2008-11-22

Вэб сайтуудыг шүүхэд өгөх мэдэгдлийн тухай дахиад...

Вeб сайтуудыг шүүхэд өгнө гэв
Ц.Баттуяа
Монголын сонины холбоо өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа вeб (вэб гэх гэсэн байх) сайтууд тус холбооны гишүүн байгууллагуудын эрхлэн гаргаж байгаа сонинуудын матeриалыг зөвшөөрөлгүйгээр байршуулдаг.

Ингэснээр сонины нийтлэлийн бодлого, орлого, захиалгын тоо, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай Монгол улсын хуульд заасан хэм хэмжээг зөрчсөөр байна. Энэ хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг тэдгээр интeрнэтийн бизнeс эрхлэгч компаниудын удирдлагуудад удаа дараа шаардлага тавьжээ. Гэвч тэд энэ шаардлагыг хүлээж аваагүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биeлүүлэхгүй байгаа аж. Тиймээс цаашид оюуны бүтээлийг хууль бусаар хуулбарлахаа зогсоохгүй бол шүүхэд өгнө гэдгээ мэдэгдлээ.

“Бид тэдгээр сайтыг хаалгах гэсэнгүй. Хамгийн гол нь бидний оюуны бүтээлийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлаж, үнэгүйдүүлэх, зочдын сэтгэгдэл нэрийн дор хүнийг эрээ цээргүй гутаан доромжилж, гүтгэх явдлыг таслан зогсоохын төлөө чадах бүхнээ хийнэ” хэмээн Монголын сонины холбооны eрөнхийлөгч Р.Хадбаатар ярилаа.

Хадбаатарын мэдэгдлийг "зөвшөөрөлгүй" блогтоо орууллаа. Намайг шүүхэд өгөх болов уу?

...Монголын өдөр тутмын сонинуудын холбооны мэдэгдэлд дурьдагдсан сайтууд нь монгол уншигчдын хамгийн их шагайдаг, мөн Монголын хамгийн идэвхтэй, үйл ажиллагаа нь тасалддаггүй сайтууд бололтой. Хэрвээ нэр дурьдагдсан сайтуудын ажиллагаа "гацвал", эсвэл энэхүү мэдэгдлийн нэхэмжилсэн торгууль-төлбөрт "дарагдвал" зөвхөн дотооддоо төдийгүй гадаадад Монголын нэтийн мэдээлэл тодорхой хэмжээгээр тасарна гэдэгт эргэлзэхгүй байна. Ялангуяа монгол хэлээр бичигддэг мэдээллүүд...

...Монголын өдөр тутмын сонинуудын Холбоо, Монголын Сонины Холбоонууд нь өөрсдөө нэтэд өөрийн гэсэн сайттай; тухайн гишүүн сонинууд, мэдээллийн хэрэгслүүдийнхээ мэдээллүүдийг олон түмэндээ, гадаадад буй монголчуудад хүртээлтэй тараах чадвартай бол иймэрхүү мэдэгдэл гаргахад, төлбөр нэхэмжилэхэд би лав эсэргүүцэхгүй байсан. Гэтэл сонинуудынх нь сайтууд нь мэдээлэл түгээх битгий хэл, өөрсдөө ч танилцуулга сайт алга. Нэтэд "Монголын өдөр тутмын сонинуудын Холбоо", "Монголын Сонины Холбоо" гээд хайгаад үзээрэй. Бичиг өргөсөн, зарга хийсэн, мэдэгдэл гаргасан гэсэн товч мэдээлэл бүхий зүйл гарна. Тэдгээр мэдээллүүд нь мэдэгдэлд дурьдагдсан сайтнуудаас ихэнхдээ гарч мэдэх байх шүү...Тэгээд бодохоор торгуульд оногдох сайтууд нь тус холбоодыг сурталчилсан байгаа биз. Сайтуудад нь тэдгээр холбоод, тухайн сониныг "нэтэд сурталчилсны" мөнгө гэж хариу шүүхэд өгчихвөл таарна.

Мэдэгдэл гаргаснаараа Монголын өдөр тутмын сонинуудын Холбоо, Монголын Сонины Холбоонууд нь, гишүүн сонинууд, мэдээллийн хэрэгслүүд нэтийн орчинд хөгжиж дэвжих ёстой гэдгийг харууллаа. Хүн мэдээгүй байхад, өөрсдийгөө илчилчих юм даа....

Одоо, энэ бичлэгийнхээ эхэнд оруулсан Баттуяагийн мэдээллийн талаар...

Миний уншиж ойлгосноор Хадбаатар ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бололтой. Яагаад гэвэл сэтгүүлчдэд хандсан гэсэн байсан.

"Монголд үйл ажиллагаа явуулж байгаа сайтууд" гэж тодотгосон байна билээ. Миний бодлоор тэд нарын сервер нь гадаадад байрладаг байх шүү. Тэгж байж л боломжийн, чадвартай, хурдтай байгаа. Хэрвээ монгол байсан бол "оллоо.mn" шиг нээгдэх гэж зуун жил болно. sonin.mn-ий сервер нь Америкт байж ч мэднэ. Тэгэхээр тэдгээр сайтуудыг Монголд үйл ажиллагаагаа явуулдаггүй гэж бас болох нь дээ...

"...сонины нийтлэлийн бодлого, орлого, захиалгын тоо, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай Монгол улсын хуульд заасан хэм хэмжээг зөрчсөөр байна..." гэснийг уншаад ойлгосонгүй. Бичих гэсэн санааг нь гадарлаж уншихаар ойлгочихож байгаа юм. Арай өөрөөр бичвэл илүү ойлгоцтой болох байсан байх...

... Ер нь сайтуудыг шүүхэд өгөхөөр үйл ажиллагааг нь хаана, ингэнэ тэгнэ гэсэн тусгайлан заасан хууль байдаг бил үү? Хэрвээ заалт байхгүй бол ч шүүгчдийн дурын шийдвэр болж хувирна... Үүнээс үүдээс хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй болох байх... Цааш нь бодно оо хө... Хуулийг хэн санаачлах эрхтэй билээ, тэгэхээр УИХ-ын гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгчийн зүгээс нөлөөлөл орно гэсэн үг... Хэрвээ тэд удаан ажиллавал энэ асуудал шийдтэл хэдэн жил болж улмаар "замхарна"... Аймаар бодсон хэхэ...

..."Зочдын сэтгэгдэл" гэдгийн хариуцлагыг зөвхөн тухайн сайтынхан хариуцах нь өрөөсгөл болох байх. Гэхдээ сайтууд нь нэр хаяггүй, "балай" сэтгэгдлүүдийг тодорхой хэмжээгээр хянадаг байх, эсвэл сэтгэгдэл бичих болвол "логин" хийдэг болговол зүгээр байх л даа... Хэрвээ хүсвэл хаанаас, хэн бичсэнийг "тодруулж", олон нийтэд ил байхаар сайтандаа тусгаж болно... Сэтгэгдэл болгоны ард тухайн IP address, хаанаас гэдгийг улам нарийвчлан гаргадаг болвол ер нь зүгээр юм...

No comments: