2008-10-14

... Монгол орны тухай зарим тоо баримтууд...(үргэлжлэл)

... Дэлгэр Монгол орон минь газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн улс орнуудын жагсаалтанд 19-д бичигддэг бөгөөд манай хойд хөрш 1-т, урд хөрш 4-т (маргаантай) ордог байна... Ер нь дэлхий дээр landlocked буюу хуурай газраар хүрээлэгдсэн 44 улс орон байдаг бөгөөд тэдгээрийг газар нутгийн хэмжээгээр ихээс нь бага руу жагсаавал Монгол Улс Казахстаны дараа 2-т бичигддэг байна... (Баабарын нийтлэлд: Монгол Улс газар нутгийн хэмжээгээр 17-д ордог гэж андуурсан байлгүй дээ)


...Манай хөрш Оросын Холбооны Улс дэлхийн 16-н улстай хил залгадгаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд Монгол Улс 2 улстай хил залгадаг 27-н улсад багтана...

....Монгол Улсын хамгийн өндөрлөг цэг нь Алтай Таван Богдын Хүйтний оргил 14,350 feet (4374 метр -өмнө нь 4653 м байснаа шинэчлэгдсэн) . Дэлхий дээр 8000-н метрээс өндөр 14-н алдарт ноён оргилууд байдаг бөгөөд хамгийн өндөр нь Гималай нурууны Эверестийн ноён оргил 8850 м (1999 онд шинэчлэгдсэн) билээ. Манай Улсын өндөрлөг цэг нь дэлхийн жагсаалтын 38 ордог...


...Дэлхийн 255 орнуудаас Далайн түвшнээс доогуур цэгтэй 33 орон байдаг бөгөөд Монгол оронд үүнд хамрагдахгүй. CIA Factbook-т бичсэнээр Монгол Улсын хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 518 метр болох Хөх нуур бөгөөд дэлхийн бусад орнуудтай харьцуулбал 6-д орно. Зарим мэдээллүүд дээр 560 метр, 552 метр (medeelel.mn сайтад мөн хотгор гэж нэмсэн байна) гэсэн байна лээ...

... Хүн амын нягтралаар (km²-д ноогдох) Монгол Улс United Nations World Prospects Report-д 2005 оны судалгаагаар хэрэв нягтрал багатайгаас нь жагсаавал эхний 3-т, нягтрал ихтэйгээс нь жагсаавал сүүлээсээ 3-т ордог байна. Хэрвээ Greenland (Denmark), Falkland Islands (UK)-ийг "улсад" тооцохгүй бол манайд "тэргүүлнэ". хэхэ Хэрхэн ойлгохоос хамаарна л даа. Нэг онигоо байдаг байхаа: хоёр хүн уралдаад, түрүүлсэн хүн нь би 1-т орсон гэхэд хожимдсон хүн нь би бас "сүүлээсээ" 1-т орсон гэж өөрийгөө тайтгаруулсан гэж. Тоондоо л учир нь байна аа даа :)

... Монгол Улсад 1000 гэр бүлд ноогдох гэр бүл салалтын үзүүлэлтээрээ 2004 оны байдлаар дэлхийд 29-д давхиж байна... Гэрлээд, салаад, салаад гэрлээд байхаар амьдрал яаж тогтвортой байх билээ... Мөн намууд сонгуулийн өмнө нийлээд л, албан тушаал хуваалцахаараа салаад л байхаар улс яаж хөгжих билээ...

...Монгол Улс хүн амын дундаж наслалтын үзүүлэлтээрээ CIA World Factbook-ын 2007 оны судалгаагаар 222 улс орнуудын дунд 151-т жагссан байна. Дэлхийн хүн амын дундаж наслалт 65, эрчүүдийнх 63, эмэгтэйчүүдийнх 67 байдагтай харьцуулбал бараг л тэнцүү очих бөгөөд монгол эрчүүд мань мэт нь 64 орчим, монгол хүүхнүүд 69, ерөнхийдөө дунджаар 66 насалдаг бололтой... Ер нь "юу ч байхгүй" байж урт насалж хүн амьтан зовоогоод яахав дээ, тийм ээ...

... 1000 хүнд ноогдох нас баралтын үзүүлэлтээрээ 133т бичигддэг бөгөөд хүн ам бага тулдаа л болдог байлгүй дээ. Хэрвээ хүн ам ихтэй, дээр нь бие биенийгээ буудаад, гэмт хэрэг ихсээд байвал ч дээгүүр орох байхаа....

... Монголын хүн ам, нас, хүйс зэрэг үзүүлэлтүүдээр олон улсын түвшинд хэдэд ордгийг энэ сайтад ороод үзээрэй. Хэрэгтэй байсан мэдээллүүдийг нэг дороос олдог байгаа... Би орчуулж илүү цаг зарцуулаад яахав. Давгүй бөөндчихсэн байна лээ....

.. Мөн эндээс тодорхой салбар, чиглэлүүдээр мэдээллүүдийг, улс орнуудын жагсаалтанд хаагуур жирийж байгааг мэдэх боломжтой...

...Хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод амьдардгаараа олон улсад дээгүүрт орох болов уу гэж бодож байсан яг л байна. Монгол Улсын хүн амын 59.57 % нь хот суурин газар амьдарч буй үзүүлэлтээрээ 2005 оны байдлаар (Би Синга, Гонконгийг улсад тооцсонгүй)
Kuwait, Puerto Rico, Haiti-уудын дараа 4-т жагсдаг байна...

...1945 онд байгуулагдсан НҮБ-д Монгол Улс элсэх өргөдлөө анх 1946 онд өгсөн боловч 1961 оны 10 дугаар сарын элссэн. 2007 оны байдлаар нийт 192 гишүүн улс орнууд байгаа бөгөөд элссэнээр нь жагсаавал Монгол Улс 100 (http://en.wikipedia.org/wiki/United_Nations_member_states -аас) дахь гишүүн орон. НҮБ-ийн албан ёсны баримтат бичигт Монгол Улсын тоон код нь (numerical code) 496 бөгөөд албан ёсны товчилол нь MNG....

... CIA World Factbook-ын судалгаагаар Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн үнэлгээгээр (rate) Монгол Улс 214 улс орнуудын 25-д бичигдсэн байна. Энэ нь сайнаар бодвол эдийн засаг дээшилж байгааг тодорхой хэмжээгээр харуулж буй..

... Дэлхийн банкны 2007 оны 7 дугаар сарын мэдээллээр Монгол Улс developing буюу хөгжиж буй орны жагсаалтад багтсан...

... Мөн CIA World Factbook-ын судалгаагаар Монгол Улс Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ноогдох үзүүлэлтээрээ Ази дахь "буурай" гэгдэх орнуудын жагсаалтанд эхний 10-т жагсдаг бай(сан?) на...

... Монгол Улс Үндэсний Нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээрээ Дэлхийн банкны 2007 оны судалгаагаар судалгаанд хамрагдсан 209 орнуудаас 156-д орлоо. Харин нэг хүнд ноогдох Үндэсний нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээрээ 2007 оны байдлаар 209 улс орнуудаас 150-д алхаж явна даа...

...Шинжлэх ухааны түүхэнд Монголыг чамлахааргүй тодорхойлсон нэгэн үзүүлэлт бол Сансарын уудамд иргэнээ илгээсэн ганцхан явдал. Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа "Союз-39" хөлгөөр 1982 оны 3-р сарын 22-нд сансарт ниссэнээр Монгол Улс сансарт иргэн нь ниссэн 10 дахь улс болж оржээ. Дэлхийн 33-н улс орны иргэд (Зөвлөлт), Америк, Орос, Хятад улсуудын хөлгүүдээр л нисч сансарт "мөрөө" үлдээжээ....

... Монгол Улс хүн амын ихэнх хувь нь нүүдэлчин (nomadic) байдлаар амьдардаг дэлхий дээрх "цорын ганц" улс... Өмнөх бичлэгт оруулсан.

... Монгол Улс нь 1999 онд адуу малын тоо толгой нь хүн амынхаа тооноос хэтэрсэн дэлхий дээрх "цорын ганц" улс байж... Харин 2006 оны мал тооллогоор 2 114.8 болж буурсан байна. Сониноос, Animal Planet сувгийн 73 орны 50 мянган үзэгчдийн (2004 он) саналд асуулгаар морийг "the world's 4th favorite animal" (ертөнцийн "дөрөв" дэх хөөрхөнд) тодруулсан байна. "Ертөнцийн гурав"-т "Босож тэнцэж байгаа унага нэг хөөрхөн" гэдэг байхаа...2003 оны байдлаар адуун сүргийн тоо толгойгоор дэлхийд Хятад, Мехсик, Бразил улсууд тэргүүлсэн байна.

...Дэлхий дээрх "ганцхан" зэрлэг адуу (Пржевальскийн адуу, Азийн зэрлэг адуу, Монголын зэрлэг адуу, тахь гэх мэт нэрлэгддэг) Монголд нутагшдаг. Монгол Улсын Их Хурлын 1998 оны 115 дугаар тогтоолоор “Хустайн байгалийн цогцолбор газар” байгуулж, тахь өсгөн үржүүлэх болов. Хустайн нуруунд сэргээн нутагшуулсан тахь эх нутагтаа дасан зохицож, нутагшин өсөж тоо толгой нь Байгаль орчны яамны мэдээллээр 2005-11-30-ны байдлаар 171–д http://en.wikipedia.org/ сайт дээр мэдээлснээр 248? хүрчээ...

... "International Agency for Research on Cancer" байгууллагын судалгаагаар 100 мянган хүн амд "элэгний хорт хавдараар өвчлөлт"-өөрөө дэлхийд тэргүүлдэг (1-т гэх үү) аж. Бидний хэлдгээр бол "шарлах". Амьдралын нөхцөл байдал, нийгмийн нөлөөлөл их боловч монголчууд бид эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангаж чаддагүйд байдаг байхаа... Элэгний өвчин үүсдэг шалтгаануудын тухай эндээс уншаарай, тэгээд таних танихгүй монгол хүнд цааш нь дамжуулж, монгол удмаа хамгаалцгаая...

....

...Nationmaster.com сайтад ороод Монгол Улсынхаа тоо баримтуудыг Азийн бусад орнуудтай харьцуулж үзээрэй....

(хичээвэл үргэлжлэх байхаа :)

No comments: