2008-02-11

Том ахаас Том ахынхаа дурсгалд зориулмой...

Манай гэр бүл болон хамаатнууд дотор 2-хон том ах байдаг. Нэг нь айлын том хүү-би. Нөгөө том ах нь аавын минь ах - Том ах. Том ах минь сая шинийн нэгэнд Бурханы оронд оджээ. Аав ээж минь надад дуулгаагүй л байна. Санаа сэтгэлийг нь зовоогоод яахав гэж бодсон байх л даа...
Охинтой ярьж байгаад мэдлээ л дээ. Цагаан сараа хэр тэмдэглэж байна, эмээ өвөөгийндөө очиж зөндөө бэлгээ авсан биздээ гэж охиноосоо асууж байтал хүүхэд юм болохоороо шууд л хэлээд хажуу талаас нь ээж нь "зэмлэх" шиг болсон. Охин минь утсаа барьчихаад яагаад цохиод байгаа юм бэ гэх нь сонсогдож байв... Хүүхдийн буруу байхгүй шүү дээ...

Аав минь багаасаа өнчин, ээж минь айлд өргүүлсэн тул би "өвөө эмээ" гэж хэлж үзээгүй өссөн нэгэн. Аавын 1 эгч, 2 ах, 2 эмэгтэй дүү нараас, ер нь аавын талын хамаатан садангуудаас хамгийн дотно хүн минь Том ах минь байв.
Надад хөдөөг танилцуулсан, хөдөөний гэх тодотголтой ажилд тодорхой хэмжээгээр сургаж монгол хүмүүжлээр хүмүүжүүлсэн. Хөдөө амьдралыг Том ахындаа очиж л анх удаа харсан. Миний хөдөө явна гэх нь Том ахындаа очихыгоо л хэлж байгаа хэрэг. Тэр
тухай ноднин жил цухасхан бичиж байжээ. Ах минь Хөдөөний хүн.

... Монхор хамартай, онигор нүдтэй, уурласан ч инээмсэглэж байгаа юм шиг харагддаг нүднээ үрчлээстэй хал үзэж хашир суусан энгийн нэгэн төрх. Намхан боловч цэх нуруутай, гүзээ байхгүй, майжиг хөлтэй энгийн нэгэн эр...Таныгаа гангараа бүхий хээ угалзтай торгон дээл өмсөж, суран зузаан бүс бүсэлж байхыг харж байсангүй. Үргэлж л нэгэн хүрэн дээл, ногоон эсвэл шар бүснээс салахгүй жирийн нэгэн Монгол...

...Манай дүү нар намайг том ах гэнэ. Гэтэд хажууд маань надаас Том ах сууж байвал хэнийг нь дуудаад байгаа нь мэдэгдэхгүй жоохон будлиан болох үе гардаг л байсан байх... Ах минь Том ах...

... Өглөө эрт босохгүйгээрээ алдартай мань мэтийн аймгийн төвийнхнийг шүүмжилнэ. Би ч яахав айлын том эрх хүү босно гэж яарах биш, унтаад л байна. Нөгөө үд болтол унтаж үхрийн дуунаар сэрнэ гэдгийг л бараг үзүүлэх шахам болно. Том ах үглээд "унтуулахгүй зовоох" тул босохоос өөр аргагүй болдог байв. Тэгээд орноосоо босоод л хувцсаа ч өмсөлгүй гэрийнхээ хаяанд наранд шарагдаад л нүцгэн суугаад үргэлжлүүлээд "унтдаг" байж билээ. Сөхөөстэй хаяагаар ах аль хэдийн харчихсан үргэлжлүүлээд "үглэдэг" байж билээ... Ах минь завгүй Монгол...

...Аавд минь намайг хөдөө мал дээр гаргахыг санал болгож байсан хүн дээ. Танайхаас малд нүдтэй нь гээд л манийг нь магтана. Хэрвээ аав ахынхаа үгэнд орсон бол би өдийд мянгат малчин болчихсон л цохиж явах байсан болов уу...Надад гүү саахыг, үнээ саахыг зааж өгсөн хүн. Малтай харьцахад хүч тэнхээ биш ухаан, эв дүй хэрэгтэйг ойлгуулж харуулсан хүн... Ах минь Малчин хүн...

...Ахынх маань жирийн 4-н ханатай гэртэй. Гэрийн баруун хаяанд аргалын араг сав, хажууд нь хэдэн хөлстэй тохом, угаалгын зориулалт бүхий гар хийцийн тавиуртай. Дээд унинд нь хазаарын мод өлгөөтэй. Хэдэн хазаараа бас ч үгүй ангилчихсан. Өдөр тутмын хэрэглэгээний хазаарууд нь баруун үүдэн талд гангарааны болон мөнгөн хазаар нь гэрийн зүүн хоймор талдаа байдаг билээ. Тэгээд орос эрээн бүтээлэгтэй, хэн нэгэн шидэж өнгөлсөн гудастай төмөр ор. Хоймортоо ижилсүүлээд тавьсан хээ угалз гэж нэрлэмээргүй сайн дурын уран бүтээлчийн цэцгэн хээтэй, энгэрээрээ онгойдог хоёр улаан авдартай. Зүүн авдар дээрээ гэр бүл,наадамд хурдалсан хэдэн морьдын, хамаатан нарын зургууд бүхий жаазтай. Зурагнууд дотор хамгийн их байсан нь миний аавын зураг. Яагаад гэвэл өнчин өссөн ч хот газар сурч номын дуу сонсож багш хийж байгаа дүүгээрээ Том ах нь бахархсан хэрэг байхаа. Баруун авдар дээрээ Бурхан залаад урд талд нь гурван зулын суурьтай. Зүүн талдаа баруунтайгаа ижилсүүлээд бүтээсэн төмөр ор. Орны хөлөөс нилээн зайтай норохоос сэргийлсэн банзан суурьтай байрлуусан тампуутай гурил. Тэгээд хоолны сав суулга хийх зориулалт бүхий нэг хээтэй улаан шүүгээ. Шүүгээний хажуу талд нь хөндлөн мод хадаад гурилын банзаа өлгөчихсөн. Мэдээж гэрийн дунд хэсэгт бяцхан орос зуух, зуухны үүдэн талд түлээгээ болон аргалаа хийх төмөр савтай. Зуухны хоймор талд намхан улаандуу ширээ. Нэг иймэрхүү л айл байсан. Миний Том ах жирийн Монгол...

...Нэг зун ахтайгаа хамт хонь угаахаар нилээдгүй хол замыг туулахад миний бөгс холгочихсон хэд хоног хэцүү байсныг санаж байна. Хонин сүрэг хол замыг хэрхэн хурдан туулахыг төсөөлж байгаа биздээ, ямар морьд шиг давхичих биш. Хонин сүргээ хариулж дагаад л сажилсаар сүүлдээ бөгс хөндүүрлээд, өвдгөөр хөшөөд морио хөтөлчихөөд алхаж билээ. Ах болохоор морин дээрээ л... Тэвчээртэй хүн шүү.

...Мөрийтэй үзчихдэгээрээ нутагтаа алдартай. Нэг өдөр нь алдаад орж ирнэ, нэг өдөр нь морь хөтлөөд ирнэ. Уувал уучихдаг тогловол тоглочихдог Эр хүн...

... Олон хүүхэдтэй хүнтэй суугаад өөрийн ганц охинтой болсон. "Хүний" гэх олон хүүхдийг гадуурхаж үгүйсгээгүй, "хүүхдүүддээ" аав шиг л хандаж байсансан. Тэдний гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэж амьдралд тусад нь гаргасан даа. Харин тэд нар Том ахад минь "аавыгаа" гэх сэтгэл гаргаж байгаагүйг мэдрээд миний уур хүрдэг байж билээ. Өөрт нь тэгж муухай хандлаа гээд ах минь тэд нарт "дараа болоогүй".. Тэгэхээр Хүнлэг хүн байсан.

Том ах минь Бурханы оронд жаргах болтугай. Таныгаа санаж байна... Хамгийн сүүлд Таньтай яг хэзээ уулзсанаа бодоод олдоггүй ээ... Оюутан байхдаа зуны амралтаар гэртээ очиход минь Том-ах-Та хөдөөнөөс ирчихсэн "сахилгагүйтээд" Том-ах-би унтуулах гээд будилцгааж байсан үе юм болов уу даа...


3 comments:

Anonymous said...

Emgenel ilerhiilii.

Chandmani said...

Thx...

Anonymous said...

Yamar haramsaltai yum be, emgenel ilerhiiley.
Sain torliig oloh boltugai