2009-06-20

Ооps... Tomorrow is Father's Day... (хөгширнө өө гэж)


Нэг мэдсэн энэ жилийн Аавын өдөр маргааш болох гэж байна. Охин минь аавыгаа баярлуулах гээд бүхий тал дээр хичээгээд байдгийг гадарладаг. Аавын өдөр гээд ямар охиноосоо бэлэг гуйлтай биш дээ, тиймээ...
Охин минь надад хэдэн өдрийн өмнө дэлгүүр ороод нэгэн бэлэг авч өгсgн. Ажил хийгээд олсон өөрийнхөө мөнгөөр л дөө. Тэгээд охиндоо баярлаад дурсамж болгоод үлдээлээ. Би гэдэг хүн энд тэндээ юм зүүхдээ тааруухан хүн. Бөгж, хүзүүний зүүлт тал дээр бол бүр ч таг. Цаг бол болж байна аа. Аавыгаа бас гангалах гээд эрдэнийн чулуу мулуутай. Батарей энэ тэрээ гэхгүй л гэнэ. Ээ дээ, сүртэй л эд байна лээ...Аав шиг энгийн хүнд "томдох" л эд байх даа... :)


Би 16-тай байхдаа аавдаа ямар бэлэг өгч байсан юм бол гэж бодлоо л доо. Тэгсэн толгойд юу ч бууддаггүй. Би тэр үед ямар ажил хийж байсан биш гээд өөрийгөө өмөөрөөд нэг үзлээ. Онцсайн сурч байсныгаа, аавынхаа үгэнд ордог байсныгаа, эсвэл гэрийн ажилд сайн байсныгаа, эсвэл аавынхаа "туслах эр" байсныгаа, дүү нараа асардаг байснаа, бүр олдохгүй байвал даруухан, томоотой хүү байсныгаа "бэлэгт" тооцохгүй бол үнэхээр юу ч байдаггүй ээ. Хөдөө, тэгээд ч соц үе байлаа, нөгөө алдарт зах зээл бол үнэртэж эхэлж байсан байх даа.
Оюутан болчихоод харин аавыгаа боддог болсон байх даа. Түүнээс өмнө бол ч ээжийн хүү царайлаад аавыгаа дамшиглаж л явсан байх. Одоо ч аавыгаа гэхээсээ илүү ээжийгээ гээд байдаг. Аавыг болохоор өөрөө өөрийгөө аваад явчихаж "сэргэлэн гар" гэж бодоод л.
Өө тийм, 16-тай (магадгүй 17-той үед) байхдаа дуу бүдүүрээд, өсч өндөр болж, булчин суух аядаад аавыгаа "та хөгширч байна даа" гэж тоглодог байж билээ. Тэгсэн одоо охиндоо тэгж хэлүүлээд сууж байдаг. Цаг хугацаа амархан өнгөрөх юм даа. Нэг л мэдсэн аав болоод, нэг мэдсэн хөгширч байна шүү дээ.
Бага байхад аавтайгаа зэрэгцэж зогсоход аав дуртай нь аргагүй зэрэгцэн зогсож өндрөө хэмжээд намайг "миний хүү болоогүй байна даа" гээд л шоолоод байдаг байж билээ. Тэгээд би 16(17)-той болчихоод ааваасаа өндөр болчихлоо. Тэгээд "багынхаа" (уг нь бол хэдхэн жил) явдлын хариу болгоод аавдаа "хоёулаа өндрөө үзье" гэхээр аав "би завгүй байна" гээд зугтаагаад булчин суусан эр хүн-би аавыгаа "хүчээр" зогсоогоод л дооглож байгаад л "одоо та надаас намхан байна" байна гээд хэлдэг байж билээ. Тэгэхдээ бүр ээжийг дуудаж байгаад л "аав бид хоёрын хэн нь өндөр байна?" гэж албаар асууна. Ээж угийн аавыг "доош" нь хийх дуртай юм чинь "аав чинь шал намхан байна, тэгээд булчин шөрмөс ч байхгүй" гээд аавыг дооглож өгч байгаа юм даа. Аав болохоор толгойны дээр минь гараагаа хэмжээ авч өөрийнхөө толгой дээр чиглүүлж аваачаад (уг нь доошилж байгаа боловч аав гялс манс "тэгшитгээд" л) өөрийнхөө толгойд хүргээд "бараг л чацуу байна" гээд бас бууж өгөхгүй ээ...
Өө тийм. Манайх чинь 4-н хүүтэй айл байгаа юм. Тэгээд булчин үзэх тэмцээн болно шүү дээ. Эхлээд аавд 4-н хүү нам авахуулдаг байснаа нас нэмэгдэж бие хаа булчинжаад хэхэ нэг, нэгээрээ ялах аяддаг байж билээ. Гэхдээ аав их шазруун хөгшин ч гэсэн үзээд байдаг байсан юм даа.
Оюутан болчихоод аавыгаа тэврээд өргөж байгаад л аавдаа "эр хүн" болсноо мэдрүүлдэг байж билээ. Аав инээд алдаад л... Бид ч их хүчтэй эрчүүд...

За тэгээд, энэ бичлэгийг уншиж байгаа эрчүүддээ Аавын баярын мэнд. "Аав" биш гэвэл удахгүй Аав болно оо гээд урьдчилаад баяр хүргэчихье.

5 comments:

Undraka said...

Аавуудын өдрийн мэнд.Би аавдаа 19тэйдээ анх 14 хоног ажил хийгээд ноолууран цамц авж өгж байсийм. Аав одоо хүртэл өмсдөг. Ажил дээрэ байхад нь товч нь тасараад уначан чинь бөөн юм болж оллоо гээд л. Товчийг нь хүртэл хайрлаад байгаам даа.Бүүр аавыгаа саначлаа. Манай аав бас байнга дүү бид 2той өндрөө үздэг байсан хэхэ.Одоо бол намхаан өвөө л болчон.

Anonymous said...

saihan ohinoo uhaalag osgoson sain aavd bayariig hurgeye!

Bolor Dulambayar said...

Аавуудын баярын мэнд хүргье, Би өөрөө аавгүй өссөн болохоор үнэхээр аав охин 2н харилцааны талаар мэдлэг маруухан, тэгэхдээ охинд чинь азтай юм аа ийм аавтай.Таны блогоос ихийг ойлгосон. Бас аавтай болмоор санагдсан. Төрөхдөө аавыгаа хэн гэдгийг мэдэхгүй төрсөн болоод ч би аав гэдэг үгийг хэрэглэж үзээгүй 20 жил болж байна. Саяханаас хойд аав гэдэг үг хальт үгийн санд орчих гээд бас жаахан дуртай байгаа. За тэгээд баяраа гоё тэмдэглээрэй, германд аав нар тэргэн дээр пиво түрчихээд өдөрчин гудамжаар ууж явдаг гэж хүнээс сонсож байсан юм байна хихи. Ээж нар баяраа тэгдэг бол :-)

Anonymous said...

chandmani ahaa ene nana-g yasan iiseniig ni medehgui biz

Chandmani said...

Undrakaд:
Аавууд баярладаг боловч тэгж их хөөрцөглөж илэрхийлдэггүй байх аа. Аав чинь тэр ноолууран цамцыг насан туршдаа өмсөнө өө.
Өө тийм... охин минь 2007 онд нарны шил бэлэглэж байсан юм. (http://chandmani.blogspot.com/2007/06/blog-post_14.html) warranty баталгаат хугацаатай дээр нь нэг солисон. Өнгөрсөн сард нэг гар нь эвдрээд би засуулаад зүүж байгаа. Засварын газар хайсаар байж олж очтол засварчин нь "энэ шилийг засуулах, эсвэл өөр шил шинээр авах 2-ын аль нь дээр гэж үзэж байна?" гэж асуулаа л даа. Охины минь бэлэглэсэн нүдний шил тул би засуулна гээд хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа авч билээ. Гарынх нь будаг нь гагнуураас болоод халцарсан ч би зүүгээд л байгаа....

Гэгээнд:
Баярлалаа.

Bolor Dulambayar said...
Нэгд баярлалаа.
Хоёрт Sad story байна. 20н жил их хугацаа байна даа :(
"Аав"-ууд янзан бүр байх юм даа. Хүн болгон заавал "аавтай" байдаг, харин тэр аав нь хэн байсан, яагаад аав шиг байсангүй, яагаад ээж нь мэдэгдсэнгүй гэх мэт олон асуултууд ундраад эхлэх байх л даа. Уг хүн ямар байсан эсэхээс үл хамааран "аав"-ынхаа хэн, ямар хүн байсныг тодруулж мэдэх нь ирээдүйн амьдралд хэрэгтэй байж мэдэх юм шүү. Заавал тэг байгаа юм биш л дээ. Үр хүүхэдтэй болох, удам судраа мэдэх тал дээр хэрэгтэй байж мэднэ. Ирээдүйд хүү ч юм уу охин тань манай "өвөө" ямар хүн байсан юм бол гэж асуух тохиолдол гарна, тэр үед хэлэх үгтэй л байсан нь дээр болов уу даа. "Аав"-ыг мэдэхгүй, үзэн яддаг байсан ч хамаагүй "аав" гэдгийг мэдэх гээд хичээгээд үзээрэй.

Anonymousд:
лагерьт гарсан байхаа :)
эсвэл нанамаа болоод хөдөө агуйд Бурханы шашинд гэгээрч даянчилж байж ч мэднэ.