2007-04-14

Монгол ядаргаанууд буюу дордохын долоо

1. Гэр бүлийн ядаргаа
Хэн хэндээ дарга байх гэсэн монгол гэр бүлийн доторхи нэгэн ядаргаа. Толгой дээрээ гарах, гаргах гээд үг хэллэгийг эрчүүд нь их хэрэглэнэ. Хүүхнүүд нь болохоор даврах, давруулах гээд тусгай хэллэгтэй.

2. Хүн олдохгүйн ядаргаа
Ажил төрлийн шугамаар, яг үнэнчээр шүү, хэн нэгнийг олж уулзах гээд үзээрэй. Жирийн ардыг ч, алдар нэртнүүд, хэнийг ч олоход өвсөн дотроос зүү хайхтай адил. Суудал суудал дээрээ боссоо гэж. Тиймээс ч дарга байхаас яахав. Дарга утсаа өгнө. Тэр нь ажлын утас голдуу. Тйимээс хүнтэй танилцсан л бол гар утсыг нь нэхэж байгаад ч боловч авч үлдээрэй. Ажлынхаа утсыг тэртэй тэргүй авахгүй тул залгаж нервээ бараад хэрэггүй. Хэрвээ та өглөө 10-12 цагийн хооронд нөгөө хүнээ олоогүй бол түүнийг тэр өдөртөө олох бололцоо бараг байхгүй. Төрөл төрөгсөд найз нөхдөөр нь уламжлуулж байж л олдвол бас гайгүй олдож байна гэсэн үг. Нууцых нь нэрийг мэдэж байвал бас хурдан олж болох байх.

3. Цаг барихгүйн ядаргаа
Хэрвээ та урлагийн болон бусад янзан бүрийн хурган болон хуцан одуудын тоглолт, нөгөө алдарт шоунуудыг хэзээ нэгэнтээ үзсэн бол үүнийг бүр яс махандаа шингэтэл ойлгосон байгаа. Эхлэх цагийг бүр 2 цагаар урагшлуулж зарлана. Бүр Америкт ирчихээд хийж буй тоглолт нь хүртэл цагийн запастай зарлагдсан байгаа юм даа. Тэрийг нь мэдэхгүй гэнэн үзэгчид (би мөн ч олон удаа) тэр цагт нь очиж онигоотдог гээд байгаа. Суугаад л, эвшээгээд л хүлээгээд байхаас өөр аргагүй. Бусдад бас цаг хугацаа алт мэт хэрэгтэй гэдгийг тэдгээр хүмүүс ойлгодоггүй бололтой. Харин ерөнхийдөө 30-аас 1 цаг хоцорч очсон бол яг цагийг нь барьж очиж байгаа нь тэр гэнээ.
За эхэлсэн бол цаашдаа хамаагүй ээ. Хүний сэтгэлийг тэгж хүлээлгэж эвшээлгэсэн юм чинь сэтгэлд улам "дотно дурсамж" үлдээхийг яана. Тэр дурсамжаараа дараагийн удаагийнхаа тоглолтонд очино. Тэгээд л бүгдээрээ "цагаа барьдаг" болж байгаа юм даа.

4. Эмчилгээний ядаргаа
За нэг ядаргаагаа тайлнаа гээд хэн нэгэн баар саванд орж байсныг та сонссон уу. Сонсоогүй бол монголдоо удаагүй нөхөр байна даа. Эмчилгээний нэгэн чиглэл болчихсон. Зуу татаад унтахаар сайхан унтдаг л гэнэ. Ханиад хүрэхээр жоохон халаагаад уучих л гэнэ. Тасарвал хүн зовлонгоо мартдаг л гэнэ. Хэрвээ стресст орвол бас л нам болчих. Бүр сүүлдээ хорыг хороор гээд маргааш нь дахиад татчих гэнэ. За даа, олныг сонсож байсан юм байна. Төрсөн өдөр, баяр наадам гэхээр л нөгөө "эрчимт эмчилгээ"-ний үе эхэлж байгаагийн дохио.

5. Зохицохын ядаргаа
Хүндээ зориулж бүтээх биш, бүтээгдэхүүн, бүтээлдээ хүн нь зохицдог ядаргаа гэж нэрлэсэн ч болох байх. Хашаа, зам, байшин барина гээд л ямарваа нэгэн зүйл хийж бүтээхээр бараг бүгдэд нь шахуу хүн нь зохицох хэрэг гардаг. Монгол л хүн биш бол ер нь хэцүүднэ дээ. Тэрийгээ монголчлох гэж нэрлэдэг бололтой. Нэгэн жишээ: Өвөл хальтиргаа гулгаа их гэдгийг мэдсээр байж явган хүнд зориулсан замын хавтныг нь бодоод үзээрэй. Мөн янз бүрийн барилгын ил, далд шатуудыг... Хүйтэн хайрна гэдгийг мэдсээр байж хүүхдийн тоглоомууд, сандал нь тэгэхээс тэгэх гэсэн юм шиг төмөр. Бас нэгэн жишээ:(бараг бичмээргүй л жишээ байлаа. Гэхдээ яахав) хашаа, гэр хороололд байгаа айлуудын их албархуу хэлбэл муу усны, шууд хэлбэл жорлонгийн асуудлыг ярихгүй юм. Нийслэл хотдоо гэр хорооллын айл болгон газраа ухаад модон жорлон барисаар 21-р зуунтай золголоо. Өвөл нь дүүрээд хавар нь хайлаад... Гудамжны үнэр танар... За за болий...

6. Залхуу хойргын ядаргаа
Энд ганцхан л жишээ хэлье. Нэгэн зун хүүхдийн баярын өдрөөр хүүхдүүдээ дагуулсан аав ээж, ах эгчээс авахуулаад, эмээ өвөө нар зам хөндлөн гарах гэж хуучнаар Ленин клубын (сүүлд баахан ломбард, бар, биллиардын үүр шиг юм болчихсон. одоо юу гэж нэрлэдгйг мэдэхгүй байна. Урд, хойд талдаа автобусны буудалтай байдаг даа.) хойд хоёр урсгалыг тусгаарлан зориуд хашиж тавьсан төмөр хашааны эвдлээд гарсан завсраар гарах гэж тэрхүү хашаагаа дагаад дугаарлаад зогсчихсон байсныг харж байснаа одоо хүртэл мартдаггүй юм. Яахав дандаа муулах хаашаа юм нэг удаа магтчихий. Залхуу ч гэсэн Монгол хүний толгой л багтаж байвал бүх бие нь багтдаг бас ч үгүй нугараач, биелгээчин, туяхан ард түмэн гэдгийг тэндээс шууд харж болохоор байв.

7. Айдаггүйн ядаргаа
Монгол хүн айна гэдэг онигоо, тиймээ. Галав юүлэхгүй л бол... За энэ ч яахав. Айдаггүй гэдгийг би төрөл бүрийн байгалийн болон гэнэтийн аюул ослоос гэдэг талаас нь илэрхийлэх гэсэн юм. Газар л байвал өндөр хүчдэлийн шугамаар мориныхоо уяаг, үерийн усаар ундны усаа хийх нь холгүй. Янз бүрийн олон нийтийн газрын болон байгууллагын хаалга машин замаар шатаа, довжоогоо хийчихсэн шууд л залгаа. Өвс, зүлгээ хамгаалж татсан хашаануудын өндөр ч яахав өнгөрч, харин тэр намхан төмөр хашаануудын үзүүрүүд нь шовх. Хүн хөлтэй, хааяадаа тэр нь бүдэгдэг гэдгийг, мөн манайхны зарим нэг нь гунхаж явдгийг мартсан бололтой. Дээр нь унавал яана.

Зам гарах гэж машины хурд, гэрлийн хурдтайгаа уралдаастай. Замын тэмдгүүд гэж цөөхөн. Харин энд нэг санал хэлэхэд сонгууль болоход хаа сайгүй байдаг нөгөө сонгуулийн самбар, зурагнуудын хөрөнгөөр тэрхүү тэмдгүүдийг сайжруулах ажлыг хийх юмсан. Эхний удаадаа тэдгээр тэмдгүүдийн сууриудын тавиулаад (их сайн тавигдана гэдэгт бат итгэлтэй байна. яагаад гэдгийг үргэлжлүүлж уншаад ойлгоно) 45 ч бил үү сурталчилгааны өдрүүдэд нь нэр дэвшигчийнх нь зургийг нь тавьж байгаад ч хамаагүй тэмдэгтэй болж авбал ямар байна?

Долоо болчихсон байна...

No comments: