2007-08-26

ШОУ ЮУ эсвэл БОДИТ уу?
Болохгүй зүйл байхгүй л дээ, гэхдээ л... Их Хурлын Эрхэм гишүүн цагаа олсонгүй юу эсвэл судалгаа нь хангагдсангүй юу надад нэг л сонин бодогдчихлоо...
Би залхуу л даа. Бүгдээрээ.мн дээрээс бас бус блог болон бусад өөртөө хэрэгтэй мэдээллүүдийг олохыг хичээдэг юм л даа. Тэгсэн тэнд нэг "Та МТ-н чиглэлээр гүнзгийрүүлсэн англи хэлний хөтөлбөрийг дэмжиж байна уу?" санал асуулга байхаар нь юу юм бол гээд уншиж үзлээ. (үгний алдаа байна лээ. яагаад гэвэл "сургалт явуулах" гэдэг нь алга болчихож) УИХ-ын эрхэм гишүүн З.Энхболдын "Мэдээллийн Технологийн чиглэлээр гүнзгийрүүлсэн англи хэлний сургалт явуулах хөтөлбөрийн төсвийн танилцуулга". Уншиж танилцаад өөрийнхөө энэхүү хамаа намаагүй бодлыг бичлээ.
УИХ-ын эрхэм гишүүн маань энэхүү төсвийг 2007 оны 7-р сарын 4-н бичсэн байх юм. Тэгэхээр тэр өдөртөө биш юмаа гэхэд ажлын 3-н өдөртөө багтаад (шуудан цагтаа очдог бол шүү дээ) бусад гишүүдэд болон холбогдох албаны хүмүүст хүрсэн байх гэж бодож байна. Гэтэл энэ өдөр нь Пүрэв гариг байх юм. Тэгээд Баасан, Бямба, Ням... Ажлын 3-н өдөр нь Мягмар, тиймээс Мягмар гаригт шуудан нь хүрэх ёстой газраа хүрнэ гэсэн үг. Мягмар гариг нь ядаж байхад 7-р сарын 10-ны өдөр. Үндэсний баяр наадам зарим орон нутагт 10 байтугай 8-нд эхэлчихдэг. Баярын албан болон албан бус амралтууд, үргэлжилсэн наадмууд залгаад 16-наас наашгүй "ажил жигдрэнэ" гэж байхгүй. Энэхүү төсөл хэрэгжүүлж эхлэх хугацаа нь 9-р сарын 1-н гэдгийг бодолцоно биздээ. Бага ч үгүй - 7 473 578 500 төгрөг.УИХ баталлаа гээд шууд хүчин төгөлдөр болдоггүй байхаа. Хэдэн өдөр ч билээ, (миний ойлгож буйгаар 14 хоног)хууль хүчин төгөлдөр болно гээд хүлээнэ. Тэгээд хэрэгжүүлэх хугацаа гэж байдаг ч билүү үгүй ч билүү. Тэр талаар сайн хэлж чадахгүй байна аа. УИХ-ын бичиг хэрэг, хуулийн хэлтэс сайн ажиллавал хурдан шуурхай хэрэгжиж болох байх.
Нэг сар хагасын хугацаанд хийх бэлтгэл ажил, урсгал зардал, хүмүүсийн хөдөлмөр, дээр нь ямар цаг үе, улирал, хүмүүсийн амралтаа авч эхэлдэг, багш нар ажилладаггүй, сургууль эзгүй байдаг, тэр ч байтугай засаг захиргааны байгууллагууд ойн баярууд тэмдэглээд завгүй болчихдог үе гээд энээ тэрээг Эрхэм гишүүн бодож тунгаасан гэдэгт итгэж байна. За энэ тал дээр нэг иймэрхүү...
Төсвийн тал дээр, товч танилцуулгыг бүгдээрээ-д оруулсан байхаа гэж бодож байна. Төсөв тал дээр зөндөө л асуух зүйл гарсан. Тэр болгоныг асуухгүй л дээ. Жишээ нь: сургуульд бүрд 20-н компьютер худалдан авна гэсэн байсан. Тэгээд нэгжийн үнэ нь 582 000 төгрөг. Энэ нь ямар үзүүлэлттэй байх вэ? Бас хэн худалдан авах, худалдах эрхтэй байх вэ? Хуучин, шинэ байх гээд асуудлууд байгаа... Монголд компьютерийн үнэ унаж (дээр үед байсан шиг санаж байна) байна гээд л. Доллар/төгрөгийн ханшийг сайн мэдэхгүй байна. Мэдэж тайлбарлахыг ч хүссэнгүй. Ойролцоогоор бодоод 400-500 орчим $ болох уу. Гэтэл энд миний ашиглаж буй компьютер 400 жоохон гаран...
Бас хичээлийн гарын авлага бэлтгэх гээд зардал тусгасан байсан. Хэн бэлтгэх вэ? Тэгээд өмнө дурьдсанаас үзэхэд батлагдлаа гэхэд 1 сар хүрэхгүй хугацаанд бэлтгэх нь байна. Хэн тэгээд ийм "түргэвчилсэн" сургалтын хөтөлбөрийг зохиож чадах юу? Тэр хүн тэгээд юу бичихээ мэдэж байгаа эсэхийг мэдэхгүй л байна даа...
Төсвийн зорилт нь ... англи хэлний шалгалтын оноог авахдаа л.. гэж ойлголоо. Их Хурлын гишүүн хүн "үгээр" хэрхэн "үг" хийдгийг ойлгодог л байх учиртайсан. Зөвхөн нэгэн тестийн оноог авахын тулд улсаас төсөв зарцуулах шаардлага ер нь байгаа юм уу. Хувь хүн ёстой "луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хамаагүй" гэдэг шиг- нэгэн тестийг өгөхөд тэгж улсаа "хүндрүүлэх" учиргүй санагдана...
Нөгөө тест нь TOEFL. Гадаадад сурах хүсэлтэй хүн болгон тэр тестийг давж байж сургалтанд хамрагдаг нь үнэн. TOEFL-ын гүнзгийрүүлсэн болон бусад сургалтууд байдаггүй гэж үү. Англи хэлэнд, дүрэм, ярианд дорвитой нэгэн багш "мөнгө" хийж болно ш дээ. Тэр монголоороо нэг багтаж ядан байгаа Улсын Багшийн Их Сургуулийн болон бусад хэлний чиглэлийн Англи-Монгол хэлний ангийг төгссөн "багш" нарт болон бусад хүмүүст хэлээд заагаад өгөлдөө...
За тэгээд TOEFL тестийн талаар. Энэхүү тест 2006 оны 9-р сараасэхлэн шинэчлэгдээд i-based (The Internet-based TOEFL® Test)болчихсон. Уг нь бид paper, computer based-ыг нь мэдэх байх. Дэлхийн олон оронд энэ оноос энэхүү "шинэ" TOEFL нэвтэрсэн. Эрхэм гишүүний бичсэн Энэтхэг оронд TOEFL "iBT" шилжчихсэн. Монгол Улсад анхных нь 8-р сарын 25-наас эхлээд Улаанбаатараас эхлээд шилжинэ. Тэгээд Дархан энээ тэрээ орох юм билээ. iBT-д 500 оноо гэсэн ойлголт байхгүй, дээд тал нь 120 оноо, 4-н сэдэвт хуваагдана. Paper based-аасаа шал өөр, миний мэдэхийн улам хэцүү болсон. Ноднингоос Америкт их дээд сургуулиудад зааж эхэлсэн. Гэтэл одоо хэрэгжих гэж байгаа Монголд хэн нэгэн 1 сарын дотор номыг нь бичээд, бас дээр заах бол "үлгэр" байхаа...

Эрхэм дарга Сайханбилэгт Улсын Их Хурлын "шуудан" ч шуурхай хүргэж, бас ч эрхэм даргаас Улсын Их Хурлын Эрхэм гишүүнд ч "шуурхай" хариулж- тэр өдөрт нь л хариу бичсэн байна. ..Монгол минь дандаа ийм байдаг бол ёстой сайхан аа...
За тэгээд эрхэм дарга маань эрхэм гишүүнд тодруулга хүргэсэн үү, аль эсвэл мэдэгдэл хүргэсэн үү?.. Сургуулиудад интернэт богино хугацаанд хүргэх болмжтой гэсэн байна лээ. Зарим хөдөөний төвүүд нет-эд холбогдсон байх. Бүр хөдөө суманд бол яах болж байна. Хөдөө сум бас 10-н жилтэй ш дээ. Холбогдлоо гэж үзье. Харин нөгөө төслөөр юуг сурах гээд байгаа билээ? Интернэд сургалт бил үү? Аль эсвэл англи хэлэнд сургах гээд байгаа билүү?
Хичээлийн жилийн эхэнд сургалтын програм ашиглалтанд орж чадах уу. Ер нь ингэхэд ямар програм хэлээд байгаа билээ?

Бас алдагдал энээ тэрээ гэснийг нь орхилоо. "Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий" гэдэг шиг л юм болж байна....

За тэгэхээр шоу гэж ойлгох уу, эсвэл бодит байж уу гэж ойлгох уу...

"Блогчин" Эрхэм гишүүн энэхүү бичлэгийг уншвал уучлаарай. Бусад дэмжигчдээс ч гэсэн урьдчилаад уучлал хүсье. Муу амтай хүн шиг байвал ш дээ. Бусад тал дээр бол би бичсэн зүйлээсээ улайх ч үгүй. Харин маргалдахыг хүсэхгүй гэдгээ урьдчилан мэдэгдье. Аан бас Улсын Их Хурлын Эрхэм гишүүний нэр хүндэд ноцтойгоор халдаагүй, хууль зөрчөөгүй байхаа гэж найдаж байна. (Хэрвээ зөрчсөн бол Зэрэглээ-г өмгөөлөгч минь болооч гэж гуйна аа) Тэгэхгүй бол "Гүндалайдуулчихвал" ч баларлаа шүү...

1 comment:

Anonymous said...

tsaa chin ooroo unshihguiee, blogoo ch ooroo bichidguimshtee, blogchidiig, netiin unshigchdiig huuraad, erh ashigtaigaa holbootoi tarhi ugaah heden ugee huneer bichuulj baigaam.