2007-02-07

18-тай оюутан насны дурсамж-3 буюу Аавын "томоотой" хүү

Манай оюутны байрны 1 давхарт гэр бүл, 2-3 давхарт хүүхнүүд, 4 давхарт эрчүүд тус тус өрөө хуваарилдаг байв. Хаа газар хүүхнүүд их сурдагдаа. Гадаад хэмээн ялгасангүй.
Байранд орсны дараахь өдөр хөдөөний туранхай томоотой болон хотын алаг нүдэн шинэков дүү нарыг ах нар дуудан "шалгав". Нутаг ус, удам угсаа, сургууль соёл асууснаа "мэдээж нутгийн юм байгаа биздээ" гэх нь тэр. Бид 2 ч тийм гээд гарлаа. Өрөөндөө ороод хоёулаа дээрэлхүүлэхгүй юм шүү ухааны юм ярилцан, миний "Болор"-ыг ах нарт "бэлэглэв". Тэд шууд задлаад 2 стаканд хийгээд "за дүү нар татдаг л биздээ" гээд эргээд барих нь тэр. Манай найз хотынх бага сага "юм хум" үзсэн гэж надад хэлж байсан тул татчихлаа. Би ч анх удаа архи гэдэг зүйлийг уух болж дотроо яана даа хэмээн бодож суув. Тэгээд найз минь татсан тул одоо би татахгүй бол эр хүн биш болчих гээд байдаг, найз руугаа хартал найз маань шууд гулгуулаарай, битгий тасалж залгиарай гэдэг юм байна. Би ч хэлснийх нь дагуу шууд "гулгууллаа", хоолой зураад, гашуун оргиод л, хамар цоргиод... Нүднээс нулимс гарсан ч тэрийг нь нуугаад аргалчихав. Бид 2-ыг "татсан"-ы дараа ах нар "давгүй эрчүүд" ирсэн байна хэмээн үнэлэлт өгөн "нутгийн юм"-ны найр дараагийн үе шатандаа орж хөзрөө тоглон үргэлжлүүлсэн юм. Тэр оройдоо дахиад ах нарын өгсөн аяны дугараа, ээлжит дугараагаа татаад суусан... нэг мэдсэн... өглөө өрөөндөө хувцастайгаа сэрэв. Толгой тархи ч, дотор ч гэж авах юмгүй, шарталт гэдгийг анх удаа мэдэрсэн нь тэр байлаа. Бид монгол зангаараа бантантан, амьдрал үргэлжилэв ээ...
Нийтийн байрны нэг зовлон нь бие засах газар. 4-н давхрын эрчүүдийн 0 гэж үнэр танар гэж авах юм байхгүй. Өөр газар орох гэхээр холдоод бүр сургууль руугаа явах болчихоод байдаг. Найз нарынхаа заасан аргаар, аргаа бараад үнэрийг нь дарах гэж тамхи сорж утаанд нь сэтгэлээ хуурав. Ингэж анх удаа тамхи татаж үзсэн юм. Зөвхөн 0-д орохдоо татдаг тамхи зуршил өөрчлөгдөн хөзөр тоглох, найрлахад дагалдан би гэж хүн тамхины ертөнцөд тавтай морилов оо. Олон ч удаа тамхинаас гарахаар шийдэж билээ. Манай гэрт тамхи татдаг хүн байхгүй тул гэртээ татна гэж үгүй. Ээж, аавдаа тамхи татаж байгаагаа 10 гаран жил нэг ч удаа харуулаагүй. Тэд намайг тамхи татаад байгааг мэдэрдэг байсан байх. Аав нэг удаа тамхи үнэртээд байна гэж байсан, цаагуураа намайг битгий тат гэж хэлж байсан нь тэр байх. Тэдний том хүү нь эрийн цээнд хүрсэн гэж бодсон учраас хэлж үглээгүй байхаа.
Хөзөр гэснээр аав минь шинэ хөзөр урж бид гэртээ хөзөр тоглодоггүй байсан гэж блогтоо нэг удаа бичсэн. Даамчин, шатарчин залуу маань мэргэжлийн хэмжээний хөзөрчин боллоо. Дандаа 5-н гар. 5 хүрэхгүй байсан ч "5"-н гар мөрийтэй тоглоно, гараа нь 5-10 рубль. Гайгүй болоод, аль эсвэл хөзрийг дандаа дагалддаг архидалтандаа халуураад хэмжээ нь нэмэгддэг байв. Хожих ч бий, хожигдох нь ч бий. Одоо бодож байхад бидний хэн нь ч хожсон бай хамаагүй хожлын мөнгө "дараагийн дугараанд" зарцуулагддаг байжээ. Уугаад болиноо, тасарнаа гэсэн ухагдахуун байхгүй, мөн ч тэнэг байсан даа.
Ах нарын заасан газар буюу нутгийн цыгануудаас дамын юм авдаг байв. Дэлгүүрт талоноор зардаг ч, ах нар арьсчдаас бөөндөөд авчихдаг байсан. Хэрвээ дууссан тохиолдолд бидний шинэковууд "гарна". Дараа дараагийн үеийн шинэковууд ч бас энэхүү уламжлалыг өвлөсөн, бас ах нар ч өвлүүлсэн. Шөнийн, үүрийн хэдэн цагт ч хамаагүй такси хөлөглөөд л цыганы хашааны хаалгыг нүдээд авчихдаг байв. Дэлгүүрийн үнэ нь 10 (сайн санахгүй байна), дамын үнэ нь 25 рубль. Мөн ч олон удаа авч тэрхүү цыганыг баяжуулсан байхаа бидний болон тэндэхийн монголчууд.
Одоо бодож байхад жаргал даахгүйн зовлон нь тэр байсан байх аа. Наймаа хийж мөнгө төгрөг олох ч талаар бодож байсангүй. Сарын стипенд 90 рубль. Энэ нь бидний амьдралд хангалттай байв. Хэдэн удаа найз нартайгаа вагон тосож арьс бөөндөж үзсэн. Дахиад тэгж яваагүй. Наймаанд дургүй нэгэн байжээ, одоо ч тиймэрхүү хэвээрээ л байгаа. Тэр үед хамт наргиж, наймаа хийж явсан нөхдүүдээс нилээн хэд нь монголдоо гайгүй бизнесменүүд болсон байгаа. Заримтай нь уулзаж, тааралдсан. Тохитой, томоотой, завгүй эрчүүл болсон байна лээ. Би мөн адил...

