2008-10-26

Гоншигнохгүйгээр амьдарцгаая...
(үргэлжлэл)

...
Бурханы өөрт тань өгсөн, заяасан болгонд талархах хэрэгтэй. Түүний өгсөн болгоныг, бүр сул талыг хүртэл өөртөө ашигтай, давуу чанар болгохыг төлөө зүтгээрэй. Таны сул талаас Бурхан “чөлөөлөхгүй" боловч түүнийг нь давуу тал болгоход ашигладаг гэдгийг мэддэг.

Нэгэн хүн ертөнцийг харах хараагүй төрж. Хүмүүс Бурхан минь тэр яагаад сохор төрсөн бэ, хэний буруу вэ: түүнийх үү, эсвэл эцэг эхийнх нь үү гэж асуугаад л... Бүгдээрээ л хэн нэгэн буруутныг хайж учир явдлаа тохохыг, шалтаг шалтгаан болгохыг хүсдэг өнөөгийн байдалтай төстэй. Бурхан хариулахдаа: энэ нь хэний ч буруу биш ээ. Түүний ч, эцэг эхийнх нь ч буруу биш. Энэ нь Бурханы л “хишиг” гэжээ... (Ер нь ингээд Бурханы тухай яриа байсан тул тэр хэсгийг нь орхиод цаашдаа утгаар нь товчиллоо)

.... Дутуу дулимаг, сул тал, тахир дутуу байлаа гээд толгойгоо гудайлган халаглалгүй, арай ч дээ хэмээн унжийж урвайлгүй харин эсрэгээр нь сөрөх, тэмцэх хэрэгтэй. Тахир дутуу, сул дорой, ядуу зовлон нь Таны “далд” авьяас чадвар, зориг тэвчээр, шинэ боломж бололцоог нээдэг.

Тони Мелендэз хэмээх нэгэн залуугийн тухай өгүүлье. Тэрбээр төрөлхийн хоёр гаргүй төрсөн бөгөөд хүүхэд байхаасаа л гитар тоглож сурахыг мөрөөддөг байж. Тони гаргүй юм чинь бүтэшгүй зүйл гээд мөрөөдлөө гээсэнгүй. Тэрбээр, надад гар байхгүй ч би хөлтэй, гарын 10н хуруу байхгүй ч хөлийн 10н хуруутай гээд хөлөөрөө гитар тоглож сурсан ба бидний ихэнх нь гараараа гитар тоглосноос хавьгүй илүү тоглоно.

Хүн болгон мөрөөдлөө бие, сэтгэл, зүрхээрээ мэдэрч чармайн зүтгэх хэрэгтэй бөгөөд мөрөөдлөө биелүүлэх бүх боломж бололцоо Таньд л байдаг. Тонигийн жишээ бол шалтаглахгүй, гоншигнохгүй, дорд орохгүй, гутралгүй амьдрахын тод үлгэр жишээ.

Бидний боддог бүх л “сул тал” бидэнд илүү боломж бололцоог олгодог.

Ер нь жирийн нэгэн том, жижиг, налчгар, балин хамараас эхэлдэг царай зүс, өндөр намхан, тарган бүдүүнээр үргэлжилдэг бие хаа, салсан нийлсэн халагдсан гэх амьдрал, энээ тэрээ бүхий л шалтаг шалтгаан, тайлбар, зөвтгөх башир аргуудыг бүгдийг нь хөсөр хаяцгаая. Шалтаглахгүй, гоншигнохгүй, дорд орохгүй амьдарснаар бид өөрсдийнхөө жаргалын үүдийг өөртөө нээж өгнө.


(Нийт 26 минутын ярианы 12 минутыг монголчлов. Товчилохоор гайгүй болох байх. Үргэлжлэл бий.)

2 comments:

T13 said...

Сонирхолтой л бичлэгүүд байна. Их шашинлаг юм. Гэхдээ бурхны үг хэллэгийг нь шүүгээд уншчихлаа. Гол нь зорилгоо зөв тодорхойлох ёстой юм шиг. Намхан биетэй гэдэг сул талаа давуу тал болгож байна гээд агааржуулагчаар ороод хулгай хийчихэж болохгүй биздээ?
Миний хувьд бол амьдралын утга учир, зорилгоо, хаашаа харж, тэмүүлж амьдрахаа сайн ойлгоогүй л байна. Хичээх л юм, даанч ...

Chandmani said...

Сэтгэл цагаан, үйлс ариун байх хэрэгтэй гэж бодож байна. Ер нь бол санаа муут яван хатна ч гэж хэлдэг байх аа. Аливааг сайн сайхнаар бодож төсөөлж байвал наад зах нь эрүүл мэндэд ашигтай гэдэг дээ...