2008-04-27

Хамгийн "зальтай" дүү, "хатуу" эгч хоёртоо...

Уг нь "зальтай" дүүгээ багаас нь авахуулаад яг л ах шиг нь хүмүүжүүлсэн ухаантай. Номын хүүхэд, уг нь манай гэрийн хамгийн хөөрхөн царайтай нь байсан юм л даа, даанч дээд талын ах нь (бас миний дүү) "хатуу" тоглосоор байгаад занг нь, улмаар царайг нь "хувиргачихсан" юм :) Бага байхдаа янзан бүрийн бүс, оосор цээжээ хүртэл багалчихаад Сүхбаатар жанжин, цэргийн баатар болоод их сүрхий, баахан хөнгөн цагаан, модоор (зарим нь миний хийж өгсөн) буунуудыг энд тэндээ зүүчихсэн, толгойдоо "Үнэн", "Ардын эрх" (сонин л доо уг нь) жанжин малгайтай, ялгуулсан цэргийн жанжин баатар эр байж билээ. Их дуугай байсан, дээд ах нь "тоглосоор", "өдөөж хатгасар", "оролдсоор" байгаад манай гэрийн эрчүүдээс хамгийн муухай ааштай эр, "уцаартай" болгочихсон гэж би боддог хэхэ. Дээд талын ах нь (хэрвээ түүнээс эрт босчихвол шүү дээ) дүүгээ татаж чангаагаад "босоорой, сэрээрэй" гээд унтуулахгүй хөнжлийг нь татаад, хөгжим албаар чанга тавиад, гар хөлийг нь оролдоод, тоглож оролдсоор босгочихдог байсан юм. Зүгээр суугаад тоглож байхад нь заавал очиж юм хумыг нь оролдож түйвээнэ, ер нь тэр ах нь (би биш шүү :) их сахилгагүй, ийм л ахаар хүмүүжсэн эр дээ. Одоо амьдралаа авч яваад нь би баярладаг. Манай гэрийн "хамгийн муу санаатай" эр нь "гайгүй" яваад ах нь баярлаж байна. Ингэж ч явах байх гэж ах нь боддог байсаан. Манай гэрийнхэн бүгд д түүнийг "муу" санаатай гэдэг юм хэхэ. "Муу" санаатайдаа биш ухаантай болохоор нь атаархацгаагаад тэгдэг байсан байхаа. Ер нь хүн болж хүмүүжээд, амьдралаа сайхан авч яваа нь манай гэрийн, аав, ээжийн минь гавъяа шүү. Бид ямар хүн болж хүмүүжсэн гэдэг нь бидний аав, ээжийн өгсөн буян...

Эгч.. Эгч гэхээр би "айгаад" байдаг юм. Одоо ч "айдаг". 10-н жилд байхдаа, бүжиглэдэг, туранхай эгчийгээ "алаг даага" гэж хочлоод ааваасаа "алганы амт" үзсэн. Эгчийгээ амьдралдаа ганцхан удаа нэрээр нь биш хочлоод дуудсан минь тэр л дээ. Бид ах эгчийгээ "ТА" гэж харьцдаг бөгөөд хотод ирээд нэгэн гэр бүлийн хүүхдүүд бие биенээ чи чи гээд байхаар нь их "гайхдаг" байж билээ. Аах эгч хүнийг "ТА" гэж хүндэлж бай гэж аавын минь захидаг үг л дээ...Эгч минь ухаантай. Намуухан, хааяа л нэг дуугарна. Дуугарахдаа их хүчтэй. Дэндүү үнэнч, би амьдралдаа таарч байгаагүй үнэнч хүн-миний эгч. "Аймаар" боловсрогдсон, Оросод, Америкт сургуулийг нь төгссөн, тэгсэн ч намуухан, даруухан, өөрийнхөөрөө л... Саяхан нэгэн нэтийн (оллоогоос) сурвалжлагийг нь үзсэн чинь ээжтэй их адилхан харагдаж байна лээ...Эгч минь их "хатуу"..Намайг загнаж чадах, би үгийг нь сонсох хэдхэн хүний нэг...Ийм эгчтэйдээ би баярладаг... Улс төржихгүй, бас үглэхгүй амар. Эгчийнхээ хэлсэн үг, сургаалийг дагаад явбал ч би өдийд мундаг байх байсан байх, даанч хайхрамжгүй байж. хэхэ Бага байхдаа эгчдээ "дурласан" эрчүүдийг сонжоод л, хараад л, "дүн шинжилгээ" хийгээд л, бас "ашиглаад" л, үймүүлж явлаа. Эгчийг найрах гэсэн ах нар бас надаар дамжуулах гэж "оролддог" байж билээ. Сайн ханьтай, сайхан гэр бүл болсон... Дүү нар минь амьдралдаа өөдтэй өөдрөг байгаа нь эгчийн минь буян..Айл гэрийг том охины сэтгэлийн хатуу, өгөөмөр, намуухан чанар, ухаантай сургаал нь дүү-бид нарыг хүн болгосоон...

Айл гэрийн "том" хүүгээс та хоёртооо баярлалаа гэж хэлэх гэсэн юм...

No comments: