2008-10-12

Согтуу Чингис болон па пө....

Чингисийнх байсан л болов уу гэмээр алтлаг хувцастай нөхрийн зургийг өмнөх бичлэгтээ оруулаад дургүйцлээ бяцхан илэрхийлсэн...

Монголын өдрийг Мидлтоунд зохион Монгол орны тухай ойлголтыг ойр хавийнх нь америкчуудад бяцхан ч боловч тодорхой хэмжээгээр хүргэсэн зохион байгуулагчдад үзэгчийн хувьд талархлаа илэрхийлэх нь зүйтэй байх.

Онолын хувьд сайхан арга хэмжээ болсон гэж бодож байна. Цаг зав гаргаж эхний өдрүүдэд очиж чадаагүй бөгөөд хамгийн сүүлийн өдөр охинтойгоо хамт үзлээ. Монголчуудаа хараад баяртай байлаа. Дээр нь Монголоос ирсэн бас бус танидаг хүмүүстэйгээ уулзаж хууч хөөрлөө. Өмнөговиос ирсэн авъяаслаг хүүхдүүдтэй ярилцлаа. Өмнөговийн хүүхдүүдийн удирдагч, монгол хэлбичгийн нас тогтсон багшийг хараад ээжийгээ саналаа. Тэрхүү санасан сэтгэлээ ээж, аавыгаа монгол хэлбичгийн багш нар гэж ярилцаж сэтгэлээ бага ч болов онгойлгов.

Тоглолтын зассан талбайд Дээгий хийлээ эгшиглүүлээд тэр нь америкчуудад их таалагдав. Хэд хэдэн сайхан аяс тоглоод сэтгэл уяраад л суулаа.

Хаалтын тоглолт албан ёсоор эхлэж "хуучин" монгол эхнэрийн хувцастай хүүхэн гарч танилцуулгаа хийдэг юм байна. Монгол эхнэрийн хувцсыг тайлбарлахдаа яахав давгүй ээ, гэм нь тайлбар нь надад таалагдсангүй. Хэдий хэрийн жинтэйгээс авахуулаад юугаар, яаж хийдэг, хэрхэн өмссдөг тухай ярисан. Дээр нь хуримаа хийснээсээ хойш долоо хоног тайлдаггүй гээд л авдаг байгаа. Унтахдаа хүртэл тайлдаггүй гээд л... Би тэр түүр үүхийг нь сайн мэдэхгүй, буруу ч байж болох юм. Гэхдээ яаж ч бодсон хуримаа хийчихээд долоо хоног тайлахгүй байна гэдэг нь арай дэндүүлчихсэн байх. Тэгээд ч тэрхүү хувцас нь орчин үед хэрэглэгээнээс гарсан болохыг америкчуудад ойлгуулсангүй. Одоо хүртэл Монгол хүүхнүүд тийм хувцас өмсөөд долоо хоног тайлахгүй хатуу журмын дагуу амьдарч байгаа юм шиг л зүйл ярилаа. Тэр нь надад таалагдсангүй. Дээр нь эхнэрийн хувцсыг тайлбарлахдаа "гэр бүл салалтыг" жишээ болгон авч буй нь үнэхээр сонин байлаа. Америкчуудад гэр бүл салалт бол "увайгүй" болон "арчаагүй" зүйл. Гэтэл манай хөтлөгч хүүхэн энэхүү мужийн, тэр тосгоны нэгэн эртэй хэд хоног гэр бүл болоод тэгээд салж буйгаар зүйрлэн ярьж үзэгчдийг хөгжөөхийг оролдов. Бүгд л гайхсан байх. Монголын өдрийг сурталчлахдаа гэр бүл салалтыг сурталчилаад аятайхан санагдсангүй. Яахав тоглогчдын нэрийг дуудахдаа чарлаад байсныг эс тооцвол бусад нь дажгүй ээ...

Тоглолтууд. Морин хуураа эгшиглүүлээд , хөөмийдөөд л, уян бүжгээ бүжээд л... Гэхдээ морин хуурын тоглолтууд бараг л бүгд адилхан, нэгэн ая тоглочихсон юм шиг надад санагдахаар бусдад ямар санагдсаныг бодоход илүүдэхгүй байх. Хөөмий... Яахав ганц хоёр аятайхан цоглог ая тоглосон бол давгүй байхаар санагдаж байлаа. Тэр хүний нүүр харж чаддаггүй нэгэн эрийг би хараад их гайхсан. Тайзан дээр гарчихаад малгайгаа оролдоод шал ширтээд байх юм. Уг нь их л сайхан хувцас өмссөн сайхан ч малгайтай бараг л Чингис харагдаад явчихсан. Гэтэл шал ширтсэн Чингис болж хувирдаг байгаа. Зургийг нь авах гээд хүмүүс аппаратаа бариад өмнө нь зогсоод дээшээ харахыг нь хүлээгээд л... Ая яваад эхэлсэн чинь хөөмийдлөө. Мань мэтийн өмнө хөөмийг сонсож байсан хүмүүс бол "хулхи"даад байгааг нь ойлгохоор, америкчууд бол үгүй байх л даа. Би тэрхүү Чингисийг согтуу байсан гэдэгт бат итгээд байгаа. Охин тоглолтын дараа нэг хүн шал согтуу байсан гээд гайхаад байсан тэр нь тэрхүү Чингис байсан байхаа... Ардын бүжиг.... Сайхаан. Цагтаа ч бас ч үгүй Жалам хар, Агсал энээ тэрээг хийж явлаа. Жалам харыг Өмнөговийн хөвгүүд бүжиглэсэн. Таалагдсан. Харин мэргэжлийн бүжигчдийн бүжгүүд бараг л ая нь өөр, өөр өөр үндэстэн ястнуудын гэж нэр хайрласан болохоос адилхан хөдөлгөөнтэй нэг л хэвийнх байлаа....

Цамын бүжгийг хамгийн сүүлд хийв. Цамын хувцас америкчуудад их таалагдаж буй бололтой, зургаа даруулаад л. Охин минь хүртэ очоод зургаа даруулж хийморио сэргээв. Уламжлалт зан заншил гэдгийг ойлгож байна. Гэхдээ бас л нэг хийсвэр. Нарийн хөдөлгөөн, ур чадвартай зүйл байх. Гэхдээ америк тайлбарлагч "тиймэрхүү" (гараа алдлаад, хөлөө хаячаад эргэлдэн хөдлөхийг хэлсэн) хөдөлгөөн хийж Монголын уламжлал сэргэсэн гэж тайлбаөрлав. Бас л нэг но... Мэргэжлийн уран бүтээлчид, энд тэнд тэгж сургууль төгссөн гээд л өөрсдийгөө тайлбарлав. Хөтлөгч хүүхэн болохоороо Америкт мастер хамгаалсан юм билээ. Илүүц зүйл байсан боловч яахав давгүй ээ...

Ерөнхийдөө бол тийм. Монгол хоол гэж "мантуун" бууздав. Уг нь мантуун бууз биш байх л даа. Гэхдээ л надад "мантуун" бууз байлаа. 40-50 минут хүлээж байж охин минь хэдэн бууз авч идсэн. Гэртээ бид хоёр бууз дандаа хийж идэх биш ямар. Сонин л байлаа. Байцааны салат, боорцог, хайлмаг амталлаа. Хайлмагийг америкчсан монгол охин идчихээд па пү л гээд инээд авчихсан...

Өмнөговиос ирсэн хүүхдүүдтэй хамт хооллож ярьж цагийг хамтдаа өнгөрөөв. Их хөөрхөн эгдүүтэй, цоглог охид, хөвгүүд байна лээ. Жижигхэн биетэй, хөөрхөн охидууд байлээ. Охиныг минь, бас өөр нэгэн орчуулга хийж явсан охиныг эгчээ гээд л дуудацгаагаад л. Та нарын нас хэд билээ гэсэн нэг нь 16тай дүү нь 13тай гэлээ. Гэтэл охин минь 16 хүрэх гэж байгаа нөгөө охин ч гэсэн 16 орчим настай. Тэдний насыг хэлсний дараа нөгөө охидууд па пө гээд л эхэлдэг байгаа. Үе тэнгийн хүүхдүүд бие биенийгээ эгчээ гээд байсандаа зовсон байх. Хэрхэндээ инээцгээж авлаа...

Эндхийн хүүхдүүд англиар яриад монгол хэлээрээ ярихгүй, зарим нь бүр мэдэхгүй байгаад их сониучирхаж байлаа. Яахав амьдралын төлөө тэмцэл, орчиндоо зохицох энээ тэрээ гээдл нөгөө юу ч билээ зүйл л дээ...

Товчхондоо иймэрхүү дээ....

1 comment:

bluefire said...

uuniig sonsood yamar goyo yum be l gej bodson, ochoogui ni deer bj, harin ter huurhun huuhduud uu.