2007-02-16

Цагаан сар дөхөөд бэлтгэл ажил ёстой буцалж байгаа биздээ...
Энэ удаа цагаан сараар охинтойгоо бууз хийж, энд амьдардаг дүү нараа урих "захиалга" авчихаад яаж бууз хийх вэ гээд өдрийн бодол, шөнийг зүүд шахам болж байна. Бууз хийж чадахгүйдээ биш л дээ гурил зуурахаас хэхэ бага байхаасаа үнэхээр залхчихсан юм...Гэхдээ хийнээ, уринаа...
Манайх хоол хийх гэж хэдэн түмпэн гурил зуурдаг элддэг байсан гэж бодно, тэр тусмаа цуйван хийхэд...Элдээд л байна, элдээд л байна, дуусдаггүй байжээ...


Цагаан сараар манайх гэдэг айл хэрхэн бэлддэг байсан талаар дурсаадахий...

Цагаан сараар аав генералаар ахлуулсан хүү нарын армийн бэмбий нухах, хэвийн боов хийх ажлыг одоо бодсон ёстой ёох гэмээр...
Өмнө нь намайг бага байхад Гомбосүрэн гуайн, Жонжоогийн ул боовны хэвээр цагаан сарын боовоо хийдэг байсан санаж байна. Сүүлдээ хүнээс, айлаас гуйхаас залхсан уу, аль эсвэл нас нь яваад хүн болгон аавыг гэдэг болсноос тэр үү мэдэхгүй аав минь цагаан сарын боовны хэвийг өөрөө бэлдсэн юм. Надад бас нэг нарсны тайрдас өгөөд би түүгээр нь гарын алганы хэмжээний, дээд талд нь таван дэлбээ бүхий цэцгэн хээ, доод тал нь усны урсгал мэт долгионтой боовны хэв хийсэн. Түүнийг маань жижиг хэв гээд дуудчихсан. Жил болгон миний хийсэн боовны хэвийн боов нь Бурханы өмнөх идээний суурь болдог бөгөөд аав минь том хүүгээ "дэмсэн" нь тэр байхаа. Бас хамаатны хүүхдүүдэд өгдөг гарын бэлгэнд дагалддаг байсан юм байна.

Манайх гэрт тэгээд хоймортоо аав-генерал заларна. Хүү нар хал цэргээсээ шинэков хүртлээ өмнөө нэг нэг банз тавин зэрэгцээд суучихна. Би томоороо-хал цэргээрээ дандаа л хамгийн хүнд хэцүүг нь, эхэнд нь хэцүү бол эхэнд нь, төгсгөлд нь болохгүй байвал төгсгөлд нь гээд байнгын хөдөлгөөнд... Бүгдээрээ хөлс нь гарчихсан л үзээд байдагсан. Одоо бодож байхнаа тэр сайхан байжээ. Цагаан сарын ул боов бэлэн болоод цар тавганд өрсний дараа хараад бид хийсэн, би хийлцсэн гэж бодохоор үнэхээр сэтгэл урамтай.


Могой (гурилан) хийгээд гэрийн хойно байдаг амбаар дээрээ тавих дуртай байж. Тэгээд шувуу идсэн эсэхийг шалгаад л...Заримдаа дүү нартайгаа нийлээд "илүү могой" хийнэ. Цэцгэн хэлбэртэй боов хийн бас таваг засахад ашигладаг, өрсөн еэвэнгүүд дээрээ тавидаг байж. Тэрхүү цэцгэн боовон дээр самар заларна. Самрыг хийх нь их зугаатай. Хайч бариад л "хайчлаад" сууна, хэрвээ хэмжээ, түвшинийг нь жигд "хайчлахгүй" бол самрын хэв нь муу болох тул хичээнээ бас. Самар хийх ажил ахаас дүүд уламжлагданаа...Бас нэг хийдэг зүйл нь нутаг болгонд өөр өөрөөр нэрлэдэг байх бид шагшуур гэдэг. Энэ нь бага хэмжээний гурилаар боовны хэвэндээ эрхий хуруугаараа дарж үрэлтээр нь хийсэн гурилан "боов". Жижиг хатуу тул амандаа дуугарган идэхэд амттай байдагсан.
Ууц, мах чанах ажил... Гэртээ чанадаг байсан уламжлалууд одоо хөдөө л байдаг байх. Гэрээр дүүрэн мах үнэртээд л хувцас хунарт шингэчихдэг байдагсан. Ер нь цагаан сарын "бэлтгэл" хийсэн айлын хүүхдүүд "баригдана даа баригдана". Хэдэн цаг ч чанадаг байсныг сайн санахгүй байна. Гэхдээ л бүхэл шөнөжингөө болдог байсан. Түүхий, бас хэт болгохгүйн тулд галыг нь тааруулах, гэмтээлгүй эргүүлж тойруулах гээд бөөн ажил. Аав минь хэзээний командлаад л ээж өгсөн үүргийг биелүүлээд л.. :-)
Бууз чимхэх ажил. wow. Аав минь буузны махыг махны машинаар бэлдэхээр шүүс, махны амт нь гарчихдаг гэдэг тул махны машин ашиглаж байсангүй. Хэрчээд л том түмпэнд хийгээд байна. Хэдэн бууз хийдэг байсан юм бэээ... Хэдэн мянгаар л ярина даа. Манайх 9-үүлээ. Нэг удаагийн жигнэлтэнд нэг хүн дор хаяж 10 бууз идэхээр бодвол 90, за 10-ыг жооронд (дараалсан 3-н ховдогт зориулаад), тэгээд 100 бууз. Нэг жигнэхэд 100 бууз ш дээ. Жижиг бууз хийхгүй ээ. Зарим айлын бууз надад манай банштай адилхан санагддаг байж билээ. Бас буузандаа ганц, хоёр азын зоос хийдэгсэн. Гэхдээ жигнэх болгондоо хүмүүст сануулахгүй бол азын зоосыг зарим "баярласан" хүмүүс залгичихвал яана. Одоо бол тэгж том том бууз хийгээд байх шаардлагагүй санагддаг юм. Дараалан айл хэсээд золгож, дандаа бууздаж буй хүмүүст харин ч жижигхэн бууз нь таарах байх.

Таваг засах ажил... Цар тавган дээр махаа байрлуулна. Аав монгол уламжлал, журмын дагуу байрлуулна. Хэрхэн махаа байрлуулдаг, тавидагийг би одоо ч сайн мэдэхгүй, нас тогтохоороо өөрийн эрхгүй сурах биздээ... Хэвийн боов өрөх нь хүүхдүүдийн ажил. Аав бүтэц, бат бэхийг ээж чимэглэлтийг шалгана. Уг нь аав, ээж зөвхөн цагаан идээ, ёотон, цагаан самраар засахыг илүүд үзэх боловч "ажилчид өнгө чимэглэлд дуртай" тул өнгөт болон хүрэн үрэл, янз бүрийн гадаад дотоод чихрүүдээр чимэглэчихдэг байв.

Цагаан сарын өмнөх өдөр ёстой тоосоо "гөвнөө"... Хувцас хунараа угаагаад, гэр орныхоо тоосыг цэвэрлээд л. Гэрийнхээ дээр гарчихаад шүүрдээд л, цасыг нь арилгаад. Таван ханатай гэр маань гаднаасаа өнгө орчихдог байж билээ. Өсөөд том болоод гэр маань намайг даахгүй байж магадгүй гээд бас хөөрхөн айдастай. хэхэ. Манай монголчуудын цэвэрлэгээний ажил сайн дураараа, бас чанартай хийдэг ганц өдөр нь байхаа... Бас өнгөтэй өөдтэй болгоноо өмсдөг өдөр нь. Хамгийн гол нь том, багагүй МОНГОЛ ДЭЭЛ-ээ өмсөцгөөдөг нэгэн өдөр нь. Бид МОНГОЛ гэдгээ мэдэрдэг, мэдэрцгээдэг нэгэн өдөр нь.

За тэгээд бүх юм бэлэн, хэсээд, бууздаад, бэлгээ цуглуулах л үлдэж дээ... Аан бас бэлгээ тараах...

No comments: