2007-04-11

Хэрвээ Та бусдад ядаргаа болдог зургаан хүмүүсийн нэг бол? ( “үүний эсрэг шоглол")
Бусдыг хэрхэн тайван байлгах вэ?

1. "Монголд 3 хүн тутмын нэг нь дарга" байдаг байхаа. Тиймээс Та "эзэрхэг түрэмгий удирдлага"-ын (дарга, босс, хэн нэгнийг захирах албан тушаалтан) нэг байх магадлал тун өндөр байна. Тэр тусмаа "тусгаарласан өрөө"-нд үнэтэй зөөлөн тавилгатай, бараг ашигладаггүй комьютертэй, сумо үздэг ТВ-тэй бол.
Таны удирдаж байгаа ажилчин зөгийнүүд ар гэртэй, бас амьдралтай, сурч боловсрох, ядахдаа хоолоо тавтай идэх чөлөөт цаг хэрэгтэй байдгийг үргэлж санаж байгаарай. Ажлын цагаас бусад үед зөгийнүүддээ эрх чөлөө олго. Болж өгвөл ар гэр, үр хүүхэд гээд амьдралынх нь талаар асууж, зөвлөж, чадвал тусалж байгаарай. Сайн дарга байна гэдэг нь сайн хүн, сайн найз, сайн ах байна гэсэн үг биздээ. Үүнд ах нь, ах нь... гээд сайхан инээж охидууд, хүүхнүүдийг уруу татахыг хэлээгүй шүү.

Амьдралаас битгий тасраарай. Зөгийнүүдтэйгээ тоглож, ярьж хөөрч, уралдаан тэмцээн, олон нийтйин арга хэмжээ зохиож байгаарай. Зохиосон гэдэгтээ сэтгэлээ хуураад өөрөө очихгүй бол утгагүй шүү. Үнэтэй адидасаа өмсөж очоод гүзээгээ аль болохоор татаад дунд нь ороод үзчих. Зөгийнүүд тань баясан таныг "манай дарга пэндийчээд хөөрхөн байна шүү" гээд өхөөрдөөд, хайрлах болно. Хүнээр тэр тусмаа хүүхнүүдээр өхөөрдүүлэх муу гэж үү?...

2. Монголд чихтэй, амтай болгон гар утастай, (бас ч үгүй үнэтэйгээс нь авахыг хичээхийг яана), тул чалчаа байх магадлал бас өндөр байна. Бас монголчуудын мэдээллийн үндсэн эх үүсвэр хов жив тул чалчаа байх магадлал улам ихсээд явчихлаа шүү, тиймээ.
Заримдаа ажил төрөл дээрээ хувийн асуудлаа амжуулах гээд албаныхаа утсаар чалчдаг бол тэрийгээ болиорой. Танай байгууллага танд цалин олгохын зэрэгцээ утасны төлбөрийг тань төлж илүү дампууралд өртөж байна. Тэр илүү зардал, төлбөрийг хэмнээд цалиндаа, үндсэн ажлынхаа хэрэгцээнд нэмэрлэвэл ч...
Ажлын байрандаа хов жив бага яриарай. Өчигдөр та ч юм уу хэн нэгэн тэгж ингэж савж, тэгж унасан, тасарсан, тэр хүүхэн тэгсэн ч юм уу тэгүүлсэн, тэнд тийм юм болж гээд л дэвэн дэлхийн юмыг хамж шимж ярихаа цайныхаа цаг болтол тэвчээртэй хүлээгээрэй. Бүр тэр тусмаа бусдыг муулах хүндэтгэх шалтгаан гараад байвал ажлынхаа дараа савдаг газраа очиж байгаад ёстой шавиагаа ханатал бур. Ажил дээрээ чалчиж байтал хэн нэгэн садаа болчихвол кайф авахгүй биздээ тиймээ.

3. Монголд дөнгөж гэрлэсэн хосууд тусдаа гарах боломж бага тул хадмуудтайгаа хамт байх магадлал маш өндөр. Тэр тусмаа тэтгэвэрт гарсан хадам эхийн хараанд байх магадлал. Хөдөө бол айлсаж тогтнох магадлал өндөр.
Хадмуудад зориулаад үр хүүхдээ тусад нь гарга. Таньд ч гэсэн ядаргаатай байгаа биздээ. Залуу хүмүүс болсон хойно амьдралын янз бүрийн асуудал гарч л таараа. Нөхөр маань ингээд, эхнэр маань тэгээд гээд л. Тэр болгонд нь хүүхдүүдтэй хамт нервдэж, үсээ бууралтуулж, насаа хороох хэцүү. Хэрвээ бүр Таний дэргэд хэрэлдээд маргалдаад, ядаргаатаад байвал шүүх рүү оч гээд зөвлөчих. Та тэр "хосыг (хоёр байдаг байхаа) суу гэрлэ" гээд буу тулгаад, чихдэж байгаад суулгачихаагүй...
Эцэг эхчүүдэд бол хүүхэд тань нас биенд хүрсэн л бол аль болохоор хурдан тусад нь гарга. Хөөрхий үр минь, ганц юм гээд шалтаг хайгаад хажуудаа авах тусам таны хүү охин тань улам л өлгийдүүлэх гээд байх болно. Ганц олдох насаараа хүүхдээ асарч амьдрах гээгүй л бол үүнийг хэрэгжүүлээрэй. Мөн тэр насанд хүрсэн хүү чинь эсвэл охин тань буудлаар хоног төөрүүлж том хүний жаргалаа эдлэх болвол үүнд Таны буруу байх болно шүү...

4. Монголчууд бүгдээрээ шахуу наймаа худалдаа эрхэлдэг байхаа гэж би боддог. Тэрнээс үндсэн цалингаараа тэр чалчдаг үнэтэй гар утас, бензин их иддэг машины зардал, бүх илүү дутуу зардлаа дийлэхгүй. Татвар талаар бол бүр ярилтгүй. Тэгэхээр улс орноо хулхидаад л...
Хэн нэгнийг хулхидаж хэдэн төгрөг илүү олох гэсэн сэтгэлээсээ салвал их зүгээр байхсан. Зарах, хулхидах болохоороо их авхаалжтай манайхан. Хувь хүн, найз нөхөд, хамт олон, улс орноо хулхидах тийм сайхан байна гэж үү?! Нэг жишээ, уламжлалт, цагаан цайлган сэтгэлийн баяр - Цагаан сараараа гарын бэлэг гэж бие биендээ инээмсэглэж байгаад ХУЛХИДАХ нэгэн ёсны МОНГОЛ УЛАМЖЛАЛ болчихсон биздээ.

5. Зовлонгүй хүн гэж үгүй. Тиймээс хааяадаа өрөвдмөөр, арчаагүй, унжуу найз болчих магадлал байгаа биз.
Болж л өгвөл өөрийнхөө арчаагүй байдлыг бусдад бүү харуул. Битгий гомдоллож уйлагнаж яв. Хүмүүс чамайг хөөрхий гэж дорд үзэж ёстой тоглоом шоглоом хийх болно. Хэрвээ тэгж их сэтгэлээ нээмээр байвал тэр хүнээ зөв сонгоорой. Зовлонгоо ярьж байна гээд чихтэй боловч зүрхгүй хүнд хэлээд нэмэргүй биздээ. Аан бас халчихаараа сэтгэлээ нээдэг хүмүүс байвал ганцаараа "халж" байхыг зөвлөж байна. Амар биздээ, маргааш нь хэнд юу хэлчихэв дээ гэж санах гэж илүү ажил болохгүй.

6. Ядаж байхад Монголд мөнгө гэж юм бүгдийг захирахыг нь яана. Мөнгө мөнгө мөнгө... Та төсвийн болон төрийн байгууллагын, хувийн компаний санхүүг мэддэг, мөнгийг хуваарилдаг захирдаг хүн л биш бол мөнгө зээлэх магадлал өндөр байна. Гэр бүлтэй, дээр нь гэрт тань дүү нар гээд асрамжлах хүмүүс их бол энэ ангилалд багтах магадлал бүр ч өндөр.
Яг хэрэгтэй, зайлшгүй үедээ л мөнгө зээл. Архидах, наргих цэнгэхэд мөнгө зээлээд нэр хүндээ унагаагаад хэрэггүй. Тэгээд мөнгөтэй хүмүүс цөөхөн ч, хэнээс мөнгө зээлэхээ сайн тунгаа. Өчигдөр зээлсэн хүнээсээ мөнгийг нь өгөөгүй бол өнөөдөр дахин зээлэх боломжгүй гэдгийг битгий март. Авсан бол өгч сур. Нөгөө хүнд тань ч юм уу, танд өөрт тань өчүүхэн мөнгө гэж бодогдсон ч заавал өгч сур. Нэг өдөр Та ч гэсэн хүнд мөнгө зээлэх ч юм билүү...

(www.menshealth.com-аас монголчлон тависан бичлэгийн эсрэг тусгал)

3 comments:

Anonymous said...

yaaaaaaaag unen hehe

Anonymous said...

That is cool

Chandmani said...

thx.. ;)