2008-03-04

Аавын хайртай охин Охины минь төрсөн өдөр нь, Үсэглэлийн баярынх өдөр давхцаад...

Охины минь төрсөн өдөр.Төрсөн өдрөө тэмдэглэх гээд хэд хоногийн өмнөөс л хувьдаа баярын бэлтгэлд орсон бололтой. Сургууль дээрээ ангийнхантайгаа тэмдэглэнэ. Энэ ангийнх нь уламжлал бололтой. Хүүхэд болгонд төрсөн өдрийн бэлэгтэй очино, багшдаа шампанс өгнө гэнэ. Хэрвээ бэлэг, дарсгүй бол хичээлдээ явахгүй гэж ээжийгээ айлгасан байгаа юм даа. Мэдээж төрсөн өдрийн торттой. Томоос том торт хоёрыг авна тэгэхгүй бол хүрэхгүй гээд бүр үглээд байгаа гэсэн. Гэртээ тэмдэглэнэ бас ресторандана гэнэ. Бага байхад нь Модерн номадст бараг долоо хоног болгон заавал ордог байсан юм. Тэрийг л үгүйлээд байгаа бололтой. Модерн номадсын зөөгч хүүхнүүд андахгүй танидаг "сэргэлэн охин" гээд нэрлэчихсэн байдагсан. Өөрөө ундааныхаа захиалгыг өгөөд, халбага сэрээ ширээн дээр байсаар байтал заавал зөөгчөөс өөрийн биеэр очиж гуйж авдаг байж билээ. Мөн тэр хоолны газрын үүгээр түүгээр гүйгээд л, их чөлөөтэй байдаг байсан юм. Сөүл хоолны газарт дээрхтэй мөн адил. Солонгос хоолны олон өнгө, хачирт дуртай... Охиноо дагуулаад хамтдаа хэзээ хооллох болдоо....
Төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй. Аав эгч хоёр нь төрсөн өдрийг чинь энд тэмдэглэнэ ээ...

Үсэглэлийн баяр, охин минь уншиж сурсан. Аавдаа утсаар Пушкины шүлэг уншиж байснаа бодвол улам сайжирсан нь мэдээж. Саяхан онцсайн сурч байгаа юу гэсэн аан гээд дуу нь суларснаа дундуур л байгаа гэж авдаг байгаа. Ааваасаа санаа зовсон байх л даа. Би ч миний охин сайн сураарай. Ном их уншаад, даалгавраа сайн хийгээд ухаантай охин байгаарай гэсэн за тэгнээ гэж амлав. Хичээлээ уг нь хэрэндээ хийгээд, гэрийнхээ багштайгаа хичээлээд давгүй байгаа бололтой. Хэд хоног ханиад хүрсэн гээд байсан тэгээд л дундуур гүйсэн байхаа. Миний охин давгүй ээ, алзахгүй... Ирээдүйдээ онцсайн сурна гэж аав нь итгэж байна... Аав нь охиндоо хамгаас илүү хайртай...


Аавыгаа санаж үгүйлдэг гэдгийг би мэдрээд л байгаа. Ээжээсээ аав хэзээ ирэх юм бол гээд асуугаад байдаг гэсэн. Бас сургууль руугаа явах болгондоо аав надад машин авч өгөх байх тэгвэл дандаа машинаараа явна гээд л... Тухайн сургуулийн хүүхдүүдийг эцэг эх нь машинаараа хүргэж өгдөг, авдаг бөгөөд охин минь бусад хүүхдүүдийг харах болгондоо аавыгаа үгүйлдэг бололтой.

Нэгэн орой охин минь "бяцхан" бодлоо ээждээ илчилсэн байна: Ээж та англи хэл мэднэ, аав орос хэл мэднэ. Та эгчтэй англиар яриад, би аавтайгаа хамт оросоор яриад амар, тиймээ... Тэгэхээр та америкт очоод эгчтэй хамт байгаад аав надтай хамт энд байвал зүгээр юмаа гэж ээждээ учирласан байна. Үүнийг сонсоод би бүр яах ч учраа олохоо болидог байгаа.
Сүүлийн өдрүүдэд охиноо энд авчирдаг ч юм билүү гэж бодогдоод байдаг болчихлоо...

Ер нь эгч дүү хоёрын зан тэс өөр байх нь сонин юмаа. Эгч нь дуу цөөтэй, намуухан, хашир талдаа, албархуу. Дүү нь хэл амтай, хөдөлгөөнтэй, гэнэн талдаа, хөгжөөн наргиантай... Хэн нь хэнийг дууриасан юм бол доо... :)

4 comments:

Anonymous said...

Намайг дуурайсан тэр хөөрхөн охинд Төрсөн өдрийн мэнд хүргэе!!! Аав ээжийн хайртай ухаалаг охин болж өсөөрэй!!!

Chandmani said...

Санал сэтгэгдлээ бичсэнд баярлалаа. Охин минь хэзээ нэгэн цагт унших байх... :)

Anonymous said...

Ohin chini mundag bolj baigaa yum bainaa. Tursun udriin mend hurgeye.

БЭ said...

huurhun yum be, ohind chin bas happy birthday. neeren uur deeree avaad irchihvel ch...