2008-11-22

Хэрэлдээд л ба Миний бяцхан "мэдэгдэл"
(Блогийнхоо 1033 дахь бичлэгт "хэрэлдэх" гэдэг үгийг 2 дахь удаагаа бичиж байгаа минь энэ. Өмнө нь энд ганцхан удаа бичсэн юм билээ)

Бодоод байсан чинь манайхан хэрэлдэхдээ (маргах гэдгийг нь хасаж ойлгоорой) сайн улсууд бололтой. Гэр орондоо, ажил төрөлдөө, дэлгүүрт, үзвэрийн газарт хэрүүл... за даа ер нь бүхий л газар. Та "хэрүүлтэй" тааралгүй тайван байсан бол өөрийгөө их азтайд тооцож болно... Засгийн газар, яамд, холбоод гээд "томхон" газрууд болохоор мэдэгдэл гаргаад л... жижигрээд ирэхээрээ явган хэрүүл хийгээд л, тэгэхээр хэрүүлүүд нь "хувилбарууд"-тай... Нэг нь мэдэгдэл гаргаад л нөгөө хэд нь хариу мэдэгдэл гаргана, нэг нь хэрүүл хийхээр нөгөө нь хариу хэрэлдэнэ... Яаж амьдарна даа...

Бид орчин үед, мэдээллийн эринд амьдарч байгаа гэдгийг юуны өмнө хэлэх нь зүйтэй байх. Мэдээллийн, тодруулбал технологийн эринд амьдарч байна... Дээр үед :) буюу 2007 онд APA энэ тэр гэж бичлэгийн хэв маягийн тухай асуулт байдлаар бичиж байсан минь санаанд сая буулаа. Энэ нь зөвхөн "бичих"-дээ биш зохиогчийн эрхийн тухай хөндөж байсан хэрэг...

Интернэт бол нээлттэй орчин. Гэхдээ зохиогчийн эрхийг зөрчихгүйгээр шүү дээ.. Зохиогчийн эрх гэдэгт хамгийн наад зах нь мэдээллийг хаанаас олж бичсэнээ дурьдахаа хэлж байгаа юм. Би бичихдээ аль болохоор эх үндсийг бичихийг хичээдэг: мэдээллийг эх сурвалж, source, photo гэж бичдэг нь миний зүгээс зохиогчийн эрхийг хүндэлж буй хэрэг. Хүндлэхээс гадна "хууль зөрчихгүйн" баталгаа. Нэг зураг тавихдаа мэдээллийн эхтэй нь бичсэн боловч "зохиогч" нь "эрх зөрчиж" байна гэсэн comment бичсэний дараа тэр зургийг авч байлаа...

За, "Интернэт бол нээлттэй орчин" гэж бичсэнийхээ учрыг тайлбарлах гээд үзье.

Нэгд. Ерөнхийдөө улс орнуудад түгээмэл зүйл бол мэдээллийн эх сурвалжийг бичиж тухайн мэдээллийг олон нийтэд хүртээлтэй байлгах байр суурийг баримталдаг байх. Тэгээд ч тэд өөрсдийнхөө сайтуудад болон мэдээлэлдээ "Privacy Policy" гэсэн зүйлийг багтаасан байдаг. Би өөрөө мэргэжлийн хүн биш тул сайн мэдэхгүй, гэхдээ миний ойлгож байгаагаар тэрхүү "дүрэмд буюу policy" д зааснаар мэдээллийн эх сурвалжийг бичвэл "зохиогчийн эрхийг" зөрчөөгүй гэсэн үг. Зарим газрууд бол "бичлэгт" оруулахыг шууд хориглодог. Ихэнхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд "нэр" нь дурьдсан байхад "сэтгэл хангалуун" үлддэг. Яагаад гэвэл тухайн мэдээллийг олон нийтэд хүртээлтэй байхад тодорхой "хувь нэмрээ" оруулж байна гэж үзэж буйн хэрэг....

Хоёрт: Интернэт бол "өөр" орчин. Маргаантай асуудал л даа. Ихэнх хүмүүсийн ойлгож байгаагаар интернэт бол "нээлттэй". Нэтийг өмчлөөд авчаагүй тохиолдолд хаана ч, хэн ч тэрхүү мэдээлэлд "нээлттэй" хандана. Нээлттэй мэдээллийг "хаалттай" болгох гээд ч чадахгүй... Би хэзээ ч билээ санахгүй байна, блогийнхоо кодыг зүгээр санаандгүй "эрхтэй" болгоод түүнийгээ "хамгаалах" гэж үзэж билээ. Тэгээд хэн ч хаанаас ч ороод save хийх, source харах гэхээр нь болохгүй болгож байсан юм. Дараа нь сайтууд ухаж байгаад нэг мэдээлэл олоод тэрнээс хойш "эрхээ" хамгаалахаа больж билээ. (Үнэнийг хэлэхэд "source"-ийг хамгаалсан байлаа ч гэсэн харах боломжтой, харж ч байлаа, харах ч болно).. Би ч бас эрхтэй гэж ойлгож бодож явсныг яана... Миний уншсан зүйл нэтэд бүх зүйл нээлттэй харин хэзээ, хаана, ямар зорилгоор ашиглах вэ гэдэгт хамаг учир байдгийг ойлгуулсан хэрэг. Блог өнгө үзэмж сайтай биш гэдгийг, миний зураг чанарын шаардлага хангахгүйг бас мэднэ, миний бичлэг наад зах нь "баабар"-дах бус гэдгийг ойлгоно... Тэгэхээр тэр үед би хэнээсээ юуг харамлаад "нууцалснаа" одоо болтол ойлгоогүй л яваа. Магадгүй би "өөрийнхөө" гэсэн чанарыг "хадгалахыг" хүссэн байх л даа....

................ эх мэдэгдэл буюу хэрүүлийн үндэс.................
Мэдэгдэл
Thursday, November 20 @ 00:25:46 GMT+8

Интернэт дэх www.olloo.mn, www.news.mn, www.sonin.mn, www.gogo.mn, www.banjig.net, http://maranata.mn, www.namuun.mn, www.dayarmongol.com, www.pactnews.mn, (factnews.mn байхаа) http://zaluus.mn зэрэг сайтууд болон зарим нэгэн нэр бүхий сонинууд (энэ удаа нэрийг нь дурдсангүй) (нэгэнт л бичсэн бол бичсэн шиг бичих хэрэгтэй, ялгаварлан гадуурхах үзэл гаргасан гэж би хувьдаа дүгнэсэн, аягүй л бол нэрийг нь дурьдаагүй сонинууд энэ мэдэгдэл гаргасан нөхдийн найз нь ч юм уу, эсвэл мэдэгдэл гаргагч хамтран эзэмшигч нь, эсвэл олон болгох гэж нэр исгэсэн хэрэг гэсэн ойлголт надад төрсөн) Өдөр тутмын сонины холбооны гишүүн хэвлэлүүдийн эрхлэн гаргаж байгаа сонины мэдээ, материалыг ямар ч зөвшөөрөлгүйгээр шууд хуулбарлан өөрийн сайтад байрлуулж, сониндоо нийтэлж байгааг нь удаа дараа анхааруулж мэдэгдсэн боловч энэхүү үйлдлээ таслан зогсоохгүй байгаа учраас Монгол Улсын Оюуны өмчийн газар болон холбогдох хууль хяналтын байгууллагуудад төлбөр нэхэмжлэн хандаж байгааг энэ дашрамд мэдэгдье.

Манай сэтгүүлч, сурвалжлагчдын цаг хугацаа, хөлс хүчээ шингээн бий болгосон оюуны өмчийг ёс зүйн наад захын хэм хэмжээг умартан ичгүүргүйгээр хулгайлж байгаа дээрх үйлдлээ даруй таслан зогсоохыг шаардаж байна.

Монголын өдөр тутмын сонинуудын холбоо


мэдэгдлийн эх сурвалж: http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&top&sid=20434&catid=33


"Монголын Сонины холбоо" гэдгийн талаар эндээс уншаарай.
"Монголын өдөр тутмын сонинуудын холбоо"-ны талаар эндээс уншаарай...

................. мэдэгдлийн хариунууд буюу хэрэлдэгчид.................

Энэхүү мэдэгдэлд хариу болгосон МАРАНАТА-гийн мэдэгдлийг эндээс . (http://www.maranata.mn/index.php?option=com_content&task=blogcategory&id=127&Itemid=50)

Мөн "Даяар Монгол"-ынхон мэдэгдлийн тухай ингээд (http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=2717&Itemid=45) бичиж...

News.mn-ийн мэдэгдлийн хариуг эндээс....

--------------------------------------------------------------------------------------

Ер нь бичиж байсан дургүй хүрчихлээ, бүр товчилно оо...

Мэдэгдэл ч гэж мэдэгдэл, хариу ч гэж хариу... Хэвлэл мэдээлэлд бичсэнийг хэн нэгэн цааш нь түгээхдээ заавал "зөвшөөрөл" авах шаардлагагүй гэдгийг "сонины холбоод" мэдэхгүй "тэнэгтдэг" байна ш дээ. (ярианы хэллэгээр) ... Хэвлэл мэдээллийн байгууллагуудын учир утгагүй хэрүүл...Үүнээс хэн ч "ялахгүй". Харин хэрхэн бичиж мэдээлж байна гэдэгтээ учир нь бий. Хаана, юуг ч, цагт нь түгээж чадахгүй бол хэвлэл мэдээллийн "холбоод" байгаад яахын.... Мэдээллийн байгууллагууд өөрсдөө мэдээллийг хаанаас сонсож, мэдэж, харж байснаа дурьдаж байхад барав...Мэдээллээс авах юм бий, хаях юм бий гээд төгсгөе...

4 comments:

A.Амарсайхан said...

Аль аль талд нь зөв бий. Буруу ч бас бий.

Jenni said...

Humuusee evtei nairtai amidartsgaaya

Chandmani said...

Амраадаа:
Хэн хэндээ буруу нь байгаа. Сэтгүүлчдэд ихэнх буруу оногдох бололтой. Тэдний "ухамсар"-ыг дээшлүүлэх хэрэгтэй болов уу...

Жэннидээ:
хэхэ тийм шүү. "Сөрөг" биш "эерэг" цэнэгээр цэнэглэцгээе...

gegeen said...

Happy Independence Day of Mongolia!

ene asuudliig doviilgoh hereggui l taldaa. Internet henii ch omch bish. Publict tarsan medeelliig yamar suvguudaar tarsan ni gol bish publict tarj baigaa gedgeer ni l dugneh ni zov