2007-03-02

"Хүүхдээрээ"
Сүүлийн үед баахан дурсамж, хоол унд гээд "зарим ажлаасаа" нилээн
хөндийрсөн байна шүү...
Блогтоо анхнаасаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаан, "ухаан суулгах" тухай нилээн оруулсан. Энэ сэдвээр доктор болдог юм уу гэж бодоод л. Хэл амтай Др. Гоожуур шиг бас нэгэн хэл амгүй Др. Чандмань гарахгүй юу хэхэ. Бидний үед, миний үед, соц үед, өсвөр насны хүүхдүүд "бусдын хэл, ам"-наас энэхүү асуудлыг суралцаж байсан юм шигээ: сургуульд заахгүй, томоотой хүүдээ аав ээж нь хэлэхгүй, ах эгч нар болохоор өөрсдийгөө яах вэ гэцгээж байдаг. Янз бүрийн сэтгүүл зураг ч гэж байсан биш, тэр тусмаа хөдөө нутагт. Биологийн хичээл дээр эрэгтэй, эмэгтэй хүний бие махбодийн талаар цухас дурьдаад өнгөрсөн шиг. "Ичимхий хөдөөнийх" тул ичиж улайж байгаад сурсан ч зүйлгүй. Яахав, эрэгтэй хүүхдүүд найз нөхдүүдийнхээ ачаар саваагүйтэж "бага сага" зүйл "харна". Харна гэдэг нь зарим сэтгүүл л үзнэ гэсэн үг л дээ. Охидууд цаагуураа зүгээр байдаггүй байхаа гэсэн "хартай".
Монгол орон залуучуудын орон гээд л бүгд гайхашраад байдаг. Гэтэл залуучууд бидэнд амьдралд хөлөө олоход юу дутагддаг вэ.

16 хүрээд иргэний үнэмлэх авдаг ч "хүүхдээрээ" л. "Хүлээж ядсаар чамтай золголоо, хүсэж мөрөөдсөөр чамтай учирлаа" гээд нэгэн дуу байдаг даа. Өсвөр үеийнхэн нь болохоор 16 хүрэнгүүтээ л том хүн болчих юм шиг бодоод л байдаг. Би бол тэгж л бодож байсан. Дотроо тэгж бодож байгаа боловч "амьдралд" хөлөө олоод өөрийн шийдвэрээ гаргаад явах хэмжээнд хүрээгүй байдаг. "Том хүн" боловч "амьдрал", "хариуцлага" гэдгийг ухамсарлахгүй, хэн нэгнээс "хараат". 16-тайдаа амьдралын, мөнгөний үнэ цэнийг ойлгосон "томчууд" Монгол аль хэр байдаг болдоо?!

Тусдаа гарсан ч "хүүхдээрээ". Тусдаа гарах гэдгийг заавал гэр бүл болох гэдгээр бүү ойлгоорой. Сургууль соёлын мөр хөөгөөд ийшээ тийгээ явах, оюутны байранд амьдрах, бүгдийг багтааж байна. Гадаадад явбал сая нэг өөрөө өөрийгөө авч явахад суралцдаг байх, монголдоо бол за даа, утасдаад л, бараг загнаж байгаад "бүх юмаа" бэлдүүлчихдэг. Өөрөө өөрийгөө аваад явдаг "томчууд" Монгол маань аль хэр байдаг болдоо!?

Хүүхэдтэй болсон ч өөрсдөө "хүүхдээрээ" хэвээр. Аав, ээжид мэдээж хүүхэд нь хүүхдээрээ л, хүүхдүүд нь ч аав ээждээ хүүхдээрээ л байх нь ойлгомжтой. Гэтэл үүнийг бүр давруулаад "тэжээлгэх" гэсэн утгаар ойлгоод буруу тийшээ самарчих юм. Насанд хүрчихээд аав ээжийнхээ тэтгэврээр амьдраад байгаа хүмүүс монголын хүн амын хэдэн хувийг эзлэх болдоо?!.

... их бичихгүй ээ.

No comments: