2007-02-06

18-тай оюутан насны дурсамж-2 буюу "Бэлтгэл ажил"

Анх Орос явахаар болоод аав, ээж, дүү нар минь бүгд намайг үдэх "бэлтгэл ажил"-д орлоо. Оюутан болж буй хүнд мөнгө хэзээд хэрэгтэй байдаг тул Оросод очоод мөнгө болгож болох бүх л зүйлүүдийн талаар судалгаа хийж дараах зүйлүүдийг цуглуулав.

Мөнгө гэснээс Оросын хилээр нэг оюутан 100 рубль гаргах эрхтэй ч бил үү нэг тийм дүрэмтэй байв. Аав ээж хоёр Оросын рублийг 4.50 (орчим ханштай байсан байхаа)-ийн ханшаар солиж надад илүү 100-г өгсөн юм. Тэрийгээ хилээр "нууцаар найдвартай" гаргах арга сэдэж ээж минь аргалсан юм.

Оросод үнэд ордог монголын үндэсний бүтээгдэхүүн - тарваганы арьс цуглуулах ажил. Танидаг, танидаггүй, хөдөө гадааны бүх л хүнээс аав ээж асууж лавласан байхаа. Аав ээж бас багш юм болохоороо шавь нараасаа асуугаад л. Их зүтгэсний эцэст Хэнтий нутгийн талын тарваганы арьс хэдийг цуглуулав.

Дараагийн ажил - элдэх. Элдэх ажилд манай гэрийнхэн хэдэн өдөр зарцуулав. Ваннтай усанд дэвтээгээд, туйпуудаад л.. гараар нухаад л, илдүүрт нухаад, татаж чангаагаад л.. Хамгийн бага дүү маань хүртэл гар хүрсэн гээд бодохоор хүн бүр намайг явуулах гээд хүчин зүтгэсэн байгаа биз. Элдсэний дараа зөөлхөн болоод дүү нарын сэтгэл нь амарсан байхдаа. Аав хяналт шалгалтын цэгт сүүлчийн дамжлага дээр ажиллана. Аавын шийдвэрээр элдэлт ханасан эсэхийг тодорхойлно. Хэрвээ ханаагүй бол элдсэн хүн үргэлжлүүлэх ажил гарна.

Элдсэн арьснуудаа хэрхэн авч "хил" давуулах - гол ажил. Ээж минь нийлүүлж оёод нэг, хоёр хантааз хийв. Үлдсэн хэдэн арьсаа яах вэ? Хэрхэн яаж гаргадаг талаар аав, ээж хүмүүсээс сураглалаа. Эгч Оросын шаварт оюутан байсан тул зөвлөлгөө өглөө. Чемоданыхаа энд тэнд шургуулдаг, молоконы лаазанд хийдэг, гуталдаа дэвсэх ч бил үү, хувцасныхаа дотор эвтэйхэн эвхэх, ер нь янз бүрийн арга байсан байхаа. Зарим нь вагонд авч ороод энд тэнд нь нуудаг гэнэ. Гэтэл анх удаа явж байгаа надад тэр нь хүндрэлтэй байдаг. Тиймээс өөр аргууд хэрэглэх боллоо. Тэгээд ч өөр аргаар 7 ширхэг арьсыг янзlав. Хэлэхгүй ээ. :)

Бас хилээр гарахад гайгүйгээр нь 2 ширхэг тарваган малгай авлаа. Хэлбэр галбирын хувьд тийм ч сайн малгай байгаагүй санагдаж байна. Би бол одоо голохоор. Тэр үедээ бол бас ванлий байжээ.

Зүүсэн зүүгээгүй хамаагүй Монгол савхи Оросод үнэд ордог үе байж. Голдуу хар савхин куртка олдохгүй нүдний гэм байсан байхаа. Нилээн үнэтэй. Оросод очоод гайгүй зарагддаг байв. Тиймээс аав ээж бас нэг савхин куртка олж бэлдэв.

Нэг сонин бэлтгэл гэвэл, Оросод мах байхгүй юм шиг баахан жигнэсэн мах авч явдаг байв. Амт нь сайхан. Будаа агшаагаад холиод идэхэд янзын. Хийхэд амархан хоол. 8 сарын сүүлээр ер нь жигнэсэн мах олдохоо болидог байсан байхаа. Хэдийг авч яьдаг байснаа санахгүй байна гэхдээ л 20-оос их байсан байх.

Дараагийнх нь одоо болтол гадаад явах болгондоо авч явдаг борц. Тэгэхэд уутласан борц байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Байсан бол гадаадад л гаргадаг байсан байх. Нутгийн зах зээлд олдохооргүй эд байсан биз. Хөдөөний ойл тул аав ээж махаа борцлоно. Борцолсон махыг ажилтайгаараа миний дараах дүү нүдэж жижиглэсэн юм. Тэгээд торгорхуу хар даавуун уутанд хийж өгөөд амыг нь боохгүй, ээж минь оёв.

... Намайг сургуульдаа явахад Улаанбаатар хотын галт тэрэгний буудлаас аав, ээж минь 2-уул үдсэн юм. Эгчийг аав, ээж 2 уулаа үдэж байсан. Ээж сүү өргөөд л... Би гэж хүн сэтгэлдээ Нацагдоржийн шүлгийг:
Хээрийн шувуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү эрдэм өвөртлөн харина "даа" хэмээн бодож байсан.

Бараг унтахгүй цонхоор ширтээд бодол болоод л явсан. Яаж 3 хоног явна даа гэж халширч байсан ч, Москвагийн оюутнуудын хажууд бас ч гайгүй 2 хоногийн татууд баярлаж явав.

18-тай залуу юуг эс бодохов. Найз охинтой байсан тэрийгээ бодоод л. Гэтэл бас галт тэргээр дүүрэн залуучууд...залуучууд дотор бас охид хүүхнүүд байхыг яана. хэхэ... хөөрхөн, сайхан охидуудыг бас зүгээр байлгаагүй байхаа. Ново-д буугаад дараа нь тэнд сурдаг охидуудаа хараад байсан галт тэргэнд таардаг байсан царайлаг охидууд бүгдээрээ шахам миний сурдаг хотыг өнгөрөөд явчихдаг санагддаг байж билээ. Гэхдээ энэ нь ч бас үнэний хувьтай байсан юм шүү...

Миний сэтгэлээс гардаггүй нэгэн дурсамж байдаг юм. Хоёр жилийн дараа Оросоос Монгол руугаа амралтаараа хариад аав, ээжийгээ хараад үнэхээр сэтгэл минь хөдөлж уйлж билээ. Дүү нар минь том болчихсон. Гол нь аав ээж минь үнэхээр өөрчлөгдөөд, аавын минь үс нь бууралтаад шингэрсэн, ээж минь улам намхан болсон байсан юм... Тэднийгээ дандаа л нэг янзаараа, залуухнаараа байх шиг бодож, анзаараггүй явсан залуу насаа гэж...

7 comments:

Anonymous said...

Энэ дурсамжаа цааш нь үргэлжлүүлээрэй. Сэтгэл хөдөлгөсөн дурсамж байна шүү.
Баярлалаа.

Chandmani said...

Thx. Urgeljluulchixlee. Gexdee "buruu" zuiluudeesee bichlee.

Anonymous said...

yag ter ueiin oyutnii beltgel dureeree baina shu. Manai egch nar bas Chech, Orost surdag baisan - yag l ingej belddeg dee. Baahan tushenok elegnii nuhash ene ter geel hehe. Bas ter ued oyutnuud amraltaaraa irsen zun tsagt UB hotiin gudamjind hen gadaadaas irseniig helj yadah yumgui baidag - hamgiin ongolog, gangan humuus ni gadaadiin oyutnuud. Tegeel namar 8 sar garaal bugdeeree yavaad ogohoor ergeel hevendee :-)

Anonymous said...

Neeree gangan baisan um baina. Aav eej ali oligtoi bolgonyg avch ogson. Ooroo ch bas bus gadaadjaad... Saixan ch baij dee... Daraa ni Mongol ruu duu nartaa ali ongotei oodtei bolgyn yavuulax gej xicheedeg bsan um baina.
Chandmani

Chandmani said...

Oo martchixaj. Bi neg nogoon o'ngotei u'deestei polish gutal o'msoj tenegttdeg baij... Neg tiim zurag baidag teriigee xaraad ineed xu'rdeg geech...

Anonymous said...

heden ony dursamj be.

Anonymous said...

80-aad ony suul, 90-eed ony exen...