2008-06-14

100-н ухна.... (өөрчилсөн)

Улс төржинө өө хө...Монголд минь УИХ-ын сонгууль дөхөөд их л бужигнаж улс төржиж байгаа байхдаа...

Улс төр хэрээрээ сонирхдогийн хувьд нэтийн мэдээллүүдээс чадах ядахаараа л мэдээлэл авахыг оролдож байна. Зарим нэгэн мэдээллүүдийг уншиж байгаад өөртөө төрсөн бодлоо бичмээр санагдаад...

Сонгууль... Улс төрийн том алхам.. Улс орны, цаашлаад иргэн болгоны ирээдүйн амьдралд их нөлөөлөх хүчтэй улс төрийн томоохон үйл явдал...

Монгол Улсын улс төрийн амьдрал ямар нэгэн хэмжээгээр дээшилж, дэвшиж байгаа гэдэгт хувьдаа итгэж явдаг. Гэхдээ....

Сонгуулийн үндсэн субьект нь намууд. Анхдагч нь бол нэр дэвшигч байх. Би улс төрийн ухаанаар мэргэшээгүй тул өөрийнхөө бодлыг илэрхийлж байгаа юм шүү. Буруу бол уучлаарай.

Манайхан "зуун ямаанд нэг ухна" гэдэг боловч минийхээр бол монголын улс төрд "нэг ямаанд зуун ухна" шиг бодогддог. Улс төрийн намуудын тоог сайн мэдэхгүй байна, гэхдээ барагцаалбал 18 орчим (хэдэн жилийн өмнө тийм байсан санагдаж байна) байх гэж тааварлаж байна. http://www.ulstur.mn сайтанд байгаа мэдээллээр бол энэ жилийн улс төрийн сонгуульд 8н нам өрсөлдөж байгаа бололтой. Тэгэхээр бас ч үгүй хүн амын хэдэн ч билээ хувь нь хүүхэд залуучууд (хаа нэгтээ энэ талаар дурьдсан Л.Түдэв гуайн бичлэг гарсан байсан) эзэлдэг тодотголтой Монгол оронд минь энэ бол ахадсан тоо. Миний бодлоор Монголд нөлөө, хүчирхэг улс төрийн 2-3 нам байхад л хангалттай. Манайд улс төрийн намуудын тогтолцоо иж бүрнээр бүрдээгүй тул хэн дуртай нэг нь 800н хүний гарын үсэг ч билүү худал үнэн цуглуулаад нам байгуулдаг бололцоог хаах хэрэгтэй санагддаг... Гүндалайгаар жишээ авч болно. Өөрөө алдар нэр олохын тулд нам байгуулаад хэсэг бүлэг хүнийг уруу татаад Монголд авчирсан нь юу байна. Ядаж байхад намынх нь нэр "Ард түмний нам". Манай улс төрчдөд бас ичих нүүр байдаг ч болоосой гэж бодогдох үе зөндөө гардаг гэдгийг энд заавал дурьдах гэсэн юм. Хүнд ичих нүүр гэж байдаг даа. Манай улс төрчдөд бол үнэхээр алга аа. (Би амьдралдаа хийсэн алдаа болгондоо ичиж, түүнээс эмээж явдаг) Идсэн ууснаараа, шоуддагаараа алдартаж бичигдсэнээс өөр юу ч байхгүй. Мань "хөөрхийг" бас "хөөрхий" улс төрчид сайд болгосон... Гүндалайг сайд болгосноор манай улс төрийн амьдралын өнгөрсөн байдлыг харуулсан. Одоо Гүндалайг нэр дэвшүүлснээрээ, Ардчилсан нам өгөөмөр сэтгэл гаргаснаараа өнөөгийн улс төрийн амьдралын нөхцөл байдлыг харуулж байгаа. Ямар ч чадваргүй нэг "ухна"-ыг нөгөө "ухнууд" нь дэвшүүлж байгаа хэрэг. Гүндалай сайндаа, ард түмэнд хэрэгтэйдээ биш нэгэнт нэг дэвшсэн болохоор нь ард түмэн саналаа өгөх нь өгөөд, өгөхгүй нь өгөхгүй байгаа юм. Монголчууд улс төрд "нүдээ боолгоод" намуудын сүүдэрт халхлагдаад сонгуульд ордгийн нэгэн жишээ нь энэ... \

Нэгэнт нэрийг нь дурьдсан тул Гүндалайдаахаас... Буянт-Ухаад байдаг тусгай танхим буюу ВИР залаар үйлчлүүлж (Монгол Улсын хуулийг зөрчин шүү) газар савж унан, үүрэгт ажлаа хийж явсан тусгай цагдаагийн ажилтнуудыг "зовоож" байхдаа юу бодож байсан бол гэж би боддог. Би өдийг хүртэл түүнийг нь зөвтгөсөн, буруутгасныг нь ойлгоогүй яваа. Миний мулгуу ухаанаар бол эрхэм гишүүний буруу. Тиймээс хууль зөрчөн тэрээр хариуцлага хүлээх ёстой гэж бодож явдаг. Гэтэл манайхан, монголчууд өгөөмөр, энэрэнгүй сэтгэлтэй тул Улсын Их Хурлын (шоглоомоор бол худалчдын, хулгайчдын) гишүүнээр сонгогдоод, дэвшээд яваа байх. Гүндалайд аллергитай гэж бүү ойлгоорой. Намын тухайгаас авахуулаад жишээндээ авчихсан тул бичлээ. Чадлаараа "худалч, хулгайч" хоёртой л тэмцэх гээд байна л даа.

За одоо нэр дэвшигчдийн тухай... Нэр цохон хэлэхээс цааргаллаа. Тиймээс ерөнхий байдлаар бөөрөнхийлөх үү дээ...
Хамгийн түрүүнд орж ирсэн бодол минь - "Улс төрч" гэгдэн нэр дэвшихийг улайртлаа зүтгээд түүнийгээ олсон зарим нэгэн Та ичээч ээ... Бүр зарим нь өөрийгөө "улс төрийн ухааны доктор" гээд нэрлэнэ гээч. Ичээч ээ. Улс төрчид минь Та нар өөрсдөөсөө эхлээд эдгээр асуултуудыг асуу: "юу сурсан, юу мэддэг, юунд мэргэшсэн, ямар боловсролтой, ямар ухаантай, ямар зан авиртай, юу хийсэн, юуг бүтээсэн, ямар зорилготой" гээд.. Ичих нүүртэй гэдгээс ухамсарлаад алдсан, эндсэнээ боддоо. Та амьдралдаа ямарваа нэгэн алдааг хийсэн бол ард түмэндээ адлагдахгүй байх хэрэгтэй гэдгээ ойлгож буй биздээ. (Адгийн би хийсэн буруу зүйл болгоноосоо ичиж, зовж явахад) Хүн амийг санаатай болон санаандгүй хохироосон хүн Монголын Их Хурлын гишүүн ("эрхэм" тодотголтой шүү) байсан , одоо бас хэн нэгэн нь болох гээд зүтгээд байхыг би ойлгодоггүй. Ер нь Нэр дэвшигчдийн "үзүүлэлтүүд"-эд улс төрийн намууд, улс төрчид, сонгогчид хэрхэн хандаж, тунгааж байна вэ? Элдэв төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан бол тэр нь түүний амьдралын хар толбо болох бөгөөд түүнээсэ ичээд нэр дэвшихгүй чадалтай бай л даа. Тийм хүнийг эрхэм гишүүнээ гээд дуудах Монголын ард түмэн минь хөөрхий... Өнгөрсөн юм гээд мэдэхгүй дүр эсгэх хэрэггүй. Нэгэнт хийсэн үйлийн нүглийг хэн ч яаж ч чадахгүй... Ганцхан заяах насанд ичих нүүртэй бай л даа. Ард иргэд нь сонгохгүй, саналаа өгөхгүйгээр асуудлыг шийдэх бололмжтой.


Уг нь бичмээр л байна. Их болох тусмаа уйтгартай болдог байх аа...

Эцэст нь Монгол "орчин үе"-ийг сонгох хэрэгтэй гээд төгсгөх нь зүйтэй байх. Ухаантай, боловсролтой, мэдлэгтэй, ухамсартай залуучууд (залуучууд шүү) олон байна. Тэднийг олохгүй, дэвшүүлэхгүй юм даа. Монголчууд хэзээд л танидаг аа, сонссоноо, дэвшүүлснийг сонгодог. Сонгууль дөхөхөөр, сонгууль болохоор инээдэг, намуун дөлгөөн царайлдаг "хужаа зан"-гаа болил доо гэж зарим нэгд нь хэлмээр л санагдах юм. Хуурамч "улс төрчид" олон байна шүү Монголчуудаа.... Гэхдээ Та ухаалгаар тунгаагаад нэр дэвшигчид таалагдахгүй, сонгомооргүй бол битгий саналаа өг. Энэ нь бидний улс төрийн амьдралын бяцхан дэвшил болно. Тэгснээр бид Монголын улс төрийг засна... Сонгууль дахь нь л биз. Мөнгө гарздана л биз. Энэ нь улс орны ирээдүйн хөгжилд хэрэгтэй.

Баянзүрх дүүрэгт л гэхэд 40-н хүн өрсөлдөж байгаа сураг сонсогддсон. 40-н хүний сонгуулийн сурталчилгааны 40-н сонин, 40-н хаалга тогшилт, 40-н гэр, 40-н "цагаан хоолой" гэхээр 100н ухна мэт сонсогдож байгаа биз....

No comments: