2008-01-16

Зарим нэгэн сонссон, уншсан, үзсэн мэдээллүүдээсээ хуваалцана аа:

- Хүүхэд таргалах, илүүдэл жинтэй болоход эцэг эхчүүдийн буруу их байдаг байна. Тарган, хэт тарган хүүхдүүийн эцэг эхчүүд ихэнх тохиолдолд хүүхдээ "тарган" гэдгийг мэдэрдэггүйгээс гадна хүлээн зөвшөөрдөггүй байна. Иймд эцэг эхчүүдэд зөвлөхөд хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлээрэй.

- АНУ-ын Сан-Франциско хотод болон бусад хотуудад салбар байдлаар "Mongols" (яагаад тэгж нэрлэснийг нэтээс хайгаад уншаарай) хэмээн нэрлэгдсэн бидний нэрлэдгээр рокерууд, (хэтрүүлээд хэлбэл танхайрагчдын, гэмт "gang" бүлэглэл)* байдаг. Энэ бүлэг нь "Hells Angels" хэмээн бүлэглэлтэй зөвхөн "хотынхоо нэрийг эзэмших эрх"-ээсээ болж нилээн "дайтсан". Уг нь эдгээр нь мотоцикл эзэмшигчдийн клуб боловч цаана нь гэмт хэргийн бүлэглэл оршдог байна. Эдгээр бүлэглэлүүд нь ганган, ганган мотоцикл унацгаадаг. Хэрвээ иймэрхүү нэрстэй савхин куртка өмссөн, шивээстэй, элдэв төрлийн хувцас хунар, зүүлт чимэглэл болсон бол холхон явсан нь дээр шүү.


- Мөн миний бодлоор монголчууд олноор амьдардаг Арлингтон хавьцаа "MS-13" гэдэг испани, мехсик гаралтай гэмт хэрэгтнүүдийн бүлэглэл байдаг бөгөөд их аюултайд тооцогддог. Учир нь энэ бүлэглэлийн гишүүд улам залуужиж байгаа бөгөөд 16, 17, 18-ныхан хамгийн хүнд гэмт хэргүүдийг үйлдсэн байдаг байна. Гэмт бүлэглэлдээ элсүүлэхдээ шинээр элсэгчээ бүлэглэн 13 сек хайр найргүй зоддог, хэрвээ эмэгтэй хүн гэмт бүлэглэлд нь орох бол бэлгийн харьцаанд орох, зодуулах хоёрын аль нэгнийг сонгодог байна.
Эдгээр мэтийн зарим нэг "муу" зүйлүүдээс холуур байх хэрэгтэй.

- АНУ-д өсвөр насны хүүхдүүд, ахлах ангийн сурагчид бэлгийн харьцаанд орох, өсвөр насны охидуудын жирэмслэлтийн асуудал хурц яригддаг. 2005 оны судалгаагаар ахлах сургуулийн хүүхдүүдийн 47 хувь аль хэдий бэлгийн харьцаанд орчихсон байсан байна. Үүний гуравны нэг нь бэлгэвч хэрэглэж үзээгүй гэжээ. Иймээс ерөнхий боловсролын сургуульд сексийн тухай боловсрол олгох нь эрт жирэмслэлт, бэлгийн замын өвчинөөс урьдчилан сэргийлэхээс гадна өсвөр насанд (тодруулбал 15-аас өмнө насанд)бэлгийн харьцаанд орох асуудлыг бууруулсан нь судалгаагаар гарчээ. Манайд сургалтад энэ нь хэрэгтэй дээ. Бид, боловсролын, эрүүл мэндийн яам зэрэг зохих төрийн болон төрийн бус, хүүхдийн байгууллагууд, албан тушаалтнууд "мэдэхгүй" царайлсаар яваа билээ...

- Кабель тавиулах, байр хөлслөх, утасны үйлчилгээ, машиндаа засвар хийлгэх зэрэг ямар нэгэн засвар, үйлчилгээ хийлгэх, эд зүйлс худалдан авах гэж байгаа бол хөнгөлөлт, урамшуулалт зэрэг өөрт тань санхүү болон сэтгэл санааны хувьд хэрхэн ашигтай, өгөөжтэй байж болох талаар заавал асууж, лавлаж байгаарай. Таны амнаас юм уначихгүй, битгий нэрэлх. Тэгээд ч "бэлэг авахаа" асуухгүй бол хэн ч таньд зүгээр "өгөхийг" хүсэхгүй.

-Залуу насны хүүхнүүд, охидуудад анхааруулахад: хаана, хэнтэй, хэрхэн, ямар байдлаар зураг авахуулах гэж байгаагаа тунгаан бодож байгаарай. Мөн зургаа дурсгахдаа ч гэсэн мөн адил. Одоо үед "сахилгагүйтэл"-ийн улмаас алдартай, алдаргүй, томоотой томоогүй, ганган, доожоогүй, сайхан муухайгаас үл хамааран өчнөөн олон охид хүүхнүүдийн зураг ямарваа нэгэн гаж, буруу, муу "тайлбартай"-гаар энд тэнд ил тодоор "нэт"-д тавигдах нь их болсон байна. Буруутанг хайхаасаа өмнө өөрөө зохицуулсан нь дээр л гэж зөвлөе.

- АНУ-д терроризм, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс ард иргэдийнхээ нэттэй холбоотой бүх үйлдэл, майлыг Засгийн газраас, холбогдох байгууллагаас "шалгах" буюу нэгэн бодлын "тагнах" ажиллагаа явуулж байх талаар "нэгэн" хуулийн төсөл боловсрогдож буй юм байна. Америкчууд энэ хуулийн төслийн тухай одоохондоо ам дамжин ярьж байгаа бөгөөд эрх чөлөө, хүний эрх, хувийн нууцлал зэргээ хүндэтгэдгийн хувьд дэмжихээсээ илүүтэй эсэргүүцэх байх гэж бодно. Хэрвээ батлагдвал ч америкчууд төдийгүй "дэлхий даяараа" америкчуудад нууцаа алдах байхаа...

- Машин худалдан авахад хамгийн тохиромжтой улирал нь намар буюу 9 сар гэнэ. Учир машин борлуулагчид нь "дараа жилийн", шинэ загварын машин худалдаан гаргах бэлтгэл хийдэг үе нь болохоор "хуучин" машинаасаа салахын түүс болдог байна. Мөн сарын сүүлийн, долоо хоногийн сүүлээр бол гайгүй "үнэтэй" байдаг гэнэ дээ.

...


*тайлбар: мотоциклчдын холбоог шууд гэмт хэрэгтний бүлэглэл гэж бүү ойлгоорой. Гэхдээ ямарваа нэгэн байдлаар холбогдсон байдаг юм байна. Гишүүд дотор нь эрүүл саруул ухаантай хүн байгаа.

1 comment:

бж said...

Medmeer l yum baina. Thanks.