2007-07-21

Хамгийн чухал зургаан үгсийн талаарх бодол:

"Би алдаа хийснээ хүлээн зөвшөөрч байна"


Бид хувийн болон хувьсгалын тал дээр ямар нэгэн байдлаар санаатай, санамсаргүй алдаа эндэгдэл гаргадаг. Түүнийгээ би буюу буруутан этгээд хэрхэн хүлээж авдаг билээ?

Хамгийн түрүүнд энэ "зургаан" үгс төрийн түшээд, улс төрчдөд, хуульчид, шүүгчид, төрийн албан хаагчдад шууд хамааралтай. Тэд алдаа (үүнд худлаа ярих орно шүү) хийгээд түүнийгээ "үгүйсгээд л", "мэдэн будлиад", "мартагнуулаад", "гүрийчихдэг". Тэдний хийсэн алдаа нь, улбаа нь ард түмэнд тусна гэдгийг ойлгон хийсэн алдаагаа юуны өмнө хүлээн зөвшөөрч, дараа нь засаж залруулдаг байх хэрэгтэй санагдана. Засч залруулахгүй ч гэсэн ядахдаа улайдаг, ичих нүүртэй байгаасай даа...


Хоёр дахь шууд хамааралтай хүмүүс бол миний бодлоор хэвлэл мэдээллийнхэн, сурвалжлагчид. Яагаад тэднийг оруулав гэхээр тэд "бид дөрөв дэх засаглал" гээд байдаг учраас. Хэрвээ дөрөв дэх засаглал юм бол тэдний үүрэг, хариуцлага, ухамсар өндөр байх ёстой. Гэтэл манайд бол мөнгө, орлого, нэр хүндийн төлөө үүрэг, хариуцлагыг умартан, ухамсараа уландаа гээдэг. Монголчууд бид сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээ хэрэгтэй өгөөжтэйгээс гадна хамгийн чухал үнэн бодит мэдээллийг авч байж монголын нийгмийн ухамсар төлөвшинө. Мэдээж нөгөө хэлэх ярих дуртай шар хэвлэл, халуун хөнжил нь байлгүй яахав. Халуун хөнжилгүй бид яаж амьдрах билээ тиймээ. :) Цацагдаж, мэдээлэгдэж буй мэдээллийн хэдэн хувь нь "бодит үнэн" байдаг билээ-Та бодоод үзээрэй дээ... (Хэвлэл мэдээллийн "талбар" болон "орчинг" ямарваа нэгэн сонгуулийн өмнөх 3 сар, дунд үе, өнгөрсний дараа 3 сар гээд тус тусад нь судалгаа, шинжилгээ хийвэл ёстой газар-тэнгэр гэдэг шиг сонин мэдээлэл гарна даа)


Гурав дахь хүн бол Би болон иргэн өөрөө. Амьдрал "ядуу" гээд улс орноо, төр засгаа, улс төрчдөө, удирдлагаа, өөр хэн нэгнийг "эрсээр байгаад олж" буруутгана. Гэтэл бодит байдал дээр хувь хүнээс, өөрөөс нь хамаардаг гэж би ойлгож явдаг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг байхаа. Өөрөө хичээхгүй хөдөлмөрлөхгүй байж амьдрал нь дээшлэх юм шигээр бодож, хөнгөн хялбар аргаар амьдрах гэсэн бодолтой хүмүүс Монголд олон. Хөдөлмөрлөнө гэдгийг өргөн утгаар бичсэн юм шүү...

No comments: