2007-02-26

Ecy саналаа бичээд өөр зурагнууд байвал энэхүү блогтоо оруулахыг хүссэн байсан. Надад энд ямар ч зураг байхгүй байна лдаа, дээр нь зурах ч шаардлага гарахгүй юм.
Хүүхэд байхдаа л тосон, усан, харандаан будгуудаар зурж байсан. Зурах хообийгоо дагаад бас зургийн хэрэгслүүд, бийрний цуглуулгатай байв. Нарийхан ширхэгтэй бийрээр зурахад яг л үзгээр бичиж байгаа юм шиг байдаг байж билээ. 10-н жилээ төгсөөд, их сургууль, ажил төрөл, гэр бүл гээд завгүй эр болсон тул зурахаа бараг мартсан. Угийн ч тийм сайн зураач байгаагүй. Хүсэл сонирхлынхоо дагуу хааяадаа л хар харандаагаар хүмүүсийн нүүр, царай, нүд, хөмсөг гээд зурах гэж оролдоно. Хажуу талаас нь зурахдаа өмнөөс нь харж зурснаасаа илүү амархан, гайгүй зурчихдаг юм. Адилхан зурах гээд дотроо их хичээнээ. Бас шоглоод зурчих санаатай хамар, ам, нүд, хацрыг нь янз бүр болгоод байдаг байж.
Дээр үед компьютер гэж байсан биш, аав, ээж, эхнэр маань багш байсан тул төрөл бүрийн ханын самбар, үзүүлэн, таниулах материалуудын зургуудыг зурж байсан юм байна. Бага насны хүүхдүүдийн үзүүлэнг хийхдээ янз бүрийн хүүхэлдэйн киноны баатруудыг номноос хуулбарлаад л зурна. Төрөл бүрийн сэдвээр үзүүлэн хийх тул бас төрөл бүрийн чиглэлээр зурнаа: байгаль, хөдөө тал нутаг, гэр, байшин сав, машин техник, таван хошуу мал, хүмүүс... гээд л. Толгой, гарчигийг бичихдээ шрифтээр бичнэ. Шрифтийн үзэгний толгойн цуглуулгатай тэрийгээ ашиглана. Зөвхөн үзүүр нь бол харандааны үзүүрт уяж байгаад л бичдэг байв. Анх бичихийг ааваасаа сурсан юм. Голдуу хар, цэнхэр тушээр бичдэг боловч өнгө үзэмж оруулахын тул улаан, ягаан тушийг их ашигладаг байв. Мөн тэр үеийн бичгийн гол хэрэгсэл болох фламастераар дармалдана. Соц үеийн арвилан хэмнэлтийн сургаалаар фламастер дуусах болон хатахаар нь аавын үнэртэй уснаас аваад уусгаад нэг хэсэгтээ л бичдэг байж. Дармалдана гэснээс сүүлд их сургуульд байхдаа багшийнхаа лекцийг дармалдаад амждаг байв. Босоо, нарийхан жижиг дармалдаад энэ нь дэвтрийн хуудас хэмнэхээс гадна их цэгцтэй харагддаг уншихад амар байж. Сониноос, бидний үед монгол бичиг сургалтын хөтөлбөрт байгаагүй тул би мэддэггүй, гэхдээ аав, ээжийн номнууд, материалуудаас монгол бичгийг харж байдаг байсан. Цэвэрхэн бичсэн монгол бичгийн ном, зохиолыг хараад их шохоорхдог, нүдэнд минь их сайхан, цэгцтэй харагддаг байж. Би тэгэхээр эмх цэгц гээд байж магадгүй нөхөр байгаа биз. :) Ээждээ монгол бичгийн үзүүлэн, самбар тариулах материалуудыг зурж ажилд нь тус болдог байсан нь надад монгол бичиг сурахад нөлөөлсөн юм. Сүүлд их сургуульд хагас хугас үзсэн. Одоо үсэглээд л суучихна даа. :)
Дараа нь эхнэртээ бас яг ээждээ тусалсан шигээ "ашиглуулсан". Хүүхдүүдэд цагаан толгойн үсэг заадаг тул баахан үсэг бичээд л, холбогдох зургийг зураад л нэг самбар. А үсэг бол алимны зураг зурах жишээний, бас ганц, хоёр үе бүхий үгнүүд бичнэ. Криллээр болон монгол бичгээр аль алинаар нь. Гэрээр дүүрэн үзүүлэн материал байдаг байж. Багш нарын ажлыг дүгнэхдээ үзүүлэн, таниулах материал, зураг хэрхэн ашигладаг байсныг харгалзан үздэг цаг байж. Одоо яаж байгааг мэдэх юм алгаа.
Нэгэн удаа, охиныхоо 1-р ангийн Цагаан толгойн баярыг ханын самбарыг багшийнх нь хүсэлтийн дагуу шөнөжингөө хийгээд ажилдаа явахаас өмнө өгч билээ. Охин маань тэр ханын самбарынхаа өмнө зургаа авахуулсан бөгөөд тэр зургаа харах болгондоо л энэ самбарыг аав хийсэн гээд гайхуулаад ярьдаг юм.
Бас нэг. Залхуурдаггүй байж дээ. 10 жилээ төгсөхдөө ангийнхаа бүх хүүхдүүдэд, багшдаа зориулаад дарцаг шиг юм хийгээд дурсгасан юм байна. Энэ нь хананд өлгөх зориулалтай бөгөөд дотроо дэлхийн зураг, сургууль, сургуулийн нэр, 10Б анги, үзэг бал, харандаа, шинжлэх ухааны тэмдэг, математикийн томъёо, химийн тэмдгүүд оруулсан шиг санаж байна. Одоогоор бол лого зураг. Цагаан даавууг доогуураа хошуу хэлбэртэй, дээгүүрээ тэгш өнцөгтэй байдлаар хайчлаад, дээд ирмэгийг нугалан дунд нь утас ээрч өлгүүр хийсэн юм. Би өөрөө утсыг ээрэх гэж үзсэн боловч сайн, нягт, чанартай болохгүй байсан тул ээжээрээ хийлгэв. Зурсан logo зургийнхаа дагуу цоолбор хийн бэлтгэсэн цагаан даавуун дээрээ өнгө, өнгийн будгаар буулгав. Зарим өнцөгийг фламастердсэн санаж байна. Даавуу нь цагаан даалимба байсан бөгөөд намираад байсан тул цардах хэрэг гарав. Гэтэл хөдөө зориулалтын цардуул байгаагүй тул төмсөөр цардуул хийн цардсан. Ганцаараа хийсэн гэхэд, ерөнхийдөө гайгүй ээ. Надад цоолборын болон тэр дарцагны эх хувь нь хадгалаастай байдаг. Харин манай ангийнханд байдаг эсэхийг би хэлж мэдэхгүй байна...

No comments: