2007-02-04

"Таана ганхтал тургих
Цангасан адуу урьд шөнө зүүдэлж хонолоо би
Цацалын халбага барьсан
Тарнь шивнээтэй эмээгээ бас үгүйлж хонолоо.
Худаг руугаа гүйх морьд шиг миний сэтгэл
Нутаг руугаа урд шөнө гүйж хонолоо " (Харимаар байна)

Би Монголдоо буцнаа...
Нэг хэсэг л баахан улс төр, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа, гоо сайхны талаар бичжээ. Дунд нь ганц нэг дуунууд тэр нь орос гээд... Хэлтэйдээ биш ерөнхийдөө ойлгоод блогтоо оруулдаг юм шүү. Тэрнээс би аль нэгэн хэлэнд нь сайн биш.
Өнөөдөр зүгээр л өөрийнхөө санаа бодлыг бичмээр өдөр байна. Чингис хамтлагийн дуунуудыг сонсоод суулаа. Утга төгөлдөр үгтэй дуунууд шүү. Гунигтай үедээ гунигтай. Ганцаардсан үедээ сонсмоор. Ер нь бүх л үед сонсмоор. Харийн нутаг давчдаад байна ааааа. Үнэхээр давчдаад байна... Харий гэхээр ирсэн зорилго, мөнгө төгрөг, бүх л юм давхцаад, ер нь хясал, хүсэл хоёр давхацсан болоод байна.

Нутгаа үнэхээр санаж байна. Энд амьдрал амар, нутагт минь хэцүү байдаг ч би нутгаа санаж байна. Ойрд хүйтэрснийг ч хэлэх үү, хүйтрээд нутгийг минь улам бодогдуулаад байна. Нутгийнхаа үзэсгэлэнт байгаль, амар тайван орчин, намуун дөлгөөн найз нөхөд, эсрэг тэсрэг уур амьсгал, тоос шороо, одоо цагийн цас, хүйтэн, утаа үнэр, бүгдийг үгүйлж, санагалзаж байна.
Би нутаг амьтай нэгэн. Оросод байхдаа бас тэгж л байсан. Би эх орондоо баймаар л хүн. Надад хүний нутаг хэрэггүй. Тэгсэн ч амьдралын хэсэг хугацаагаа хүний нутагт өнгөрөөсөн байх юм. Амьдралын шаардлага ч юм уу. Тэгэхээр хүн болгон л бас миний шаардлага гэх байх л даа. Сайхан баян тансаг байсан ч надад хэрэггүй. Би монголоороо яримаар байна. Би монголоороо хармаар, сэтгэмээр, бодмоор, бүгдийг монголчилтоор байна.
Хэзээ нэгэн цагт (хэзээ гэдгээ би өөрөө мэдэж байгаа) нутагтаа буцахдаа нутгийнхаа хилийг даваад нүднээсээ нулимс унагана гэдгээ бодоод сууж байна. "Гэртээ ирлээ хүү нь" гээд өөртөө тэр үед хэлнээ. Ямар ч байсан ирсэн зорилгоо биелүүлнээ.
Надад эх орон минь л байхад л болно. Яасан эх оронсог хүн бэ гэвэл тиймээ л гэнэ. Эх орон дотор эцэг эх минь, хайртай охин минь, миний дотны бүхэн минь, миний бүгд багтана. Насан өндөр болж буй аав ээж минь байгаа, халамжилж загнаж байсан эгч ах нар минь, загнуулж зандруулж байсан дүү нар минь ч байгаа, хардаж харамлаж байсан эхнэр минь ч байгаа, хайрлаж дурлаж байсан байгаа бүсгүйчүүд минь ч байгаа, наргиж нөхөрлөж байсан найз нөхөд минь ч байгаа, хамтран ажиллаж байсан хамт олон, бас бүгд байгаа.
Хааяадаа яах гэж энд ирснээ өөрийгөө буруутгах ч үе ирэх юм. Залуучууд хүүхдүүд бүгд л гадаад гэдэг. Тэгвэл би нутгаа гэж байна. Буянгийн Жаргалсайхан ч бил үү хэн ч билээ монгол нутаг ясаа тавидаг газар биш гэж хэлж байсныг саналаа. Үнэн. Үнэн гэдгийг хэн ч ойлгож байгаа.
Монгол хүн болж төрснөөрөө бахархаад хүний нутагт нэрээ дуурсгаж яваа олон хүнийг нэрлэж болно. Жишээ нь: миний найз нараас дэлхийд нэрээ дуурсгаж яваа нэгэн, америкт их сургуульд тоо заагаад багш хийж нэгэн, жирийн л өөрийн гэртээ эзэн яваа нэгэн гээд бүхий л хүрээнийхэн байна. Тэдэнтэй харьцахад бүгдээрээ л эх орноо гэдэг. Тэдний минь сэтгэлд надтай адил "монгол" булгилдаг. Ямар ч байсан тэдэнтэйгээ Монголдоо уулзана гэдэгтээ итгэж яваа. Уулзахгүй бол Монгол гэдгээ мартаарай гэж найзууддаа хэлээд "сургаад" явмаар. Битгий "шалтаг" тоочоорой...
Зарим нутаг нэгт минь нутаг "арилжаад", өөр "нутгийнх" болдог гэсэн. Оросод байхад: нэгэн монголоос "хаанаас ирсэн бэ" гэхэд нь Монгол гэхээс,ээ айгаад "солонгоос" гэж хэлж, тэгсэн ойлгоогүй иван "аан" гэхэд нь засаад "соолонгос" гэсэн гээд онигоонууд сонсож л байсан. Ийм болтлоо нутгаасаа, монгол хүн болсноосоо ичнэ гэдэг тэнэг. Монгол хүн болж төрсөндөө биш монголоороо биш байгаадаа өөрөөсөө ичээсээ...
за дуусгий даа.

Би Монголдоо буцмаар байнаа... Миний зүрх, сэтгэл уйлж байна...

No comments: