2007-05-10

Анхны ханьдаа бичсэн миний дурсамж (үргэлжлэл)
Арав дахь өвлийн шинэ жилийн шөнө чамайгаа үнсэх гэж оролдоод нэг жоохон бүтэлгүйтсэн. Тэр үнсэлт минь миний эр хүн болоод эсрэг хүйснийхээ хүнийг хайрлахын, хүсэхийн, дурлалын анхны үнсэлт байсан. Үнсэхийн хувьд ч үнссэн боловч гэм нь чи уйлчихсан. Эмзэг ч байж дээ. Бидний үеийнхэн үнсэлт байтугай, хүүхэд төрүүлээд явцгааж байтал бид хоёр гэж ариун үерхэл царайлаад үнсэлдэж ч чадахгүй. Тийм л даруухан, томоотой явцгааж дээ. Үерхэлдээ үнэнч байсандаа би харамсдаггүй ээ. Хичээл номын асуудал, хүргэж өгөх, бараа болохоор эр хүнийхээ үүргийг гүйцэтгээд л явж...
Бидний сургуулийн нандин үерхэл гэр бүлийн харьцаа болж хөгжтлөө 5 жилийн орон зайг туулсан гэдгийг чи өөрөө мэдэж байгаа. Тэрхүү орон зайнд би гэдэг эр гадаадад оюутан болж, жинхэнэ эр болж, гэр орноосоо бэлчээр тусгаарлан хүний нутагт амьдарсан. Захидлаар дандаа биш ч, бас харьцдаг байсаан. Би бичихгүй байхаар шийдээд нэг хэсэгтээ тэвчиж билээ. Яагаад, юу болсныг чамд би дараа нь хэлсэн билээ. Хол газар явсан хос хунгийн нэг нь нуурандаа эргэж иртэл өөр нэгэн хун тэр нууранд нь эзэн суух байх гэж боддог байсантай холбоотой. Тэгээд ч хардалт ч юм уу нэг л бул хар чулуу зүрхэнд тогтчихсон. Оросод, нутагтаа ч тэр, зам зуурын хүүхнүүдтэй учирч л байв. Тиймээс чамайгаа тэдгээр хүүхнүүдтэйгээ адилтган сэтгэл минь хямардаг байв. Хүүхнүүд адилхан байх л гэсэн ойлголттой. Яагаад гэвэл тэр үед хүүхнүүдийн талаар ойлголт багатай, хэн, хэрхэн, яаж байдгийг мэддэггүй байсан хэрэг болоод тэр. Олон учрах тусмаа амьдралд суралцсаан.
Амралтаараа ирээд хаягийг чинь сайн мэдэхгүй ч толгойд хоногшин үлдсэн хаягаар Баянгол зочид буудлын өмнөх "дээрээ бичиг"-тэй 3-н байрны хамгийн урд талынхыг "Энх тайван"-ыг (андуураагүй байх гэж бодож байна) чиглэн алхаж билээ. Хэдэн орцыг нь бодоод орц болгонд байх айлын тоогоор нүдэх хаалганыхаа баримжааг авсан. Хаанаас эхлэхээ бодож байгаад баруун талын орцноос эхлэн чамайгаа олох ажилдаа орж билээ. Хайсны эцэст олдог жамтайн хойно чи минь надад хаалга онгойлгож өгөөд маш ихээр гайхсан харцаар харж билээ. Нэг хэсэгтээ таг чиг байсан үерхдэг, хайрт (байсан байх) найз чинь гэнэт, хүрээд ирдэг... Ирэх ирэхдээ тээр жилд нэг сонсож байсан хаягаар олоод хүрээд ирдэг.
Чамайг оюутан болоод улаан коммун сурч байгааг чинь л зөнгөөрөө мэдэрч байсан. Хажууд нь бол миний сурах гэж гурилдах л даа. Миний нөгөө даруухан, дуугай зан, биендээ тоомжиргүй , бүр үснийхээ засалтыг ч тоохооргүй хэв маяг өөрчлөгдөн хэл амтай, хэрхэндээ ганган болж хувирсныг чи минь анзаарсан биздээ. Тамхи, архийг гартаа ч барьж үзээгүй хүүхэд байсан өөрчлөгдөн хоёр хороос буцахгүй болсон. Нөгөө үнсэх үү гэж асууж ч чаддаггүй байсан эр шууд тэврээд үнсээд л янзан бүрийн балай юмнууд яриад л.... Эр хүн өсч эсгий сунана гэдэг нь тэр дээ. Ёстой соёолж байсан үр боловсорч ургаад, зарим талаараа гандан шарлаж байсан минь тэр байв.
Сүхбаатарын талбайд очиж хамдтаа зургаа авахуулснаа санаж байна уу. Бид хоёрын албан ёсны анхны зураг. Анхны зургийг авсан хүн маань тийм ч сайн зурагчин байгаагүй. Тэгээд ч Монголд тэр үед зураг авахдаа ганц дараад л болоо. Юун илүү хальс үрэх манатай. Чиний минь харц өөр тийшээ харсан. Бодвол зурагчныхаар алсын хараа гэж хэлэх байх. Би чамайгаа шоглоод тэнд нэг залуу байсан түүнийг харж байгаад зургаа авахуулчихаж гэж байсныг санаж байгаа биздээ. Арын фон улаандуу , өнгөний хувьд ч сайн сонголт болоогүй. Гэхдээ бид хоёрын зураг, одоо охин минь альбомдоо хийчихсэн аав ээж хоёр залуудаа гээд хүнд үзүүлж байна даа. Туранхай байж дээ, хоёулаа... Одоо чи тэр зургаа харвал өөрийгөө танихгүй, би ч танихгүй. Хүн хараад юу вэ л гэж байна лээ. Тэгэхээр бид хоёр 20 гаруй насандаа туранхай оюутнууд байж дээ.
Анхны амьдралын гараагаа танай хамаатны ахынд эхэлснээ санаж байна уу. Оюутан гэр бүл байхын, айлд амьдрахын гачланг ч бас ч үгүй үзсээн. Эр хүн гэрийн ажилд эмэгтэй хүнээс илүү оролцоод үглээд байхын зовлонг тэнд үзэж билээ.
Бид хоёрын анхны хөрөнгө нь юу байсан юм болоо. Хэдэн аяга таваг байсан байхдаа. Гэр бүл гэсэндээ хоёулаа булагнан хоол идээд л... Хичээл номдоо шамдаад л. Чамайгаа сургуулиа төгсөөд багшлахад би баярласан. Хүүхдүүдэд ном заагаад л , заримдаа гэртээ болдоггүй хүүхдүүдийг авчирчихсан махруу үзэж байхад чинь би чадах ядахаараа туслахыг хичээдэг байж. Хүүхэд л болсон хойно хүүхдээрээ загнаж, загнуулж байна гэж тоож ч байгаа юмгүй инээж наадаад л. Танай ангид нэг удаа очиж ангийн чинь хүүхдүүдэд нусны алчуурыг хэрхэн зөв эвхэхийг зааж өгч билээ. Багшийн нөхөр гээд танай ангийн хүүхдүүд шуугиад л. Харин үгэнд минь орж байсан бодвол багшид хэлчихнэ гэж айсандаа тэр биздээ.
Хүүхдэд эрдэм заахад багш хүн үзүүлэн, таниулах материалыг сайн ашиглах ёстой хэмээн соц үеийн багш нарын бодол. Гэрээр дүүрэн үзүүлэн. Заримдаа үзүүлэн таниулах материал зурж, хийх нь хэцүү, ядаргаатай байдаг байсан боловч чинийхээ төлөө хичээдэг байжээ. Заримдаа чи ядраад унтаад өгдөгсөн. Сэрэхээс чинь өмнө амжаад чиний хүссэн үзүүлэнг ширээн дээр дэлгээд тавьчихсан баярлуулах юмсан гэж бодоод тэрийгээ ч гүйцэлдүүлдэг байсаан.
... жирэмслэлт, хордлого, хүүхэд...
Анхныхаа охиныг төрүүлэх гэж зовсоныг хажууд чинь байгаагүй ч би мэднээ. Хажууд чинь байж чадаагүй, юу ч бодож явсан юм хэлэхээс ичмээр. Оюутан байсан болоод л гэдгээрээ түрүү барихаас даа. Тэрнээс анхны хүүхдээ төрөхөд ханийнхаа дэргэд байхгүй миний муу л эр байсны шинж дээ.
...хамтын амьдрал...
Оюутны байранд байсан нь айлын хармаа өрөөнд байснаас хамаагүй дээр. Гэвч тэр үед оюутны байранд гэр бүлээрээ тусад нь байлгахгүй хэмээн нэгэн манай ангийн залууг бидэнтэй амьдруулж байдаг. Бид ч амьдарч байдаг амьдрал хөгжилтэй байж дээ. Бас ч үгүй өвлийн идэшхэн, хонины гуяар даллаж байж олдож байгаа байр шүү дээ. Гэр бүл дээр нь хүүхэдтэй, дээр нь өргөмөл насанд хүрсэн хүүхэдтэй. Яахав намайг сургуулиа төгстөл байрандаа амьдарсаан. Идэх талхгүй ч байх үе гардаг байсан. Нэгэн удаа манай найз гэрээсээ хүүхдийн будаа (каша) авчраад 3-уулаа ярьж байгаад л идсэнээ санаж байна уу. Муу хүн идсэнээ гэдэг ч амьдралд болсон явдлыг санахад буруудах юу байхав. Амьдрал сайхан, амьдрах сайхаан. Байхгүй дээ байхгүй, олдохоороо олдоод л. Байрны мөнгөө яаж төлдөг байсан юм бэ? Мартчихсан байна. Бодвол чи санах биздээ.
Ажилд орж амьдрал дээшилж цалингийн бараа харах болсон тул шөнө унтахгүй шахам, шуугиантай оюутны байрнаасаа нүүж айлын хажууд шигдэхээр шийдэв. Сонины зарлал тэврээд л, хоёулаа хөтлөлцөөд л гэр-өрөөний эрэлд...
Баянголоос амьдралаа эхэлсэн амьдрал дунд нь нэг төмөр зам хавиар нүүдэл суудал хийснийг эс тооцвол Сансар бараадсаар сүүлдээ бүр хавиар суурьшиж дээ бид. . Бас гэр орон-байртай болоод хов хоосон, цонхондоо хөшиг ч байхгүй өрөөнд айлын хажуугаар амьдарсаар бүр дасал болсон нөгөө л жижиг өрөөнд, жижигхэн цагаан орон дээрээ хүүхэдтэйгээ зэрэгцээд суучихсан, гэр бүлээрээ цайгаа ууцгааж, ийм ч юм авна тэгж ч тохижуулна гээд мөрөөдөж ярилцаж байсан нь сайхаан...

....

өмнөх бичлэг дээр буй диск, ядрог монголоор зээрэнцэг, бөөрөнцөг гэдэг. :) Энэ спортод заавал тарган байхыг шаардахгүй ч бас өргөөд дийлчих чадал хэрэгтэй гэдгийг хань минь надад харуулсан. Гол нь шидэлтийн техник тал руугаа.

5 comments:

Nana said...

ikh nandin setgel dotor neg yum tasarchih geed bgaam shig ,tiim dursamj bna.

Chandmani said...

tasarchixsan.... ;(

byambaa said...

saihan dursamj bna. ih goy bichjee. amidral eedreetei baih tusmaa saihan gedeg yum bilee.

gehdee medeej het edreetei bval demii...

tand amjilt.

Жаагий said...

Bayalag namtriig saihan bichjee.

Chandmani said...

Баярлалаа Та нартаа. Амьдрал сайхаан, тэр тусмаа туулж өнгөрүүлсэн амьдрал бүр минь ч сайхан.