...Бидний үед Новогийн барилгын ТМС, техникийн их сургууль, хөдөө аж ахуйн дээд сургууль, холбооны сургуульд нийтдээ 250 монгол оюутан байдаг гэж сонсож байсан. Сүүлд хөгжмийн сургуульд хэдэн хөөрхөн охидууд ирсэн. Манай сургуульд курсдээ 6 оюутан, цахилгаан холбооны чиглэлээр манай найз бид хоёр байсан юм. Тоглоод наргиад шөнө унтдаггүй оюутнууд хичээл будаа бололгүй яахав. Эхэндээ 2-уулаа ч толгой цохиж байв. Удалгүй бууралтын үе эхэлсэн дээ.
Би 10-н жилд байхдаа шугам зургийн улсын олимпиадад оролцож явсан ухаантай юм. Шугам зургийн хичээлийн багш маань нэгэн хорлонтой авгай байв. Бүхэл шөнөжингөө зураад очсон зурган дээр өчүүхэн алдаа (тэмдэглэгээ мэт) олоод тэрэн дээрээ тосон балаар буруу байна гээд зурчихна. Тэгэхээр дахиад зурахаас өөр аргагүй. Бид 2 бас ч ангидаа гайгүй зурдаг тул орос охидуудад ганц 2 зураг зурж өгч буян хийдэг байв. Сайндаа ч биш бас эр хүн болж төрснийх "найрч" байсны шинжүүд байхаа. Биднээр зуруулсан тэднийхийг багш онц гэчихээд биднийхийг дунд тавичихаар нь дургүй хүргээд хэрэлдэж чадахгүй ч дотроо янз бүрээр хэлээд суудаг байжээ. Сүүлдээ шугам зургийн хичээл хамгийн дургүй хичээл болсон. Багшдаа дунд тавичих гээд зурахаа бараг болисон санагдаж байна.
Орос хэлний хичээлийг нэгэн залуухан хөөрхөн орос хүүхэн заадаг бөгөөд манай ангид нийтдээ Арабын орнуудаас (Иордан, Иемэн, Саудын Арав, Египэт) ирсэн 4, Польш нэг, Герман нэг, Монгол 2, дандаа залуучууд суралцдаг байв. Бид нар, арабууд голдуу, багшийгаа дандаа өддөг, оролддог, зүгээр суулгадаггүй байв. Ээлжлээд л янз бүрийн "юм" асуугаад л, хичээлийн сэдвээс хальтруулдаг. Хичээл орох гэхээр нь Оросын амьдрал, гадаад орчноо судлах, нүдээр үзэх хэрэгтэй ухааны юм яриад гадуур кино үзэх, парк зугаалах, ресторанд орох, тоглох зэрэг "олон нийтийн" арга хэмжээ олчихдог, заримдаа хичээл дээр багшдаа гэрлэх хүртэл санал тавидаг байв. Хэн нэг нь багшийг болзоонд уриад бүтээгүй бол дараагийнх нь бас урина. Багш хэнтэй ч суугаагүй л дээ, гэхдээ хэн нэгэнтэй нь болзоод учирсан тохиолдол гарсан...
Хамгийн дуртай хичээл минь цахилгааны хичээл байв. Янз бүрийн хэмжилтүүд хийгээд, гагнуур хйигээд л, платан дээр схем гаргаад л, төрөл бүрийн загвар угсраад л...

Аав ээжийнхээ өврөөс гарч үзээгүй байсан 18-т амьдралд суралцсан нь энэ дээ. Эгч нарт хэрхэн "уруу татагдан", дүү нараа яаж "уруу татдаг" байснаа бичихгүй ээ. Дараа нь авгай, хүүхнүүд асуугаад, шалгаагаад, үглээд салахгүй. тиймээ... :-)

18-т нас нэмээд үргэлжлэл байхгүй. ;)

No comments: