2008-05-19

Намтар!?

УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлсэн 6-н хүний хувийн сайтнаас (News.mn-ээс) өөрт төрсөн бодлоо бичлээ. Их олон зүйлийг нь уншиж, дүгнэж цэгнэсэнгүй. Хувь хүнийх нь хувьд танин мэдэх үүднээс зөвхөн "намтар"-ыг нь сонирхлоо:

- С.Эрдэнэ нэр дэвшигчийн намтарыг унших гэсэн дарга, дэд дарга, төлөөлөгч гээд дандаа сонгуульт ажил. Төрөөд л "дарга" хийчихсэн бололтой. Төгссөн сургууль соёлийг нь бичээгүй их л товч бичжээ. Манай ард иргэд, ялангуяа сонгогчид нэр дэвшигчээ хэн болохыг таниагүй байж сонголтоо хийдэг болохоор бүүр сурчихаж. Аль эсвэл нуух хаах хэрэгцээ байгаа юм болов уу? "Отгонтэнгэр" сургуулийн хуулийн ангийг хэдэн жилийн өмнө төгссөн гэж дам сонсож байсан юм байна. Боловсрол дотор нь "Чингис хааны академийн академич" гэж хаанахын ямар сургуулийн ямар боловсрол байна аа? (учрыг нь ойлгож байгаа ч намтартаа бичсэн нь болохоор асуулаа)

- М.Зоригтийн намтар нь дэлгэрэнгүй (найруулга бүтцийн хувьд сайн биш) байсан боловч намтар дотор банкны тухай ерөнхий танилцуулга байх юм. Энэ хүн "банк" гэдгийг санаачилсан, эсвэл банканд мэндэлсэн юм болов уу гэж бодлоо (санааг нь ойлгож байгаа ч ингэж бичлээ)... Намтар таалагдсан ч бүтцийн хувьд өөрчилмөөр санагдлаа. Эхэндээ ч "сайн хүний нэрийг..." гэдэг бодол толгойд буусан шүү..

- УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн сайтнаас намтарыг нь унших гээд олсонгүй ээ. Өрөөлийг хүндэлж байж бусдаас санал авна гэдгийг сонгуульд өрсөлдөж буй хүн ойлгомоорсон. Олон үгээр яахав. Нэгэн зураг, тэрхүү зургийн танилцуулгаас "алдаа"-г нь энд орууллаа.
Сургуулийн хүүхэд цээж бичигтээ ингэж алдвал ямар дүн авдгийг нэр дэвшигч маань ойлгоно байх. Та тийм "дүн" авахыг хүсээгүй биз дээ? Албаар!алдсан алдаанууд ч байгаа байх. Гэхдээ зөв, соёлтой улстөржих хэрэгтэй. Хоёрт, албан ёсны сайтандаа албан ёсоор, бусдын нэр төр, төрийн албыг хүндэтгэж бичиж заншмаар юм. Өөрийнхөө нэрийг овогтойгоо албан тушаалтайгаа бичиж болсон юм чинь бусдыг чадах ёстой. "Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр (Энхбаярт гэж ташаа бичсэн), Дашчойлон хийдийн Хамба лам Ч.Дамбажав (Нацагдорж гэж ташаа бичсэн байна лээ) нар" гэх нь зүйтэй санагдлаа. "Өчигдөр буюу бүтэн сайн өдөр", "айлын сууцны" гэх утгын талаасаа хэр оновчтой юм бол? Мөн дөчин мянган айлд л хүртээмжтэй зүйлийг -"олон гэр бүлд хүртээмжтэй" байхыг ерөөж, ерөөл нь бат оршиг, монгол уламжлалын дагуу "эмээ өвөө нэг айл"+"аав ээж нэг айл"+ "хүргэн бэр нэг айл" бүгд нэгдээд нэг байранд олон гэр бүл агуулаарай гэсэн утгаар бичсэн гэдгийг нь ойлголоо.

Нэр дэвшигч С.Батболдийн намтарыг унших гээд бас л чадсангүй. Амлаад л хэрэгжүүлээд байгаа бололтой. Амлалт авах ч бас тийм амар эд биш. Сайтны доор байгаа дуусахааргүй олон хуудасны тоогоор амлалт авбал ч..., гэхдээ төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд одоо амлалт-26 дээр нь явж байна лээ..., аргагүй шүү дээ, "С".Батболд, "Сү".Батболд гээд "хоёр" хүн зэрэг ажиллахаар арга ч үгүй юм даа (УИХ-д Батболд нэртэй, хоёулаа "С"-ээр эхэлсэн овогтой тул тэдгээрийг ялгахын тулд нэгийг нь "С", нөгөөг нь "Сү" гэж овоглосныг ойлгож байна. Гэхдээ нэг хүний сайтанд хоёр өөр овогтой бичихээр мань мэтээс авахуулаад андуураад байна ш дээ, андуураад байна :)

Нэр дэвшигч Н.Болормаагийн сайтанд намтарыг нь олж уншсангүй. Хийж буй ажлын тайлангуудаа л оруулсан байх юм. Сайд хүний ажил зөвхөн сайдын "хийсэн" ажил биш бөгөөд эдгээр мэдээллүүд нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын сайтны мэдээлэл байвал илүү зохих байх. Нэр дэвшигч хүнийхээ хувьд гэсэн үүднээс энэхүү сайтандаа хандвал зүгээр байх.

Ч.Сайханбилэг "гадаадад явж нүд тайлсан", бас нэтийн дарга болохоороо намтараа "зөв" оруулсан байна лээ. Монголын сайхан хүүхний нэгтэй ханилсан, залуу үеийн удирдагч гээд нэр дэвшигчид маань дэлгэрүүлэх зүйл олон байгаа байх гэж санагдлаа.

.... Нэг иймэрхүү..Манайхан ер нь их нууцлаг улсууд аа... :)


Өө мартах гэж байна. "Оргүйгээс охинтой нь дээр" гэдэг тул орчин үетэйгээ хөл нийлүүлэн "сажилж" буй "сайттай" нэр дэвшигчидээрээ бахархаж байна. Хөл нийлүүлэн алхахыг тэдэндээ хийхийг уриалж байна.

No comments: