2010-01-12

Улс төрөөс батга хүртэл...

Улс төр, хов жив, халтар хултар мэдээ сэлт зэрэг эндхийн элдэв зүйлийг хамж шимээд өөрийн бодлоор товчхон мэдээлэв ээ хө....

- Америкт ажилгүйдлийн түвшин буугаагүй л байна. Түүхэндээ өндөр 10 гаран хувьд хүрсэн бөгөөд удахгүй бууна, буулгана хэмээнэ амалж бас ажиллаж байгаа Обама болон түүний багийнхны ажил амжилтанд хүрсэнгүй. Манайхаар бол сайхан л ярьж байгаа, хийх гэж зүтгэж байгаа ажлууд байгаа боловч үр дүн харагдахгүй байна. Жишээ нь бөөн мөнгийг (ноднин жил бараг 800н зуун тэрбум болон түүнээс дээш ам долларыг) stimulus буюу "зохицуулах" зориулалтаар цацсан бөгөөд тэрхүү цацалтын үр дүн мэдрэгдэхгүй байгааг шүүмжилж байна. Дэд бүтцийн салбарт ялангуяа зам засалтын явцад мөнгө цацсанаар ажилгүйдэл буурна гэж тооцоолж байсан боловч энэ нь үр дүн авчирсангүй. Тиймээс Обамагийн мөнгө цацалтыг буруушаах хүмүүс улам ихэсч байна. Зарим "судлаачид" Обамагийн цацсан тэрхүү "stimulus" мөнгө нь "улс төрийн хахууль", сонгуульд ялсны "төлбөрт" явсан гэж үзэж байна.

- Обама Ерөнхийлөгч болсноосоо хойш бүрэн хэмжээний хэвлэлийн бага хурал буюу press conference (сэтгүүлчилтэй нүүр тулсан уулзалт) хийлгүй бараг 6н сар болжээ. Энэ нь бас нэг хэл амны бай болж байна. Яагаад гэвэл мань хүн Америкийн Ерөнхийлөгчдийн эхний жилийн түүхэнд байгаагүйгээр олон тооны гадаад улс орнуудад "аялан", Нобелийн шагнал хүртэн, амралтаараа хүртэл ажиллаж байна хэмээн CNN-ээр удаа дараа давтан давтан гарч байсан билээ. Саяхан нэгэн амралтынх нь үеэр нэгэн Иемений нөхөр Америкийн онгоцонд хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах гэж бүтэлгүйтсэнтэй холбоотойгоор CNN-ий мэдээгээр бараг өгүүлбэр болгонд амарч байхдаа ажиллаж байна хэмээн зарлан тунхаглаж билээ. Тэгсэн охин минь тэрхүү мэдээг үзчихээд ядаргаатай юм ямар ч олон хэлдэг юм, паах пөөх сувгаа солио гээд бүр ундуйцсан гээч. Охинд минь бас улс төрийн ухааны суурь сууж байгаа бололтой... Уг нь бол Ерөнхийлөгч тэр тусмаа дэлхийн тэргүүлэгч орны Ерөнхийлөгч хэзээ ч, бүр унтаж байхдаа хүртэл ажиллаж байх ёстой гэсэн хувийн бодолтой явдаг. Манай улсын Ерөнхйлөгч Элбэгдорж хэдэн удаа хийсэн бол гэж гэнэт бодогдов. Өө тийм, CNN бол Обамагийн намынх, монголчилвол хуучнаар Ардын эрх сонин шиг ойлгож болно. FOX news бол манайхаар улс төрийн бодлогын хувьд Өнөөдөр шиг...

- Манайхаар бол Парламентын олонхийн бүлгийн ахлагч гэмээр эндхийхээр бол Сенатын олонхийн (Обамагийн нэг намынх) бүлгийн дарга Reid (Рейд) гэх нэг нөхөр сонгуулийн өмнө Обамагийн талаар бараг л "гэгээлэг хар арьстан, negro(хар хүмүүсийн аялга)ын яриагүй " хэмээн, мөн Обаматай нэг намын болох хуучин бууны хугархай Билл Клинтон мань хүн (Обамаг хэлж буй хэрэг) хэдэн жилийн өмнө хэдэн аяга кофе зөөх байсан" ухааны зүйл ярьж байсан гэх мэт тухай "GAME CHANGE" хэмээн нэгэн номонд дурьдсан нь
арьс өнгөний үзлийн тухай бөөн яриа, маргааны эх үүсвэр болоод байна. Сенатын олонхийн бүлгийн дарга Рейд Обамагаас албан ёсны уучлал гуйсан бөгөөд Обама уучилсан гэж байгаа боловч Бүгд Найрамдах намынхан арьс өнгөний үзэл гаргасан Рейдийг огцрохыг шаардаж буй гэх мэт өрнөж байна... Одоогийн байдлаар буруутан дарга огцрох шийдвэр гаргаагүй, бусад намынх нь гишүүд ч огцруулах шийдвэрийг гаргаагүй байна. Ерөнхийлөгч уучлаад л өнгөрөх бололтой гэж бас бодож болохгүй асуудал үргэлжилж байна...

- Эндхийн Демократ намынхан, Обамагийн талынхан 2010 онд болох сонгуульд бараг урьдчилсан буулт хийгээд байна. Хэд хэдэн нөлөө бүхий намын гишүүд нь нэр дэвшүүлэхгүйгээ зарласан бөгөөд зарим бүр "би ялахгүй юм чинь" гэсэн мэдэгдэл хүртэл хийсэн. Дээр бичсэн Рейдийн "санамсаргүй" яриа ч гэсэн ялагдалд нэмэр болох бололтой. Хамаг учир нь улс орныг тэргүүлэгч Обамагийн үйл ажиллагаанд байгаа хэмээн өөрийн бодлоор дүгнэв хэхэх...

- Дээр цухасхан дурьдсан онгоцонд хорлон сүйтгэх үйл ажиллагаа бүтэлгүйтсэнээс хойш эндхийн онгоцны буудлуудад харуул хамгаалалт, урьдчилан сэргийлэлтийн асуудал бөөн яриа болж улам чангарч байна. Сониноос тэрхүү бүтэлгүйтсэн хорлон сүйтгэх ажиллагаанд уг террорист дотуур өмдөндөө тэсрэх бодис хадгалж явснаас нь болоод "дотуур өмдний" ажиллагаа гэж нэрлэж байгаа. Мөн саяхан нэгэн нөхөр (ядаж байхад ази царатай солонгос нэртэй юм билээ) бас NJ онгоцны буудалд хамгаалалтын цагдаа ажлын байраа орхиж явсны дараа найз хүүхэн ч юм у авгайтайгаа баяртай гэх гээд хамгаалалтын бүсийг нэвтрэн бөөн асуудал үүсгэв хө. Түүний болчимгүй алхмаас болж тэр онгоцны буудал хаагдан зөндөөн онгоцны нислэг хойшлогдсон асуудал үүсэв... Одоо баригдаад шүүгдэж буй тэр нөхөр...

- Онгоцны буудал гэснээс хамгаалалтын болон урьчилан сэргийлэх баахан төхөөрөмжүүд нэмж тавигдах болоод байна. Одоогийн байдлаар өндөр хөгжилтэй хэдэн орнууд тавихаар шийдвэр аль хэдийн гаргасан. Андуураагүй бол Англи, Голланд, Америк лав байсан байх. Хүнийг сканердэх аппараттай болоод энэ нь бас маргаантай байна. Яагаад гэвэл бас л хүний эрхийн асуудал. Хувцастай хүнийг төхөөрөмжийн цаанаас нүцэглэн хараад тэгээд компьютерт хадгалах юм байна л даа. Тэгсэн зарим хүмүүс өөрийгөө бүр алга дарам нандин газраа хүртэл "харуулмааргүй" байна гээд заргалдаад эхэлсэн. Тэгсэн албаныхан болохоор харахгүй бол болохгүй байна гээд учирлаад л байгаа....

- АНУ тагнуудын үйл ажиллагаа явуулдаггүй гэж бодож болохгүй л дээ. Хаа нэгтээ хаа нэгэн улсын тагнуул байж л байгаа. Монголд бол зөндөөн тагнуулууд байгаа даа. Ялангуяа өмнөд хөршөөс... За тэр ч яахав. АНУ-ын тагнуулын үйл ажиллагаанд хамгийн түгээмэл ил тод хэрэглэдэг нь Predator хэмээх автомат удирдлагатай онгоц буй. Хаанаас удирдах вэ гэвэл хаа нэгтээ Америкаас, нөгөө онгоц нь Афганистаны дээгүүр нисч байх үед шүү дээ. Тэгээд тэр нв ямар чадалтай вэ гэвэл машинд яваа хүний зургийг авч чадахаар гээд л энгийнээр ойлгочих. Гэхдээ асар хол дээгүүр нисч явахдаа шүү дээ. Тэгсэн тэрхүү ид шиттэй, нарийн, хүчин чадалтай онгоцны агуулсан асар нууц гэгдсэн мэдээллүүдийг "энгийн" гар хийцийн бараг 30н ам долларын зардалтайгаар замаас нь хулгайлж байсан тухай мэдээлэл саяхан цацагдсан. Тэгээд Америкчууд засч залруулж байгаа. Мөн тэрхүү онгоцны явуулсан илгээсэн асар их хэмжээний "тагнуулын" мэдээлэлд Америкчууд өөрсдөө судалгаа, шинжилгээ, боловсруулалт хийж чадахгүй мунгинаж байгаа тухай мэдээллийг олон нийтэд албан ёсоор зарлаж байх юм...

- Сүүлийн хэдэн өдрүүдэд Америкт их хүйтэрч байна. Нөгөө дэлхий нийтийн дулаарал мулаарал байхгүй ээ. Бүр Америкийн нийт газар нутгийн 2/3-д өмнөх дээд хэмжээг давсан хүйтрэлт болж байна. Нөгөө сайхан нарлаг Флорида мужид хүртэл хүйтрээд жимс жимсгэнэээ яаж хамгаалах, хүйтэнд хөлдөөчихгүй байх тухай ярьсаар...Дэлхий нийтийн дулаарал гэдэг асуудал одоогийн байдлаар их зөрчилтэй байгаа. Тэр тухай хэдэн сарын өмнө байх асуудал нуусан, худлаа хэлсэн мэдээлэл цацагдсан байгаа...

- Америкийн Эрүүл мэндийн системд Обама нөхөр өөрчлөлт оруулах гээд бөөн асуудал. Дээд түвшиндээ бараг л шийдэгдэх шахуу явж байгаа... гэвч бөөн учир явдал, бүх мэдээдэл их нуугдмал... Обамагийн намынхан нууц хуралдаад ч шийдэж чадахгүй л байна. Төрөөс эрүүл мэндийн даатгалд нь хутгалдаж эхэлнэ, эхлэхгүй гээд л... Өнөөгийн бараг 40 гаран сая даатгалгалгүй иргэд дотор залуучууд их бололтой байгаа бололтой. Ямар аргаар шийдэх гэж байна вэ гэвэл 20-30н (ойролцоо тоо шүү) насны залуучууд заавал эрүүл мэндийн даатгалыг авах ёстой болж буй юм. Хэрвээ даатгуулахгүй бол төлбөр төлнө. Тэгэхээр төр мөнгө хийх аргаа олж байгаа биз....

- За тэгээд хамгийн сүүлд батгаар дуусгана аа...
Эмэгтэйчүүдэд хэрэгтэй байх. Батга гардаг нэгэн шалтгаан нь уур уцаар, буримдал, гонсгор байдал, сэтгэл уналт болохыг нэгэн судалгаагаар тогтоосон байна. Тэгэхээр батгатай хүүхнүүд сэтгэл өндөр байх шаардлагатай байна шүү. Батга гарахад бас гормон буюу даавар, биений юм их гэх мэт өчнөөн шалтгаанууд байдаг гэдгийг бүү мартаарай. Мөн ногоо их иддэг хүүхнүүд батга багатай байдаг байна. Тэгэхээр ногоо сайн идэж бай... Би судалгаанд дурьдсан зүйлүүдийг товчлон бичсэн шүү....


за тэгээд энэ удаадаа дуусгав. Уншихад илүүдэхгүй биз дээ... хэхэ ойлгомжгүй байвал асуугаарай. Тодотгоод хариулж болох юм...

хэхэ нэг мэдсэн их зүйл биччихсэн байна гэж онгиров...

5 comments:

A.Амарсайхан said...

Аа за, хонь мал, ямаа үхэр яагаад батгагүй байдгийг ойлгож авлаа.

narsar said...

batganii talaar heregtei medeelel bailaa, bayarlalaa, kkk.

bluefire said...

uls turuus hol baival batgagui ;>

Agiimaa said...

Хэ хэ, улс төр өөрөө уур уцаар, бухимдал.

Chandmani said...

хэхэ бүгдээрээ үнэнийг олоод хэлчих юм аа...
Амраагийн тэр 5н хошуу мал батгагүй гэдэг ч бараг үнэний хувьтай байх шүү хэмээн бодолхийлэв. Зарим халтар ямаанууд, халзан үнээнүүд батгатай байдаг билүү үгүй билүү гэж бодсоор :)

Монголынх шиг улс төрөөс хол байвал батгагүй байж болох юм. Ер нь улс төр заваан даа заваан... Бүр улс төр бохир тоглоом гэсэн яриа хүртэл байдаг байхаа...