохдоо дагуулан явахаас өөр аргагүй. Хэрэг болж магадгүй гэж бодоод хүүхдийнхээ хөлийн размерийг тодорхойлж болох нэгэн хэмжүүрийг энд орууллаа. (Уг нь бичлэгийн үндсэн зорилго нь энэ байв)
Хүүхэд хурдан өсөж торнидог тул хөлийнх нь хэмжээ их удахгүй өөрчлөгддөг. 2-оос 3-н сард нэг хэмжээд үзээрэй. Яаж хэмжиж, гутлын размерийг тодорхойлох вэ?
Шугам, харандаа, цаас л хэрэг болно. Шалан дээр тавьсан цаасан дээр хүүхдийнхээ хөлийн тавхайг тааруулан зогсооно. Хөлийн хуруунуудыг нь атийж хумийлгалгүй, ул нь тэнэгэр байлгахын тулд зөөлхөн дарж үзэх хэрэгтэй.
Өсгийний араар болон хамгийн урт хурууны урдуур зураас зураарай. Нэг хөлийн хэмжээ нь нөгөөгөөсөө урт байвал бүү гайхаарай. Зүгээр л уртыг нь цаашдын хэмжүүртээ ашиглах хэрэгтэй.
Зурсан 2 зураасны хоорондох хэмжээг инчээр эсвэл см-ээр хэмжээрэй.
Илүү 0.5 см-ийг хэмжиж олсон хэмжээн дээрээ нэмээд энд дарж гутлын размерийг нь тодорхойлоорой. Хэмжээ нь яг таарахгүй бол ойролцоо утгыг нь сонгоорой. Өсвөр насны хүүхдийнхийг энд дараад олж мэдээрэй.
Гутлын размер Ази, Европ, Англи, Хятад, Орос гээд олон янз... Энэ нь см болон инчээр хэмждэгээрээ ялгагдаж байгаа хэрэг л дээ... Гэвч энд гутлын дэлгүүрт нь хөлийн хэмжээг хэмждэг хэрэгсэл байдаг тул санаа зоволтгүй...
Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гутлын размерүүдийн харьцуулалтыг доорхи зурган дээр дарж сайтад зочлон үзээрэй. Хүүхдийн размер нь дотроо бас олон янз шүү.
chart source: http://www.piperlime.com/
Хэмжээгээ топорхойлчихоод энэхүү мэдээлэл аль хэр үнэний хувьтай болохыг нь эргэж мэдэгдээрэй. :)
Pearle Deppsu-гийн commentod бичсэн үнэртэй ус гэснээс энд нэг шагайчихаарай.
