2010-12-29

Гарын ар нь энэ алга нь энэ....

Өчигдөр... одоохондоо "сайн дураар" түр ажиллаж буй байгууллагынхаа Шинэ жилд уригдан Шинэ жилийг тэмдэглэлээ хө... Сүүлийн 6н жил Шинэ жилийг "албан байгууллага"-ын шугамаар тэмдэглэж байсангүй... Сонин л байлаа... Цөөхөн хүнтэй "байгууллага" тул энд тэндээс нийлсэн хүүхнүүд голдуу... Эрчүүд нь цөөн тул үнэд хүрч "цагаан бүжиг" гээд л зарлуулаад суулаа хө... Компьютерээ авч очин "сайн дурын" DJ хийлээ... Залуучууд нь болохоор цоглог үглэсэн аянд дуртай, нас ахисан нь "миний насны ая" гээд байхын... Өөрийнхөө дуртай аяуудыг тоглуултал "чи чинь залуу стильтэй юм гээд" шоолоод байхын. (Аргагүй шүү дээ, охины минь дуртай аянууд байсан юм чинь ).. Ер нь хүн бүрийн санаанд нийцүүлнэ гэвэл ч бүтэхгүй юм билээ дээ... Мөн нэгэн тоглоом эсвэл уралдаан зохиох үүргийг надад өгсний дагуу доор бичлэгт орсон түргэн хэллэгүүдийг бэлдсэн байсан боловч цаг хугацаа багтсангүй тул орхисон юм. Нэгэнт цаг заваа гаргаад нетээс олсон түргэн хэллэгүүдээ бичлэг болгоод орууллаа...

Ингээд та бүхэндээ шинэ ондоо Хэл тань хурц, Ухаан тань саруул, Бие тань эрүүл байхыг ерөөж байна.

Өөрийгөө сориод үзээрэй. Уншихаар хэл минь хугарчих гээд ганцаараа инээгээд суулаа. Та ч гэсэн өнгөрөгч онтой хамт өөрийгөө шоолоод үз.

Хур ихтэй хул морь
Хурд ихтэй бор морь
Жолоо дардаг
Жороо халтар

Наран холуур хүрээлэв үү?
Ойроор хүрээлэв үү?
Сар сая хүрээлэв үү?
Сүүлд хүрээлэв үү?

Хойгуур яваа хорь гаруй
Хонгор халтар галуу
Хойгуур гарах нь уу?
Урдуур гарах нь уу?

Арын уулын
Арван таван тарваганы
Тав нь яасан
Тарган тарвага вэ?

Хэн бүхэн түргэн хэлэг
Хэл үг чинь хурц болог
Урьд эрт ургасан
Урд уулын улиас уу?
Урт урт ургасан
Усны эргийн хайлаас уу?

Арын арван таван тарган тарлан
Хар сарлагийн таргийг
Тараг биш гэж эс уугаад
Ямар арын таван тарган тарлан
Хар сарлагийн таргийг
Тараг мөн гэж уух вэ?

Толгойд байдаг чамархай
Дотор байдаг чацархай
Гүзээнд байдаг хужирхай
Гүрээнд байдаг булчирхай
Өвчүүнд байдаг аюулхай
Өөхөнд байдаг уйланхай
Унхайж байдаг ухархай

Эрэг дээр элээ хэрээ галуу гурав
Эрэг дээр элээ хэрээ галуу гурав
Эрэг дээр элээ хэрээ галуу гурав

Манай хааны мянган мөнгөн бөмбөгийг
мянган мөнгөн бөмбөг гэхгүй юм бол
Хэний хааны мянган мөнгөн бөмбөгийг
мянган мөнгөн бөмбөг гэх юм бэ?

Баллуураараа баллаарай
Даллуураараа даллаарай
Баллуураараа баллаарай
Даллуураараа даллаарай

Ороо бор
Жороо хул

Орооцолдсон олон олсны орооцолдоог нь гаргах гээд
Орооцолдоог нь гаргалгүй орооцолдоотой нь орхижээ

Тээр тал дахь 55 тарган тарвагыг
тэр тал дахь 55 тарган тарвага гэхгүй юм бол
өөр ямар тал дахь 55 тарган тарвагыг
тэр тал дахь 55 тарган тарвага гэх юм бэ?


жич: гарчгийг хурдан хэлэх гээд үзээрэй. Болохгүй бол гараа хараад хөдөлгөөн хийгээд хэлээд үз дэ. Арай амар юм билээ... :)

3 comments:

bluefire said...

за тэгж ч хэлээ хугалахаа болъёоо, гадаа хүйтэн байхад...
;>

Chandmani said...

Харин тиймээ, хүйтэн байна... түгжрээтэй байна... утаатай байна... тэмдэглээстэй байна...

Damdaa said...

хэ хэ хэ, бас их хариуцлагатай, ккк.