2007-02-21

Онгоц, онгоцны билет....
Онгоцоор аль хэр нисдэг байсан бэ гээд бодоод үзлээ. Монголдоо ажлын шаардлагаар Увс, Баян-Өлгий, баруун аймгуудад, Дорнод, Сүхбаатар гээд бүх аймгууд руу шахам ниссэн юм байна. Сэлэнгэ, Төв рүү л нисээгүй юм байна. Гадаадын нилээн хэдэн орнуудад нисчээ.
Арван жилд байхдаа онц сурлагатан би (хэхэ) Хэнтий-Улаанбаатарын хооронд нисээд л "Найрамдал"-д амарч байсан... Жил болгон "Ногоон онгоц"-оор Дадал сум нисч "Онон" зусланд амарна. Энэхүү зуслан үнэхээр сайхан зуслан байсан, сүүлд хаагдан, томчуудын амралтын газар болсон. Байр сав нь хоосроод, орчин тойрон нь сүйрээд юу ч үгүй шахам болсон байхыг хараад харамсаж билээ...

Балчир байхад, хүүхдүүд цөөхөн үедээ аав, ээж маань биднийг аваад нислэг хийж Улаанбаатар ордог (45 минутын нислэг) байв. Хотод хэд хоноод галт тэргээр Дархан, Эрдэнэт байдаг хамаатнууд руу явна. Гэр бүлийн гишүүдийн тоо нэмэгдэн аав ээж зардлыг хүчрэхээ болив.
Бидний нас ч нэмэгдээд "хүүхдийн тооноос" хасагдаж, "том хүн"-ий зардлаар явах болоод зардал их гарах болсон тул гэрээ сахиж үлддэг болсон. Манай улс зах зээлийн харилцаанд шилжин юмны үнэ зад нэмэгдэн аав ээж зардал дийлэхгүй тул бүгдээрээ машинаар 10 гаруй цаг явж хотод хүрдэг байв. Оюутан байхдаа бас л машинаар... Харин Оросод сурч байхдаа баян царайлаад онгоцоор ниссэн юм байна. Өглөө эрт хотоос гараад аз нь таарвал шөнө 10 гэхэд Хэнтийд очдог байж. Машин унаа нь эвдэрвэл хонуутаар..."Мянганы зам" баригдсанаар 4-5 цаг болсон. Ирэхээсээ өмнө нэг удаа дардан замаар нутагтаа "гялс манс" очоод буцсандаа.

Нисэх сайхан л даа. Цаг хугацаа хэмнэнэ. Бас машинаар эсвэл галт тэргээр явсныг бодвол биенд амар. Америкт ирээд машиндаад нисэхийг бараг үзсэнгүй. Гэхдээ өмнө нь бас бус ниссээн. Бензиний үнэ, онгоцны билетний үнэ тэнцүү шахам тохиолдолд ниссэн нь дээр гэж бодож явдаг. Гэхдээ нисч очоод машин хөлслөх, хүнээр тосуулах гээд ажлууд гарч төвөг удаж магадгүй тул заримдаа өөрөө өөрийнхөө машинаар дураараа явсан нь дээр тохиолдол ч гарна.
Монголчуудад маань хэрэг болгоод сурмаар нэг зүйл энд ажигласан. Энэ нь Америкчууд аав, ээж, хамаатан садангууд дээрээ зочлон очоод аль болохоор дараа, дарамт болохгүй байхыг боддог бололтой гэж санагдсан. Учир нь өөрсдөө буудалдаа буугаад, машинаа хөлслөөд, тэднийдээ зочлоод л болоо, хэн хэндээ амар. Айлд байх нь хэцүү байдаг ш дээ. Наад зах нь бие засах, хувцас хунар солихоос авахуулаад... Монголд бол гэрт нь очоод иднэ, унтана, дээр нь ууна, зарим нь сахилгагүйтнэ, ер нь шууд "айлын хүн" нь, "манай хүн" болчихдог. Ирсэн, урьсан хоёр хоёулаа "тамтай" байдаг байхаа...

Онгоцны билет авахад зарим зүйлс нь таньд хэрэгтэй байх болов уу гэж бодлоо...
- Хэрвээ Та Америк дотроо нисэхээр шийдээд онгоцны билет авах гэж байгаа бол интернетээр авсан нь хамаагүй хямд тусна. Үнэндээ интернетээр авсан билетний үнэ таны онгоцны буудал дээр очиж авсан билетний үнэнээс 2 дахин хямд.
- Зарим хүмүүс "last minute ticket" гэсэн хамгийн хямд билетийг онгоцны буудал дээр онгоц нисэхээс өмнө сахиж байгаад авдаг гэж сонссон ч аль хэр үнэн болохыг мэдэхгүй. Тийм монголчилсон зүйл байхгүй биздээ. Бас л үнэтэй тусах байх.
- Хэрвээ та явахаа урьдчилан олон хоногийн өмнөөс төлөвлөвөл их зүгээр, учир нь билетний үнэ тань төдий чинээ хямд байх болно. Хугацаа хожуу, шахуу байх тусмаа үнэ нь нэмэгдэнэ.
Зарим хотууд руу нисэхэд амралтын өдрүүдээр билетний үнэ нэмэгдэнэ. Жишээ нь: Та Лас-Вегас нисэх бол амралтын өдрөөр нисвэл үнэтэй билет таарна гээд ойлгочихвол л болоо. Гэвч амралт, жуулчлалын хотуудад голдуу "аялалын багц" байдаг тул бусад хотуудаас арай хямд тусна.

- Ерөнхийдөө ажлын өдрүүдийнх нь нислэг амралтын өдрийн нислэгээс хямд тусна.
- Билетний үнэ бас улирлаас хамаарна. Жишээ нь: Солонгосоор дамжаад Монгол руугаа явахаар шийдсэн бол нэгэн график таньд үзүүлье. Доорхи зурган дээрээс солонгос руу явах хамгийн тохиромжтой сарууд нь 1, 2, 3-н сарууд, бас 10, 11 сарууд орж байгаа биз.




- Нислэгийн компаниудтай шууд холбоо барин үнийн саналыг авсан нь дээр.

- Нет-ээр "cheap tickets" гэсэн олон сайтуудыг олж олно. Бүгдээрээ л хямд гэж байгаа боловч бас хямдууд дотор хямд нь бас байгаа. Бүгдэд нь үнийг нь шалгаад үзээрэй. Тэртэй тэргүй үнэ хямдыг хайж байгаа залхуурахгүй байхаа гэж найдаж байна.

- Олон дамжлагатай болох тусмаа бас хямдардаг болохыг битгий мартаарай. Хэрвээ та шууд нислэг сонгосон бол хямдрал нь бага.
- Нислэгийн билетийн хамт, буудал, машин зэрэг захиалснаар бас мөнгөө хэмнэх бололцоотой.

- Зарим сайтууд дээр та "үнэ хаялцаж болдог". Жишээ нь: www.priceline.com. Та нислэгийнхээ чиглэл, хугацааг, овог нэрээ оруулаад ерөнхий үнийг мэдэж болно. Тэгээд NAME YOUR OWN PRICE гэсэнд өөрийнхөө үнийг оруулаад үзээрэй. Үнэ хаялцсан хямдралтай билет нь "хатуу болзлуудтай" байдаг тул энэ билетийг авахаасаа өмнө "хатуу шийдсэн" байх хэрэгтэй шүү. ;)Билетээ сонгосны дараа таны нислэгийн мэдээллүүдийг өгдөг юм. Миний ойлгосноор зарим нислэг нь маргааш нь буухаар зохицуулагдсан байдаг юм билээ.
- Надад http://www.hotwire.com/ арай илүү санагддаг. Гэхдээ хайх тусам Таны хямд билет олох магадлал ихсэнэ. Бас хайж байна гээд хямд гарсан бололцоогоо алдваа. Маргааш авчихий гээд хойшлуулсан чинь маргааш үнэ нь нэмэгдсэн байх тохиолдол их гарна.

Надад төрсөн нэгэн "хар санаа": хэрвээ Та нэг чиглэлийн билетийг удаан, олон дахин хайхаад байхаар билет "үнэд" орох, байхгүй болж "айлгахаар" сайтууд, хайлтын систем програмчлагдсан байж болох талтай.

No comments: